Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.

Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, наймдугаар сарын 24-нөөс 30-ны хооронд ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг танилцуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт шилдэг борлуулалттай номын жагсаалтад шинээр Ц.Оюунгэрэл, Ж.Фолт нарын “Ногоон нүдэн лам” ном шинээр оржээ.

1.Oxford Monsudar Англи-Монгол, Монгол-Англи өврийн толь бичиг

Уг толь бичигт мэргэжлийн өндөр түвшинд хийсэн орчуулгаас гадна өдөр тутмын ярианы хэллэг, жин хэмжүүр, тэмдэглэлт өдрүүд, газар орны нэр зэрэг нэмэлт мэдээллүүд багтжээ. Тус толь бичгийн англи орчуулгад толгой үгсийн үндсэн утга хийгээд шилжсэн утга, салаа утга, хийсвэр утга, давхар утгын нарийн ялгамжуудыг тусгасан болно.

2.100 жилийн ганцаардал – Г.Маркес

Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.

3.Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь – С.Хироши

Өнөөгийн завгүй нийгэмд хамгийн хэрэгтэй ном бол энэ. "Өглөөний хүн" болох 100 өдрийн хувьсгал, ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал, мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай төлөвлөгөө, өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн агуу бүтээл.

4.Библи

Библи нь анх еврей, арамей болон грек хэл дээр бичигдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт шилдэг борлуулалттай номын жагсаалтад оржээ.

5.Хайрлах урлаг – Э.Фромм

Энэ ном гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, бараг 40-өөд орны хэл дээр орчуулагдаж байсан бөгөөд хайр гэдэг хүний ухамсарлах ухамсартай хамт хүн төрөлхтний хамгийн чухал хоёр хөдөлгөх хүчийг илэрхийлдэг болохыг харуулсан байна.

6.Ногоон нүдэн лам – Ц.Оюунгэрэл

Уг номыг Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ.

7.Сорхугтани – Б.Сарантуяа

Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.

8.Үүлэн хээтэй орчлон – Б.Шүүдэрцэцэг

Энэ жил хорин наймтай Бадамлянхуа Тан данжаадынд амьдарсаар гурван жилийг үджээ. Эр, эм хэний ч нүд булаам энэ сайхан бүсгүйн дуудах нэр нь Бадам аж. Хүрээний зах бараадан ганц үнээний дэлэн шувтарч тарчигхан суудаг асан Тамжид авгайн ганц охин байсан юм. Арван зургаатайдаа охин хэр тааруу айлд хадамд гарсан ч түүнд тэнгэр үр хүүхэд заяасангүй. Нөхөр нь хар Дамчаа гэж гучаад насны, чадахгүй байж морины наймаа эргүүлсэн дампуу эр байгаад хэдхэн жилийн дараа гэнэтхэн хатгалга өвчнөөр бурханы оронд оджээ. Хадам эх нь Бадамлянхуаг голомт залгах ганц үр ч төрүүлсэн юмгүй, эр нөхрийнхөө толгойг залгисан, сувай эм хэмээгээд төрхөмд нь хоосон буцаасан юм. Амьдрал юуны учир өөрт нь тийм хатуу хандсаныг Бадам үл ухаарна. Хадмынхаасаа ганц баадан хувцастай гэртээ эргэж ирсэн Бадам дараа жил нь хайрт ижийгээ алдав. Санаж сарвайх ахан дүүс муутай ганц бие бүсгүйнхээр хавийн харцуул бууж мордон үйлийг нь үзнэ. Нэг л өдөр бүсгүй Хүрээ орж амь зуухаар шийдэж, нутгийн чинээлэг айлаас шар тэргийг нь хөлслөн нүүж одсон аж...

9.Анна Каренина – Л.Толстой

Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэлэлт, нууц дурлалын түүхийг өөр нэгэн хос болох Константин Левин, Китти Щербацкая нарын аз жаргалтай, цэвэр ариун хайрын өнгөн дээр тод томруунаар ялган харуулна. Өнгөц харахад Аннагийн бүх зүйл бүтэмжтэй мэт, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд амьдралаас өөр юуг ч хүсэх вэ дээ гэмээр гял цал бууна. Гэвч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа.

10.Өөдөө тэмүүл – Ш.Сандберг

Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.