Хүмүүс олон талаас нь олон янзийн дүгнэлт хийхэд эвтэйхэн байх болов уу гэж бодон баримтуудыг түлхүү оруулсан удаах өгүүллээ нийтэлж байна. “Цаана” нь олон баримт байгаа нь мэдээжийн хэрэг. Үүнийг тал талаас нь шүүн тунгаах ёстой байх. Минийхээс өөр тайлбарлал, дүгнэлт гарж болохыг би үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол дээрэм байсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй буй за.


Сонгуулийн “барилгажилт”
      Агуу их хөтөлбөр дампуурсан нь тодорхой болсон хэдий ч бидний гай болоход УИХ-ын сонгуулийн жил гарав. 2007 оны сүүлчийн хагасаас эхлэн монголчуудын бүхий л ажил, сэтгэл зүй зөвхөн сонгуульд зориулагдав.
      Төрөлхийн “улс төрч” ард түмэнтэйгээ сайн мэддэг улс төрчид том том амлалт өгөхийн хажуугаар барилгын хорооллын гоёмсог уран зураг, сайхан гэгч нь макет хийлгэж аваад хүн амьтанд үзүүлж, гайхуулдаг өвчтэй болсон юм. Нарийн ярих юм бол УИХ-д нэр дэвшигчдийн дийлэнхи нь банк болон барилгын компаниудаар сонгуулийн зардлаа даалгасан гэж үзэх бүрэн үндэслэл бий. Сонгуулийн үеэр шинэ барилгын шав тавих ёслол ядаргаа болтол зохиож байсныг олон хүн санаж байгаа байх. Гэхдээ л хөтөлбөрийн дампуурал, далд өрсөлдөөн харагдаад л байсан юм.

2008.01.25. “Хааны зам-Вако” компани байгуулж орон сууц барих нэрийдлээр манай улсын 94 иргэнээс 1.5 тэрбум төгрөг залилсан хоёр солонгос иргэнийг шүүх хурал болов. Манай яруу алдарт шүүх нэгнийх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, нөгөөг 10 сая төгрөгөөр торгов. 1,5 тэрбумын луйвар болон 10 саяын торгууль хоёр огт ялгаагүй ажээ. Харин объектуудыг “Энүжин” компанид шилжүүлэхээр болжээ.

2008.01.25. ОССК Улаанбаатар хотод нэг ч орон сууц ашиглалтанд өгөөгүй. 1000 төгрөгөөр зарж байсан орон сууц захиалах өргөдлийг цаашид авахгүй гэж зарлав. Өмнө нь авч байсан захиалгаа ердөө л “судалгаа” байсан гэж “тайлбарлах” болов. Энэ “аймшигт судалгаа”-нд 28.000 иргэн “оролцож” 28 сая төгрөгөө “зарцуулав”.

2008.03.21. Нийслэлд барьж буй орон сууцны өртгөөс төр 2 хувийг суутгах шийдвэр НИТХ гаргав. Одоо бүр байчихаад луйвардсан мөнгөнөөсөө буцааж суутгах шинэ арга нэвтрүүлж эхэлж байна. Нийслэлийн бүлэг “ажлаа” хийж байгаа нь энэ л дээ.

2008.03.03. “Нийслэл Өргөө” ХК-ийн ерөнхий инженер Д.Жамъян: Орон сууцны vнийг “Сөvл” групп, “Жэпэн таун” зэрэг гадны компаниуд их өсгөж байна гэж шүүмжлэв. Энд том бүлгүүдийн өрсөлдөөн ихэд хурцдаж, “монгол” компаниуд, гадныхныг “хөөх” гэж байна. “Цэвэр” монгол компани бараг огт байхгүйг “мартчихаж”

2008.04.01. Нийслэлийн газрын алба, УМХГ, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд (?!) хамтран Туул голын эрэг дээр барилга барих гэж байгаа Пума констракшн, Монгол крамек, “PIMM” гэсэн 3 компанийн хашааг буулгажээ. Ухаандаа Пума констракшн гэхэд л нийтдээ 20 газрын зөвшөөрөлтэй атлаа 100 гаруй газар барилга барихаар “дайрсан” аж. Газрын зөвшөөрлийг 2006 оноос Нийслэлийн захирагчийн алба олгож эхэлснийг хэн ч санасангүй. Компаниудын дайн төрийн байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүдийг хамрах болтлоо өргөжиж байна.

