Монголын эх орончид эрх чөлөөг эрхэмлэн “баруунаас” латин бичиг үсэг авч “сайхан” хөгжиж байтал оросын коммунистууд хүч хэрэглэн кирилл цагаан толгойд шилжүүлэн биднийг дэлхийн соёл хийгээд хөгжлөөс тусгаарласан. Өөр нэг хувилбар нь манай үндэсний дэвшилтэт үзэлтнүүд “улаан” оросыг алгасан сэхээтнүүдээ Франц, Герман зэрэг барууны оронд бэлтгэж байтал оросууд болиулаад “баруунтай” тогтоосон манай харилцааг олон арван жил тасалж “хорлосон”.
Иймээс Зөвлөлт орос шиг хорлогчинтой зүйл байхгүй. Баабар тэргүүтний зохиосон энэ үлгэрийг түүхчид хийгээд эрдэмтэн нэр зүүсэн хөгийн балайнууд уухайлан түрсэн юм. Үүнийгээ сүүлийн 20 гаруй жил ярьсаар байгаад сүүлдээ бараг бүгдээрээ үнэмшив. Гэтэл бодит байдал ямар байсан бэ ? Монголын “ардчилагчид” юмыг судалж биш, санаанаасаа шаадаг гэдгийг, мөн монголын түүхчид хийгээд хэл шинжлэлийнхний дийлэнхи олонхи хөгийн амьтад гэдгийг би нотлох гэсэн юм.
Араб бичгийг халах гэж…
1917 онд ялсан Октябрийн Их Хувьсгал хамгийн түрүүнд “Оросын ард түмнүүдийн эрхийн тунхаглал” баталсан юм. Үүний дотор В.И.Ленин олон үндэстний улсын хөгжин цэцэглэх нэн чухал хүчин зүйл нь хэлний тэгш эрхийг хангах явдлын зайлшгүй гэж үзээд үүнийгээ байнга номлодог байв. Ингээд 1921 онд хуралдсан ОК(б)Н-ын Х Их хурал үндэсний бодлогын гол зорилтыг томъёолсон юм. Энэ нь: 1. Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах, 2. Соёл-гэгээрлийн байгууллагуудыг бий болгох, 3. Уран зохиолын хэлийг бий болгох, боловсронгуй болгох, 4. Бичиг үсгийн шинэ төрлийг бий болгох, 5. Дээд сургуулиудын шинэ системийг бий болгох явдал байв.
Дөнгөж сая хувьсгал хийсэн Азербайжаны хувьсгалчдаас хамаг юм эхэлжээ. Тэд олон зууны хоцрогдлыг арилгахын тулд араб бичгийг халж, шинэ дэвшилтэт латин бичиг үсэгт шилжихээр зориг шулууджээ. Тэдэнд араб бичиг үсгээ латинаар амжилттай сольсон Туркийн туршлага ихэд таалагджээ. Тэгээд комисс байгуулж ажилдаа оржээ. Азербайжаны Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга С.А.Агамали-оглы энэ ажлаа В.И.Ленинд танилцуулжээ.
Тэгтэл В.И.Ленин үүнийг түргүүдийн дундах соёлын хувьсгалын эхлэл гэж нэрлэсэн байна. Ихэд урам зориг орсон Азербайжанчууд латин бичигт шилжжээ. Өмнө нь хаант орос түрэгийн ард түмнүүдэд орос бичиг үсэг хүчээр заах гэсэн боловч гойд амжилт олоогүй гэдэг. Учир нь түрэгүүд ухаан муутайдаа биш, харин орос түрэг хэлний бичгийн ялгаа хэт их байжээ. Одоо бол Хаант засгийн харгис бодлогоос татгалзаж байгаагаа харуулах цаг ирэв.
“Латин бичигт шилжих нь маш их ач холбогдолтой. Энэ нь европын болон мусульманы соёлын хоорондын хана хэрмийг нурааж, Өрнө, Дорно хоёрыг ойртуулна” гэж латин бичигт шилжих асуудлаар болсон бага хурал дээр А.И.Микоян хэлж байжээ. Энэ их айхтар үг шүү !!!
