Насаараа хүлээсэн цол тэмдгээ аваад нүдэндээ баярын, бага зэргийн тунирхлын нулимс цэлэлзүүлэн “...үнэнч шударга хөдөлмөрлөсний ачаар... шударга явахад тэнгэр бурхан хардаг юм байна” гэж ямар нэг том баярын үеэр тэвэр дүүрэн цэцэг дотроос нүүр нь харагдахтай үгүйтэй ярилцлага өгч буй байдаг аа даа. Хоолой нь бага зэрэг чичрээстэй, хэлэх үгээ олж ядаастай. Хэд хоногийн өмнө би бараг л тийм байдалд ордог юм байна.
Сарын өмнөөс манайд нэг цоо шинэ хичээл орж эхэлсэн юм. “Гамшгийн менежмент” гэдэг үнэн сүр болсон нэртэй энэ хичээлээр өдөржин баахан “-изм”-үүд цээжилж, шөнө нь нөгөө измүүдийн зохиогчдыг зүүдэлж “Ямар балай юм зохиодог дурак вэ, чи!” гэж хэрэлдэхдээ тулсан манай оюутнуудын хувьд “гамшиг” нь бараг стресс тайлах хичээл болов. Шалгалтын өмнөх өдөр ангийнхаа охины дэвтрийг олшруулаад (жинхнээсээ олшруулчихдаг бол сайхан байхгүй юу) уншихдаа л үүнийг мэдэв. Гэнэтийн осол аваар, байгалийн гамшиг, халдварт өвчний үед яах вэ, анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай уг нь их л хэрэгтэй хичээл байсан юмсанж. Ямар ч байсан оюутнууд уснаас аварсан хүний гарыг нь сэгсрээд нэмэр байхгүй, цус алдаж байгаа хүнийг тэвэрч сэгсчээд цус нь тогтохгүй, химийн хорт бодис асгарсан үед амсч үзэж болохгүйг ойлгож авсан байх. “Яс юман дээрээ” хамгийн хэрэгтэй хичээл байсныг гэнэт ухаарсан ч оройтсон байлаа.
Уншиж амжсангүй. Ёстой нөгөө “олон түмнийхээ буянаар...” гэж найдаад, нүдээ аниад л шалгалтандаа орчихлоо доо. Орохгүй гээд ч яах юм билээ. Шалгалт авч байх хооронд багш лекцийн дэвтэр шалгаж 20 оноо, ирц үзэж 20 оноо, бие даалт үзэж 20 оноо тус тус талбиж байв. Нийлээд 60 оноо! Энд тэнд интернэт ухаж суудагтаа, үнэн хэрэгтээ бас л олон түмний буянаар интернэтээс бэлэн мэдээлэл олоод бие даалтаа тун ч зэгсэн хийчихсэн байв. Хуулж хуулж шалгалтаа тун дажгүй өгчихөөд очоод дүнгээ хартал 20-0-0 байдаг байгаа! Ядаж 2 хуудас лекцэнд минь 2 оноо ч гэсэн өгөх ёстой санагдаад:
- Багш аа, яана аа, “нойл” юм уу?
- Тийм ээ, “нойл”.
- Ээ л дээ, яагаад “нойл” юм бэ?
- Юу “Ээ” гэж. Байхгүй болохоор “нойл”
- …(нээрээ ч тийм дээ гэсэн царай гаргана)
- Бүх хүүхэд лекцээ нөхөх нь нөхөөд бүрэн байхад чи яахаараа гав ганцаархнаа…?
- Тэд нар чинь яахав дээ, өчигдөр нөхчихсөн байхгүй юу. Харин надад ямар ч зав байгаагүй. (Ёстой чин үнэнээ хэлсэн царай гаргана)
- Тэгвэл яагаад 6 лекцийн 5-д нь байдаггүй юм?
- Нэг суусан, лекц бичээгүй, 4 чөлөөтэй, илтгэлийн тэмцээнд орсон, нэг тасалсан, шалтгаангүй гэв. (Үнэн юм чинь яая гэхэв дээ. Одоо дүүрсэн гэж бодоод л зогсож байлаа).
- Тэгээд ангийн дарга гээд байгаа биз?
- Тийм.
- Гав ганцаараа 20 оноотой. Яая гэж бодож байна? Яах санаатай байна даа?
- Уг нь одоо 60 оноо л авчихмаар байна. Чадахгүй бол дараа жил л дахин судлахаас гэж ирээд л ёстой түс тас аваад хаячихав. Багш инээнгээ үзгээ аван хоёр ширхэг “нойл”-ын урд хоёр ширхэг 2 тавьчихав. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнээ гэж... За туулай гүйцдэггүй юм аа гэхэд ямар ч байсан 60 оноогоо авчихлаа.
Цүнхнээсээ авч хэрэглэсэн олшруулсан цаас, ангийн олон нөхдийнхөө хүчээр шалгалтаас 35 оноо авч, багшийнхаа нэрийг ч мэдэж амжаагүй хэрнээ “гамшгийн хичээл” дээр 95% гарчихлаа. Бүх багш нар тийм байдаг бол сайхан аа.
- Яагаад шалгалт өгөөгүй вэ?
- Уншаагүй,
- Мэдэж байна уу?
- Мээээдэхгүй
- Шударга хариулт байна, 100% гэдэг ч юм уу... хэхэ