Миний бие 1940-өөд оны эхээр ­Өвөр Монголын зүүн хэсгийн Найман, Ар Хорчин, Баарин, Жарууд аймгуу­даар аяла­хын өмнө Кайлу гэдэг хилийн бяцхан хотод очихдоо монгол утга зохиол эрхэлдэг нэгэн хэвлэлийн газартай дайралдсан юм. “Дорнод Монголын утга зохио­­­лын нийгэмлэг” нэртэй тэр газрыг үндэсний үзэлт Бөххишиг гэгч монгол эр удирддаг ажээ. Тэнд байсан олон номын дотор ягаавтар хөх өнгийн торгон баринтгаар ороон нандигнасан арван хоёр боть зузаан судар нүдэнд маань онцгой содон туссан нь Инжаннашийн “Хөх судар” байлаа. Нийтдээ бараг хоёр мянган хуудастай тэрхүү арван хоёр ботийн эхэнд уг бүтээл хэрхэн үүссэн түүхийг оруулжээ. Сонины хямдхан цаасан дээр хэвлэж, зарим газраа уншихад төвөгтэй болсон тэр судар хэрдээ үнэтэй байсан ч би хоёр ширхгийг худалдан авсан бөгөөд Өрнөдөд миний л мэдэх өөр нэг их олон хувь очоогүй юмдаг.
 
  Урьд нь бүр 1929 онд утга зохиол сонирхогч Тэмгэт хэмээгч хорчин монгол хүн “Хөх судар”-ын арван хоёр бүлгийг Бээжин хотноо хэвлүүлсэн агаад тэгэхдээ уг зохиол чухам хэний бүтээл болохыг дурдаагүй байсан юм. Мөн хэдий үеэс гаралтай талаар ч ямар нэгэн мэдээлэл байсангүй. Зохиогч эрт дээрээс уламжлан ирсэн монгол сурвалжуудыг өөрийн уран сэтгэмжээр ихээхэн баяжуулж зохиомжилсны дээр бусад монгол ном сударт байдаг Чингис хааны тухай эртний туульсын шүлэг найргаас ч оруулан, тэр үеийн амьдралыг 19-р зууны өнгө төрхөөр дүрслэн харуулжээ. Хэдийгээр энэ нь монгол зохиол байвч, гадна хэлбэрийн хувьд хятад романы бүтэц, үг найруулгыг сонгож авсан байна. Гэтэл Тэмгэтийн ном миний олсон зохиолын эхний арван хоёр бүлэгтэй л тохирох хагас дутуу зүйл болохыг би “Хөх судар”-ыг уншиж байх явцдаа олж тогтоов.
 
Таван тэрэг хагас эртний ном судар
 
  Инжаннаши энэ том бүтээлээ хэрхэн бүтсэн түүхийг маш нарийн өгүүлжээ. Юуны түрүүнд өөрийн олж цуглуулсан эх сурвал­жуудын мэдээ үнэн эсэхэд ихээхэн эргэлздэгээ илэрхийлсэн байх юм. Чингэхдээ романы үйл явдалд хичнээн шүүмжлэлтэй хандлаа ч Инжаннашийн эл түүхт бүтээл үнэн чанартаа цэвэр түүх бичлэг биш, харин тухайн цаг үеэ тусгасан түүхэн роман болох нь мэдэгдээд ирнэ. Зохиолд гардаг тодорхой нарийн ширийн дүрслэлүүд л түүхэн эх сурвалжаас үүдэлтэй бөгөөд тэдгээрийн үнэн зөв гэдгийг нот­лох гэж зохиогч ихэд хичээсэн байв. Бусдаар бол хятад романы бичлэгийн хэлбэрийг ашиглажээ.
 
