Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр санаа зовнидог үндэстний нэг нь өндөр хариуцлагатай Япончууд. Тэр ч утгаараа хүлэмжийн хийг бууруулах тухай анхны олон улсын протокол 1992 онд Японы манлайлал доор Киото хотод зохион байгуулагдаж байв. Гэвч хөшиж, зогсолтод орсон эдийн засгаа эрчимжүүлэхэд нь Шинзо Абэд нүүрс хэрэг болох төлөвтэй.

2009 онд болсон Их наймын уулзалтын үеэр өндөр хөгжилтэй найман улс 2050 он гэхэд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээгээ 80 хүртэл хувиар бууруулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч одоогоор Япон улс нэмж 43 нүүрсний цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байгаагаас заримынх нь ажил хэдийн эхлээд байна.

Энэ нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг кампанит ажлыг толгойлж байгаа АНУ болон өндөр хөгжилтэй бусад улс орнуудын санааг чилээж байгаа. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрөгч сард АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр зэвсэгт хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэх тухай төлөвлөгөөгөө конгресст танилцуулснаас гадна Ерөнхийлөгч Барак Обаматай цаг уурын өөрчлөлтийн талаар биечлэн яриа өрнүүлсэн. Энэ оны эцэст Парист болох Цаг уурын өөрчлөлтийн тухай олон улсын конферест Япон чухам ямар төлөвлөгөө танилцуулах нь олон улсын сонирхлыг багагүй татаж байна.

Хэдийгээр Япон Улс нь өндөр технологийн бүтээгдэхүүнээрээ алдартай ч нүүрсний томоохон хэрэглэгч. Тэд дэлхийн дөрөв дэх том хэрэглэгч, хоёр дахь том импортлогч юм. Японы Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан Үндэсний эрчим хүчний стратеги төлөвлөгөөндөө “Шатдаг түлшнүүд дундаас геополитикийн эрсдэл болон зардал багатай учраас нүүрс нь эрчим хүчний үндсэн, чухал нөөц байх болно” хэмээн тусгасан.

Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослын дараа Япон цөмийн цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг зогсоосон. Энэ орон зайг тэд нүүрс болон харьцангуй өндөр үнэтэй байгалийн хийн хэрэглээгээр нөхсөөр ирсэн юм. Гэвч энэ нь Японы эрчим хүчний салбарын зардлыг нэмэгдүүлж, эдийн засагт нь сөргөөр нөлөөлж байгаа. Жишээлбэл, өнгөрсөн гурван жилд цөмийн цахилгаан станцуудын зогсолттой холбоотойгоор 270 тэрбум ам.долларын нэмэлт зардал гарч, айл өрхийн цахилгааны тариф 20 хувиар, үйлдвэрүүдийн тариф 30 хувиар өсжээ.

Иймд эдийн засгаа илүү үр ашигтайгаар зохион байгуулахын тулд Абэгийн Засгийн газар зогсоосон цөмийн цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг сэргээхийн сацуу нүүрсийг ирээдүйд эрчим хүчний нэг гол эх үүсвэр байлгах сонирхолтой байна. Фүкүшимагийн ослоос өмнө Япон эрчим хүчнийхээ 27 хувийг цөмийн, 30 хувийг байгалийн хийн, 24 хувийг нүүрсний эх үүсвэрээс гарган авдаг байсан бол одоо нүүрснээс гарган авсан эрчим хүч 30, байгалийн хийнээс гарган авсан эрчим хүч 43 хувь хүрч өсөөд байна. Цаашид Япон Улс эрчим хүчнийхээ 26 хувийг нүүрснээс гарган авах зорилт тавиад байгаа юм.

Олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагадаа үнэнч байхын сацуу эдийн засагтаа үр ашигтай бодлого явуулахын тулд япончууд байгаль орчинд үзүүлэх нөлөө харьцангуй багатай нүүрсний цахилгаан станцын технологийг ихээхэн сонирхож байна. Үүний нэг жишээ нь Исогогийн нүүрсний цахилгаан станц. Ультрасуперкритикал хэмээх хэцүү нэртэй технологид суурилсан энэ цахилгаан станц нь энгийн цахилгаан станцуудаас 17 хувиар бага хүлэмжийн хий ялгаруулдаг. Энгийн цахилгаан станцууд усыг уур болгох замаар эрчим хүч гарган авдаг бол энэ шинэ технологи нь уураа ахиад 600 градус хүртэл халааж, эрчим хүч гарган авдаг. Хэдийгээр ультрасуперкритикал технологийг 1960-аад оны үеэс туршиж байсан ч тухайн үед уурыг 600 градус болон түүнээс дээш халаах боломжгүй байснаас үр ашиг муутай байсан юм. Харин цоо шинэ альфа төмөр гэх материал нь уурыг өндөр градуст халаах боломжийг олгосон. Нүүрсний олборлолт худалдаа эрхэлдэг олон компани ирээдүйд энэ технологид ихээхэн найдлага тавьж байна.

