Японы иргэн Таканобу Нишимото нэгэн өвөрмөц бизнесийг эрхэлж эхэлсэн гэнэ. Мань хүн өөрийгөө түрээсээр өгдөг болжээ. Цагт 10 доллар төлөөд уйтгар гунигт автсан эсрэг хүйсний хэн боловч дунд эргэм насны дажгүйлэг эрэгтэйг өөрийн болгох боломжтой гэнэ шүү. Түүний байгуулсан пүүсийн үйлчлүүлэгчид нь ганц бие тэтгэврийн эмээ нар, зүрхээ шархлуулсан сурагч охид хүртэл байдаг аж. Нишимото өөрийн ажилчдын хамтаар тэдний хүссэн болгоныг биелүүлдэг байна. Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцахыг хүссэн хэн боловч цагийн 10 доллар төлөөд 45-55 настай эрийг түрээсэлж авах боломжтой.

“Тэд надаас юу хүсэхийг би хэзээ ч мэддэггүй. Энэ нь бага зэрэг аймшигтай санагддаг шүү. Гэхдээ л сонирхолтой ажил” хэмээн Нишимото өгүүлэв. Тэрбээр энэ бизнес санаагаа дөрвөн жилийн өмнө бодож олсон бөгөөд өдгөө Япон даяар 60 орчим эрэгтэйг хамруулсан сүлжээний бизнестэй болжээ.

“Намайг авдаг эмэгтэйчүүд нэг юм уу хоёр цагийн туршид өөрийнх нь сонсогч байхыг хүсдэг юм” гэж Нишимото ярихдаа долоо хоног бүр түүнтэй хамт салхинд гарч зугаалахын тулд түрээслэн авдаг 80 настай эмгэний жишээг татсан байна.

Үйлчлүүлэгчид нь түүний ажилтнуудыг найзын хувиар, гэр бүлийн гишүүний хувиар, янз бүрийн арга хэмжээнд дагуулж явах хамтрагчаар түрээсэлж авдаг гэнэ. Зарим нь зүгээр л юм ярьж суух хүнээр дутагдсандаа тэдэнд ханддаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn