Оюутнуудын хийх ёстой үндсэн ажил нь сурч боловсрох гэж хуулинд тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших, багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, бие дааж суралцах арга барилыг эзэмших, мөн эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцож өөрийгөө хөгжүүлэх зэрэг үүрэг хүлээдэг. Тэгвэл өнөөдөр оюутнууд эдгээр үүргээ хэр биелүүлж байна вэ?

Оюутны ширээнээс салаад удаагүй хэсэг залуустай саяхан энэ талаар ярилцаж суув. Бидний ярианы гол нь оюутнууд өөрсдийнхөө төлөө сурах биш, өрөөлд сурсан болж харагдах гэсэн мэт их, дээд сургуульд сурдаг тухай байлаа. Бүтэн улирлын турш судалж, суралцсан хичээлээсээ оюутнууд юу мэдэж авснаа бие даалт бичиж “тайлагнадаг” нэг жишиг манайд бий. Дээд боловсрол олгодог бараг бүх их, дээд сургуулиуд онол дээр тулгуурлан сургалтаа явуулдаг учраас оюутан бүр бие даалт хийнэ. Гэвч үнэхээр өөрийнхөө сурч мэдсэн дээр өөр олон зүйлийг нэмж судлан тухайн сэдэв, хичээлийн хүрээнд тодорхой, үнэн мэдлэгтэй болж үлдэхийн тулд бие даалт хийж, судалгаа хийдэг оюутан харамсалтай нь дэндүү цөөхөн. Ихэнх нь “Ухаарлын долоо хоног” буюу улирал дуусаж, багш бие даалт хурааж эхлэхийн өмнөх өдрүүдэд энд тэндээс элдэв бэлэн материал хуулж нэгтгээд өгсөн болдог.

Энэ тухай дээр дурдсан залуусаас асуухад үнэн гэж батлаад зарим нь бүр интернэтэд судалгааны ажлын сэдвээ бичээд араас нь бие даалт гэж нэмэн хайлт хийхэд тухайн сэдвийн хүрээнд гарч ирсэн олон зуун материалаас аль нэгийг нь татаж авч хэвлээд өөрийн нэрийг бичиж багшдаа үзүүлж байсан “туршлага”-аасаа хуваалцав. Ганцхан энэ жишээнээс л оюутан залуус шинэ юм сурч мэдье гэхээсээ илүү яаж энэ багшийг аргалах вэ? гэсэн байдлаар хичээл, сургуульдаа ханддаг нь харагдаж байгаа юм. Багш нь ч гэж багш, хийж байгаа нь л сайн байна гээд доторх чанар, агуулгыг нь анхаарахгүйгээр дүн тавьж явсаар өдгөө энэ асуудал ингэж их даамжирсан болов уу.

Одоо байгаа оюутан үе нь ирээдүйн амьдралынх нь гол баталгаа болсон боловсрол, мэргэжил эзэмших хамгийн чухал цаг хугацаа гэдгийг ойлгож мэдэрсэн, тиймдээ ч багшийн хэлж заасныг л биш өөрөө илүү судалгаа хийж, хичээн суралцаж байгаа хэсэг оюутнууд мэдээж бий. Гэхдээ нийтлэг төрх нь дээрх ганц жишээнээс л харж болохоор “ухамсартай” байгаа тул үүнийг бичлээ.

Оюутнуудаа, хэзээ өөрсдийнхөө төлөө сурдаг болох вэ?

Л.Навчаа