“Эх орон хаанаас эхэлдэг вэ” гэж сайхан дуу байдаг. “Хаврын арван долоон учрал” гээд олон ангит киноны дуу, яруу найрагч Марк Бернес үгийг нь бичсэн. Сэтгэлд хоногшсон тэр дууг бидний үеийнхэн сайн мэднэ. “ Эх орон хаанаас эхэлдэг вэ? Үсэглэлийн номны зургаас эхэлдэг үү? Үнэнч сайн нөхдөөс минь эхэлдэг үү? Ээжийн бүүвэйн дуунаас эхэлдэг үү?...” гээд л.


Эх орон хаанаас эхэлдэг вэ гээд л дунд сургуульд байхад зохион бичлэг хийлгэдэг, хүүхэд болгон өөрийнхөө төсөөллийг бичдэг байлаа. Одоо ч хүн бүр өөр өөрийнхөөрөө бичих, өөр өөрийнхөөрөө төсөөлдөг биз. Эх орон гэдэг өргөн утгатай болохоор бүгдийнх зөв гэж дүгнэж болно.
Эх оронч үзэл ба тусгаар тогтнол
Харин эх оронч үзэл хаанаас эхэлдэг вэ? Бас л өргөн утгатай ойлголт. Гэхдээ би өнөөдөр орчин үед нэгэн улсын хүрээнээс хальж нэг тив, нэг бүс нутаг, нэг гэр орон , бүр цаашлаад эх дэлхий бидний эх орон гэж тэлж задгайрсан эх оронч үзлийн тухай ярих гэсэнгүй.


Бас би өнөөдөр эх орны хилийн дээс, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан баатар жанжин, цэрэг эрс уламжлалт эх оронч үзлийн талаар ярих гэсэнгүй. Социализмын үед бидэнд энхрий хайрт нам засгаас олгосон цэрэг эх оронч үзлийг шүүмжлэх гэсэнгүй.
ЮНЕСКО-гийн судалгаагаар дэлхийчлэх хандлага хүч түрж мэдээллийн хурд асар ихсэж голлох хэлүүд хүрээгээ тэлж жил тутам арав хорин хэл мөхөж буй гэсэн мэдээ ч бий. Яг ийм үед эх хэлээ, үндэсний ухамсар,сэтгэлгээ,соёлын тусгаар тогтнолоо хамгаалж Улсын Их Хурлаас баталсан “Төрийн эх хэлний тухай” хууль үнэхээр цаг үеэ олсон талархаад баршгүй үйл явдал. Гэхдээ бас энэ тухай ярих гэсэнгүй.


Эх орны минь тусгаар тогтнол хил олон улсын эрх зүй болон демаркацийн баталгаажуулалтаар хангагджээ. Гэвч үүнд сэтгэл ханаж санаа амарч болохгүй юм. Орчин үед зэр зэвсэг хангинуулаад агаараар ч юм уу, газраар, нөгөө алдарт төмөр замаар хэн нэгэн нь бидний тусгаар тогтнолд аюул учруулна гэдэгт би л лав итгэхгүй байна.
Харин эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах аюул та бидэнд илэрхий харагдаад байхад төр засаг, ард түмэн санаагаа бага зовоож, сэтгэлээ бага чилээж байгаа нь надад түгшүүртэй байна. Эдийн засгийн аргаар л бидний тусгаар тогтнолыг орчин үед үгүй хийх магадлал дэндүү их байна.
Социализмын тогтолцооны үед манай үндэсний үйлдвэрлэлийн 80-аас илүү хувь нь тэр үеийн ЗХУ-аас хараат болсон гашуун түүхийг тийм хурдан мартмааргүй байна. Одоо ч манай улс өмнөд хөршөөсөө хэтэрхий хараат болж байгаагаа анзаарахгүй байна гэж үү. Далай ламыг Монголд айлчлууллаа гээд хөрш улс маань боомт хотынхоо зарим байгууллагын ажлыг түр зогсооход л бид балрах шахсан түүх саяхных шүү дээ.
Браво, засгийн газар ! Баяр хүргэе !


Тийм ээ, би эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын талаар ярих гэсэн юм. Алдаж онож байгаа ч энэ засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ихээхэн зүйл хийх гээд хичээж байна. Хийж эхэлж ч байна. Аж үйлдвэрийн яам байгуулсан нь том алхам. Хүнд суртлын яам битгий болоосой, Хөл тушиж чангаасан хөшүүн яам битгий болоосой. Зөв эхэлж байгаа шигээ зөв яваасай, бодлогын яам байгаасай, ямар үйлдвэрлэлийг түлхүү дэмжихээ зөв тодорхойлоосой гэж ерөөх л үлдэж байна.