 Монголчууд Хятадад ноёр­­­хож асан 12-13-р зууны үеийн түүхийг бичихээр эцэг Ванчинбалын эхэл­сэн ажлыг үргэлж­лүүлэхийг Инжаннаши зорьсон боловч анхандаа өвчин зовлон, хувийн гачаал тохиож үр хүүхдээсээ хагацсан, сүүлдээ өмч хөрөнгөө алдсан зэргээс болоод тэр нь хэрхэн саатсаныг туйлын дэлгэрэнгүй өгүүлжээ. Хятад бичгийн мэргэдийн ёсыг ягштал баримтлан эдлэн газартаа босгосон номын өргөөнөө шигдэж аваад, эцэг нь хар тамхины дайнд оролцохоор цэргийн албанд мор­дох­доо бийрээ хойш тавьсан яг тэр газраас “Хөх судар”-ыг цааш үргэлжлүүлэн бичиж эхэлжээ. Инжаннаши баахан эргэлзэж байсан ч эцэг нь эхний найман бүлгийг туурвихдаа сонгож авсан тэр хэлбэр, чухамдаа бол хятад романы бичлэгийн хэв маягийг хэвээр хадгалсан тухайгаа мөн өгүүлсэн байна.
 

 
  Тэгэхээр 19-р зууны эхний хагаст амьдарч байсан Монголын сурвалжит түшмэл Ванчинбал утга зохиолын энэ хэлбэрийг хэзээнээс сайтар мэддэг, тэгээд ч Монголын түүхийг өргөн хүрээтэй, амьд дүрслэх цорын ганц зөв хэлбэр гэж үзэж байсан бололтой. Үнэндээ ч энэ үед хятад романы монгол орчуулга, өөрчлөн зохиом­жилсон бүтээлүүдийг (үүнийг бид тухайн үеийн бусад хятад романуудын монгол орчуул­гаас мэднэ) Монголын дээд давхаргынхан амтархан уншдаг болоод байв. Нэр нь үл мэдэгдэх нэгэн монгол дуун хөрвүүлэгчийн тэмдэглэснээр 1813 оны үед Хятадын бараг бүх гол роман орчуулагдан монголчуудын дунд дэлгэрчээ. Тэр үед Хятадын ийм маягийн үргэлжилсэн зохиол, ялангуяа дотор нь шүлэг найраг шигтгэж өгдөг хэлбэрийг монгол уран зохиол туурвих ёсноос илүүд үздэг байж.
 
  Инжаннаши ч гэсэн дээрх маягийн хятад романы орчуулгыг гаргууд мэддэг, тэр бүү хэл монголчуудын дунд хятад романыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нэгэн байлаа. Учир нь тэр бээр “Хөх судар”-аа туурвиж эхлэхийн өмнө өөрөө хоёрын зэрэг монгол роман бичихдээ мөн л Хятадын нэр цуутай сайн бүтээлүүдийг үлгэр дууриал болгожээ. Чингэхдээ Мин улсын үеийн “Улаан асрын зүүд” хэмээх Хятадын алдарт романд гардаг тэр л дүрүүд, орчин ахуйг ашигласан байдаг. Гагцхүү зохиолын баатруудад цаашдаа тохиолдсон явдлууд Инжанаашийн өөрийнх нь уран сэтгэмжээс үүдэлтэй болой. “Улаан асрын зүүд” романы үргэлжлэл болох “Нэгэн давхар асар”, “Улаанаар ухилах танхим” зохиолуудаа бичиж дуусгасны дараа л Инжинааш “Хөх судар”-аа барьж авчээ.
 
  Тэр үед Чингис хааны мандал бадрал, хаанчлалын түүхийг туульсын хэлбэрээр өгүүлж 1240 онд зохиосон “Монголын нууц товчоон”, нэр нь үл мэдэгдэх зохиогчийн туурвисан “Алтан товч” болон өмнө хязгаарын Ордос монголын Саган сэцэн хунтайжийн 1662 онд бүтээсэн “Эрдэнийн товч”-оос өөр Монголын түүхтэй холбоотой зохиол бүтээл гэж өрнөдөд байгаагүй юм. Сүүлд дурдсан зохиолыг Исаак Якоб Шмидт бүр 1829 он гэхэд герман хэлнээ хөрвүүлжээ. Гэвч тэр үеэс эхлэн монголчуудын түүх бичилт үүгээр дуусгавар болов гэсэн үзэл ерөнхийдөө тогтсон юм. Гэтэл Инжаннашийн эл зохиолыг уншаад үзтэл Монголын түүхийн маш олон ном судар, мэдээ баримт түүнд байсан болж таарав. Инжаннаши романаа хэрхэн бүтсэн түүхийг өгүүлэхдээ “Хөх судар”-ыг үргэлжлүүлэн бичихийн тулд талийгаач эцгийнхээ номын сангаас “таван тэрэг хагас” монгол, төвд, манж ном судар зөөж бэлтгэсэн тухай уншсан тэр өдөр монгол утга зохиолын сан хөмрөг өшөө арвин байгаа гэж бодож, тийм ч байгаасай гэж хүсч, найдаж явсан минь дахин нотлогдож, хүч тэнхээ нэмэх шиг болсон юм даа.
 
