“Эртээ урьдын цагт” гэж эхлэхэд нь ямар сонирхолтой түүх эхэлж байгаа бол гэсэн шиг нүдээ тормолзуулж, амьсгаагаа дараад л, “Амар сайхандаа жаргажээ” гэж дуусахад нь өөрөө баатар эсвэл гүнж болчихсон юм шиг л санаа нь амраад л нойрсоод өгнө дөө.

Үлгэрт шимтэж байгаа жаахан хүүхдийг том болоод ямар ухаантай, бас сайн хүн болох бол гэж бодогддог. Үлгэр бол зөвхөн хөдөлгөөнтэй, орондоо орох дургүй “зулзага”-нуудыг унтуулах ээж аавуудын арга барил биш юм. Хүүхдийг өөрөө ном уншиж чаддаг болтол нь орой болгон залхууралгүйгээр чанга дуугаар үлгэр уншиж өгч байх хэрэгтэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл...

1. Үлгэр хүүхдийг энэрэнгүй сайхан сэтгэлтэй болгодог

Үлгэр сонсож өссөн хүүхэд, амьтан, ургамлыг хайрлах энэрэх ухаанд суралцдаг. Хорон муу санааг сайхан сэтгэлээр ялж байгаа тухай, хэн нэгэнд тус хүргэвэл түүнийхээ хариуг заавал хүртдэг тухай, амьтан, ургамал ч бас хүн шиг өвддөг, амьдардаг тухай үлгэр сонсох нь дайснуудаа алах зорилготой компьютерийн тоглоомуудаас хэдэн зуу дахин сайн үр нөлөөтэй. Дан ганц үлгэрт биш ер нь номонд дурлаж өссөн хүүхэд оюун санаанаас гадна, сэтгэл зүрхээрээ “боловсорсон” байдаг. Хэрэв та хүүхэддээ үлгэр уншиж өгвөл, таны хүүхэд ямар ч байсан том болоод хүнд муу юм хийхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

2. Үлгэр хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг

“Мэдлэг бол хязгаарлагдмал. Харин төсөөлөн бодох чадвар бол хязгааргүй” гэж суут ухаантан Эйнштейн хэлсэн. Таны хүүхэд үг цээжлэхдээ, тоо бодохдоо, монгол хэлний дүрэм танихдаа мундаг байх л даа. Гэхдээ аливааг ургуулан бодох, ямар нэг хүрээ хязгаарт баригдалгүйгээр чөлөөтэй төсөөлөх чадваргүй бол бусад бүх чадвар сул дорой юм. Кино үзэж байхад, хараа, чих, тархи гурав гурвуулаа ажилладаг учраас төсөөлөн бодох боломж олддоггүй. Харин үлгэр сонсож байхад үйл явдлыг нь нүдээр үзээгүй хүүхдүүд дотроо төсөөлж, өөрсдийн бодол дотор амилуулсан дүрүүдээрээ үлгэрийнхээ үргэлжлэлийг зохиож боддог учраас оюун ухааны цар хүрээ тэлдэг.

3. Үлгэр хүүхдийн үгийн баялагийг сайжруулдаг

Орчин үед харийн оронд хүүхдээ төрүүлж өсгөх эцэг эхүүд олширсон. Түүнчлэн эх орондоо байгаа ч, нэгдүгээр ангиасаа гадаад хэлний ангид орж эх хэлээсээ холдсон хүүхдүүд олон бий. Аялгуут сайхан Монгол хэлнийх нь үгийн болон утгын санг нэмэгдүүлж, эх оронтой нь ойртуулахын тулд орой бүр үлгэр уншиж өгч байгаарай. Ялангуяа Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож дуулж байгаагүй үгс олон орсон байдаг учраас, хүүхдийн чинь өдөр тутмын хэрэглээний үгсийн баялаг нэмэгдэж, уран зохиол болон монгол хэлний хичээл дээрээ алзахгүй.

4. Үлгэр хүүхдийг мөрөөдөлтэй болгодог

Төсөөлөн бодох чадвар сайтай хүүхдүүд мөрөөдөмтгий байдаг. Хэдий анхандаа хийсвэр байж болох ч, хийсвэр мөрөөдлөөс л бодит мөрөөдөл урган гардаг юм. Үлгэрийн баатруудын тухай сонсоод бяцхан ханхүү тань үлгэр дууриал авч зориг орох болно. Сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй, мэргэн гүнж нарын тухай үлгэр сонсоод бяцхан охин тань тэднийг даган дуурайх болно. Таны охин зурагтаар загварын шоу үзээд, модел шиг алхаж сурч,6 настай байхдаа гоё хувцас авч өгөх “тушаал” буулгаасай гэж хүсч байна уу, эсвэл үлгэр сонсоод үзэсгэлэн гоог өөрийнхөө төсөөллөөр л ойлгоосой гэж хүсч байна уу?

Хүүхэддээ үлгэр уншиж өгөхдөө гар утас, зурагтаа унтрааж байгаарай. Анхаарал нь өөр тийш сарнихгүй. Мөн та үлгэрийнхээ дүрүүдэд өөрөө хувирч, өнгө аяст нь хоолойгоо тохируулж уншвал хүүхэд тань илүү сайн хүлээж авна. Ямар ч их ажилтай, хэр их стресстэй байсан ч, хүүхэддээ тав арван минут зарцуулаад орой заавал үлгэрийг нь уншиж өг. Хүүхэд чинь үсэглэж уншдаг болмогц, дэргэдээ суулгаж текстийг нь харуулж байгаад аажуухан уншиж дасгаарай. Үлгэрт дурласан хүүхэд чинь дараа нь өөрөө уншъя гэж таниас гуйх болно. Тэгээд хэдэн жилийн дараа уран зохиолын ном авч өгөөч гэж хэлэх байх. Эртнээс сонгодог зохиолуудаар номын сан бүрдүүлээд эхлэхийг зөвлөе.