02

Манай улс төр гэнэтийн савалгаа, тохиолдлоор дүүрэн. Тиймээс олон түмнээ огтхон ч уйдаадаггүй нь гайхалтай. Б.Батзаяагийн баривчилгаа шуугиан дэгдээж, “Женко” Баттулга МоАХ-аа аваад намаас чинь гарлаа, Засаг чинь будаа шүү гэж хөөрхий Ч.Сайханбилэгийг буланд шахаж бүлтэгнүүлээд долоо ч хоноогүй байхад танхимынх нь сайд Г.Шийлэгдамба хахуулийн хэргээр хэдийнэ хоригдоод төрийн өндөр албанаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаад амжлаа.

Муу Г.Шийлэгдамба яачихаа вэ, арай Н.Энхбаярын хоморгонд хэлмэгдүүлчихээгүй байгаа хэмээн өрөвч зарим нь нулимс дуслуулахаа шахаж байхад өөр нэг хамаагүй дуулиант үйл явдал өрнөөд ирлээ. Өнгөрөгч баасан гаригийн орой УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэн 1992 онд батлагдаад нэгэнтээ өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Их Хурлын спикерт өргөн мэдүүлжээ. Зэрэгцүүлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахаар санал болгов.

Ажлын хэсгийн түвшинд нухацтай нь аргагүй боловсруулж байгаа гэсээр удтал дуншсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шууд анхаарал татахуйц хэд хэдэн ноцтой заалт тусчээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө л 3000 орчим төрийн албан хаагчийн цалинг хасаж танаад 2 тэрбум төгрөг хүрэхгүй зардал хэмнэнэ гээд мөнгөгүйгээ шогширч хутга хайч барих нь холгүй чичирч байсан эрхэм гишүүд маань өөрсдийнхөө эгнээг цаашид есөн есийн хослол бүхий 99 болгон нэмэгдүүлэх санаатай ажээ. Ёжтой зарим нь одоо түшээдээ “албан ёсны 76 мангуу” хэмээдэг бол “99 цэцэн” гэж хойшид дуудуулах мөрөөдөлтэй дэг. Бас тэдгээр цэцэн одоогийн азгүйчүүд шиг 4 жилээр бус, бүтэн 5 жилээр сонгогдоно.

Өршөөлийн хуульд тавьсан хоригоороо эр бяр, эрх мэдэл, сүр хүчээ гишүүдэд хангалттай нотлон харуулсан Эби Ерөнхийлөгчийг маань цаадуул чинь үгсэж байгаад доош хийх нь. Өргөн мэдүүлсэн өөрчлөлтийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс биш Их Хурлын 99 цэцэн өөр бас онцгойлон шилэгдсэн хэсэг Иргэдийн төлөөлөгчийн хамт Их хурлын танхимдаа үгсэж байгаад сонгоно. Сонгогдоод жинхэнэ бэлгэ тэмдэг маань шагнал гардуулж, Их хурлаас тодруулсан шүүгч, Ерөнхий сайдаас нэр дэвшүүлсэн прокурорыг томилсон зарлигийг ёс төдий мутарласан шигээ намбайна. Маргааш Си Зиньпиний урилгаар өмнөд хөршөө зорьж байгаа Төрийн тэргүүн маань наадуулынхаа дамшиглалд ямар хариу барих нь сонин. Бас улаан бүчтэй гурав дахь Ерөнхийлөгч, хоёр дахь Титэм үг, Анхны уурхайчин Ерөнхийлөгч маань юу айлдах нь Шийлэгдамбын хувь заяанаас, Сайханбилэг сэнтийдээ тэсч үлдэх эсэхээс, төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээс ч содон байх болов уу.

Монголын номер 1 эрхэм одоогоор Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн байгаа бол өөрчлөлтийн дараа Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдлийн цөм шилжих нь. Гагцхүү Ерөнхий сайд л танхимын гишүүн, сайд нараа томилж чөлөөлж, огцруулах онцгой бүрэн эрх эдлэх ба Ерөнхийлөгч, Их хуралд энэ тухай шийдвэрээ дуулгахад л хангалттай.

