Ардын хувьсгалын 25-н жилийн ойгоор нийслэл хотын төвд уужим сайхан талбай засаж, түүний гол дунд их жанжин Сүхбаатарын морьт хөшөөг уран барималч С.Чоймболын зохиомж шийдлээр бүтээжээ. Мөн тэр жилээ МУИС-ын өмнө маршал Х.Чойбалсангийн хөшөөг урлан босгосон нь өдгөө ч буй.
 
  Дэлхий дайн шувтарч, хүн төрөлхтөний түүхэнд “агуу их сэргээн босголт”-ын гэгдэх он жилүүдийн эхэнд буюу 1946 онд монголчууд хоёр их хүнээ алдаршуулан мөнхжүүлсэн нь энэ. Бидний дайснаа дарж, дархан цолоо мандуулсан түүхийн гэрч, урлаг соёл уран барималын анхдагч бүтээл гэгдэх хосгүй үнэ цэнээ хадгалсаар. Төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, байнгын ирдэг гадаадын зочид төлөөлөгчид, дипломат албаныхан уг хөшөөнд өндөр их хүндлэл үзүүлцгээж мэхийн ёсолцгоож заншжээ. Жилийн дөрвөн улирал их жанжныхаа төв талбайд ирж дурсгалын зургаа авахуулж, төгсөлтийн баяр, хуримын ёслол гээд энэ хөшөөтэй үл холбогдох тэмдэглэлт баяр байхгүй гэхэд болно.
 
  Харин жил бүр байгалийн шохойгоор будуулж, шавуулсаар дүрс төдий болж, бүүдийсэн жан­жин маань “хэдэн төгрөг гаргаад хүрэлдээд өгөх сэтгэл алга уу, хүүхдүүдээ, яаж нурж унаж хог болохыг минь харах гээ юу” гэх шиг нэг л зүс гундуухан байгааг анзаардаг хүмүүс олон ч арав таван төгрөгийг нь шийддэг эрхэмүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг. Маршал Чойбалсан маань ч ялгаагүй ард нь тулсан шаваасанд чүү ай тогтож, танигдахгүй болтлоо шохойдуулсаар. ...
 
  Харин эдэнтэй харьцуулвал байгуулсан гавъяа дулимаг, ядахнаа насаар дүү нөхдүүдийн хөшөөнүүд цул хүрлээр бүтээгдэн сүндэрлэх нь өнөө цагийн хүмүүсийн өмнөх үеэн мартах дуртай зангийн нэг илрэл болжээ.
 
  Хөшөө дурсгалд мөнхрөх өндөр алдар нэр, хэн ч давтагдашгүй нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гавьяат үйлстэн гэж байдаг. Харин их жанжны морьт хөшөөнд өдөр бүр түмэн олон шаваастай. Заримдаа бүр тойрч суух зай завсаргүй байх нь үзэгдэнэ. Мөн хэдэн фото зурагчид эндээс л өврөө түнтийлгэж зах зээлд амьдралаа залгуулна. Төөрч будилсан нэгэн жанжнаа бараадаж төрлөө олох гээд түмэн олноо хүрээлүүлсэн буянт аав шиг жанжин минь өнөөдөр нас сүүдэр 116- хүрч халамж хайр горьдон байгуулсан төрийнхөө ордон тийш гар сарвайсаар.
 
  Уг нь өнгөрсөн жил их жанжны мэндэлсний 115-н жилийн ойгоор монгол төр сэтгэл гаргаж хөшөөг хүрэлдүүлэх, шийдвэр тогтоол гарган тамгаа дарсан сурагтай. Сүх жанжин ч хүүхэд шиг баярласан нь мэдээж. Жанжин Сүхбаатар бухим­даж, “Мориноосоо буулгүй Монгол улсаа чөлөөлж өгсөнсөн. Морьгүй хүүхдүүд минь төрийг төвхнүүлэх гэж мөн ч зүдэрч байгаа юм байна“ гэж ёжтойхон хэлэх нь үүний төлөө санаа зовсон нэгний чихэнд сонсогдох шиг тийм дүр төрхийг харуулна. Төрийн жолоог атгаж, төрийн сангийн хэдэн нөхөд хэдэн тэрбумыг зохицуулагч нөхдөө, яг хотын төвд, яг хамар доор чинь аврал сэхэл хүсэж буй Монголын ард түмний суут хүү, гарамгай жанжин Дамдины Сүхбаатар, түүхийн хүнд хэцүү цагуудад тусгаар улсаа авч гарсан маршал Хорлоогийн Чойбалсан нарынхаа хөшөө дурсгалыг сэргээн шинэчилж, соёл түүхээ авран хамгаалахыг сануулж байна.
 
  Их жанжин Сүхбаатарын маань төрсөн өдөрт цэцэг өргөөд толгой гудайлгаад л өнгөрөөхийн оронд бодитой тус түүнд одоо нэг хүргээсэй билээ. Их жанжны хийморь лундаан дор “их” хүмүүн мэт аашилж байгаа эрхэмүүд минь эрхбиш нэгийг бодоосой.