Онгоцондоо суусны дараа ингээд эх орондоо эсэн мэнд эргэн ирлээ гэж бодохдоо би 14 жилийн хугацаанд ганц ч удаа нутагтаа очоогүй шүү дээ. Би яамар их тэвчээр гаргав аа гэж л бодож явлаа. Монголын шинэ БОИНГ онгоц 3 заалтай, эгнээндээ 9-10 суудалтай, их том онгоц юм билээ. Би хүн болсоор онгоцонд цөөхөн суусан хүн. Монголын Радио Телевизийн Хэрэг Эрхлэх газарт ажиллаж байхдаа, ажлын шугамаар Архангай, Говь-Алтай аймаг руу АН-2 онгоцонд анх удаа сууж үзэж байсан. Тэгээд л БНСУ руу БОИНГ онгоцоор аяласан. Миний сууж үзсэн онгоцноос хамгийн том нь энэ онгоц байлаа. Би онгоцонд үхрийн махтай хоол, цагаан дарс захиалсан. Онгоц хөөрснөөс 1 цагийн дараа савлаж, машин шороон зам дээр явж байгаа юм шиг донсолж эхэлсэн. Энэ үед онгоцны радио узелеер: - Хүндэт зорчигчид оо!Тус тусынхаа суудалд сууж, хамгаалалтын бүсээ хийнэ үү. Онгоц агаарын шуурганд орж байна гэж зарласан. Энэ байдал 2 удаа давтагдсан. Би хажуудаа сууж яваа залуугаас онгоц ингэж донсолдог юм уу? гэж асуухад: - Тэр залуу мэдэхгүй. Би онгоцоор олон удаа аялаж байсан. Анх удаагаа л тааралдаж байна гэж хариулсан. Тэр залуу байсхийгээд л суудлынхаа кнопыг дарж, үйлчлэгчээр пиво зөөлгөн ууж байв. Намайг та пиво уухгүй юм уу? гэхэд: - Би бичиг баримтны зөрчилтэй яваа учраас согтууруулах ундаа үнэртүүлж, хүний дургүй хүргээд хэрэггүй биз дээ гэж хариулав. Би онгоцонд суусан цагаасаа л БНСУ-ын цагаачлалын албаны мөрдөн байцаах газар 5 цаг суусан. Монголынхоо хил дээр түүнээс илүү олон цаг болох байхдаа л гэж бодож байсан. Онгоц хөөрснөөс 2 цагийн дараа онгоцны цонхоор харахад, үүлний хэлбэр дүрс нь хүртэл Солонгосынхоос шал өөр болсныг анзаарсан. Би онгоцны голын 4 суудлын захын суудалд сууж явсан. Онгоцны үйлчлэгч хил, гаалиар нэвтрэх бичгийг заримд нь тараагаад, заримд нь өгөхгүй байснаа, надад 1 ширхэгийг өгсөн. Би энгэрийнхээ карманд байсан балаараа бөглөх гэтэл миний бал улаан өнгөтэй байсан учир би үйлчлэгчийг дуудаж, улаан өнгөөр бөглөж болох уу? гэж асуухад: - Та Монгол хүн бол бөглөх хэрэггүй гэлээ. Намайг Солонгост ажиллаж, амьдарч байхад, Солонгосчууд миний царайг хараад, Монгол хүн гэдэггүй, Узбекстан, Казакстан хүн гэцгээдэг байсан. Онгоц цагийн хуваарийн дагуу Монголын Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Би нилээн хойгуур буугаад, хилээр нэвтрүүлэх зурваст ирэхэд, 3 хэсгээр шалган нэвтрүүлж байлаа. Би хил гаалиар өмнө нь гарч байсан туршлагаараа алсаас аль зурвасаар хүмүүсийг хурдан гаргаж буйг ажиглаж зогслоо. Тэгээд хурдан гаргаж буй зурваст дугаарлан зогсов. Миний ээлж ирэхэд, би паспортоо шалгагч хүүхэнд өгөхөд, миний паспортыг авч үзснээ: -Та хаанаас ирж байгаа юм бэ? гэж надаас асуув. Аргагүй шүү дээ...