Шинэ тутам бий болсон Зөвлөлт засаг жижиг үндэстнүүдээрээ тоглоод байсан уу ? гэвэл үгүй юм. 1920-иод оны эхээр Зөвлөлтийн лидерүүд өөрсдөө ч гэсэн латинжуулах явдал мусульманы ард түмнүүдээр дуусахгүй гэж үзэж байв.В.И.Ленин: “Орос бичгийг хүртэл латинжуулах цаг ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ яг одоо юу юугүй давхиж орох нь болгоомжгүй явдал” гэж хэлсэн байдаг.
1924 онд Москвад Дорно Дахины судлалын Эрдэм шинжилгээний нийгэмлэгийн дэргэд түрэг ард түмнүүдэд зориулсан латин бичиг үсгийн Холбоо (АСЛАТ) байгуулагдав. Ингээд 1926 онд Баку хотноо Бүх Холбоотын түрэг ард түмний Их Хурал болж, түүнд оросын түрэг ард түмнээс гадна Турк, Герман, Австри, Унгар, Иранаас төлөөлөгч оролцжээ. Нийт 131 төлөөлөгч оролцсон байна.
Тэд Зөвлөлтийн түрэг ард түмэн шинэ латин бичиг үсэгт шилжих тухай ганцхан асуудал хэлэлцжээ. Ингээд санал хураахад 101 төлөөлөгч зөвшөөрч, 7 татгалзаж, 6 түдгэлзсэн аж. Ингээд “латин хэлнийхэн” маш идэвхижжээ. Яг үнэндээ бол түрэг хэлийг араб үсгээр бичихэд ихээхэн түвэгтэй байдаг аж. Мэдээж хэрэг улс төр, үзэл суртлын шалтгаан байжээ. Энэ нь нэг талаас, барууны пролетари нартай улам их ойртох, нөгөө талаас, Дорнын ард түмнийг мусульманы сүм хийдийн нөлөөнөөс тусгаарлах.
Энэ нь дэндүү ухаалаг ажил байсан ч яг нэвтрүүлээд ирэхээр бараг бүх мусульманы бүс нутагт дургүйцэл гарчээ. Гэхдээ Зөвлөлт засгийн шийдвэр нэг л гарсан бол дургүйцэх нь ямар ч явцгүй болох нь мэдээж. Арабаар бичсэн номуудыг харгис гэж зарлан хайр найргүй устгав. Араб үсэгтэй ном хадгалсан баагийнуудыг шууд шоронд илгээв. Хөгийн явдал ч гарч байж. 1930-аад онд Дотоод Яам намын нэг ажилтныг араб үсэгтэй ном хадгалсан гээд хэлмэгдүүлээд алчихаж. Гэтэл тэр ном нь араб хэл дээр гарсан анхны ”Коммунист намын тунхаг” байсан гэдэг.
1929 оны 8 дугаар сарын 7-нд Төвийн Гүйцэтгэх Хороо, Ардын Комиссаруудын Зөвлөлийн “Зөвлөлтийн араб бичигт ард түмнүүдийн шинэ латин бичиг үсгийн тухай” хамтарсан тогтоол гарч, латин бичиг үсэгт шилжихийг албан ёсны болгов. Эндээс латин бичиг үсэг албан ёсны статустай болсон юм.
Ингээд нам Зөвлөлтийн бүх түрэг ард түмнийг шинэ латин бичиг үсэгт шилжүүлэх зорилт дэвшүүлжээ.
Тэр үед эдгээр ард түмнийг “тюркотатары” буюу “түрэг татаарууд” гэдэг байв. Энэ нь монголтой ихээхэн дүйнэ. Монгол нь түрэг ард түмэнтэй төстэй юу, төстэй. Ялгааг нь бид л мэднэ үү гэхээс оросууд сайн мэдэхгүй. Татааруудыг бол бүр ярих ч юм биш. “Монгол-татаарын дарлал” гэж ярьж бичдэг улс шүү дээ. Ийм болоод л монголчууд оросын “түрэг-татаар” ард түмнүүдтэй хамт латин үсэг рүү яваад орчихсон хэрэг.