Японы эрчим хүчний салбарын энэ өөрчлөлт дэлхийн зах зээлд ч нөлөөлж байна. Жишээлбэл, өнгөрсөн оны эцэст манай Тавантолгойн ордын гол өрсөлдөгч гэж үздэг Бразилын "Вейл" компанийн эзэмшдэг Мозамбикийн Моатизэ коксжих нүүрсний ордын 15 хувийн хувьцааг Японы Мицүй групп 450 сая ам.доллараар худалдан авсан. Мицүйгийн хөрөнгө оруулалт үүгээр дуусаагүй.

Ахиад 188 сая ам.долларыг компанийн үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэхэд, 313 сая ам.долларыг "Вейл"-ийн дэд бүтэц, тээвэрлэлт хариуцсан охин компанийн 50 хувийг худалдан авахад зарцуулсан. Нэмж хэлэхэд Тавантолгойн төсөлд оролцож буй Сумитомо корпорац нь Мицүй группийн нэг охин компани юм. Үүнээс гадна Японы өөр нэг аварга корпорац болох "Идэмицү" Индонезийн, улсын мэдлийн Японы газрын тос, байгалийн хий, металлын корпорац Австралийн нүүрсний салбарт тус тус томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна. "Идэмицү" корпорац Японы эрчим хүчний нүүрсний импорт 2030 он гэхэд 30 хувиар өснө хэмээн тооцоод байгаа аж. тус корпорацын төлөөлөгч “Японы хэрэглээ өнгөрсөн жилүүдэд эрс өөрчлөгдсөн. Өмнө нь зөвхөн хамгийн өндөр чанартай нүүрс л худалдан авдаг байсан бол одоо эрчим хүчний илүү хямд нүүрсийг ихээхэн сонирхож байна” хэмээн Dow Jones Newswires-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт Шинзо Абэ Азийн хөгжиж буй орнуудын дэд бүтцийн салбарт 110 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсноо зарласан. Мэдээж хэрэг энэ нь Хятадын толгойлж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд өгсөн хариу, Ази дахь Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хазаарлах гэсэн зорилготой үйлдэл байсан. Шинзо Абэгийн мэдэгдсэнээр Азийн хөгжлийн банкаар дамжин хийгдэх энэхүү хөрөнгө оруулалт нь clean coal буюу байгаль орчинд ээлтэй нүүрсний цахилгаан станц, эрүүл мэнд болон хурдны галт тэрэгний технологийн чиглэлд хийгдэх гэнэ.

Өнгөрсөн онд Японы Засгийн газраас хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн хэмжээг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Индонезод хийсэн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь нүүрсний цахилгаан станц байгуулах төсөлд зарцуулагдсан тухай баримтыг Ассошиэйтед Пресс агентлаг зарлаж, олон улсын хэмжээнд ихээхэн шуугиан дэгдээж байв. Японы засгийн газар энэхүү үйлдлээ хөгжингүй орнууд дахь үр ашиг багатай цахилгаан станцыг илүү үр ашигтай, өндөр технологид суурилсан цахилгаан станцаар солих замаар хүлэмжийн хийг бууруулах зорилготой хэмээн зөвтгөж байв. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилтийн улмаас нүүрсний хэрэглээ нь огцом тэлж байгаа Энэтхэг улс ч энэ тал дээр Япон Улстай хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа.

Хэдийгээр япончууд олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч бус хандаж байгаа ч дотооддоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд нүүрсний шинэ үеийн технологийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь саяхан чөлөөт худалдааны гэрээ үзэглэсэн бидний хувьд таатай мэдээ билээ. Япон нүүрс нийлүүлэгч хоёр гол түнш болох Индонезтой шууд, Австралитай АСЕАН-ын хүрээнд чөлөөт худалдааны гэрээтэй байсан бол энэ жил Монгол Улстай чөлөөт худалдааны гэрээ үзэглэсэн. Ингэснээр манай нүүрс Японы зах зээлд Австрали болон Индонезийн нүүрстэй өрсөлдөх боломж нэмэгдсэн билээ.

А.Амармэнд