Жинхэнэ эхийн эрэлд
 
  Кайлугаас цааш мордохын өмнө “Хөх судар” романы жинхэнэ эх хаанаас гаралтайг “Дорнод Монголын утга зохиолын нийгэмлэг”-ийн тэргүүн Бөххишигээс олж мэдэхсэн гэх бодол миний сэтгэлийг хамгийн их зовоож байв. Мань эр миний юу хүсээд байгааг сайтар ойлгож байвч надад тус болохуйц өөдтэй хариулт өгч чадсангүй. Жинхэнэ эхийг олон жилийн өмнө эзэнд нь буцаагаад өгчихсөн, тэр нь нэг харчин монгол хүн байсан, одоо хаа байгааг мэдэхгүй гэж байна. Уг эх бүрэн байсан эсэхийг лавлатал үгүй ээ үгүй, жинхэнэ эх дотроос нь олдсон жаахан юмыг л хэвлэсэн гэлээ. Ингэж л би “Хөх судар” роман одоо байгаагаасаа хавьгүй том байсан, мөнхүү бүтээлийг бүтнээр нь үзсэн хүн хараахан байхгүй, Инжаннаши монголчуудын түүхийг Манжийн ноёрхол эхэлсэн 1644 оныг хүртэл бичсэн хэмээн түмэд, харчин монголчуудын дунд ам дамжин яригддаг тухай олж мэдсэн бөлгөө.
 
  “Хөх судар” роман монгол­чуудын дунд асар их түгэн дэлгэрчээ. Малчны гэрт ч юм уу суурьшмал амьдралд шилжээд байгаа монгол хүний тарчигхан шавар оромжинд, сүм хийдийн буурчийн газарт дүн өвлөөр түүнийг гартаа бариад таг чиг суугаа, эсвэл олон хүн цуглуулчихаад уншиж өгч буй монгол хүнийг би олон удаа харсан. Бас монголоор гардаг хэдхэн сонин энэ зохиолоос хэсэгчлэн хэвлэдэг юм. 19-20-р зууны заагаар үйлдэгдсэн эл зохиолын гар бичмэл хаа сайгүй тааралддаг. Өвөр Монголын Шар мөрний Ордосын тохой, Цахар нутгаас умард зүгт Зөвлөлтийн нөлөөний БНМАУ хүртэл газар газрын монголчууд энэ бүтээлийг мэддэг, үнэлдэг билээ л.
 
  Хятадад улс төрийн хувьсал явагдаж, коммунистууд ноёрхлоо тогтоосноор улаан Хятадад олон юм ондоо болсон ч Инжаннаши болон түүний “Хөх судар”-ыг үнэлэх үнэлгээнд өөрчлөлт гарсан­гүй. 1959 он хүргэж байж л “Хөх судар”-ын шилдэг сайн хэвлэл Хятад улсад гарсан бөгөөд Инжаннашийн нөгөө хоёр романыг ч мөн хэвлэжээ.
 