Ямарч виз, гарсан дардасгүй, шинэ паспорт юм чинь. Би Солонгосоос ирж байна гэж хариулав. Энэ хоорондоо миний овог, нэр, регистрийн дугаарыг компьютортоо хийгээд: - Та хуучин паспортоо яасан бэ? гэж надаас дахин асуусан. Би наад асуудлаас чинь болоод, Солонгосоос 2 жил ирж чадалгүй, өнөөдөр арай л гэж ирлээ гэв. Та тэгээд шоронд суусан юм уу? гэж асуусан. Би арай шоронд суугаагүй, гадуур л байцаагдаж байсан юм гэж хариулсан. Тэр хүүхэн өөр кабинд зогсож байсан залууг дуудаад, миний талаар түүнд хэлсэн. Тэр залуу нь ээлжийн ахлагч бололтой. Тэр залуу нөгөө хүүхэндээ намайг шууд гарга! гэсэн. Би Монголынхоо хил дээр олон цаг болно гэж бодож байсан чинь Эх орон маань иргэндээ хүнд суртал гаргалгүй, элэгсэгээр хүлээн авахад, өөрийн эрхгүй, нулимс гарсан даа...Нүдээ бушуухан гараараа шударчихаад л цаашаа алхлаа. Чемоданаа аваад тосон авагчид руу явав. Тосон авч буй хүмүүсийн толгой дээгүүр харж явахад, эхнэр маань нилээн цаана гараараа даллаж байгаа харагдлаа. Би эхнэрээ тэвэрч аваад: - За хань нь нэг юм ирлээ дээ гэж хэлээд үнслээ! Энэ олон жилийн дотор манай хил, гаалийнхны хүмүүстэй харьцаж буй харьцаа их сайхан соёлтой байна билээ. Эхнэр маань намайг Солонгост надтай хамт замд ажиллаж байсан дүү Батжаргалтайгаа тоссон юм. Бид Батжаргалын машинд суун, Яармаг, Зайсан, Үндэсний амралтын цэцэрлэгт хүрээлэн, Төмөр замын гарцаар, Наран туул захын баруун талд байрлах, Ногоон төгөл хотхонд хүүгийнхээ байранд ирлээ. Бид Богд уулын араар тавьсан, шинэ замаар явж ирсэн юм. Эх орон маань бүтээн байгуулалт явагдаад, өнгө, төрхөө өөрчилсөн байна билээ. Би Солонгосын бүгчим агаараас, өөр Эх орныхоо цэнгэг агаараар амьсгалж, сэтгэл сайхан байлаа. Солонгост агаар бүгчимхэн, салхигүй, жигнүүр шиг л пүн хийгээд л хөлс урсаад байдаг бол Эх орны маань цэнгэг агаар, Малгайн чинээн үүл дайрахад л салхи нь сэвэлзээд л...үгээр илэрхийлэх арга алга даа! Би хүүгийндээ орж, ачаагаа тавиад, цай, хоол идсний дараа шууд зуслан гарсан. Манай хадмууд, нэг дороо Бэлхэд зусланд гардаг юм. Маргааш нь ямааны хоргог идэж, айраг уугаад л...Би айрагнаас их уугаагүй. Гэдэс гүйлгэх болов уу гэтэл яагаачгүй. Зусланд хэд хоноод, Чойрт эгч, хамаатан, садан, 10-н жилийнхээ найзуудтайгаа уулзаж, 2 хоноод, Замын-Үүд рүү явсан. Тэнд мөн дүү, хамаатан садангуудтайгаа уулзсан. Чойр, Замын-Үүд рүү явахдаа, залуу үеэ дурсч, галт тэргээр аяласан. Галт тэрэг мөн соёлтой, боловсон үйлчилгээтэй, хүн цөөтэй, “Туулай” байхгүй болсон байна. Мөн хол ойр явахаас шалтгаалан 1-3 ширхэг цайны мөнгийг билетэнд хамт суутган авдаг