Япон улс манай улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлаа ойрын хугацаанд булшлах гэж байгаа тухай олон нийтийн цахим сүлжээ фэйсбүүк хуудсаар иргэд эдгээр өдрүүдэд хэлэлцүүлэг, маргааныг өрнүүлж байна.

Ялангуяа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тун саяхан Япон улсад хийсэн айлчлалын үеэр энэ тухай хэлэлцээр хийгдсэн байж магадгүй гэдэг таамаглал фэйсбүүк сүлжээгээр асар хурдтайгаар тархаж, газар авчээ. Энэ нь Фүкүшимагийн атомын хаягдлыг өөрийн улсад “оршуулсаныхаа” хариу төлөөсөнд бонд авахаар болсон гэх хардлагыг давхар төрүүлэх болов.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСУ-д хийсэн айлчлалаараа тус улсаар дамжуулан Монгол Улс руу шууд чиглэсэн төмөр зам барих хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь угтаа далайд гарах гарц бус, бохирын суваг хил дамнуулан нутаг руугаа оруулж ирэх далдын санаа хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна.

Үүнтэй болбоотойгоор Фүкүшимагийн хог хаягдлыг БНХАУ, Хойт Солонгосоор дамжуулан Монгол руу тээвэрлэх план зураг гарсан бөгөөд тус зураг богино хугацаанд цахим сүлжээгээр тархаж байна.

Нөгөөтэйгүүр Япон улс нь Монгол, АНУ-тай хамтран Монголд олборлосон ураныг боловсруулж хийсэн цөмийн түлшийг АЦС импортлогч улсуудад нийлүүлж, ашигласан хаягдал түлшийг нь Монголд булшлах “Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” гэсэн санаачлагыг хоёр жилийн өмнөөс хөшигний цаана хэлэлцэж байжээ.

Энэ тухай Японы томоохон мэдээлийн агентлаг болох “Кёодо ньюс” сонины 2011 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн дугаарт ийн бичжээ. “Монголд олборлосон ураныг АЦС импортлогч улсад нийлүүлж, ашигласан цөмийн түлшийг Монголд буцаан авах зорилго бүхий “Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” гэгч санаачлагыг хэрэгжүүлэх Монгол, Япон, АНУ гурван улсын Засгийн газрын хамтарсан гэрээний тухай 18-ний өдөр нийтэд ил болсон. Монгол Улс дотооддоо “Цөмийн түлшний хаягдал агуулах байгууламж” барихаар төлөвлөж байгаагаа илэрхийлж, түүний тулд Олон улсын Энергийн газраас технологийн дэмжлэг авах боломжийн талаар судалж байна. Монголд төвтэй цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ бодит байдалд хэрэгжихэд хүрвэл цөмийг түлшийг нийлүүлээд, ашиглаад дуусахаар нь буцаан авч булшлах гэсэн анхны олон улсын хэмжээний бүтэц, тогтолцоо бий болно гэсэн үг юм. Фүкүшимагийн АЦС-д гарсан ослын улмаас энэ санаачлага хэрэгжих магадлал багатай гэсэн хандлага байгаа ч АЦС-ын бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлэхийн төлөө шахалт үзүүлсээр байна” гэжээ.


“Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” санаачлагын хүрээнд Монгол, Япон, АНУ гурван улсын Засгийн газрын байгуулсан хамтарсан гэрээний эх хувилбарын агуулгыг тоймловол:

“-Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд тулгарч буй сорилтыг даван туулахын тулд олон улсын хэмжээнд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл явцыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

-2010 онд зохион байгуулагдсан “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (NPT)”-г дахин хэлэлцэх хурлаас гаргасан зөвлөмж буюу “Цөмийн түлшний циклийн улс дамнасан олон талт арга хэмжээ”-г боловсруулан хэрэгжүүлэхэд анхаарах.

-Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэнээр цөмийн энергийн хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх.

-Бизнесийн зорилгоор цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ үзүүлэх санаачлагтай холбогдуулан тогтмол хугацаанд уулзалт, хэлэлцээр өрнүүлж, үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх.

-Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээний санаачлагыг олон нийтийн зүгээс эсэргүүцэж болзошгүйг харгалзан хариу арга хэмжээний талаар судлах

-Хаягдал түлшний агуулах барихтай холбогдуулан Монголд технологийн туслалцаа үзүүлж, чадавхжуулах асуудлыг ОУ-ын Энергийн газартай хэлэлцэх.

-АНУ-ын дэмжлэгтэйгээр Цөмийн энергийн улмаас үүсч болзошгүй хохирлыг барагдуулах тухай гэрээ (CSC)-г үндэслэн цөмийн энергийн нөхөн төлбөртэй холбоотой олон улсын бүтэц тогтолцоог бий болгож цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээнд оролцогч улс орнууд нэгдэн орохыг хөхиүлэн дэмжих” гэх мэт зүйлүүд багтжээ.

Фүкүшимад өрнөсөн газар хөдлөлтийн улмаас сүйдсэн эд зүйлсийн хог хаягдлын хэмжээ асар их бөгөөд тэдгээрийг хааш нь далдруулах вэ гэдэг асуудал өдгөө японы эрх баригчдын хувьд толгойны өвчин шахуу зүйл болчихоод байгаа аж. Уг нь энэ хогнуудыг хог боловсруулах үйлдвэрүүдэд аваачиж боловсруулах учиртай. Гэсэн хэдий ч Фүкүшимагийн энэ бүх хог хаягдал цацраг идэвхит бодистой учраас Японы хог боловсруулах аль ч үйлдвэрт аваачих боломжгүй байгаа юм байна.

Зурагт үзүүлсэнээр япончууд өдгөө химийн цацраг идэвхит бодист хордсон шороогоо хүртэл боож баглаад бэлдчихсэн байгаа нь харагдана. Чухам л дээрх план зураг дээр зурагласан төмөр замаар хэзээ хааш нь далдруулахаа мэдэхгүй байгаа цөмийн хаягдлаа япончууд тун удахгүй Монгол Улс руу тээвэрлэж биднийг унтаж байх хойгуур нутаг орны маань хаа нэгтээ булшлах гэж байж ч мэдэх юм.

Уг нь бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ийн индэр дээрээс “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадны хаягдал булуулахгүй” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж энэ тухай зарлиг гаргасан санагдах юм.

Р.Оргил
Эх сурвал: www.time.mn