2008.04.01. Хөтөлбөрт 2006 онд 60 тэрбум төгрөг, 2007 онд 400 тэрбум төгрөг , 2008 онд 590 тэрбум төгрөг төсөвлөж “зарцуулсан” мэдээ гарав.

2008.04.05. Барилгын чанар муудаж байгааг мэргэжилтнүүд анхааруулав. Дөрвөн баллаас илүү хүчтэй газар хөдлөвөл нийслэлийн барилга байгууламжийн 60-аас дээш хувь нь нурах аюултай гэж тэд судалгаагаар нотолсон байна.

2008.04.10. ЗГ 70 сая ам.долларын бонд нэмж гаргах асуудлыг УИХ-д оруулав. Орон сууцнууд хэнд хэрэггүй “хог” болж байгаа талаар гишүүд муулцгаав. Ийнхүү барилга “хог” болж байгааг УИХ хүлээн зөвшөөрөв. Хэрүүл гаарсанд Сангийн сайд Ч.Улаан: СЯ энэ жилээс орон сууцны бондыг “барихаар” болсон учраас өмнөх жилүүдэд гарсан алдааг давтагдахгүй гэж “тайвшруулав”. ЗГ-ын 40 сая ам.долларын бондын хөрөнгөөр аймаг сумдад барих орон сууцнуудыг санхүүжүүлэхээр шийдэв. Сонгууль ойртсон учраас тойргууддаа барилга барих гэж ядаж байна. Нөгөө хот нь хаачсаныг хэн ч мэдэхээ болив.

2008.04.26. БХБЯ-ны сайд Ц.Цолмон 2020 он хүртэл нийслэлд 130 мянган айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа боловч 300-400 мянган айлын орон сууц барих шаардлагатай гэж ярив. Энэ өдөр СБД-ийн нутаг дэвсгэрт “Орон сууцны 7-р хороолол” төслийн барилгын шав тавих ёслолд ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцов. Нөгөө 40 мянгаа оргүй алга болгочихоод одоо бүр 130 мянгыг барих солиотой санаа гарч ирж байна. Энд бүх “төлөвлөгөө”-г дандаа нууцаар хийдэг нь тодорхой байна.

2008.04.30. “Орон сууц хүсэгчдийн түр хороо” байгууллаа. Хотын захирагчийн албанд орон сууц хүсэгчдийн шийдвэрлэгдээгүй 8114 өргөдөл нэгээс 40 гаруй жил хадгалагдаж байдаг аж. Тэд элдэв амлалтад залхаж гүйцээд “түр хороо” байгуулан МоАЧХ-нд ханджээ. Г.Баасанг хараадаг хүмүүс хулхидуулснаа мэдээд бидний өмнөөс “хэд сайн” жагсаад өгөөч гэж байна. Г.Баасан л ганцаараа баривчлагдана биз, тэдэнд ямар хамаатай юм.

2008.05.02. ОССК: Одоо нийслэл рүү чиглэсэн ажлыг эхлүүлээд байна. Энэ оноос ЗГ-ын бондын хөрөнгөөс иргэдэд жижиг зээл олгоё гэж шийдсэн. Урд нь ийм зээлийн тухай тусгагдаагүй байсан. ЗГ 2 тэрбум төгрөгний зээл олгоод байна гэв. Нөгөө мундаг хөтөлбөр нь дөнгөж одоо л нийслэл рүү чиглэж байгааг мэдэгдэж байна. Зээлээ олгодог хүмүүстээ олгочихож. Үлдсэн иргэдээ дээрэмдэх зорилгоор зээл олгоно гэж хошгируулж байна.

