Тhomas Friedman-ы бичсэн “The world is flat” хэмээх энэ алдарт ном 1990-ээд оноос өнөөг хүртэл дэлхий ертөнцөд өрнөсөн үйл явдал, бий болсон өөрчлөлт, цаашдын чиг хандлага, даяаршил хэмээгч үзэгдлийн мөн чанар, тэрхүү даяаршилд хүн төрөлхтөн хэрхэн зохицон амьдрваас зохих тухай зөвлөгөө зэргийг агуулжээ. Даяаршил зөвхөн улс гүрэн, пүүс компаний хүрээнд бус хувь хүн бүрийг хамарч, хувь хүн бүрт тэгш эрхтэй гарааны талбарыг олгож байна гэж уг бүтээлд тайлбарлажээ. Даяаршил нь орчин цагийн мэдээлэл технологи хөгжихийн хэрээр улам эрчээ авч, улс гүрэн, пүүс компани, хувь хүн бүр түүнтэй хэрхэн хамгийн хурднаар зохицон, зохион байгуулагдаж чаддаг байх, мөн улс төр, геополитикийн ямар бодлого баримталбаас зохилтойг зохиогч ойлгомжтойгоор, энгийн жишээ татан тайлбарлаж чадсан нь уншигч танд ч таалагдана гэдэгт итгэж байна.

  Уг ном 2005 оны 4 сард анхны хэвлэлт нь гарснаас хойш Нью-Йорк Таймс сонины Бестселлерийн жагсаалтанд тасралтгүй зогсож байгаа бөгөөд дэлхийн олон хэлнээ орчуулагдаж, зөвхөн 2006 оны дотор 2 сая хувь борлогдсон байна.
 
  1947 оны 8 сарын 15-нд тусгаар тогтнолоо олсноос хойш Энэтхэг орон өөдлөх үедээ өөдлөж, уруудах үедээ уруудаж ирсэн хэдий ч зарим талаараа хорьдугаар зууны сүүл үеийн түүхэнд хамгийн азтай орон гэж тэмдэглэгдэх магадлалтай.
 
  Саяханыг болтол Энэтхэг улс банк санхүүгийн ертөнцөд “хоёр дахь худалдан авагч” гэж нэрлэгддэг байв. Зочид буудал, гольфийн талбай, эсвэл худалдааны цогцолборын анхны эзэд нь дампуурал зарлаж, банкинд бүхий л үнэт цаасны өртөгийн доллар тутам нь арван центээр зарагдах үед арилжаа хийж хоёр дахь худалдан авагч болох нь ер нь аль ч бизнест хамгийн их үр ашиг авчирдаг зүйл. Чухамдаа шилэн кабелийн компаниудын тавьсан кабелийн шугамыг анх худалдан авч, үргэлж хил хязгаараа тэлж буй дижитал ертөнцөд тоймгүй ихээр баяжина гэж төсөөлсөн анхны худалдан авагчид нь Америк хувьцаа эзэмшигчид байв. Хөрөнгийн бирж дэх хиймэл хөөсөнцөр хагарах үед тэд үнэ цэнэ буурсан эсвэл огт үнэгүй болсон хувьцаатайгаа л хоцорсон билээ. Үр дүнд нь эдгээр шилэн кабелиудын хоёр дахь худалдан авагчид нь Энэтхэгүүд болсон юм.
 
  Яг үнэндээ Энэтхэгүүд хувьцаа худалдаж авсангүй. Харин хэрэглээнээс хэт илүүдэж татагдсан шилэн кабелиас гол ашигаа олсон бөгөөд, энэ нь угтаа тэд болон тэдний Америк үйлчлүүлэгчид тэрхүү асар их кабелийг үнэгүй ашиглах боломжтой болсонтой холбоотой. Энэ бол Энэтхэг орны хувьд тэнгэрийн умдаг атгасантай (арай бага хувь нь Хятад, хуучин ЗХУ, Зүүн Европт) адил явдал болсон юм. Чухамдаа орчин цагийн Энэтхэгийн түүх гэж юусан билээ? Энэтхэг орон хэдийгээр байгалийн баялаг, ашигт малтмалын олдвор (нүүрс, төмрийн хүдэр, алмааз) ихтэй ч, энэ нь тэжээх хүн амтай нь харьцуулвал үнэндээ хаана нь ч хүрэлцэхгүй юм. Харин үүний оронд Энэтхэг өөрийн орны хүмүүсийн тархийг малтаж, элит давхаргын томоохон хэсгийг шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны салбарт суралцуулжээ. 1951 онд Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн түүхэн гавьяагаар долоон ЭТИ-ийн (Энэтхэгийн Технологийн Институтийн) анхных нь Харагпур хотын дорнод хэсэгт үүсэн байгуулагдсан билээ.
 