Том олдвор
 
  Инжаннашийн зохиолын жин­хэнэ эхийг хайх ажил анхандаа ер бүтэлтэй юм болсонгүй. Гэвч үе үе хариугүй л зорьсондоо хүрчих гээд байх шиг санагдаад байв. Тухайлбал, “Хөх судар”-ын нэг бүрэн эх бурхны шашинтнуудын ариун дагшин Утай уулан дээр байдаг нэгэн хийдэд байгаа сураг гэнэт гарлаа. Гэвч тэр бол дайн болж, мөнөөх тахилгат уулын хийд байгаа тэр хэсэг коммунист 8-р армийнхны гарт ороод байсан үе юм. Хятадын нутгийн япончуудад эзлэгдсэн хэсгээс тийшээ зүглэнэ гэдэг санахын гарз байлаа. Монгол­чууд дотроос тийш нь илгээх гэж би оролдсон авч тэд маань ч нэвтэрч чадсангүй. Бас нэг өдөр над дээр нэгэн монгол хүн ирж Харчин хошууны нэг өвгөний тухай ярьж өгөв. Тэр өвгөн “Хөх судар”-ын нэг эхийг гэрийнхээ босгон доор булчихсан юм гэнэ. Би дахин хэдэн монгол хүн явуулсан боловч тэд мөн л үр дүнгүй буцаж ирцгээв. Нөгөө өвгөн ч энэ зуур хорвоог орхилоо. Хөгшинтэй цуг нэг гэрт амьдарч асан, хагас мэдрэлтэй ганц охинд нь мэдэх юм юу ч байсангүй.
 
  Цаг хугацаа яваад л байдаг. Тэгж тэгж нэг өдөр би номын хорхойтой эрдэмтэн өвгөнтэй танилцав. Нутгийн уугуул хор­чин монгол болох Хэшингээ гуай монгол хүн гэхээсээ олон түмнээс зожиг амьдралтай хятад эрдэмтний, эсвэл хуучны дэг сургуультай түшмэлийн дүр төрхөд илүүтэй нийцэх нэгэн байлаа. Түүний итгэлийг олж, цуглуулсан ном судраа зүгээр нэг юу ч мэдэхгүй хүнд үзүүлэх гэж байгаа хэрэг биш гэдгийг ойлгуулах гэж нэлээд цаг зарцуулав. Бид хоёр монгол ном зохиол, тэдгээрийн зохиогдсон цаг хугацааны талаар олон цагаар ярьж суудаг байлаа. Мэдээж би ном судрын нэвтэрхий толь болсон энэ хүний бодлыг сонсох гэж ярианы сэдвээ “Хөх судар” луу чиглүүлэхийг оролдоно.
 
  Нэг өдөр Хэшингээ гуай шүүгээгээ нээн ухаж байснаа хөх даавуунд ороон зангидсан том боодолтой ном гаргаж ирээд задлав. Түүн дотор тус бүрийг нь хөх хоргой баринтгаар ороосон дунд зэргийн хэмжээтэй хэдэн боть байх юм. Тэгээд хамгийн дээд талынхыг нь авч, үүнийг сонирхохгүй биз хэмээн инээмсэглэсээр надад барилаа. Над руу сарвайсан номыг нь авахдаа би сэтгэл догдолсноо нуухыг хичээн, хэт яаран ухасхийж байж ном цуглуулагч өвгөний хэнд ч үл итгэх бараг л эмгэгийн шинжтэй гэмээр занг хөдөлгөчих вий гэж болгоомжтойгоор нээж үзлээ. Маш гоёмсгоор буулгасан тэр гар бичмэлийн нэр нь “Их Юань улсын мандсан төрийн хөх судар” хэмээсэн байв аа. Би тэдгээрийг боть ботиор нь эргүүлэн үзэж гарлаа. Нийтдээ есөн боть, тус бүрдээ 120 орчим хуудастай бөгөөд дотроо “Хөх судар”-ын 43-72-р бүлгүүдийг агуулжээ.
 
Нарны гэрэлд бичил хальснаа буулгав
 
  Би түүнээс судрыг нь гэртээ аваачиж болох уу, бичмэл эхийг нухацтайхан шүүн үзэж харьцуулалт хийх гэсэн юм гэж гуйлаа. Хэшингээ гуай өөрөө өөртэйгээ их л тэмцэж байх шиг. Надад л лав тэгж санагдав. Гэвч эцэст нь түүний төрөлхийн өгөөмөр сэтгэл ялсан юм. Үймээн самуунтай энэ бэрх цагт бичмэл эхүүдийнхээ нэгийг гэрэл зургийн хальсанд буулгаад авахад муу нь юу байхав гэж бодсон ч байж магадгүй. Гэхдээ нэг удаа нэг л ботио өгч явуулна гэсэн тул түрүүчийн авснаа эргүүлж өгч байж дараачийнхийг нь авахаар боллоо.
 