Манай зарим хэнээтнүүдийн тайлбарладаг шиг манай эх орончид орост дургүй учраас тэднийг алгасан латин бичиг авсан гэж ярих бол дэндүү сэрүүдсэн дүгнэлт. Латин бичигт шилжих явдал Зөвлөлтийн төрийн бодлого байсан юм. Ингээд 1930 оны 1 дүгээр сарын 1-нээс бүхий л сонин, сэтгүүл, ном хэвлэл зэрэг латин үсгээр гарах болжээ. Мөн энэ үеэс латинжуулалтын удаах шинэ үе шат эхэлсэн юм.
Шинэ үе шат нь Зөвлөлтийн бусад хэл, тэр ч байтугай хилийн чанадыг хамарч эхлэв. Энэхүү латинжуулалтын хоёр дахь давалгаанд Монгол хамрагджээ. Бусад олон улсууд ч хамрагдав. Монголын шинэ үсгийн цагаан толгойг Ц.Дамдинсүрэн зохиосон гэж судалдаг атлаа латин цагаан толгойг хэн зохиосныг судалж сонирхож үзсэн хүн байгаа юу ?! Байхгүй ш дээ. Хэрэв сонирхож байвал надаас асуугаарай л даа…
Сибирийн Алс Дорнодод буй хятадуудад зориулсан латин бичиг хүртэл зохиожээ. Энэ нь Алс Дорнодод буй үндэсний цөөнхи хятадуудад биш, удахгүй болох хятадын хувьсгалд зориулагдсан нь мэдээж хэрэг. Ленинградад шинэ хятад цагаан толгой боловсруулах комисс ажиллаж байв. Тэд шинэ цагаан толгойгоо Зөвлөлтөд буй хятадуудад зааж байлаа.
1930-аад оны сүүл гэхэд Зөвлөлтийн бараг бүх хэлийг латинд шилжүүлж дуусчээ. Үүнд нийт 70 орчим хэл хамрагдсан байна. Эдгээрээс монголтой холбогдох, мөн ойролцоо хувь заяатай ард түмний хэлнүүдийг түүж үзэхэд: алтай, буриад, казах, халимаг, киргиз, хятад, коми, крым-татар, тажик, татар, туркмен, уйгар, узбек, хакасс, цахар хэлнүүд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл эдгээр хэлнүүдийг бүгдийг латинжуулсан байна.
Дэлхийн хувьсгал хийхийн тулд…
1917 онд хувьсгал ялахад үзэл санаа, итгэл үнэмшлийн үндэс нь пролетарийн бүх дэлхийн хувьсгал байсан юм. Энэ үзэл санаа 1930-аад оны сүүл болтол үргэлжилжээ. Тэр болтол дэлхийн хувьсгал болно гэдэгт Оросын бүх лидерүүд итгэж байв.Ийм учраас латин бичиг үсэгт шилжих, баруунд явж суралцах, тэндээс туршлага судлахаас татгалзах нь бүү хэл, тийм явдлыг төрийн бодлогоор дэмждэг байсан юм.
Гэгээрлийн Ардын Комиссар А.В.Луначарский: “кирилл бичиг үсэг бол социалист байгуулалтад харш бөгөөд оросын феодалууд-помещик, хөрөнгөтнүүдийн ангийн дүрслэлийн үлдэгдэл” гэж үзэж байв. Дэлхийн хувьсгал хийхэд бичиг үсэг зэрэг ч яамай л байна. Ингээд Зөвлөлтийн Гэгээрлийн Ардын Комиссар 1929 онд орос хэлийг латин бичигт шилжүүлэх ажлыг боловсруулах 13 хүний бүрэлдэхүүнтэй тусгай коисс байгуулжээ. Энэ комисс 1930 оны эхээр орос хэлийг латинаар бичих гурван хувилбарыг танилцуулжээ. Энэ гурван хувилбар бараг адилхан бөгөөд харин манайд өнөөдөр ч гай болдог ы ь я ю ё щүсгүүдийг тэмдэглэхээрээ л ялгагдаж байжээ.