  Үүнээс хойш тавин таван жилийн турш олон зуун мянган Энэтхэг залуус эдгээр ЭТИ-үүд болон чансаа сацуу хувийн сургуулиудад (түүнчлэн бизнесийн удирдлага заадаг зургаан Энэтхэгийн Менежментийн Институтэд) элсэхээр хүчээ сорьж, дараа нь амжилттай төгсөхийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж ирэв. Энэтхэгийн нэг тэрбум гаран хүн амыг бодолцож үзвэл энэхүү өрсөлдөөний дундаас гайхалтай чадварлаг сэхээтний бүлгүүд төрөн гарсан гэлтэй. Энэтхэг орон дэлхийд гайхагдсан инженерчлэл, компьютерийн шинжлэх ухаан, программ хангамжийн хамгийн авьяаслаг мэргэжилтнүүдийг яг л цөцгийний үйлдвэр аятай бэлтгэж, экспортлох болсон байна.
 
  Ай даа, Энэтхэгийн зөв хийж чадсан цөөхөн зүйлсийн нэг нь энэ буюу. Яагаад гэвэл байнга доголддог улс төрийн тогтолцоо, Неругийн Зөвлөлт, социалист орнуудыг дэмжсэн байр суурь 90-ээд оны дунд үе хүртэл баттай үргэлжилснээр Энэтхэг орон энэ л авьяаслаг инженерүүдээ сайн ажлын байраар хангаж чаддаггүй байв. Тиймээс л Америкчууд Энэтхэгийн оюуны хүчийг худалдан авах хоёр дахь худалдан авагч болж байсан юм.
 
  Хэрвээ та ухаалаг, боловсролтой Энэтхэг хүн байсан бол өөрийнхөө нөөц бололцоог ашиглах цорын ганц боломж нь гадаад руу гарах, бүр тэр тусмаа 1953 оноос хойш Энэтхэгийн хамгийн шилдэг инженерийн сургуулиудаас төгссөн хорин таван мянга гаран мэргэжилтнүүдийн суурьшсан Америк орон руу гарч, Энэтхэгийн татвар төлөгчдийн мөнгөөр олж авсан боловсрол мэрэгжлийнхээ хүчээр Америкийн мэдлэгийн санг баяжуулах арга зам байх байв.
 
  “Энэтхэгийн Технологийн Институтууд өндөр шалгуурын стандартаа улсынхаа буурай тогтолцооны нийтлэг түвшингээс ангид байлгасан учраас амжилтын оргилд хүрч чаджээ” хэмээн Вол Стрийт Журнал (2003 оны 4 сарын 16) сонинд өгүүлжээ. “ЭТИ-д хахууль өгч, арын хаалгаар орно гэж байхгүй... Элсэгчид зөвхөн хүнд шалгалтыг давж чадсан нөхцөлд л ордог. Сургалтын хөтөлбөрт засгийн газрын оролцоо байхгүй бөгөөд оюутнууд маш хүнд ачаалалтай суралцдаг... Нэг талаар ЭТИ-д орох нь Харвард эсвэл Массачусеттсийн Технологийн Институтэд орохоос ч хэцүү... Сан Майкросистемс компанийг үүсгэн байгуулалцсан, ЭТИ-ийн төгсөгч Винод Хосла “Дели дэх ЭТИ-ийг төгсөөд би Карнеги Меллон Их Сургуульд магистрын зэрэг горилж суралцсан юм. ЭТИ-д сурч байсантайгаа харилцуулахад надад хичээл сургууль маань үнэндээ төвөггүй амар санагдаж байлаа” хэмээн дурсаж байв.
 
