"Нэг сайн эцэг зуун сайн багштай тэнцэнэ" гэсэн англи хэлний зүйр үг миний бараг амны уншлага шахам болчихож дээ. Гэр бүлийн орчин хүүхдийн төлөвшилд хичнээн чухлыг үүнээс илүү голч хэлнэ гэж юу байхав. Маргааш эхлэх сургалтанд хүүхдээ өгөх гэж байгаа эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд та нарын үүрэг сургалтын үр дүнд маш чухал гэдгийг ухаараарай. Бид сургалтанд ямар үүрэгтэй байдаг юм бэ гэж бодож байгаа ганц нэг хүн байвал наад тавьсан асуултаа жаахан тулхтай бодоод үз.

Таны хүүхдийг ургаж байгаа цэцэгтэй зүйрлэх бөгөөс үржилт хөрс шороо нь эцэг эх буюу гэр бүлийн орчин бөгөөд харин багшийн заах арга эрдэм мэдлэг гэдэг бол ус, бордоо гэдэг талаас нь тайлбарлаж ч болох юм. Өөрөөр хэлбэл багш, эцэг эх, хүүхэд гэсэн гурван талын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол сургалтын эцсийн үр дүнд маш чухал үүрэгтэй байдаг байх нь ээ.

Хүүхдээ сургалтанд хүргэж өгөхдөө утаатай Улаанбаатарынхаа өвөл цагийн түгжрэлийг сайтар тооцдог юм шүү.

Өвлийн амралтынх нь үеэр ангийн багш нь хүүхдэд чинь дааж давшгүй их гэрийн даалгавар өгчихсөн байх вий. Тэрийг багштай нь холбоо барьж зохистой түвшинд шийдэх нь бас л таны үүрэг.

Гайгүй сурахаар янзтай хүүхэд нэг л доголдоод байгаагийн учрыг нягтлахаар амралтыг нь ашиглаад англи хэлний, математикийн дамжаанд давхар оруулчихсан юм гэх буюу жаахан томыг нь болохоор жолооны курсэд сургаад одоо төгсөх гэж байгаа. Харин одоо яг жолооны шалгалт нь давхацчихаад байна гэх тохиолдол олон байдаг. Нэг чигтэй сургалт маш чухал шүү гэдгийг энд онцлон хэлэх гээд байгаа хэрэг л дээ.

За тэгээд цаашилбал хүүхэд чинь цаг наргүй гар утас, компьютерээрээ тоглоод, фэйсдээд, тэр хэрээр гиюүрээд суучихдаг бол сургалтын үр дүнд тэр хэрээр нөлөөлөх нь тодорхой. Багш түүний цаад учрыг хэлж сануулна уу гэхээс биш, тэр бүхнийг хянаж яахин чадах билээ. Ядаж сургалтын үед зөв хэрэглээ талаас нь хянаж байх үүрэг бас л эцэг эхийнх.

Энэ мэт зүйлс дээр сайтар харилцан ойлголцоод, гар нийлэн хамтран ажиллаж чадвал эрдэм мэдлэгийн саглагар өндөр мод үр жимсээ харамгүй хайрладаг жамтай.