  Ингээд “Лайка” аппаратаараа тэр сайхан гар бичмэлийн зургийг хэдэн долоо хоногийн турш авав. Тэр үед гэрэлтүүлэгч гэж байгаагүй болохоор бүх зургаа гадаа нарны гэрэлд авахаас өөр аргагүй болсон юм. Харин умард Хятад, Манжуурын тэнгэр үргэлж шахам цэлмэг, нартай байдаг нь чухамхүү бурхны хишиг гэлтэй байв шүү. Баруун талаас байнга үлээх Монголын өндөрлөг хээр талын салхи л төвөг удна. Ийнхүү оролдсоор нэг л өдөр би ажлаа дуусан, есөн боть есүүлээ бичил хальснаа бууж, тэдгээрийг томруулан бэлэн болгосон гэрэл зургууд миний өмнө дэлгээтэй байх нь тэр. Одоо бол би бичмэл эхийг бүхэлд нь судалж, “Хөх судар”-ын хэвлэмэл хувьтай харьцуулан үзэж болохоор боллоо. Инжаннашийн өөрийнх нь болон түүний үеийнхний (өөр дээр нь айлчилж ирэгсэд, гэрээс нь холгүйхэн орших хийдийн хамба зэрэг) бичсэн өмнөтгөл сэлтээс үзэхэд уг эх Инжаннаши өөрийн гараар туурвисан жинхэнэ эх гарцаагүй мөн байв. Харин, хөх торгон баринтагтай уг эхийн 42-72-р бүлгийн үг хэллэг дотор хэвлэмэл эхтэйгээ тохирох юм тун бага, тэр хэвлэл нь жинхэнэ эхээ хялбаршуулсан товчлол маягийн зүйл байлаа. Хэдийгээр үүнийгээ маш сайн хийсэн ч гэлээ жинхэнэ эх биш л бол биш шүү дээ. Уг хялбаршуулсан хувилбарыг хэн үйлдсэн, магадгүй Инжаннаши өөрөө 1872 оноос хойш 1896 онд насан эцэслэх хүртлээ бичсэн үү гэдэг нь мэдэгдсэнгүй. Хэшингээ гуай жинхэнэ бичмэл эхийн энэ хэсгийг Баруун Түмэдийн нэг хошуунаас олж авсан гэх юм билээ.
 
  1943 оны дараах үймээнт он жилүүдэд Хэшингээ гуайн сураг алдарч, мөнөөх бичмэл эхийн барааг ч дахин харсангүй. Алга болсон юм болов уу гэж айж л явлаа. Тэгээд ч тэр үү, саявтархан Өвөр Монголын залуу эрдэмтэн, утга зохиолын түүх судлаач Эрдэнэтогтохын нийтлүүлсэн Инжан­нашийн намтар дотор түүний өөрийнх нь бичсэн жинхэнэ эхийн эхний хэдэн хуудасны зураг, өмнөтгөл дотроос нь авсан Инжаннашийн шүүмжлэлт тэмдэглэл, эсээ зэргийг харахуй ямар сайхан байсан гээч. Энэ бол цаг төр хичнээн үймээн самуунтай байвч жинхэнэ бичмэл эхийн энэ хэсэг дахин олдож, аль нэг номын санд очсоныг нотолсон хэрэг байлаа. Гэхдээ л монголчуудын анхны түүхэн роман үнэн чанартаа хэр зэрэг том байсан, өдгөө бидэнд уламжлан ирээд буй хэлбэрт хэн оруулсан гэдэг нь хараахан мэдэгдээгүй хэвээр байгаа билээ.
 
Вальтер Хайссиг, Германы алдарт моннголч эрдэмтэн, профессор асан