Грей Вольф буюу Саарал Чоно хэмээх содон нэртэй нэгэн эвенк эр Хөвсгөл аймгийн Хатгал сумын төвд ирж суурьшсаар арваад жилийн нүүр үзэж байна. Тэрээр Герман улсын паспорттой боловч өөрийгөө хэзээ ч герман гэж үзэж байгаагүй бөгөөд дуртгал номдоо бичсэнээр дэлхийн 25 орноор хэсүүчлэн амьдарчээ. Саарал Чоно зураг зурдаг, ном зохиол бичдэг шаггүй авьяастай нэгэн.

Монголд өнгөрүүлсэн амьдралынхаа талаар өнгөрсөн жил нэгэн ном бичсэнээс нь бид өмнөх дугаартаа Г.Алтайгийн орчуулгаар хэсэгчлэн нийтэлсэн билээ.

Нийслэл Улаанбаатарт намайг хамгийн их цочроо­сон, одоо ч санаанаас гардаггүй юм гэвэл өнөө Ленин, Сүхбаатар хоёр маань алга болчихсон явдал.

  Ленин нь болохоор энэ олон амьсгаа давчдуулам өндөр, шинэ барилгуудын дунд живж, ялан­гуяа хятадуудын босгосон (монголчуудад бол ийм ажил олддоггүй) далбаат онгоцны дарвуултай төстэй асар өндөр барилгын ёроолд Арабын цөлийн хаа нэгтээ гээгдсэн мэт анзаараг­дахаа больжээ. Өнөөдөр би үүнийгээ Баянболдод хэлтэл урдаас, “Байгальтайгаа ингэж муухай харьцаж байгаа Монгол улс удахгүй тэр аяараа цөл болох юм чинь. Хожмоо бодоод ийм нэг барилгатай болох нь зөв шүү дээ” гэдэг байгаа. Улаанбаатарын төв талбайгаар гарахдаа би Сүхбаатартайтайгаа “мэндэлж” өнгөрдөг юм. Гэтэл одоо тэр маань Чингис хааны асар том хөшөөний сүрд бүрнээ дарагджээ. Бодвол түүнийг анх бүтээлгэсэн, аугаа ихийн донд автагсад тэгж хүссэн биз. Өмнө нь байгаа монголчууд бараг шоргоолж аятай өчүүхэн харагдах юм. Том том гэхэд арай хэтрүүлсэн тэр хөшөөг хараад би хэдийгээр хүйтэн жавартай байвч ам ангайн гайхсансан. Муухай юм билээ. Хожим нь хүмүүстэй энэ тухай ганц хоёр үг сольж ч явлаа. Харин сүүлдээ тэрнийг бодож өөрийгөө зовоохоо больсон. Яагаад гэвэл монгол хүн чинь их хаандаа хайртай юм байна лээ. Даанч түүний үзэл санааг, тэр нэгэн цагт монголчуудын сайн сайхны төлөө гаргасан хууль зарлигуудыг нь тоодоггүй болохоос ...

  Юм юм л бодож явдаг хүний хувьд над юу шог гээч. Их хааны бүхий л зураг хөрөг эгээ л хятад зураач бэхээр үйлдсэн ганц зурганд тулгуурласан. Эрт үед Европт ч, Америк, Азид ч бай, зураач хүн зурж буй уг хүнээ голдуу өө сэвгүй төгс төгөлдөр болгон харуулдаг байсныг бид мэднэ. Үүнийг санах хэрэгтэй. Хүн гэдэг угаас нэр төрд дуртай амьтан болохоор өөрсдөө тэгж хүсдэг байсан байж болох. Монголчууд эр эмгүй, тэр тусмаа эрчүүд нь толинд харах учиргүй дуртайг хэлэх үү. Эсвэл энэ нь зураачийн хүсэл ч байж мэднэ. Аль нь ч бай, үнэндээ их хаан яг ямар хүн байсныг эдүгээ хэн ч үл мэднэ. Өөрөөр хэлбэл, загалмайн шашинтнууд шүтэн биширдэг Есүс хэмээгчээ чухам ямар хүн байсныг мэддэггүй шүү дээ. Гэтэл бүхий л монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ Чингис хааны тухайд үнэн чанартаа нэг тиймэрхүү л имиджийг даган баримтлахад хүрээд байна.