  Эхний тавин жилийн дийлэнх үед эдгээр ЭТИ-үүд нь Америкчуудад олдсон хамгийн ашигтай нөөц бололцооны эх ундрага болж байлаа. Бараг л хэн нэгэн хүн Шинэ Делигээс эхлээд Пало Алтод цутгадаг оюуны чадамжийн урсгал суваг татсантай адил байв. Барагцаалбал ЭТИ-ийн дөрвөн төгсөгч тутмын нэг нь АНУ-д ирдэг болсон нь бүр цаашдаа нэмэн нэмэгдсээр эх нутгаасаа гарч АНУ-д нүүн суурьшсан ЭТИ төгсөгч нар АНУ-д өөрсдийн байгууллагыг хүртэл байгуулж, жил бүр зохиодог хурал цуглаантай болжээ.
 
  Гэтэл дараахан нь Нэтскэйп, 1996 оны цахилгаан холбооны хууль дүрмийн чөлөөт систем, Глобал Кроссинг ба түүний шилэн кабелийн андууд ар араасаа төрөн гарав. Дэлхий ертөнц тэгширч, бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөв. “Энэтхэг улсад ямар ч нөөц, ямар ч дэд бүтэц байсангүй” гэж эцэг эх нь ЭТИ төгсөөд Америкт ирж өөрийг нь төрүүлсэн, одоо Волл Стрийтэд хамгийн нэр хүндтэй хэдж фундын (1) фирмийн менежер залуусын нэг болох Динакар Сингх яриад “Энэтхэг чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэж чадсан. Гэвч тэдний олонхи нь Энэтхэгийн усан онгоцны өртөөн дээр хүнсний ногоо адил ялзарч байв. Зөвхөн цөөн хэд нь усан онгоцонд сууж, гадагш гарч чадаж байлаа. Цаашид байдал ийм хэвээр үргэлжлэхгүй ээ, яагаад гэвэл бид шилэн кабель хэмээгч далай гатлагчыг барьчихлаа... Хэдэн арван жилийн туршид хүн Энэтхэгээс гарч байж л мэргэжилтэн болдог байсан... Одоо бол Энэтхэгээс бүх дэлхий рүү холбогдож болно. Өнөөдөр хэн ч над шиг Елийн их сургуульд сураад дараа нь Голдман Сакст ажиллах шаардлагагүй болсон” гэв.
 
  Энэтхэг хэзээ ч нарийн технологи хөгжсөн Америктай оюуны өндөр чадамж бүхий Энэтхэгийг холбох өгөгдөл дамжуулах хоолой барьж, түүний өртөгийг төлж дийлэхгүй байсан тул Америкийн хувьцаа эзэмшигчид энэ бүхэнд мөнгө хаяжээ. Тиймээ, хэт илүүдсэн хөрөнгө оруулалт заримдаа сайн байх талтай. Төмөр зам барихад хийсэн хэт их хөрөнгө оруулалт нь яваа яваандаа Америкийн эдийн засагт агуу дэмтэй хэрэг болж хувирсан. “Гэвч, төмөр замд хийсэн хэт их хөрөнгө оруулалт нь өөрийн орноор хязгаарлагдаж байсан, тэр утгаараа ашиг өгөөж нь ч эх орондоо л шингэсэн” гэж Сингх хэлж байна. Дижитал төмөр замын хувьд гэвэл “гадаадынхан л үүнээс хожсон”. Энэтхэг бол хөдөлж буй тэргэнд үнэгүй дайгдсан орон юм.
 