болжээ. Замын-Үүд-3 ширхэг, Чойр-2 ширхэг, Мааньт-1 ширхэг цай өгч байна, Намайг Эх орондоо ирэнгүүт л хүү араас утасдаад, 8 сарын 5-нд хурим хийж өгөөч гэлээ. Энэ ч бас бодох л асуудал. Би энэ жилдээ биш дараа жилээс хийе гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Эхнэр, хүү 2 заавал энэ жил хийнэ гэж намайг шахлаа. Эхнэр ламаас хүүгийнхээ хуримыг хэзээ хийвэл сайн өдөр болохыг асууж, 8 сарын 6 гэж товлов. Ач хүү 5 настай, ач охин 3 нас өнгөрч байгаа. Намайг гадаадад ажиллаж, амьдарч байснаас хүүгийн хурим хойшлогдсон нь үнэн. Би ч бас залуудаа аав, ээж 2-ыгоо хурим хийж өг! гэж сандаргаж байсан юм. Эхнэр бид 2 гэрийнхэн дотроосоо хурим хийж суусан. Сталин “Түүх хоржоонтой дахин давтагддаг” гэж хэлсэн нь миний санаанд орж билээ. Эхнэр бид 2 хуримын ордон, Чингис зочид буудлын хуримын цогц үйлчилгээ явуулдаг газартай уулзаж, гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлөв. Хуримын цогц үйлчилгээ нь: Хоол, ундаа, 1 хүнд 75 грамм архи, вино, торт, заал, хөгжим, хосуудад Лимузин машинаар үйлчилнэ гэсэн. Чингис зочид буудлын Их өргөө танхимыг 4 цаг хөлслөн авах, уригдан ирсэн 1 зочинд 79.900 төгрөгний менютэй юм байна. Би олон жилийн дараа эргэн ирээд, урд найз байсан, олон хүмүүстэй уулзсан. Найз нөхөд, хамаатан садангууд бүгд хөндийрчихдэг юм билээ. Би хүүгийнхээ хуримын мөнгийг босгох гэж үнэхээр сандарсан. Энэ том ажлыг эхнэр маань дааж гарсныг хэлэх хэрэгтэй. Хүүгийн хурим товлосон хугацаандаа сайхан болсон. 6 сарын 24-нд манай гэр бүл, эхнэрийн ихэрийн гэр бүл, баз хүргэний гэр бүл, хадам эгч гэр бүлээрээ бид нар тус тусын машинтай УБ хотоос Хөвсгөл нуур орох аялалааар хөдөллөө. Бид УБ-Дархан-Хөтөл-Эрдэнэт- Булган-Хөвсгөл-Хатгал гэсэн чиглэлээр дандаа засмал замаа явсан. Хатгалаас Хөвсгөл нуур орох 30-аад км газар шороон замаар явав. Хөвсгөл аймагт манай гэр бүлийг надтай Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг хамт төгссөн Сүхбаатар хүлээн авч уулзсан. Би 1996 онд Радио Телевизийн Техникийн компанид ажиллаж байхдаа ажлын шугамаар Хөвсгөл аймагт очихдоо анх уулзаж байсан. Түүнээс хойш бид 2 уулзаагүй. Сүхбаатар одоо Хөвсгөл аймгийн Аяны жолоо хүнсний үйлдвэрийн захирлын албыг хашдаг. Бид нарыг үйлдвэртээ урьж, үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай танилцуулж, бүтээгдэхүүнийхээ дээжээс бидний аян замын хүнсэнд нэмэр болгон бэлэглэсэн. Сүхбаатар надад манай ангийн Д.