Эдгээрийг тэмдэглэх онол практикийн маш нарийн үндэслэл гаргасныг манай хэлнийхэн үзэх ёстой л доо. Энд худлаа солиороод байх хэрэггүй л байхгүй юу…Дараагийн Гэгээрлийн сайд А.С.Бубнов хэрэв латин бичиг үсэгт шилжвэл асар их цаас, хэвлэлийн будаг хэмнэнэ гэж Сталинд бичиж байжээ. Мөн А.В.Луначарский болон нэлээд нөлөөтэй сэхээтнүүд латинд шилжихийг сурталчилж байв. Тэгэхлээр оросууд ч гэсэн латинд шилжих гэж байж. Гэхдээ болзол нь дэлхийн хувьсгал…
Гэтэл цаг үе өөрчлөгдөв. 1930-аад оны дунд болон сүүлчээр дэлхийн хувьсгал гарахгүй нь тодорхой болов. Европт хувьсгал хийх нь байтугай фашизмын голомтууд энд тэндгүй бий болов. Хэрэв дэлхийн хувьсгал болбол латин бичиг үсэгт шилжиж, баруунд суралцаж болно гэсэн болохоос одоо империалистууд фашизм болж хувирчихаад илт дайсагнаж, дайнд бэлтгээд байвал больж л орхино.
Европт фашизмын голомтууд бий болж илт дайсагнах байр суурь баримтлах болсон учир Сталин Европын орнуудад суралцаж байсан оюутан сурагчдаа эгүүлэн татаж эхлэв. Энд давалгаан дунд Монголчууд өртсөн юм. Монголчууд 1926 оноос Герман, Франц зэрэг орнуудад 40 орчим монгол залуусыг суралцуулахаар илгээсэн бөгөөд тэд барууны олон хотод тархан суралцаж байв.
Ингээд дээр дурдсан шалтгааны улмаас 1930 оноос тэднийг эгүүлэн татсан юм.Монголын үндэсний эх орончид оросыг алгасан баруунтай “ёстой сайхан” холбоо тогтоож монголын оюутан, сурагчид “барууны соёлд” суралцаад сайхан байж байтал коммунистууд хүчээр манай оюутнуудыг татуулсан гэх бол яриа бол үнэн утгагүй, санаанаасаа зохиосон цуурхал юм. Монголын “ардчилсан” түүхчид эдүгээ Европт фашизм байгаагүй мэт аашилж тэнэглэх нь үнэн утгагүй. Та нар түүх шинээр ярих гэж байгаа бол түүхээ судалчихаад олон юм ярих хэрэгтэй ш дээ…
Тэр үед Европт энд тэндгүй фашизм цэцэглэж байсан тэр үед оюутан сурагчдаа татах нь зүйн хэрэг юм. Зөвлөлтөд хувьсгалч романтикуудын үе дуусч прагматикуудын үе эхэлснээр 1930-аас оны дунд болон сүүлчээс И.В.Сталин дэлхийн хувьсгал хийх бодлоосоо татгалзав. Үүнтэй холбоотойгоор Зөвлөлтийн үндэстний хийгээд хэлний бодлого өөрчлөгдөв. Одоо бол бүх ард түмэн “зөвлөлтийн нэгдмэл нэг үндэстэн” болж ойртон нягтрах, нэгдэн нийлэх бодлого явуулах болов.
Ингээд 1932-1933 онд латин хэлний кампани уналтад орж, 1935 оноос Зөвлөлтийн ард түмнийг кирилл бичиг үсэгт шилжүүлэх үйл явц эхлэв. Анхны баримт бичиг нь их даруухан гарчээ. 1935 оны 6 дугаар сарын 1-нд “Умрын ард түмнүүдийг кирилл бичиг үсэгт шилжүүлэх тухай” тогтоол гаргав. Үүний дараа кирилл бичиг үсэгт шилжүүлэх хүсэлт “хөдөлмөрчин” ангиас байнга ирэх болов.
Намын Төв Хорооноос ийм “хүсэлт” болгоныг харгалзан үзэж “дэмжсэн” тогтоол гаргах болов. 1938 оны 3 дугаар сарын 12-нд ЗСБНХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөл, ОК(б)Н-ын Төв Хороо “Орос хэлийг үндэсний бүгд найрамдах улс болон мужуудын сургуулиудад заавал судлах тухай” тогтоол гаргав. Энэ шийдвэр гэрлийн хурдаар биелэв. Зарим газрууд кирилл бичиг үсэгт 3 сарын дотор шилжсэн аварга амжилт гаргав. Ингээд 1941 оны 6 дугаар сар гэхэд кирил бичиг үсэгт шилжих явдал амжилттай дууссан юм.
