Хүмүүс Ц.Элбэгдоржийг их гоё ярьдаг гэж гэдэг. Тэр ч үнэн. Харин би бодохдоо хүн бодож байж ярьдаг гэж үздэг. Ялангуяа төрийн тэргүүн хүн мянга дахин бодож ярих ёстой. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэгж чаддаг уу ? Бүгдээрээ санаад үзье л дээ…
2011 оны 12 дугаар сарын 28. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.
Тэр: “Тэдгээрт (Манжийн түрэмгийлэлд-Х.Д.Г) Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монгол дараалан өртөж байсан ч монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм.”
Хаашаа юм ?! Монголчууд манжийн дарлалд байгаагүй гэж Монголын Ерөнхийлөгч дүгнэж байна. Тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэнэ гэчихээд манжийн дарлалд байгаагүй гэж дүгнэхээр тусгаар тогтнох шаардлага байгаагүй гэсэн хэрэг. Ингэж улс үндэстнээ доромжилж болдог юм уу ?!
Манайхаас өөр үндэстэн байсан бол түүнийг аль хэдийн өчиггүй огцруулах байсан. Би л ганц шүүмжлэлт өгүүлэл бичсэн. Намайг “хүний муу үзэх” гэсэн гэж дайраад өнгөрсөн. Дашрамд дурдахад Монгол Улс тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг гаднын шашны байгууллагын ивээл дор тэмдэглэсэн. Энэ чинь шившиг биш гэж үү ?!
Түүгээр үл барам тэр өнөөгийн монгол төрийг манжийн төртэй зүйрлэж байсан. Жишээлбэл: “Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш.” Ийм болохоор тэр “зэрэгцээ төр” байгуулж сүйрүүлж байгаа юм биз дээ…
2011 оны 12 дугаар 28. Мөн индэр. Ц.Элбэгдорж ингэж хэлэв: “Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм”.
Зарчмын хувьд ингэж хэлж болох л байх. Гэвч яагаад ч тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойгоор ингэж хэлж болохгүй. Тэр өнөөгийн Монголыг “энэ зууны эмгэнэл” гэсэн нь ердөө л жил гаруйн өмнөх явдал шүү дээ. Тэгээд тэр “Үүргийн хувьсгалдаа урагшаа” гэж уриалсан юм. Тэр хийх гэсэн юм болгоноо “хувьсгал” гэдэг. “Эдийн засгийн хувьсгал” урагшаа, “ногоон хувьсгал” урагшаа, ураа, тэгээд юу ч байхгүй, нээрээ шүү, юу ч байхгүй. Харин бусдыг хувьсгал гэвэл “бид хувьсгалаа аль хэдийн хийчихсэн” гэж уурладаг юм. Ийм хачин юм гэж байхгүй л дээ…
2011 оны 12 дугаар сарын 28. Мөн индэр. Тэр бас ийн хэлэв: “Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй. Хуучныг дагасан хуучирсан зохион байгуулалтаас хуучин л юм гарч байна…Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой. Нэрээ, түүхээ намууд хадгалах эрхтэй байж болно. Одоо намуудад нэрний биш агуулгын өөрчлөлт хэрэгтэй байна. Нам гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдье. Намын өмч хөрөнгө, байрны асуудлыг ч шийдье. УИХ-д болон ИТХ-д авсан суудлынх нь хувь хэмжээнд таарсан байр талбайг намуудад төрөөс гаргаж өгье. Намыг би нийгэмд үйлчилдэг байгууллага гэж үзэж байна. Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын толгой хоргоддог, өсөж үрждэг газар ч биш. Нам олон, Монгол ганц. Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.”
Зүйтэй, үүнээс илүү үнэн үг байхгүй л дээ. Тэгээд Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн юм бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө “хуруугаа хөдөлгөх” ёстой гэж хэн ч бодно биз дээ ?! Үгүй ш дээ. Тэр индэр дээрээс “солиорч солиорч” таг чиг алга болоод 2 жил болж байна…
Одоо тэр нөгөө “шал хуучин” намаасаа нэр дэвшчихсэн “авилгатай тэмцэнэ” гэж орилж байна. Энэ одоо юу болж байгаа юм ?!
Юу ч хийхгүй байсан юм бол ямар үхснээ хийж нүд амаа гялалзуулан онол монол уран гоё юм ярьж амьтан хүн үймүүлсэн юм ?! Үгүй ядахдаа Ерөнхийлөгчийн Мөрийн Хөтөлбөртөө оруулах чинь яасан юм ?!
2012 оны 4-р сарын 05. Киргизийн Бишкек хот. Киргизийн парламентад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.
Тэр: “Би энэ өдрийг сэтгэл догдлон хүлээсэн. Олон жилийн өмнө зам салсан төрөлх ахан дүүстэйгээ уулзах гэж байгаа юм шиг хүлээсэн. Ойрын садан Киргис ахан дүү нар аа! Та бид ижилхэн тэнгэрлэг язгууртай, домогт эсгий туургатны үр сад. Бид адилхан хөх оортнууд. Монгол, Киргиз, Узбек хэн ч бай биднийг нэг зүйл нэгтгэдэг. Энэ бол бидний тэнгэрийн хөх тамга юм. Киргиз улсад хийж байгаа энэ удаагийн миний айлчлал манай иргэдийн анхаарлыг их татаж байгаа. (Хуцваа л байхгүй юу-Х.Д.Г.) Киргизийг хоёр дахь эх орноо гэж үздэг Монголчууд олон байна.” гэж сүр жавхлантай мэдэгдэв.
Тэр үүнээс олон жилийн өмнө Солонгост очоод бас л “Та нар манай хоёр дахь эх орон, ах дүү нар” гэж хэлсэн. Тэгээд Солонгост Дорнод аймгийн нутгаас 170.000 га нутгаа зарчихсан. Үүнийгээ тэр өөрөө мэдэгдсэн. Намайг “уурлахаар” ус балгасан юм шиг таг чиг болсон…
Тэгвэл Монгол түүний хэд дэх Эх Орон юм ?! Ер нь ингэхэд хүн Эх Орноо дугаарладаг бил үү ?! Ц.Элбэгдоржид хэдэн Эх Орон хэрэгтэй юм ?!
Лав л миний хувьд Ц.Элбэгдоржийн ямар ч үгэнд итгэдэггүй, үнэмшдэггүй. Яагаад гэвэл түүнд ямар санааг хэн, хэзээ хэлж өгөхийг, түүний гарт ямар “ном” хэзээ өртөхийг, санаа бодлоо хэзээ хувиргахыг би яаж мэдэх билээ…