Энхтайван Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын газар ажиллаж байгаа. Хатгал ороод сураарай! гэсэн. Би Хатгалаас Энхтайваныг сурахад, Тайван гуай нууран дээр байгаа гэв. Энхтайван бид 2 сургуулиа төгсөөд, Зүүнбаянд 1 ангид хуваарилагдан, 1 гэрт жил гаруй хамт амьдарсан юм. Би Энхтайвантай 1985 оноос хойш огт уулзаагүй. Хатгалаас Хөвсгөл нуур руу явахад, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын газрынхан хогийн гялгар цагаан уут өгч, хүн бүрээс 200 төгрөг хураадаг юм байна. Мөн Хөвсгөл нуурын танилцуулгыг өгсөн. Би танилцуулгыг үзэж байтал, манай Энхтайваны зураг түүн дээр байсан. Би Энхтайвантай уулзвал түүнийг таних юм байна гэж бодож явлаа. Бид Хөвсгөл нуур ороод, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтынхан дээр очоод, Энхтайваныг сурахад, Тайван гуай дээшээ хог ачуулахаар явсан удахгүй ирнэ гэсэн. Тэд нарт би Энхтайвантай хамт Цэргийн сургуульд хамт суралцсан найз нь түүнийг иртэл энд буулгүйгээр хоол, цай хийж хүүхдүүдээ хооллоё! гэж гуйлаа. Тэд нар зөвшөөрч бид хоол, цай хийж, жирэмсэн хүүхнүүд, хүүхэд, багачуудаа хооллож байтал, Энхтайван ажилчид руугаа ирж яваа харагдлаа. Би босож Энхтайваны зүг алхлаа. Энхтайван намайг анзааралгүй, ажилчидтайгаа л юм яриад байна. Энхтайваныг яриад дуусахаар нь би даргын амарыг эрье! гэхэд, над руу харж, жаахан азнаснаа: - Хөөе чи энд юу хийж яваа юм бэ? гээд сүйд боллоо. Бид 2 манайхан дээр ирж, баахан ярьж, хөөрч суув. Энхтайван та нар эндээ майхнаа бариад, дураараа амарч байгаад буцна биз гэлээ. Маргааш өглөө нь Энхтайван загас, загасан консерв авчиран бид нарыг дайлсан. Бид Хөвсөл нуурт 2 хоног сайхан амраад буцацгаасан. Хөвсгөл нуурын ус цэнгэг, их хүйтэн байлаа. Энхтайван наадмын дараа ирвэл, нуурын ус дулаахан байдаг гэж ярьж байсан. Хөвсгөл нуурыг тойроод, аялал, жуулчлалын баазууд ихтэй болсон байна. Тэндээс моторт завиар хүмүүс Хүслийн хад руу явцгааж байлаа. Мөн Хатгалаас моторт завь, Сүхбаатар хөлөг онгоцоор бас явцгаадаг юм байна. Моторт завь нь Хүслийн хадан дээр очоод, хүмүүс нь бууж, хадан дээрээ гардаг гэнэ. Сүхбатар хөлөг онгоц нь Хүслийн хаднаасаа 5-6 км-ийн наана зогсдог юм гэнэ. Аялалын турш харж явахад, энэ жил бороо багатай, ихэнх нутаг гандуу байлаа. Булган аймгийн нутаг арай гайгүй зуншилгатай харагдаж байв. Олон жилийн дараа эх орондоо ирээд, Наадмаа нүдээрээ үзлээ. Наадам сайхан болсон. Хонины гэдэс, хорхог, айраг...сайхаан. Чойрын 10-н жилийн сургуулийг төгссөний 35 жилийн ой тохиогдож, манай ангийн Ч.Батдорж ангийнхнаа Сэлэнгэ аймагт урьж, Говийн бид нар Хангайг үзэж, гайхширав. Дорноговь аймгийн Айраг сумаас Н.Нарангэрэл, О.Мөнгөнцэцэг, Чойроос Т.Энхтөр нар галт тэргээр 7 сарын 13-ний өглөө УБ хотод ирэхэд, Эрдэнэбаатар, Д.Батмэнд, М.Цэндмаа бид нар нийлж, Дархан хотоос Ц.