2008.05.22. ОССК тайлан тавив: Хөтөлбөрийн эх үүсвэр ЗГ-ын бондыг 2007 онд Голомт, Капитал, Монгол шуудан, Анод, Улаанбаатар хотын гэсэн 5 банкинд байршуулсан. Барилгын санхүүжилтэнд 5,5 тэрбум төгрөг, иргэдийн зээлд 2,0 тэрбум төгрөг, нийт 7,5 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2008 оноос Хас банк хөтөлбөрт оролцоно. Ингээд банкуудад байршуулсан мөнгөө тэд ингэж зарлав.

ЗГ-ын бондын эх үүсвэрийг банкуудад байршуулсан байдал

      2007 онд 19 аймгийн төвд нийт 1513 айлын 19,9 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлыг эхлүүлж (?!), 168 айлын орон сууцыг хүлээлгэн өгөөд байна. 2008 онд аймгийн төвүүдэд 17,0 тэрбум төгрөгийн 24 барилгын ажлыг эхлүүлэв.
      Улаанбаатарт УМБГ, УМХГ-ын 121 айлын барилгыг ашиглалтанд оруулж, эдгээр байгууллагын 51 төрийн албан хаагчдыг зээлд хамруулаад байна. 2008 онд нийслэлийн төрийн байгууллагуудын 866 айлын орон сууцны барилгыг санхүүжүүлнэ. Мөн 2008 онд нийслэлд баригдах Нисэхийн 350 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлэв.

Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны товчоо

      Зээлийн шинэ журам баталж, жилийн 11%-ийн хүүтэй, 10 жилийн хугацаатай, 25 сая төгрөг хүртэлх “зээл” олгож эхэллээ. Арилжааны 5 банкаар дамжуулан 125 иргэнд 2,0 тэрбум төгрөгийн зээл олгожээ. ОССК нь 1 жил 6 сарын хугацаанд 7,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, 229 иргэнийг зээлд хамруулсан байна. Энэ онд иргэдийн зээлд 16,0 тэрбум төгрөг төлөвлөөд байна.
ОССК-ийн энэ тайлан мөн л “дараа тооцоо” бодоход хэрэгтэй учраас бараг тэр чигээр нь оруулав. Энд “хачин хачин” тоо дүүрэн. Ухаандаа арилжааны 5 банк нийлээд нийлээд 125 иргэнд 2,0 тэрбумыг зээлдүүлсэн байхад ОССК 229 иргэнд 16,0 тэрбумыг олж өгчээ. Монголд хамгийн “азтай” иргэн ердөө л 354 байдаг аж.
      Манай иргэд ч ёстой нэг “хөөрч” өгөв. Намуудын амлалтын 1 сая, 1.5 сая төгрөгөө нэмж, түүнийгээ гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор үржүүлж удахгүй байраа аваад хэдэн төгрөг “илүү гарах”-ыг бодсон “эдийн засагч” иргэд Монголоор дүүрэв. Монгол хүнийг төр засгаасаа бэв бэлнээр нь авах “мөнгөнийхөө тоо”-г бодож байхад нь юу ч хэлээд нэмэргүй, харин “зодуулчихгүйн” тулд холхон байсан нь дээр гэж би тэр үед дүгнэсэн юмдаг.

2008.06.19. Монгол-Солонгосын хамтарсан “Эм Энд Жи Констракшн”, “Эм Эн Ти Ар” ХХК-тай ХУД-ийн Засаг дарга Д.Загджав хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээнд ХУД-ийн 20 албан хаагчид орон сууц үнэ төлбөргүй олгох асуудлыг тусгажээ. Сонгуульд нэр дэвшигч Д.Загджав: Гэр хороололд амьдарч байгаа 126 мянган өрхөөс 5.4 мянга нь энэ төслийн хүрээнд орчин үеийн тохилог орон сууцанд амьдрах болно гэж мэдэгдэв. Энд сонгуулийн шоунаас гадна авилга, бизнесийн асар том луйвар явагдаж байна. Д.Загджав УИХ гишүүн болж, одоо энэ компаниудынхаа эрх ашгийг хамгаалж байгаа биз…

2008.06.26. Сүүлийн 5 жил төрийн албанд ажиллагсдад орон сууцны хөнгөлөлт үзүүлэх журам гаргав. Албан хаагчдад хамгийн чанартайг нь сонгох “давуу эрх” олгож байна.