Сонор мялаах сайхан мэдээ ховордсон өнөө үед засгийн газрын хуралдаанаар үйлдвэрлэлийг дэмжихэд дорвитой алхам хийсэн хоёр тогтоол баталсан нь тун ч сайхан байлаа.Төсвийн мөнгөөр дотоодоос худалдаж авах барааны жагсаалтыг баталлаа. Цэвэр ус, ариун цэврийн цааснаас өгсүүлээд ширээ сандлаа гээд наяад төрлийн барааг зөвхөн дотоодоосоо авах боллоо. Одоо төрийн түшээд маань тогтоол журмаа мөрдөнө гэдэгт найдаж байна. Зөв явбал улам олон нэр төрлийн барааг энэ жагсаалтдаа нэмэх биз.


16 жилийн дараа засгийн газраас өндөг, боловсруулсан махан бүтээгдхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх гээ арав гаруй нэр төрлийн бараа бүтээгдхүүний гаалийн албан татварыг нэмэх шийдвэр гаргаж байна. Браво, засгийн газар! Баяр хүргэе!
Олон түмээн! Одоо бидний ээлж!
Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь дан ганц төр засгийн бодлого биш бүх ард түмний үйлс гэж чангаас чанга, чадлынхаа хэрээр хашгирмаар байна. Тэр атугай сурсан социалист зангаар лоозогнож уриалмаар байна.


Өнгөрсөн зууны жараад оны үед өмнөд Солонгосын ерөнхийлөгч яг ингэж уриалж зөвхөн үндэснийхээ бүтээгдхүүнийг хэрэглэх санаачилга гаргаж, өөрөөсөө эхлэн үндэснийхээ тамхийг татаж байжээ. Тэр үеийн солонгос тамхи гэж ямар өөдтэй л юм байв гэж. Гэтэл ерөнхийлөгч нь татаад эхлэхээр үйлдвэрлэгчид хичээсэн л байх. Засаг нь ч ард түмэн нь ч дэмжихээр үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй яах вэ дээ. Харин тавин жил өнгөрчихөөд байхад, үйлдвэрлэл нь дэлхийд тэргүүлээд байхад ерөнхийлөгчийнхөө тэр уриалгад үнэнч байдаг Солонгосын ард түмнийг хүндлэхээс аргагүй. Наад зах нь Монголд Кореан айраар ирээд буцна. Солонгос зочид буудлууддаа буудаллаж, солонгос хоолныхоо газруудад хооллохыг хараад эх оронч үзлийг нь бишрэхээс аргагүй.


Бид худлаа цээжээ дэлдэж, хуурамч үгсээр уралдах биш, Солонгос хүмүүс шиг үйлдлээрээ эх орныхоо үйлдвэрлэлээ дэмжиж хөл дээр нь босгомоор байна. Дэлгүүрийн лангууны араас л эх оронч үзэл танигдана, харагдана. Витсамогийн ундаа, Говийн ноолуур, Газаршимийн даршилсан ногоо авах юм бол нэг ч гэсэн монгол хүний ажлын байр, цалин мөнгө баталгаатай болно. Саяхан эмнэлэгт хүн эргэхдээ Витафитийн ундаа, Говь шоколад, Ховдын давжаа алим , Хөвсгөлийн нэрс, дархлаа сэргээх Цэнэг ундаагаа аваад очлоо. Найз минь их гайхаж байна лээ. Тэгтэл өрөөгөөр нь дүүрэн импортын жимс, ундаа байхыг хараад би ойлгосон л доо. Намайг эх орныхоо хямд бүтээгдхүүн аваад мөнгөө хэмнэсэн харамч амьтан гэж бодож байх шиг. Бодвол бодно л биз.Би тийм л хүн. Сувилалд байгаа ээжийгээ эргэхдээ ч эх орныхоо бүтээгдхүүн аваад очдог. Гэртээ ч мөн адил. Нэг ч гэсэн монгол компани орлого олж техник, технологио шинэчлэг л дээ. Шударгаар олсон мөнгөө мэдээж Швейцарийн банкинд нууж үхмэл хөрөнгө болгохгүйгээ бизнес эрхлэгч мэднэ. Ахиад л үйлдвэр үйлчилгээ, ажлын шинэ байр бий болно. Таны авсан бүтээгдхүүний мөнгө бас нэг монгол хүний цалин болоод очно. Тэгж л Солонгосчууд хөгжсөн. Бүх л улс тэгж хөгжсөн.Үйлдвэрлэгчид нь аль болох хямд чанартай үйлдвэрлээд, төр нь дэмжээд, ард түмэн нь хэрэглээд л ...Наймаачин улсаас үйлдвэрлэгч улс руу !

Академич Лувсангийн Хүрэлбаатар