  Одоо УБ-ын хөшөөнүүдийнхээ тухай ярианд эргэн оръё. Дээрх хоёр хөшөөг нарийвчлан үзэх гэж би талбай дундуур зориуд жаал алхав. Тэгтэл Сүхбаатар нь жинхэнэ монгол морьтой, харин их хааны өмнөх баатрууд намирсан дэлтэй орос морь уначихсан юм шиг харагдаад явчихлаа. Герман руу цөөн хэд хоног явахаасаа өмнө тэрхүү супер хөшөөний өмнө патиараа дахин нэг татуулдаг ч юм бил үү? Ердөө герман танилууддаа хот газрын зарим монголчуудын аугаа ихэд тэмүүлэх донг харуулах гэж л тэр шүү дээ. Бодож байж л болъё. Өрнөдийнхөн “Улан-Батор” хэмээн бичиж мангартдаг Улаанбаатар хотын нэрийг би яг одоо бодож байна. “Улаан”, тэгээд “баатар”. Уул нь тэр “улаан” гэгдэх коммунизмын үе нь хэдийн өнгөрсөн юм сан. Хэрэв монголчууд тэгж л Чингисийг цар хэмжээгээрээ Сүхбаатараас том гэж үзээд байгаа юм бол УБ-т “Хүрээ” гэдэг хуучин нэрийг нь ч юм уу, эсвэл өмнө нь хэрэглэж байсан бусад нэрүүдийн аль нэгийг эргүүлээд өгчих ёстойёо доо? Ленинградыг буцаагаад Петербург гээд нэрлэчихсэн л байна. Монголчууд болохоор тэгэхгүй. Энд болохгүй нэг л учир байх шиг.

  Гэхдээ УБ-т намайг ихээхэн цочирдуулахаар үл барам миний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлж, дотор минь хүчтэй долгион үүсгэн, дараа нь ч бас газар хөдөлсөн мэт үйлчилсээр байдаг, тэгээд бүр тэсэхээ байхаараа гадаа гудамжаар алхаж яваа монголчуудыг сандран эргэж хар­тал чанга гэгчээр хашгирч орхидог нэг зүйл бол дээлэн дээрээ одон тэмдгээ гялалзуулсан тэтгэврийн хөгшчүүл ямар нэг идчихээр, бас хэрэг болчихоор юм хайж хог ухчихсаан зогсож байхыг харах. Тэгээд болоогүй, жижигхэн хүүхдүүд хүртэл хамт байхыг харахад давхар цохилт өгч бүр өвдөг сөхрүүлээд авдаг юм. Хамгийн сүүлд Улаанбаатарт очсоноосоо хойш, мөн интернет болон зурагтаас тэндхийн тран­шейний хүүхдүүдийн тухай мэддэг болсон. Яг л Ленинград юм уу Москвад байдаг шиг. Нэгэн цагт Монгол улсын төлөө зүтгэж явсан хөгшчүүл (тэднийг зүүсэн одонгоор нь би ингэж хэлж байгаа юм), мөн Монголын итгэл найдвар байх учиртай хүүхдүүд мөнөөх Гүндалайгийн “Lucky Center”-ийн өмнөх хашаанд хог ухаад зогсож байхыг харахад даан ч нүд хальтирмаар. Тэгэхэд Гүндалай машиндаа хүүх­дүүдээ суулгачихсан, эхнэрийн­­хээ байгуул­сан өндөр үнэтэй цэцэрлэгт хүргэж өгөх гээд хажуугаар нь жишим ч үгүй давхиад өнгөрөх юм билээ. Энэ бүхнийг бүхэлд нь бодоод үзэхүй одоо ч дотор харанхуйлмуй. Нээрэн шүү. Монголын иргэн биш, гадаадын, “герман”, эвенк хүн, за тэгээд хүний эцэг, индиан ач нараа бодох юм бол бүр өвөг эцэг хүн би үүнийг санах тоолонд ярдаг нохой аятай орилоод унамаар санагддаг аа. Хөгшчүүд, хүүхдүүдийн тухайд монголчууд та нарыг ердөө л “өөдгүй амьтас” гэж би хэлнэ. Ийм хөгийн юм өмнө нь Монголд битгий хэл эвенкүүдэд ч байгаагүй биз. Бид чинь хүүхэд хөгшдөө хүндэлдэг, үхэн үхтэл нь тэдэндээ тусалж байдаг улс шүү дээ.