2008.06.27. ХААН, Монгол шуудан, Хас банкны удирдлагууд МБ-тай хамтран ажиллах, зээлдэгчийн талаар мэдээлэл солилцох гэрээ байгуулав. Гэрээнд банкуудын өрсөлдөөнийг “зөв урсгалаар” явуулах, зээлийн зүй бус давхардлыг (?!) арилгах, зээлдэгчийн талаархи мэдээлэл солилцох талаар тусгажээ.
      Энэ үед манайд 16 арилжааны банк, 131 банк бус санхүүгийн байгууллага, 181 тусгай зөвшөөрөл бүхий хадгаламж зээлийн хоршоо байсан юм. Эдгээр нь бүгдээрээ баруун солгойгүй зээл өгснөөс давхардал гарч, хэнд хэдийг өгснөө ч мэдэхээ больсноо баттай харуулав. Барилгын зээлээс болж банкууд эрсдэлд нэгэнт оржээ.
      За ингээд луйврын сонгууль монгууль нь болж, 7 сарын 1-нд 5 хүн буудаж алсан улс төрийн ноцтой хэрэг мандав. Онц байдал цуцлагдаж, аажимдаа байдал тогтворжоод ирэхийн үед одоо нөгөө хөтөлбөрийнхөө булхай, зөрчлийг ил гаргах нь зүйн хэрэг.

Газар булсан мөнгө

      Улс төр-эдийн засгийн хэдхэн бүлэглэл хөтөлбєр нэрээр санхүүгийн пирамид босгох ажлыг бүр 2004 оноос эхэлжээ. Пирамид эхэлж босгосон хэдхэн томчууд хожоод бусад нь хохирч дуусдаг зүй тогтолт үзэгдэл болжээ. Схем нь эхлээд хөтөлбөрөөрөө далайлган ЗГ-т шахалт үзүүлнэ. Ингээд мөнгөө бондоор баталгаажуулж банкнаас асар их мөнгө олж авна. Тэгээд пирамидаа өргөжүүлнэ. Аль болох олон банк, байгууллага, иргэдийн мөнгийг татан оролцуулна. Үүний тулд тэднийг хошгируулна. Тэднийг хошгирч байх хооронд өөрсдөө тоглолтоос гарч, ул мөрөө баллана. Тэгээд цаашаагаа заяа нь мэднэ. Хэдхэн жилийн өмнөх ХЗХ-ны түүхийг энд яг давтаж байна.
      Пирамид эхэлсэн том банкууд ЗГ-ын бонд авч ашгаа хэд нугалан олж зувчуулчихаад, дараа нь зээл “цацаж” банкаа албаар дампууруулах ажилд сэмхэн оров. Гэхдээ хэтэрхий зэрлэг өрсөлдөв. Мөн барилгын том компаниуд барьдаг барилгаа барьчихаад, олдог ашгаа олчихоод тоглолтоос гараад явчихав. Энэ хүртэл тэдний зам нийлж байсан юм. Ингээд пирамидаа зээлийн хүчээр хөөрөгдөн томруулж эхлэв. Одоо “агуу их” луйврынхаа ул мөрийг баллах шинэ шатандаа орж байна. Үүнийг “мэдээгүй” барилгын компаниуд ёстой хийрхэв. Барилгын компани байгуулах “бүх ард түмний” хөдөлгөөн өрнүүлэв. Барилгын 1600 гаруй компаниас дөнгөж 21 нь 150-иас дээш ажиллагсадтай ажээ.
      Ердөө л дөрвөн жилийн дотор нийтдээ 37,000 гаруй айлын орон сууц бариад “хаячихаж” байгаа юм даа. Монголчуудыг залхуу гэдэг нь огт худлаа, ийм “ажилсаг” ард түмэн энэ дэлхий дээр л лав байхгүй дэг. Үнэнийг шууд хэлэхэд барилгуудын ихэнхийг “муу нэртэй, луу данстай” хятад ажилчид барьсан нь харин бодит баримт юм шүү. Манайхны өөрсдөө барилга барих ч тун “хэцүү явдал” гэдгийг олон хүн зөвшөөрөх байх.
      Барилгын компаниуд ч, иргэд ч банкнаас зээл аваад л, банкууд ч хүссэнээр нь өгөөд л мөнгөөр ёстой нэг тоглож өгөв. Гэхдээ асар их мөнгө аль хэдийнээ очдог газраа очоод, авдаг эзэн нь авчихсны дараа шүү дээ. Харин одоо бол “мөнгө газар булах” нүсэр ажил өрнүүлэв.
      Асар удалгүй мөнгө дуусаад ирэхийн үед пирамид жам ёсоороо нурж эхлэв. Ер нь бол барилга байгуулалт гацах шиг гачлантай зүйл байдаггүй билээ. Учир нь зээлдүүлсэн банк мөнгөгүй, зээлсэн компани мөнгөгүй, зээлсэн иргэд байргүй боллоо гэсэн хэрэг юм. Барилгын нэлээд нь босчихсон атал авах мөнгөтэй хүн байдаггүй. Монгол хэлээр барилгын фундамент, хоосон ханыг балгас хэмээн нэрлэдэг шиг санагдана. Ингээд ихэнхи барилга нь балгас болоод гацаж орхих нь тэр. Олон эх сурвалж, түүний дотор барилгынхан болон банкныхны хийсэн тооцоогоор:

Арилжааны банкуудын зээлийн багцад эзлэх барилгын салбарт олгосон эээлийн хэмжээ 20%-д хүрч, банкны системийн хэмжээнд нийтдээ 540,0 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Дуусаагүй барилгын зах зээлийн үнэлгээ 1 триллион орчим төгрөг болжээ.

      Энэ ч гэсэн маш их дарсан тоо юм. Жишээлбэл, “Хөгжлийн сан” гэж гайхуулаад байсан 450 тэрбум төгрөг гэнэт ор мөргүй алга болох, орон сууцтай хаа хамаагүй “Дүнжингарав” цогцолбор сүндэрлэх гэх мэт. УИХ-ын сонгуульд багцаагаар 1 триллион илүү төгрөг “цацаад” хаяжээ. Сонин байгаа биз ?! Мөнгө “газар булах”, “салхинд хийсгэх” “зувчуулах” олон хэлбэр хосолсон “баялаг дээрэмдэх” хамгийн сонгодог жишээ энэ болох буй за…

Балгас дээрх тулалдаан

      Одоо нурсан пирамидын балгас дээр “шархаа нөхөх”, байраа зарах том тулалдаанд орцгоов. Энэ нь шууд л улс төрийн тулалдаан болж хувирах нь мэдээжийн хэрэг. Эхлээд саяхан “найз нөхөд” байсан банк болон барилгынхан муудалцав. Тэд УИХ-д байгаа “төлөөлөгч”-дөөрөө дамжуулан “улс төрийн дайн” дэгдээв. Юуны төлөө тэднийг УИХ гаргах гэж “зүтгэсэн” билээ дээ ?!

      Монголын барилгын компаниудыг ерөнхийд нь 3 хуваан үзэж болдог юм. Нэг. Гадаад, дотоодын хамтарсан том компаниуд. Эд том том хороолол барьчихаад ЗГ-аас мөнгөө авчихаад арилаад өгөх зорилготой. Хоёр. 3-5 байшин барьж зараад ашиг олох гэсэн дунд зэргийн компаниуд, Гурав. Ганц нэг байр барьсан болчихоод мөнгө олох гэсэн жижиг компаниуд. Энэ сүүлчийн ангилалд ширхэг тоосго ч тэгшхэн тавьчихаж чадахгүй мань мэт шиг нөхдүүд орчихсон барилга барина гэж солиоров шүү дээ.
Бизнесийн бусад салбарын томчууд “барилгын компани” мөн ч олныг байгуулсан даа. Энэ дундуур нь ЗГ, банк, төрийн бүх шатны байгууллагууд бизнес хийгээд давхиад орчихоор нөгөө хөтөлбөр мөтөлбөр чинь тэр чигээрээ бантан болно биз дээ. Энд барилга дамжуулан барих, ацаглах гэсэн завсрын үй олон заваан үйлдэл сүлжээ болтлоо өргөжсөн юм.

