Улстөрчид улс орны эрх ашгаас илүү өөрийн, фракцийн, намын эрх ашгийг эн тэргүүнд тавьж, асуудалд хандаж буй явдал улам бүр даамжирсаар. Улстөрчдөөс өөрийн бус улс орны эрх ашгийн төлөө яагаад нэгдэж, нэгдмэл байр суурийг гаргаж чадахгүй байгаа юм бэ гэж олон асуух юм. Зөв шийдвэр, зөв асуудлын төлөө нэг дуу хоолойгоор “за" гэж хэлэх нь тийм буруу гэж үү, улстөрчид өө. Мэдээж “зөв" гэж нүүрэн дээрээ хэлэх ч, хийж буй үйлдэл нь “буруу" гэдгийг нотолж харуулж байгаа юм. Ийм жишээ олон бий. Наад зах нь Тавантолгойн орд. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэг дээр парламентчид байр сууриа гаргасан. Гэвч энэхүү стратегийн том ордыг хөрөнгө оруулагчдын хамтаар ямар байдлаар хөдөлгөх вэ гэдэг дээр талцчихсан. Хэлэлцээ хийж буй хөрөнгө оруулагчид заримд нь таалагдаж, нөгөө нэгд нь шүүмжлүүлж байна. Мэдээж бүх хүнд таалагдахгүй ч, улс орны эрх ашгийн төлөө сонгогдсон хөрөнгө оруулагчидтайгаа ярилцаж, аль алинд нь ашигтайгаар ажиллах учиртай. Тавантолгойн асуудлыг Их хурлаар шийдвэрлэх ёстой гэж УИХ-ын даргаас авахуулаад хэсэг гишүүд хэлэх болсон. Харин Засгийн газар, Ерөнхийлөгч, зарим гишүүн гүйцэтгэх засаглал УИХ руу оруулалгүй шууд шийдвэрлээд ажил хэрэг болгох ёстой гэж яриад байна. Энэ бол Тавантолгой гэх том ордыг хөдөлгөх сонирхол байгаа ч, чухам хэнд ашигтайгаар хөдлөх вэ гэдэг дээр маргаж, талцаж байгаагийн хэлбэр шүү дээ.

Улстөрчид улс орны төлөө нэгдмэл байж болохгүй байгаагийн цаана ердөө л өөрсдийнх нь эрх ашиг бий. Ирэх хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мэдээж дараагийн сонгууль болохоос зургаан сарын өмнө уг хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстой байдаг. Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж ч эхлээгүй байхад намууд байр сууриа илэрхийлж байгаагаас харвал нэгдэж чадахгүй гэдэг нь бэлхнээ харагдаж байна. Парламентад суудал авах намуудын их өрсөлдөөн учир өөрт ашигтай хувилбарыг зүтгүүлэх нь тодорхой. Ингэхдээ парламентын тогтолцоотой улс орон сонгуулиа ийм зарчмаар өгвөл ийм болж сайжирна гэх тухай бодох ч сөхөө тэдэнд үлдэхгүй. Ардын намын хувьд 28:48 гэсэн холимог тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдэнд тойргоос сонгогдох нь ашигтай учир намын жагсаалтыг үгүй хийх хүсэл сонирхол байгаа юм. Нөгөө талаас Ардчилсан нам тэдэнтэй санал нийлэхгүй нь тодорхой. Яагаад гэвэл улс төрийн энэ хоёр том хүчин нэг нэгийнхээ “дээр" гарахын тулд ялангуяа Сонгуулийн тухай хуулиар нэгдмэл байр суурийг илэрхийлнэ гэдэг боломжгүй явдал. Магадгүй үүний цаана ямар нэг тохироо хийгдэж, харилцан ашигтай хувилбар гарч ирвэл /зөвхөн намуудад өөрсдөд нь ашигтай шүү/ л юу юм гэхээс, бусдаар бол хэцүү.

Улстөрчдийн өөрийгөө боддог үг, үйлдэлүүд үүгээр дуусахгүй ээ. Нэг үгээр хэлбэл популизм хийгчид хаа сайгүй болжээ. Ард түмэнд таалагдах тэр үгсийг хэлж байгаагийн цаана тэд үнэхээр улс орны хувь заяаг бодов уу гэдгийг иргэн та нэг тунгаагаад үзээрэй. Хүн өөрийн хүссэн зүйлийг сонсох л дуртай. Хэрэв таалагдахгүй зүйл яривал тэр улсаа худалдах гэсэн, ард түмэндээ хайргүй улстөрч болон хувирна. Бүх зүйл таны харж байгаа шиг биш гэдгийг иргэн хүн ч дотроо бодох цаг үе иржээ. Тухайлбал, Гацууртын орд, Ноён уул, уул уурхайн томоохон ордууд, байгаль орчин, эдийн засаг гээд улс оронд хэрэгжиж буй томоохон төслүүд бий. Хэн сайхан харсан нь, олон нийтэд таалагдах үг хэлснийг нь “сайн хүн, зөв ярьж байна" гэх ангилалдаа оруулаад байж болохгүй ээ гэдгийг л хэлмээр байна. Үүнийхээ цаана эхлээд таны эрх ашгийг бодов уу, өөрийнхийгөө бодов уу гэдгийг бодууштай.

Улстөрчдийн бас нэг том дутагдал бол хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч, улс орны эрх ашгийн төлөө албан тушаалаа өгч чаддаггүй. Нийгмийн сайн сайханы төлөө, алдаа ухаарлаа гээд ажлаа өгсөн зарим улстөрч төд удалгүй л өөр албан тушаалд оччихож байна. Албан тушаалгүй байж чадахгүй, тэрэнгүй бол бачимддаг ийм хүн ямар олон болоо вэ. Албан тушаалаасаа сайн дураараа татгалздаг, өөрийнх нь хийсэн ажил, гаргасан шийдвэр нь ард түмний эсрэг байгаа бол тэр ялагддаг ийм шударга зарчим манай улсад хэзээ үйлчлэх юм бол оо. Өөрийн эрх ашгаас илүү ард түмний сайн сайханыг боддог улстөрчид олон болох тэр цагт Монголд зөв тогтолцоо бий болно.

Ц.Гэрэл