Төслөөр Ерөнхийлөгч л эрх мэдлээ хуниулаад зогсохгүй улс төрийн намууд ч гар хөлөө тайруулна. Нийслэл, аймаг, дүүрэг, сумдын Иргэдийн хуралд сонгогдохын төлөө нөж гартал өөр хоорондоо үзэлцдэг байсан намын гишүүд өөрчлөлтийн дараа зөвхөн иргэнийхээ хувиар нэр дэвшиж хамаатан садан, найз нөхдөөрөө гул барин түмний итгэл хүлээхээр довтолгоно.

Үндсэн хуулийг баталсан БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч дарга байсан Н.Батбаяр, парламентад хамгийн олон удаа сонгогдсон туршлагатай Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, С.Баярцогт нарын эрхэм гишүүд иймэрхүү томоохон өөрчлөлтүүдийг өргөн мэдүүлсэн төслөөрөө санал болгож байгаа төдийгүй Их хурлын Тамгын газраас мэдээлснээр УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувь нь тэднийг дэмжиж гарын үсгээ зурсан гэх шуугиан амралтын өдрүүдээр ч тархаад амжлаа.

Гарч буй долоо хоногт УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр эрх баригчид аль хэдийн шийдчихээд байна. 1995 онд баталснаас хойш нэг ч удаа хэрэглээгүй Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд нэн яаралтай өөрчлөлт оруулаад алдарт хар машинаараа манийхаа саналыг гялс авсан болоод энэ 76 өөрсдөө 99 болох замаа засч байгаа нь тодорхой боллоо. Үндсэн хуулинд оруулсан дордохын долоон өөрчлөлт гээчийг яг ингэж шуураад гүйцэлдүүлж байсан муу туршлагатай нөхөд эх хуульд дахин засвар оруулах төслийг санаачлаад гүйж байгаа нь бүр ч эргэлзээ төрүүлж байна.

Гэхдээ Үндсэн хуулинд гар хүрэх амаргүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэгд, Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална гэж хуульчилсан. Энэ өндөр босго бол дор хаяж 57 гишүүн зөвшөөрч байж аливаа нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болно гэсэн үг. Одоогийн УИХ-д Ардчилсан нам 35, МАН 26, Шударга ёс эвсэл 10, ИЗНН 2 төлөөлөлтэй, мөн бие даагч 3 гишүүн бий. Үндсэн хуулиа өөрчлөх 57 гишүүнийг зөвхөн АН, МАН хоёр тохирч байж л багцалж чадна. Тиймээс Н.Батбаяр нарын хүсэл мөрөөдөл гүйцэлдэх эсэхийг саяхан Засгийн газраас зургаан сайдаа хөөлгөөд уур нь дарагдаагүй МАН-ын бүлэг л тодорхойлох болно. Улс төрийн шоглоом, тохуурхал ч гэмээр. Өөрөөр хэлбэл өмнө нь Их хуралд 73-ын бүдүүн бүлэг гээчийг АН-тай хамтарч байгуулаад БНМАУ-ын анхны дэд Ерөнхийлөгч Р.Гончигдоржийг бүлгийн дэд даргаараа сонгож элдэвлэж байсан МАН дахиад л хөзрийн тамга атгаж байгаа хэрэг. Хэрэв МАНАН, эсхүл АНМАН эдүгээ амьд хэвээр бат бөх оршин тогтнож байгаа бол шинэ жилийн шампань дарстай цуг манай 76 эв нэгдэлтэйгээр Ерөнхийлөгчөө буулгаж авсны баярыг хамтатган тэмдэглэж магадгүй л юм.

Учир нь Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно гээд хориглочихсон учир ирэх 12 дугаар сарын 31- нээс өмнө л амжиж “төр эргүүлэх” шаанс төсөл санаачлагчдад үлджээ.

Х.Дөлгөөн

http://politik.mn/