“Лестер” гэдэг тааруухан хөрөнгөтэй, даруухан баг дэлхийн хамгийн баян лигийн магнайд яваа гайхамшигтай зураглалыг хөлбөмбөгийн хорхойтнууд бид сүүлийн хэдэн сарын турш харж байгаа билээ. Тиймээс ч номдоо энэ багийн гол тоглогч Рияд Махрезын намтрыг оруулахаар шийдсэн юм. Хөлбөмбөгийн түүх гэдэг заавал хэдэн жилийн өмнөх зүйл биш яг одоо бидний нүдэн дээр өрнөж байгаа “Лестер”-ийн амжилт ч бас түүхт багтана. Хэдийгээр тэд аварга болж чадах эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй ч гэсэн Английн Премьер лигийн асар баян багуудыг айлгаж, өмнө нь бичигдсээр буй тус багийн алжир хөлбөмбөгчийн тухай хүүрнэе.
Энэ багийн ахлах дасгалжуулагч Раньери олон жил хөлбөмбөгт ажилласан ч багаа лигийн аварга болгож үзээгүй. Энэ багийн гол довтлогч Варди хэдхэн жилийн өмнө Английн тавдугаар лигт тоглож явсан “сураггүй” нэгэн. Мөн энэ багийн гол тоглогчдын нэг Рияд Махрез хэдхэн жилийн өмнө Францын дөрөвдүгээр лигийн “Кемпер” хэмээх чихэнд нэр нь ч дуулдаж байгаагүй нэг багт тоглож явсан юм билээ.
1991 онд Францын нийслэл Парисын ойролцоох Сарсель хэмээх жижиг хотноо алжир эцэг, марокко эхийн хөвгүүн болж Рияд Махрез мэндэлжээ. Тэдний гэр бүл баян биш ч гэсэн бас ядуу биш. Эх нь ажилд яваад оройдоо ямар ч байсан гэр бүлийнхнийхээ ходоодыг дүүргэчих хоолтой л ирдэг байж.
Харин эцэг Ахмед Махрез нь Алжиртаа бас Францад сонирхогчийн хөлбөмбөгийн багт тоглодог байлаа. Мэдээж, Ахмед хүүгээ хөлбөмбөгч болгохыг хүсч эхэлж. Хүү нь даанч туниа муутай, хэтэрхий туранхай, хурд ч тааруутай. Гэхдээ л Ахмед хүүгээ заавал хөлбөмбөгч болоосой гэж мөрөөднө. Тийм ч болохоор тоглолт бүрийг нь үзэхээр очдог байжээ.
“Эцэг минь үргэлж надтай хамт байдаг байлаа. Тоглолт бүр дээр заавал ирж үзнэ. Эцгийн минь үхэл намайг хөлбөмбөгт улам ойртуулж, тэмүүлэх сэтгэлийг төрүүлсэн юм. Яагаад тэгснийг би яг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би эцгийгээ алдсаны дараагаар түүнийг юу хүсч байсныг мэдэрч, хөлбөмбөгт анхаарлаа хандуулах болсон. Магадгүй эцгийнхээ мөрөөдлийг биелүүлэхсэн гэсэн бодол намайг хөтөлсөн байх” гэж Рияд Махрез өгүүлдэг. Түүнийг 15 настайд эцэг нь ертөнцийн хаалгаар гарч одсон юм билээ.
Рияд эхлээд хотынхоо “Сарсель” багт тогложээ. Эхнээсээ л түүнийг нэг их ойшоогоогүй гэнэ. “Хүн бүр л миний туранхайг гайхдаг байлаа. Бөмбөгийн төлөө тэмцэлдэх гэхээр түлхчихнэ. Би техник сайтай ч биеийн хөгжил муутай байсан. Бас хурд ч тааруу. Гэхдээ тэглээ гээд гутраагүй, зүтгэсэн” хэмээн Рияд ярьж байна. “Сарсель”-ийн техникийн захирал тэр цагийн тухай дурсахдаа “Бие султай ч гэсэн өөр дээрээ үүрэг хариуцлага авахаас эмээдэггүй хүү байлаа. Түүнд техник ур чадвараас гадна агуу хөлбөмбөгчдөд заяадаг эр зориг, зан чанар байсан юм” гэж өгүүлжээ.
2009 онд “Кемпер” багт очлоо. Энэ багийн дасгалжуулагч нь Риядад нэг зүйлийг анхааруулж. “Чи контактгүй тоглож сурах хэрэгтэй. Ингэхийн тулд хангалттай ухаантай байх ёстой. Учир нь биеийн хүчний тоглолт чиний давуу тал биш” гэж хэлжээ. Рияд үүнийг сонсоод яг тэр дагуу нь ажиллаж эхэлсэн байна. Ингээд хэсэг хугацааны дараагаар түүнийг Францын том багууд ч ирээдүйтэй хүүхэд гэж анзаарчээ.
“Кемпер”-т өөрийгөө хангалттай харуулж эхэлсэн Риядыг Францын грандууд болох “Марсель”, “ПСЖ” авахаар урив. Гэлээ ч эдгээр саналаас татгалзаад “Гавр”-ын саналыг хүлээн авчээ. Гол ухаан нь “Сууж байснаас тоглосон нь дээр” гэж бодсон хэрэг. Монголчилбол Барын сүүл байснаас батганын толгой байхыг илүүд үзэж.Том багт очоод банз халааж байснаас тааруухан багт очоод байнга тоглохыг хүссэн нь тэр. “Гавр”-т тэр залуучуудын багт эхэлж тоглож байгаад аажимдаа нэгдүгээр баг руу шилжлээ. 2012 он гэхэд багийнхаа үндсэн тоглогч болоод амжлаа.