  Ингээд бодохоор өөрийгөө нэг их хүүхдэд хайртай хүн болгон харуулах дуртай Гүндалай ёстой ясны дургүйг минь хүргэдэг дээ. Түүнийг өөрийнхөө “Lucky Center” (миний үзсэн харсантай жиших юм бол ямар ч хогийн нэрэв) төвд болон дүүтэйгээ хамтран эзэмшдэг “El Torro” ресторанд охид бүсгүйчүүд бүжиглүүлэн цэнгэж байхад гадаа нь хүмүүс, ялангуяа хүүхдүүд идэх юм хайн хог ухаж байдаг. Би өөрөө дайнтай цагийн хүүхэд. Гудамжны шуудуунаас, бодвол хэн нэг нь гээсэн бололтой хөгцөрсөн талх олоод түүгээрээ гол зогоож л явлаа. Юмыг барагтайд мартдаггүй болохоор жинхэнэ өлсгөлөн гэж юу байдгийг мэднээ. Гүндалай нэг удаа дүүртэл нь чихсэн цүдгэр гүзээгээ ил гаргачихаад над, “Би бизнесмен хүн болохоос халамжийн байгуул­лагын хүн биш” гэж байсныг харсан хүн бий. Үүнийг ч гэсэн би хэзээ ч мартахгүй. Ард түмнээс сонгогдчихоод, уул нь ард түмний төлөө байж, тэдэнд зүтгэх ёстой хүн, тэр. Ийм хүн парламентийн гишүүн болчихоод, тэгээд бас болоогүй бөгс рүүгээ мөнгө чихүүлээд сууж байдаг хэрэг үү? Монголчууд минь, та нар бүгдээрээ мөнгөтэй болж чадаагүй байна. Мөнгө олох, бизнес хийхийг би муулж байгаа юм биш. Гэхдээ энэ хүн, түүний хэлж ярьж байгаа ёстой биш байна шүү. Тэр бас өөрийнхөө дүү нарын нэгийг Хөвсгөл аймагт алуулсан гэдэг. Харин Хатгалынхан надад хожим нь шал ондоо зүйл ярьсан. Тэр Гүндалай гэдэг чинь зүгээр л нэг идээ бээртэй хатиг, худалч, луйварчин этгээд юм билээ. Надад юу ч тохиолддог байлаа гэсэн би энэ үгээ өөрчлөхгүй. Ингээд энэ заваан сэдвийг орхиё.

  “The History of Mongols”-ын зохиогчоос ялгаатай нь би Монгол орон болоод монголчуудын тухай өөрийн мэдэх, орчин үеийнх нь түүхээр ном бичиж байна. Гэхдээ англиар бичсэн тул монгол руу орчуулах ёстой болох биз. Би түүнийгээ “Children of the Wind” (“Салхины хүүхдүүд”) гэж нэрлэсэн. Ингэх хоёр шалтгаан байв. Нэг нь Хатгалд байнга үлээж байдаг байгалийн салхи. Яаж ч хүйтэрлээ гэсэн тэр салхинд хүүхдүүд гадаа л тоглож байх. Нөгөө нь Монголын нийгмийг одоо ч шаналгаж, төөрөгдүүлсээр байгаа улс төрийн өөрчлөлтийн салхи. Учир нь, өнөөг хүртэл Засгийн газар, парламентаас гаргаж байгаа шийдвэрүүд “шар тос” байж чадаагүй, чадах ч үгүй л байна. Үгүй, энэ цаг хугацаа гэгч ямар хурдан өнгөрнө вэ? Монголд ирснээс хойш нэг л мэдэхэд арван долоон жил өнгөрчихөж. Энд амьдарна гэж өмнө нь зүүдэлж ч явсангүй. Дахиад бас хэдэн жил болохыг бүү мэд. Эсвэл, ялангуяа миний бичсэн номууд үнэхээр монгол хэл рүү орчуулагддаг юм бол би Монголоос хөөгдөж ч магадгүй. “Children of the Wind” номын тухайд “Mein mongolisches Skizzenbuch” (Монголын тухай таталбар зургууд) нэртэй нэг дагуул ном бий. Энэ хоёр номыг Монголын номын зах зээлд гаргах тийм ч амаргүй байна байх. Толинд үнэн нүүрээ харахыг хэн л дурлаа аж дээ. Тэр тусмаа гадны хүний хүний толинд шүү. Гэлээ ч гэсэн би тэр номуудаа Хатгалын болон Улаанбаатарын зарим хүнд үзүүлсэн. Бүгдээрээ л намайг “яг голыг нь онож хэлсэн байна” гэж байна лээ. Дараа нь чухам юу гэж бодсоныг бол мэдэх юм алга. Ямартай ч монголчууд шүүмжлэл, тэр тусмаа өөрийн шүүмжлэлд ихээхэн эмзэглэдгийг би мэднэ.

