Өнгөрсөн 9 дүгээр сард УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын “Монголын тусгаар тогтнолын товчоон” гэдэг цувралын тухай нэлээд урт шүүмж (http://www.ikon.mn/n/k7t) гарсан байв. Уг шүүмжинд боть бүрээс жишээ татан оруулж уг номыг “ном дүрст, түүхэн зохиол нэртэй хогийн цуглуулга” хэмээн дүгнэсэн байна лээ. Гэхдээ энд би тэртээ тэргүй дүгнэгдчихсэн цувралын тухай биш сайд асан эрхэм гишүүн яагаад гэнэт мундаг түүхч болчихов? гэдэг асуудлыг хөндөхийг зорилоо.

Сүүлийн жилүүдэд нэг хэсэг хүмүүс мөнгөний төлөө түүхэн нэртэй номонцорууд гаргаж байхад нөгөө хэсэг нь түүх ашиглан өөрийгөө өргөмжлүүлэх, сонгуульд өрсөлдөх замаа засах, улмаар өөрийнхөө хар мөрийг нуухыг оролдох болов. Тэр үйлдэл нь бүр ил цагаандаа гарч түүхэн зүтгэлтнүүдийг жалга довоор нь хувааж Монголын түүхэнд шинэ ангилал оруулаад зогсохгүй, өөрөө үзмэрч домчдын хэмжээнд хүрлээ.

Дээрх “Монголын тусгаар тогтнолын товчоон” гэдэг цуврал бол хоёрдахь хэсэг нь буюу түүхээр бамбай хийгчдийн сонгодог жишээ юм. Энэ номыг та бүтнээр уншаад ч хэрэггүй. Зохиогчийн бичснээр жинхэнэ “архинд хөлчүүрэхсэн” мэт болно. Өнөөдөр та интернэтээс Отгонбаяр гэдэг хүний тухай хайгаад үз. Энэ оны зунаас өмнөх ихэнх мэдээллүүд сайд байхдаа хүн дарамталж гэнэ, тийм барилгаас тэдэн төгрөг идсэн байна, эхнэр нь хэдэн тэрбумаар нь мөнгө угаалаа гэх мэтчилэн хар бараан мэдээгээр дүүрэн. Харин өнгөрсөн зунаас хойшх мэдээллүүд нь гишүүн ном бичжээ, цахим хэлбэрээр борлуулагдаж эхлэлээ гэх мэтээр үргэлжилж улмаар “надтай холбоотой хэрэгт цэг тавьж өгөөч” (http://www.ikon.mn/n/k1v) гэх мэтээр өөрийгөө гэм буруугүй хэмээн зарлуулах болов. Эндээс ганц л зүйл тодорхой харагдаж байгаа нь түүхэн зүтгэлтнүүдээр бамбай хийн өөрийнхөө хар мөрийг баллахаар оролдож, цаашлаад сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа үйлдэл нь юм.

Үгүй ядаж ном бичсэн болж байгаа юм бол өмнөх судлаачдын гаргасан номын бүтээлийг ойлгож байж бичилдээ. Буруугаар буюу өөрийнхөөрөө ойлгож шал худлаа юм биччихээд телевизээр түүхчдийн олоогүй материалыг би олсон гээд ярьж суухаасаа ичдэггүй юм уу. Тэр материалыг чинь өөр түүхч олохгүй бизээ. Угаасаа тийм материал байхгүй учраас.

Эцэст нь эрхэм гишүүнд хандаж хэлэхэд Монголын эх орончдыг жалга довоор нь хувааж сонгуулийн сурталчилгаа болгон ашиглахаа нэн даруй зогсоо. Сандал суудлын наймаа хийн сайд болдог байж болно. Ямар нэгэн асуудлаас намаараа бамбай хийгээд салдаг байж болно. Гэхдээ хэзээ ч түүхийг, эх орончдыг өөрийн бусармаг үйлдлээ нуух нуувч, бамбай болгож болохгүй.

Сайд аснаараа толгойлуулсан сайн дурынхан минь Монголын түүх, Монголын төлөө амь насаа зориулсан эх орончид, хаад ноёдыг өөрсдийн бусармаг үйлдэлийнхээ зэвсэг болгон ашиглахаа зогсоо !!!.


Л.Энхсайхан.