2008.07.09. Монголд барилгын материалд шинжилгээ хийдэг цорын ганц лаборатори – “Барилга архитектор” ХХК байдаг, мөн норм норматив, стандарт үнэлгээний 283 хууль дүрэм байдаг аж. Нийтдээ 4 жилийн турш “Маршал таун”, “Ургах наран”, “Жаргалант”, “Буянт Ухаа”, “Гандирс”, “Зүүн хүрээ”, “Американ дэнж” гээд үй түмэн хороолол аль хэдийн барьчихсан хойноо норм норматив, стандарт гэж юм байдгийг гэнэт “санав”.

2008.08.04. ОССК иргэдэд зээл олгох шинэ журам баталжээ. Бондын эх үүсвэрээр “Голомт”, “Анод”, “Капитал”, “Улаанбаатар хотын банк”-аар дамжуулан иргэдэд зээл олгож эхлэв. Эхний хагас жилд нийт 222 иргэний материалыг хүлээн авч, 167 иргэнд зээлийн эрх нээж, 55 иргэний хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Уг зээлд төрийн 119 албан хаагч, 48 иргэн хамрагдаж, нийт 2,8 тэрбумын зээл авчээ.
      Энд ахиад л тооны “будлиан” гарч байна. Нийт 167 иргэнд зээлийн эрх нээсний 119 нь төрийн албан хаагч байна. Энэ “зээл”-д 2,8 тэрбум төгрөг тавиад туучихжээ. Одоо монголчуудыг иргэн ба “давуу эрх”-тэй албан хаагч гэж хоёр хувааж болж байна.

2008.08.07. Сангийн сайд тушаалаар ЗГ-ын бондыг МХБ-ийн үнэт цаасны хэлбэрээр арилжихаар болсноо зарлав. Нийтдээ таван тэрбум төгрөгийн 50 мянган ширхэг бондыг хямдруулан зарах болов. ЗГ энэ онд нийтдээ 80 тэрбум төгрөгийн бонд арилжаална гэж мэдээлэв.

2008.10.03. Өртгөөрөө бол ам.метр талбай 400 “ногоон”-д багтдаг юм. Инфляц, барилгын материалын хомсдлоос энэ ханш 1200-2500 ам.доллар болтлоо огцом нэмэгдэв. Нэг өрөө сууц 40-50, хоёр өрөө бол 100 саяас буухгүй болов.

2008.10.03. ОССК: Манайд 10 мянга гаруй өргөдөл ирснээс энэ жилдээ дөнгөж 400-600-г шийдэх боломжтой. Санхүүгийн нөөц боломж “хязгаарлагдмал” байна хэмээн мэдэгдэв.
МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл: Орон сууцны нийлvvлэлт эрэлтээсээ бага зэрэг давсан нь vнэ хямдрахад хvргэлээ. МБ зээлийн хvvгээ бууруулж, банкуудын зээл олголтод тулгарч байгаа саадыг арилгах хэрэгтэй. Одоохондоо манай улсад үл хөдлөх хөрөнгийн тэр зах зээл хөгжөөгvй байна. Хууль эрх зvйн талаасаа ч шийдвэрлэгдээгvй. Гэхдээ АНУ шиг хямрал болохгүй гэж мэдэгдэв.
      Өөрийгөө монголын хамгийн “том” эдийн засагч гэж үздэг энэ эрхэм пирамидыг эхлэхэд нь дуугай сууж сууж, нурахад нь шүүмжилдэг хууч өвчтэй юм. Тэр удахгүй болох эдийн засгийн хямралыг байтугай монголын эдийн засгийн задралыг огт төсөөлөхгүй байна. Ийм эдийн засагч байснаас барилгачин болсон нь хамаагүй дээр байхгүй юу…

2008.10.06. Улсын хэмжээнд уул уурхай, барилгын гэж бүртгэгдсэн 30 гаруй мянган vйлдвэр аж ахуйн нэгж бvртгэгдсэнээс нийслэлд 600 гаруй барилга угсралтын компани байдаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд өгөв.