Монголд яасан бэ ?
“Бидний Монгол бол эртнээс нааш сургуулийн явдлыг явуулаагүйн харгайгаар монгол бичиг үсэг мэдэх хүн маш цөөн, хөдөө, хүрээ аливаа албаны хэрэг ба тараасан сонин, сэтгүүл зэргийг ухамсарлан мэдэх хүмүүс их л ховор бөгөөд энэ завсар сургууль байгуулан хүүхдийг боловсруулж буй боловч нас бага, энэ хир тус болж хараахан завдаагүй нь одоо намын гишүүд ба гишүүн бус этгээдийг үл ялгаварлан бичиг үсэгт сурган боловсруулбал зохино.” МАН-ын III Их Хурлын тогтоолоос. “Ардын эрх” сонин. 1924.08.21. № 21.
“Манай Монголд аливаа сурах судлах хэрэг чухал тул гадаадад тусгай хүмүүсийг явуулж, эрдэм боловсрол зэргийг сурган гэгээрүүлэх зэргийг Ардын Нам, залуучууд, Ардыг гэгээрүүлэх яамнаас цаг үгүй хичээвэл зохино.” МАН-ын III Их Хурлын тогтоолоос. “Ардын эрх” сонин. 1924.10.05. № 24.
Ингэж явж байгаад 1929 он болж Монголд зүүнтнүүд засгийн эрхэнд гарав. Зүүнтэн гарч ирээд латин бичиг үсэг хүчээр нэвтрүүлсэн гэдэг бол өнгөц тайлбар. Хамгийн гол шалтгаан нь Зөвлөлт Орост болсон латинжуулах хөдөлгөөн гэдгийг бид одоо мэдэж байна. Латинжуулах ажил ганц Монголд биш, Зөвлөлтийн бүх улсуудад явагдсан гэдгийг ч бид одоо мэддэг болсон.
Дашрамд дурдахад 1927-1933 онд Зөвлөлтөд Сталины гэж нэрлэгдсэн хамтралжуулах хөдөлгөөн өрнөсөн бөгөөд манайд ч гэсэн нэн хүчтэй нугалаа байдлаар хэрэгжсэн юм. Зүүнтэн бол энэхүү хамтралжуулалт буюу “хамтрал хомууны” хөдөлгөөнийг хүч хэрэглэн явуулж бослогод хүргэсэн билээ. Харин латин бичиг үсэгт шилжих явдал үүнтэй цаг хугацааны хувьд давхцсан юм.
1930 онд хуралдсан МАХН-ын YIII Их Хурал: “Хуучны хүнд суртлын үлдэгдлийн нэгэн салбар бөгөөд шинэ соёл боловсролын хөгжилтөд дөхөмгүй болох монгол үсгийг халж, боловсон соёлыг дэлгэрүүлэхэд дөхөмтэйг нийт дээр дэлгэрэх туршилтыг олсон латин үсгийг өөрийн монгол хэлэн дээр зохилдуулан үндсэн хэлний үсэг болгон хэрэглэх явдлыг богино хугацааны дотор гүйцэлдүүлэх… ” хэмээн зааж латин үсэгт шилжих эхлэлийг тавьсан юм.
Энэ нь Зөвлөлтөд болж буй латинжуулах ажлын нэг л хуулбар байсан юм. Үүнийг үндэсний ардчилсан үзэлтнүүд коммунизмыг эсэргүүцэж, “баруунтай” соёлын холбоо тогтоох гэсэн оролдого гэж дүгнэх нь ердөө л тэнэг хүний ажил юм. 1930 оны XI сард Ардын Гэгээрүүлэх Яамны дэргэд “Латин-Монгол үсгийн зөвлөл” байгуулжээ.