“Францын хоёрдугаар лигт тоглох их хэцүү шүү. Учир нь баг бүр л гоол алдахгүйг хичээдэг юм. 0:0-ээр л тэнцэхийг хүсч байгаа юм шиг хамгаалдаг. Эхний хэдэн тоглолт надад их хэцүү байсан. Харин хоёр дахь улирлаас учраа олсон. Миний амьдрал алхам алхмаар хөгжсөөр, урагшилсаар байлаа” хэмээн Рияд ярьжээ.
2014 оны зун Английн “Лестер” түүний төлөө 450 мянган паунд төлж авлаа. “Английн хөлбөмбөг надад зохихгүй гэж толгойтой бүхэн хэлж байсан. Биеийн хүчний тоглолт голчилдог газар над шиг туранхай хүн очоод хэцүүднэ гэж бодсон биз. Тиймээс намайг Испанийн лигээс санал ирэхийг хүлээсэн нь дээр гэж зөвлөнө. Гэвч би Английн хөлбөмбөгийг зөв сорилт гэж харсан юм. Тэгээд Англид ирээд тоглоход их сайхан санагдсан. Бэлтгэл хэсэг хийснийхээ дараагаар юундаа эргэлзээд тээнэгэлзээд байсан тэнэг вэ гэж өөртөө хүртэл хэлсэн” хэмээн Рияд Махрез өгүүлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Риядыг “Гавр”-аас авчирсан Стив Уолш үнэндээ өөр хөлбөмбөгчийг сонирхож харж яваад түүнийг сонгоод авчихсан гэдэг юм билээ.
“Лестер”-т ирээд, Английн Чемпионшип лигт тоглосон ч гэсэн амжилтыг нь Алжирын шигшээ баг гойд анхаарчээ. Рияд өөрөө Францад төрсөн, эх нь марокко ч гэсэн эцгийгээ дагаж Алжирын шигшээд тоглохыг хүссэн байна.
“Баг минь надад бүхнийг өгсөн. Премьер лиг, дэлхийн аварга гээд. Чемпионшип лигт бид тоглож байсан ч манай багийн хожил Алжирын шигшээгийн анхаарлыг татаж чадаж байлаа. Хэрвээ би Францын хоёрдугаар лигт үлдсэн бол намайг анзаарч харах ч үгүй шүү дээ. Би эцгийнхээ хамт хэд хэдэн удаа Алжирт очиж үзсэн. Хэдийгээр Францад төрж өссөн, эх минь одоо ч тэнд амьдарч буй ч гэсэн миний зүрх бол Алжирын төлөө цохилдог” гэж Рияд Махрез өгүүлжээ.
Сонирхолтой нь “Лестер”-ийг “Үнэгнүүд” гэдэг бол Алжирын шигшээ багийг “Цөлийн үнэгнүүд” гэдгийг хөлбөмбөгийн хорхойтнууд маань андахгүй биз ээ.
“Лестер”-т ирснээр Найжел Пирсоны удирдлага дор Рияд тоглох болсон. Пирсон бол ааш авиртай хүн. “Найжел надад яг эцэг шиг минь ханддаг. Олон цагаар ярилцаж, өөртөө итгэх итгэл өгсөн хүн дээ. Заримдаа над руу их чанга хашгирах үе бий. Гэхдээ тэр нь миний л төлөө. Түүнийг явахад надад хэцүү байсан. Тэр их сайн хүн. Тэгээд ч би шинэ дасгалжуулагчийг огт мэддэггүй байлаа шүү дээ” хэмээн Рияд Махрез хүүрнэжээ.
Гэлээ ч шинэ дасгалжуулагч ирснээр багийн ажил, амжилт улам урагшлав. Клаудио Раньери ирсэнээр Риядыг талбайд чөлөөтэй тоглохыг зөвшөөрчээ. Тиймээс ч одоо тэр 14 гоолтой, 9 гоолын дамжуулалттай гялалзаж явна.
“Раньери тактик дээр их ажиллуулдаг. Тэр надад чөлөөтэй тоглох боломжийг олгосон. Мөн хамгаалалтад сайн тоглохын учрыг тайлж өгсөн. Гоол оруулах нь хамгаалахаас хавьгүй амархан гэж тэр хэлдэг юм” хэмээн Рияд Махрез ярьсан байна.
Бага наснаасаа биширч ирсэн хөлбөмбөгч гэж түүнд байдаггүй гэнэ. Зидан, Дрогба, Месси, Бразилын Роналдогийн тоглолтыг үзэх дуртай ажээ. Одоо Рияд долоо хоногийн 35 мянган паундын цалин авдаг. Энэ зун “Үнэгнүүд” түүнтэй гэрээгээ сунгах талаар ярилцах шинжтэй байгаа. Мөн үүний хажуугаар энэ улирлын гол нээлт болсон багийн түлхүүр тоглогчийг “сугалчих” санаатай грандууд цөөнгүй байгаа нь нууц биш юм. Энэ улирлын амжилтыг Рияд өнгөрсөн улирал доод лиг рүү уначихгүй гэж их тэмцсэнтэй холбон тайлбарлажээ.
“Өнгөрсөн жилийнх шиг доод лиг руу уначихгүй юмсан гэж дарамт дор удаан тоглосны дараагаар туршлага их суудаг юм байна. Одоо бол бид түрүүлэх өрсөлдөөнд явж байна. Энэ бол эерэг дарамт юм даа. Бид улирлын өмнө 40 оноо авахыг зорилгоо болгосон. Харин одоо бол ажлаасаа таашаал авахыг хүсч байна. Өөр илүү зүйл бодохгүй ээ” гэж тэр хэлжээ.

Р.Гэгээ times.mn