2008.10.16. “China construction” компани “Солонго” хорооллын захиалагчидтай 2007 онд гэрээ хийхдээ урьдчилгаанд үнийн дvнгийн 30 хувийг бэлнээр авчээ. Тэд “2008 оны гуравдугаар сард 600 хятад оруулж ирээд аравдугаар сард барилгаа дуусгана” хэмээн амлаж байжээ. “China construction”, тэдний “Солонго” хороолол гэхээр манайхан бараг л Хятадын Ху Жин Тао даргын “албан томилолтоор” ирчихсэн мэт ойлгодог юм. Тийм биш л дээ, энэ чинь монгол -хятад луйварчдын “хамтарсан” ажил байхгүй юу. Ердөө л 18 давхар ганц ширхэг барилгын “асуудал” дээр хэрүүл хийж байгаа царай нь энэ.

2008.11.05. МБ бодлогын хүүгээ хоёр ч удаа өсгөсөн нь банкуудыг зээлээ зогсоо гэх дохио болсон. Зээл хүртээмжгүй болсноос иргэд худалдан авах чадваргүй болж, улмаар байрны үнэ 30-40 хувь унав. Банкууд мөнгөгүй болж, барилгынхан зээл авах чадваргүй болов. ЗГ 200 тэрбум төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийн зээлийн багцыг худалдан авч, арилжааны банкуудыг мөнгөжүүлнэ гэсэн мэдээлэл тарав.
      Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар: Ингэж үргэлжлэх юм бол жилийн дотор л барилгын компаниуд “чад” болно. Тиймээс барилгын ажлаа гүйцээхэд дутагдсан зээлийг олгох, эсвэл зээлийн хүү төлөлтийг наад зах нь нэг жил хойшлуулах хэрэгтэй гэсэн санал гаргав.
      МБ-ны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар: Бид дуусаагүй барилгын бүртгэлийг хийж эхлэхэд барилгын статистик тун тааруухан байна. Зээлийн гэрээний биелэлт хангалтгүй байхад банкууд яагаад барилгынханд зээл өгөх ёстой юм бэ. Барилгын компаниуд хэтэрхий өндөр үнэ хэлж, шунаж байж борлуулалтаа алдсан. Эцэст нь барилгаа дуусгаж чадахгүй, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орвол (аль хэдийнээ орчихсон байв –Д.Г.) барилгынхан тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв.

2008.11.28. “Монгол шуудан”, “Зоос” банк бvх төрлийн зээлээ хаасан хэвээр байна. “Капитал”, “Хадгаламж”, “ХААН”, “Хас”, “Капитрон” банкууд барилгын зээлийг хаажээ. “Хас” банк он гартал орон сууцны зээл өгөхгvй аж. “Анод” банк иргэд хадгаламжид байр худалдан авах мөнгөнийхөө тал хувийг хуримтлуулсан байх зээлийн шинэ vйлчилгээг санал болгожээ. Жилийн дараа дампуурах үйлтэй “Анод” банк “эв эрүүл” байж л байна.

2008.12.08. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга: 2009-2012 оныг хvртэл 100 мянган айлын орон сууц барих шинэ хєтєлбєр зарлахаар бэлтгэж байна. Хятадаас орж ирэх 300 сая ам.долларын зээлийн нэлээд хэсгийг дэд бvтцийн салбарт зарцуулахаар болсон. Ямар банкнаас, ямар барилгад хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ гэсэн дүнг бид шаардаж байгаа хэмээн мэдэгдэв.
      “Дүнгээ” ёстой өгч харагдана ш дээ. Тэгж нэгмөсөн балрахынхаа оронд банкуудыг дампууруулж, ул мөрөө баллачихаад бүхий л “алдагдлаа” (ашиг –Д.Г) төрөөр “даалгаж”, түүнийгээ “сааж”, “шахаж” амьдрах нь хамаагүй дээр байхгүй юу…

х х х

      Иймэрхүү байдлаар бид 2008 оноо үдсэн юм. Харин санаатай, зориудаар зохион байгуулсан санхүүгийн пирамидын асуудлыг одоо болтол хэн ч сөхөхгүй байгаа нь гайхалтай. Магадгүй бараг бүгдээрээ оролцчихсон ч юм бил үү…