  Одоо би Өрнөдийн аль нэг оронд очих боломж олдож байгаагүй, эсвэл хэзээ ч тийм боломж олдохгүй монголчуудад зориулж барууныхан гэдэг ямар­шуухан улс болох талаар би хэдэн үг хэлэлгүй горьгүй нь. Ялангуяа миний хамгийн сайн мэдэх германчууд бол харь үндэстнийг харахаараа үстэй толгой нь арзайдаг хүмүүс. Тэд бусдыг нэг бол дээрээс нь харж, дэргэд нь байхдаа зарим гадаадынханд ихэд саймшрах авч дал мөрийг нь алгадаж байгаа нь хүртэл цаанаа л ихэрхүү. Эсвэл “харийн”, “этгээд содон” хэмээн хэн нэгэнд сүйд болох атлаа эргээд өнөөх харь содон хүнийхээ амьдралыг хүндрүүлж байгаа зэрэг нь ёстой заваан даа. “Гадаадынхан” гэдэг үг олон герман хүний чихэнд тийм ч аятай сонсогддоггүй бөгөөд аль өнгөрсөн үеийн үргэлжлэл болох шинэ залуу нацистууд төрөн гарсаар байгааг тэд яагаад тэвчиж байдгийг би огтоос ойлгодоггүй. Герман орон нэг л биш. Ялангуяа саяхны өнгөрсөн түүхийн тухайд.

  Райнланд болон түүнээс урдуурх нутгаар “хүннү”, эсвэл “монгол” хүн болж байгаа нь тэр гэж бүжиглэн цовхчиж байдаг бүлэг хүмүүс бий. Энэ тухай анх олж мэдээд би уйлах, инээх, эсвэл хараал тавих аль ч учраа олохоо байж билээ. Германд байдаг “индианчууд” ч бас ингэдэг гэсэн. Энэ германчууд өөрсдөө болохоор үүнийгээ чөлөөт цагийн хобби гэдэгт үнэнээсээ итгэдэг юм билээ. Дашрамд хэлэхэд, энэ талаар хэлээ хазан тэвчиж, өөрийгөө хүчлэн байж төслийнхөө ажилд мөнгө олчих санаатай өнөөх “монголчууд”, “хүннү нар”-ын клуб, эвлэл холбоодын хаягийн жагсаалтыг гаргуулж үзлээ. Надад тэр нэрсийн жагсаалтыг илгээсэн бүсгүй сайхан зан гаргаж, эдгээр эвлэл, холбоодын аль нь хамгийн чухал, том, алинаас нь асуувал дээр болохыг утсаар хэлж өгсөн юм. Тэгээд тэгээд энэ бүхэн маш товчоор хэлэхэд ёстой л “будаа”!

  Хар салтаа самбартай ч юм уу, тиймэрхүү нэг харь маягийн хүүхэн дээр мордохдоо сайн, тэгсэн мөртөө нөгөөдүүлээ хүн ёсоор үзэж, өдөр тутмын амьдрал дээр адил тэгш хандах тун дургүй, тийм л улс байгаа юм даа, энэ герман эрчүүд. Сүүлийн үед хуучин ЗХУ, тэр бүү хэл Монголд ч бас үндэсний үзэлтнүүд бий болж. Гэхдээ энэ хоёр бүс нутгийн өргөн олон нийт ерөнхийдөө гадаадынхантай их эвтэйхэн харьцдаг. Дээр нь, ямартай ч хөдөөд мөнөөх агуу найрсаг зочломтгой ёс нь хэвээр буй. Энэ тал дээр европчууд, тэр тусмаа германчуудад монголчуудаас сурмаар юм мөн ч их бий дээ.

  Азийнхан болон тэдний эрлийзүүдийг нэрлэдэг “шар аюул” хэмээх хэллэгийг би үнэнхүү тэнэг, солиотой, балай зүйл гэж боддог. Хятад ч бай, монгол ч бай, би ч бай шар арьстай биш юм шүү дээ, Европын хөлдүү толгойтууд минь. Бас энэ цахим шуудан гэж хамаг уур барсан нэг юм байна. Тэнд бичсэн юмнуудыг уншихлаар миний нүүр ихэвчлэн ичсэндээ улайгаад явчих шиг болдог. Гэхдээ их хурдтай цаг үед амьдарч байгаа гэх өнөө үеийнхэн үүнийгээ цагт хавчигдаад гэж зөвтгөх юм. Тэр бүү хэл сайн бичдэг, надаас хамаагүй сайн бичдэг хүмүүс хүртэл тэгж л аргацаана. Тэгвэл аль ч үеэс нь хойш тоолсон цаг хугацаа уртассан юм уу богиноссон нь үгүй. Маргааш өглөөний мандах нар манийгаа сэрээтэл эх дэлхий нойрон дунд минь тэнхлэгээ нэг л удаа тойрдог, бид ч түүнтэй цуг эргэдэг хэвээрээ байна.