Уг зөвлөл латин монгол үсгийн төлөвлөгөөг 26 үсэгтэйгээр боловсруулж Засгийн газраар батлуулсан байна. Засгийн газрын энэ тогтоолд: “Бага сургуулийн нэгдүгээр ангид латин, монгол үсэг заах, хоёр гуравдугаар ангид латин, монгол уйгур монголыг зэрэгцүүлэн заах, дунд сургууль, багшийн болон бусад техникумд 1931 оноос латин, монгол үсэг эхлэн заах, түр сургууль, бичиг үсгийн дугуйланд уйгур монгол үсгийг танилцуулах төдийгөөр хязгаарлаж, латин монгол үсэгт сургах, сонин сэтгүүлд латин үсгээр хэвлэн нийтлэх, машин, үсэг өрөгч, хянагч нарыг бэлтгэх, албан газар, дэлгүүрийн хаяг, ном зохиолын нэр, тамга, тэмдгийг 1931 он хүртэл латин монгол үсгээр шинэчлэх, засаг захиргаа, албан үйлдвэрийн ажилчид, нам олон нийтийн байгууллагын гишүүдийг 1932 оны 5 дугаар сарын 1-ийг хүртэл латин монгол үсэгт албан журмаар сургах, түүнээс хойш албан бичиг хэргийг латин монгол үсгээр хөтлөх” хэмээн заасан юм.
Орост латинд шилжих асуудал суларч байгааг манайхан анзаарсан мэт байдаг. 1932 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөл тогтоол гаргаж: “бичиг үсэгт сургах явдлыг уйгаржин монгол үсгээр гүйцэтгэх, харин латин монгол үсэгт ард олныг сайн дураар сургаж, түүнд аажмаар шилжин орохыг бэлтгэх, бичиг үсэгт сургах үндэс болгон хэрэглэх цагаан толгой ба анхны сурах бичгийг шинээр зохиох…” гэж заасан юм.
Гэтэл эсэргүү бослого, шинэ эргэлтийн бодлого, өргөн хэлмэгдүүлэлт, японы түрэмгийлэл, Халхын голын дайн гээд бичиг үсгээр оролдох зав гараагүй бололтой байдаг.
Энэ бүхний улмаас манайд латинжуулах ажил сүртэй үр дүнд хүрээгүй, ганц нэг ном, сэтгүүлийн гарчиг, тусгай булан гэх мэтийн хэмжээнд л байсан ба албаны бүх хэргийг монгол бичгээрээ хөтөлдөг байсан.
Харин 1940 онд бичиг үсгийн холбогдолтой хэд хэдэн үйл явдал болсон байдаг. 1940 оны 5 дугаар сарын 3-нд МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн илтгэлийг сонсжээ. Тэр илтгэлд: “Соёл боловсрол, дэлхийн олон улс орны бичиг үсгээс машид хоцорсон…соёлын хурц зэвсэг болж чадахгүй…шинжлэх ухааны нэр томьёог бичиж болохгүй” гэж дүгнэжээ.
Үүнд үндэслэн “монголын шинэ үсгийг хэрэглэх асуудлыг боловсруулан бэлтгэх Засгийн газрын комисс байгуулахыг Ардын Сайд нарын Зөвлөлд даалгаж, шинэ үсгийн төлөвлөгөөг олон нийтийн хурал зөвлөлгөөн, хэвлэлүүдээр дамжуулан өргөн шүүмжлэн хэлэлцүүлэх, шинэ үсгийг хэрэглэх тухай төлөвлөгөөг боловсруулж, батлуулах хугацааг энэ оны 9 дүгээр сарын 1-нээр тогтоосугай ” хэмээжээ.
1941 оны 2 дугаар сарын 21-нд МАХН-ын Төв Хороо ба СнЗ-ийн хамтарсан хурлаар латин үсгийг боловсруулах комиссоос боловсруулсан 29 үсэгтэй латин үсгийн төлөвлөгөөг батлаж, 1941 оны 3 дугаар сарын 30-ны наана ардын ярианы хэлэнд ойр, сурахад хялбар шинэ үсгийн түр дүрэм боловсруулан гаргахыг Шинжлэх Ухааны Хүрээлэнд (ШУХ) даалгасан байна. ШУХ, Ардын Гэгээрүүлэх Яам хамтран “1941-1944 оны 1 дүгээр сар хүртэл бүх хүмүүсийг үе шаттайгаар латин үсэгт сургах, хэвлэлийн ажлыг мөн үсгээр гүйцэтгэсний үндсэн дээр 1944 оны 1 дүгээр сараас эхлэн хуучин монгол бичгийг хэрэглэхийг зогсоох” төлөвлөгөөг гаргажээ.
