Ядуурлыг БУУРУУЛНА. Энэ үйл үгийн утгыг үзвэл “цалин хөлс, албан тушаал, цахилгааны хүчдэл, сурлагын дүн” зэргийн чанарыг бууруулж болдог. Харин тоо ширхэгтэй юм хорогддог.

Тухайлбал, сонирхол буурах- дургүй болох, ажлын эрч буурах-ядрах, нарны элч буурах- халууны илч доошлох, ханш буурах-үнэгүйдэх.үнэ буух-үнэ цэнээ алдах гэсэн л утга...

Аливаа эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн хоёр туйлын дээшлэх нь ӨСӨЛТ доошлох нь БУУРАЛТ байдаг бол ӨСӨЛТ нь хөгжил, БУУРАПТ НЬ хямрал дагуулдаг. Тиймээс МАНДАХ гэдэг үгийн эсрэг утга нь БУУРАХ ДОРОЙТОХ ажээ. Эдгээр үгийн цаана тухайн зүйлийн чанар “муудах, буурах, доройтох, доошлох, сулрах, СҮЙРЭХ” гэсэн салаа утгатайгаас гадна дандаа муу үр дагуулдаг ажээ. Энэ нь угтаа “ард түмнээ ядуурсан дээр нь ядууруулна” гэсэнтэй утга нь адил юм.

Энэ үгийг монгол хэлний тайлбар толь бичгүүдэд монгол бичгээр “Оеgeora” гэж бичээд “доошлон доройтох, улмаар сүйрэл” гэсэн утгаар тайлбарласан байгаа. Энгийн жишээгээр тайлбарлавал “АМЖИЛТ БУУРАХ” гэдэг нь суларч муудахын нэр. “ЯДУУРЛЫГ БАГАСГАЖ, ЯДУУСЫГ ТЭТГЭНЭ”, “ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ БУС ЗАЛХУУРЛЫГ АРИЛГАНА" гэвэл молхи надад аятай санагдана.
Миний багцаалж байгаагаар дундаж цалин дөрвөн жилийн өмнө 300 ам. доллар байсан.

Тэр үеийн 300 ам доллар гэдэг бол тухайн үеийн ханшаар 400-аад мянган төгрөг гэсэн үг. 2015 оны эхэнд тэр хэмжээндээ л байна. Гэтэл төгрөгийн ханш уначихлаа. Дөрвөн жилййн өмнө 1200 байсан ам доллар одоо 2000 даваад цохиж явна. Тэгэхээр бид худалдан авах чадвараа буцаагаад ам доллар луу шилжүүлээд үзвэл өнөөдрийн 400 мянган төгрөгийг ам долларын одоогийн ханшид шилжүүлвэл 270 орчим мянган төгрөг болж байх юм. Өөрөөр хэлвэл, бидний худалдан авах чадварыг ам доллар луу шилжүүлэхэд 30 гаруй хувиар буурчихаад байна.

Засгийн газрынхаа “ХЯМРАЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” гэсэн уриалгын найруулгыг үзвэл дэлхий нийтийг хамарсан хямралыг хамтаараа эв нэгдэлтэй гэтлэн давах гэсэн санаа гэж ойлгохоосоо “ЕРӨӨСӨӨ ХЯМРАЛЫН ТОМ ДАВАЛГААНД ХАМТДАА ЦОХИУЛАН ХЯМРАХ” гэсэн утга байгаа мэт... Үүнийг “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” гэвэл илүү нийлэмжтэй, эевэргүү сонсогдох байх...
Хэдэн жилийн өмнө Авлигатай Тэмцэх Газрын “МОНГОЛЧУУД АА! АВЛИГЫГ ҮЛ ТЭВЧЬЕ” гэсэн бичигтэй ухуулах хуудас, реклам телевиз болон бусад мэдээллийн хэрэгслээр мөн ч олон гарсансан. Монгол хэлний “үл” гэдэг үг нь үйлийн үндэстэй үгийн өмнө орвол үгүйсгэх утгыг шууд илтгэдэг онцлогтой. Тухайлбал, “үл чадна-чадахгүй, үл болно-болохгүй, үл барагдана-барагдахгүй, үл мэднэ- мэдэхгүй, үл танина-танихгүй, үл хөдлөх хөрөнгө-хөдлөхгүй, үл мэдэгч-мэдэхгүй, үл хамаарна-хамаарахгүй” гэх мэт.
Энэ нь учир зүйн хувьд “Авлига авахгүй байж тэвчихгүй нь” гэх буюу “авлигагүйгээр амьдарч чадахгүй нь” гэж ойлгогдож байгаа юм. Гэтэл “Авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ" хэмээн бичсээр л байна.

/Монгол хэлний үгүйсгэх утгатай “ҮЛ” хэмээх бүтээврийг одоо, ирээдүй цагийн нөхцөлтэй үгийн өмнө, “ЭС” хэмээх бүтээврийг өнгөрсөн цагт үйл үгийн өмнө тус тус заагтай хэрэглэнэ/ Монгол хэлэнд “АВЛИГА” гэж шунаж авсан эд юмыг хэлдэг байхад “АВЛИГАЛ” гэдэг нь гэм буруутай үйлдэл, үр дүнг хэлдэг ажээ. Тэгэхээр “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР”- ыг зөвхөн эд юмтай тэмцэх үндсэн үүрэгтэй болохоос “авлигалын гэм буруу үйлдэлтэй тэмцэх эрхгүй” гэж ч ойлгож болмоор.

Монгол хэлэнд “авсан зүйлийг нь авлига”, “өгсөн зүйлийг нь хахууль” гэдэгсэн. Гэтэл манай улсын эрүүгийн хуульд “авсан, өгсөн этгээдийг шийтгэх”-ээр заасан нь “авлигаа нуугаад өг” гээд хуульчилсантай л адил ухагдана. Энэ нь гэмт үйлдлийг гэрч, нотлох баримтгүй болгож, улмаар гэмтнийг хаацайлахын тулд зориуд захиалгаар хийсэн юм биш үү? гэмээр ч эргэлзээг давхар төрүүлж ч болохоор...

Монгол ухааралд “Архийг тэвчье, тамхийг тэвчье, хүслийг тэвчье, нүглийг тэвчье, авлигыг тэвчье” гэвэл зохилтой. Энэ золигийн гашуун усыг хэд хоног овоо тэссэн юмсан. Өчигдөр л “тэвчихгүй уучихлаа” гэсэнтэй утга нэг.
Монгол Улсад шударга ёсыг тогтооё гэвэл авлигыг “зөвхөн авсан этгээдийг шийтгэнэ. Хэрэв хүн гүтгэсэн нь нотлогдвол авсан этгээдийн адил шийтгэнэ” гэсэн агуулгатай хуулийн заалт байхад л хангалттай санагдана.


Профессор Дамдинсүрэнгийн БОЛОД

http://sonin.mn/