      Үүнээс цааших “адал явдлыг” бид бүгдээрээ санана даа. Ерөнхийдөө бол барилгын асуудал банкны, банкны асуудал улс төрийн дажин болон хувирч одоо ч гэсэн үргэлжилж байна. Банкуудыг зориудаар дампууруулж, заримыг нь татан буулгав, тэдний өр, зээлийг төр “даах” болов, барилгачид байраа төрд “шахах” ганцхан ажилтай болов, ахмадууддаа гэнэт хайртай болж байр “бэлэглэв” г.м. Монголын Барилгын vндэсний ассоциаци байгуулж даргаар нь мөнөөх О.Чулуунбатыг сонгож, төрөөс мөнгө нэхэж дайтах “шинэ фронт” нээв. Монгол банкны Ерөнхийлөгч байсан хүн “барилгачин” болчихоод банк санхүүгийнхээ системийг сүйрүүлнэ гэж хэн санах билээ. Энэ ч үнэхээр хувь заяаны шоглоом шүү. 20 жил тасралтгүй хийсэн луйвар, дээрмийнхээ нүглийг тэр үүрч л таарна даа…
      Төр ч гэж дээ, нөгөөдүүл нь түүнээс огт дутахааргүй луйварчдын хэдхэн бүлэглэл байх.

Эндээс монголд төр гэж огт байхгүй гэсэн гарцаагүй дүгнэлт гарна.

      Одоогийн “төр” гэгч юм нь арай илүү “чадалтай” нь “ядруу”-гаа шоронд хийх, хөрөнгийг нь булаах ганцхан л ажил хийдэг бизнесийнхний тулалдааны талбар юм. Гэхдээ энэ бүхний үүр уурхай нь МАХН, АН хоёроос өөр юу ч биш нь дэндүү тодорхой. Би л сурснаараа хоёр нам гээд байгаа болохоос биш эд чинь нэг л юм ш дээ…
      Үүнийг ашигт малтмал зэрэг улс төр, эдийн засгийн бусад асуудлуудтай хамтатган жичид нь шинжлээд бараг дуусч байна даа…
      Ямар ч гэсэн олон түмэн агуу их хөтөлбөр “будаа болсон” гэдгийг мэдэж авав. Одоо байр авах биш, амлалтын 1,5 саяыг авах биш, харин яаж шүү амь зуухав гэсэн ганцхан асуудалтай үлдэв. 1 триллион гаруй төгрөгөө “газарт булсан” үр дүн л харин бодитой бөлгөө. Энэ нь тоогоор бол 1.000.000.000.000 гэж бичигдэх ба арван хоёр оронтой аварга тоо шүү дээ. Зөвхөн “газар булсан” нь ийм байгаа юм чинь пирамидаар зувчуулсан нь мэдээж олон дахин илүү байж таарна. Энэ явдалд дэлхийн эдийн засгийн хямрал бараг нөлөөгүй юм. Өөрснөө балайруулж, сөнөөж хаячихаад дэлхийн хямрал руу тохоод байх ямар ч шаардлага байхгүй. Уг нь бол орон сууцжуулах санаа бол зайлшгүй бөгөөд туйлын хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.
      Эдүгээ манайхан “төрийн хишиг” 120 мянган төгрөгөө эрхбиш “тоолж” амжсан биз. Ингээд яагаад амьдрал дээшлэхгүй байгаагийнхаа учрыг олох байлгүй гэж би бодож байна. Иймээс дахин луйвардуулахгүйн тулд пирамидын мэргэжлийн “барилгачдыг” төрөөс эгнэгт зайлуулах ёстой доо.
Эс чингэвээс бидэнд “Яндаж болшгүй далай шиг Яасан баян нутаг вэ” гэж дуулах л үлдэнэ дээ. Харин энэ дууг бид биш, гаднынхан дуулдаг болчихсон байж тун ч магадгүй шүү дээ…

Судлаач Д.Ганхуяг
2010 оны 1 дүгээр сарын 14.