Гэтэл нэг сарын дараа дээрхээс тэс өөр шийдвэр гаргав. Нэг сарын дотор “ямар нэг юм” болсон бололтой. “Ямар нэг” ч юу байхав, Зөвлөлтийн бодлогоос “зөрсөн” байсныг нь “зассан” байх…Ингээд 1941 оны 3 дугаар сарын 25-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, СнЗ-ийн хамтарсан хурлаас “соёл боловсролын цаашдын хөгжилт нь гагцхүү ЗХУ-ын ард түмэнтэй ах дүүгийн холбоог бэхжүүлэх, түүний баялаг соёлыг эзэмших замаар явах болно.
Манай ард түмэнд чухал хэрэглэгдэх бүхийлэн хувьсгалын зохиол бичиг орос хэл дээр ба аж ахуйн салбаруудад хэрэглэгдэх мэргэжил бүхий үндэсний боловсон хүчнийг гол төлөв ЗХУ-д явуулан боловсруулж бүхийг харгалзан үзэж, монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдал чухал ” хэмээн үзээд орос үсэг дээр үндэслэсэн монголын шинэ үсгийн төлөвлөгөөг нийтэд зарлаж, хэлэлцүүлэн саналыг харгалзан нэг сарын дотор МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн газарт оруулан батлуулахыг МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргатай улсын комисст даалгажээ.
Улмаар үсгийн дүрэм, шинэ үсэгт шилжин орох хугацаа журмын тухай арга хэмжээг боловсруулахыг улсын комисс болон Шинжлэх Ухааны Хүрээлэнд үүрэг болгосон байна. Улсын комиссын бүрэлдэхүүнд Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд Т.Машлай, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, багш Доржсүрэн, С.Тамжид, Д.Цэвэгмид, ШУХ-ийн гишүүн Д.Сурмаажав, Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Б.Гонгоржав, Цэргийн Лувсандорж нар оролцжээ.
1941 оны 5 дугаар сарын 9-нд уг комиссоос “кирилл үсгийг үндэс болгон монгол шинэ үсгийг 35 үсэгтэйгээр тогтоож ирүүлсэн”-ийг МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлөөс батлаж, кирилл монгол үсгийн бичих ба хэрэглэх түр дүрмийг боловсруулан гаргах цагаан толгой, сурах бичгийг бэлтгэхийг ШУХ, Ардын Гэгээрүүлэх Яаманд даалгажээ. Кирилл монгол үсгийг “1941-1942 оны хичээлийн жилээс эхлэн бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийн бүх хичээлийг шинэ үсгээр явуулах, бүх сонинг шинэ үсгийн булантай болгож кирилл монгол үсгээр өгүүлэл, материал хэвлэх улсын хэмжээгээр шинэ үсэгт шилжин орох хугацааг нэг сарын дотор боловсруулах”-ыг тэдгээрт нэмэн даалгажээ.
1945 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурал болж “бүх хэвлэлийн ба улсын албан хэргийг 1946 оны I сарын 1-ээс шинэ үсгээр явуулсугай ” хэмээн тогтоол гаргав. Ингэж монголчууд кирилл үсэгт эргэлт буцалтгүй орсон юм.
Энд би латин болон кирилл бичиг үсэгт шилжсэний сайн муу, сайхан муухай үр дагаврыг дүгнэх зорилго тавиагүй. Зүгээр л манайд нөлөөлсөн гадаад түүхэн үйл явдал, ялангуяа цаг ямагт гуйвуулдаг, илт буруу тайлбарлаж ирсэн түүхэн баримтуудыг л өгүүлж байна.
Харин бодит үр дүн гэвэл кирилл үсэгт шилжсэнээс 21 жилийн дараа буюу 1962 онд Монгол Улс бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон Азийн анхны орон болж ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн юм. Харин энэ бол гайхамшиг юм шүү…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 10 дүгээр сарын 18