  Энэтхэгт буй оюуны хүчийг Энэтхэгт нь ашиглаж болох санааг Америкийн компаниуд нээж эхэлсэн тэр үеийг мэддэг Энэтхэгүүдтэй ярилцах нь их сонирхолтой санагддаг. Тэдний нэг нь Энэтхэгийн программ хангамжийн салбарт хамгийн том нь болох Випро фирмийн ерөнхийлөгч Вивек Паул юм. “Олон өнцгөөс харахад Энэтхэгийн мэдээллийн технологийн аутсорсинг хувьсгал Женерал Элек­трик (ЖиИй) корпораци орж ирснээр эхэлсэн. 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үе шүү дээ. Яг энэ үед Техас Инструментс компани Энэтхэгт компьютерийн чипний загвар хийж байлаа. Тэдний Америк дахь гол зохион бүтээгчдийн зарим нь Энэтхэг байсан бөгөөд үндсэндээ эдгээр зохион бүтээгчдийг гэр рүү нь явуулж, гэрээс нь ажлыг нь хийлгэх (хоорондоо харилцахдаа тэр үед байсан нэлээд бүдүүлэгдүү харилцаа холбооны сүлжээг ашиглаж байв) болжээ. Тэр үед миний бие Банглорт ЖиИй Мэдикал Системсийн үйл ажиллагааг удирдаж байв. ЖиИй-гийн дарга Жак Вэлш 1989 онд Энэтхэгт хүрэлцэн ирээд гайхширан, Энэтхэгийг өөрийн компанийхаа оюуны нөөц бололцооны эх сурвалж болох юм байна гэдэгт бүрэн итгэжээ. “Энэтхэг бол хөгжиж буй орон авч өндөр хөгжсөн оюуны нөөцтэй орон юм” хэмээн Жак хэлсэн гэдэг. Тэрээр ашиглаж болох авьяас чадварын их уурхайг олж харжээ. Тэгээд “Программ хангамж үйлдвэрлэхэд бид маш их мөнгө зарцуулдаг. Мэдээлэл технологийн албандаа зориулж энд бид бага сага ажил хийж болох юм биш биз?” гэж байв. Учир нь Энэтхэг тэр үед гадаадын технологийн компаниудад зах зээлээ хаалттай байлгаж, Энэтхэгийн компаниуд нь өөрсдөө персонал компьютер, сервер бүтээх үйлдвэрүүд барьж эхэлсэн бөгөөд харин Вэлшийн толгойд, хэрэв тэд өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж өөрсдөө хийж чадаж байгаа бол ЖиИй-д ч мөн хийж өгч чадах юм байна гэсэн бодол төржээ.
 
  Ажлаа олж авах үүднээс Вэлш ЖиИй-гийн Мэдээллийн албаны захирлаар удирдуулсан ажлын хэсэг гаргаж нөөц бололцоо судлуулахаар Энэтхэг рүү илгээжээ. Харин Паул маань энэ үед ЖиИй-гийн, Энэтхэгт бизнес хөгжүүлэх менежерийн албанд давхар томилогдсон байв. “Ингээд 1990-ээд оны эхэн үед корпорацийнхаа Мэдээллийн албаны захирлын анхны айлчлалын үеэр түүнд газарчлах үүрэг хүлээсэн юм” хэмээн тэр дурсаж байна. “Ажил эхлүүлэх үүднээс тэд хэд хэдэн туршилтын төсөлтэй ирсэн. Тэднийг шөнө дундын үед 1950-иад оны Моррис Майнор загварыг дууриалган бүтээсэн, Амбассадор гэдэг хэд хэдэн Энэтхэг машинтай Делигийн нисэх онгоцны буудлаас тосохоор явж байснаа тод санаж байна. Төрийн албаныхан бүгд л ийм машин унадаг байж. Тэгээд бид нисэх буудлаас хотын зүг таван машинаар цуваа болж хөдлөв. Би хамгийн арын машинд сууж байлаа. Гэтэл гэнэт чанга мөргөх дуу сонсогдож, юу болов оо хэмээн бодогдов. Миний бие сандлаас урагш шидэгдэхэд хамгийн түрүүний машины дээвэр нисч ирээд машины маань урд цонхыг нирхийтэл хагалав. Дотор нь ЖиИй-гийн албаныхан сууж байхад шүү дээ! ЖиИй-ийн томчуудыг авч явсан эдгээр машин замын хажууд зогсох үед, тэд ам амандаа “Бид ийм газраас программ хангамж авах гэж байгаа юм гэж үү?” хэмээн хэлэх нь надад тод сонсогдож байлаа” хэмээн Паул ярьж байлаа.
 
(Олон улсын бестселлер Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш” номын хэсгээс) Д.Сайнбаярын орчуулга