Өлзийбат нэмж сууснаар бид Сэлэнгэ аймгийг зорьсон. Батдорж ангийнхныгаа Сэлэнгэ дээр тосч аваад, Номтын жуулчины баазад аваачин, гэрт байрлуулсан. Бид нар гэрт орж, төвхөнсний дараа гадаа бороо ороод байгаа юм уу гэмээр шуугиад л...Бид нар хоол идэхээр гарахад, бороо ороогүй, модны мөчир салхинд шуугьж байсан юм билээ. Говийнхон гэж... Батдорж хөөе энэ Говь биш Хангай гэж бид нарыг шоолж инээгээд л...Бид нар Сэлэнгэд 3 хоног болохдоо, Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс, 2 элс, Сайханы хөтөл, Ээж мод гэх мэт байгалийн сайхныг үзэж, уул, усыг үнэхээр биширсэн. Би ийнхүү аялал, зугаалга, уулзалтанд явж байхдаа, хааяа нэг хундаганы үг хэлэхдээ: - Олон жил гадаадад ажиллаж, амьдарч эсэн мэнд эргэн ирж, та нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна гэж хэлж байлаа. Эх орондоо ирчихээд, замын хажуугаар явж байхдаа, би бондгос, бондгос гээд их цочдог байсан. Манай нийтийн тээврийн автобус, троллейбус, микро автобус, машинууд ямар их дуут дохио хангинуулдаг юм бэ?! Нэг нэгийгээ дагаад, тасралтгүй орилуулах юм аа. Сүүлдээ би чихээ дараад зугтааж байгаа юм чинь...Манай хувийн жижиг машинууд бүгд таксинд явна. Автобусны буудал зогсчихоод, урд нь зай байхад, урагшлахгүй. Тэгээд автобус, троллейбус нь арагшаа сунаад, зорчигчид нь 20-30 метр хойшоо гүйж, унаандаа суух үе байх юм. Буудал дээрээ ирсэн автобуснууд явахгүй 3-5 минут зогсоод байхаар, би аргаа бараад, кондуктороос нь яагаад явахгүй байгаа юм бэ? гэж асуухад, өөдөөс хүн дүүрээгүй байна аа гэх юм. Намайг олон жил гадаадад амьдарч байгаад ирсэн болохоор эхнэр, найз нөхөд, хамаатан садангууд чи газраа мэдэхгүй гээд зааж өгөхгүй юм. Би ямар урд нь энд амьдарч байгаагүй биш заагаад өгвөл, газраа олно шүү дээ гэв. Тэгэхээр зааж өгч байгаа нь УБ их дэлгүүр гэх юм. Би тэр нь хаана байгааг мэдэхгүй юм чинь. Хүн ер нь шинэ юманд амархан дасдаг бололтой. Хуучинаар Мэргэжилтний 20, Буузтай гуанз гэвэл би шууд олох байхгүй юу. Мөн Бөмбөгөрөөс Их дэлгүүр орох замыг би сайн мэднэ. Гэтэл тэр замыг маань таглаад, замбараагүй барилга бариад, хашаагаар таглачихсан байна. Би хаагуур нь тойрч гарахаа мэдэхгүй мухарт орчихоод байлаа. Ийм байдал хотын хаа сайгүй адилхан тааралдана. УБ хотын гудамжны цэвэрлэгч нар Солонгосын метроны буудал, том том автобусны вокзал зэрэг төвлөрсөн газрын үйлчлэгч нар шиг 2 дугуйтай, том хуванцар тэрэг түрэн, хогоо хамаад, дүүрэхээр нь хаа нэгтэй төвлөрсөн хогийн цэг хүртлээ түрж хүргэж өгдөг юм байна. Зуны халуун, өвлийн хүйтэнд тэгж эд нарыг нааш, цааш нь явуулж, цаг алдаж байх хэрэг юу байна аа! Манай хотын удирдлагууд төсвийн хөрөнгөөр гадаад руу явж, их л туршлага судалдаг гэх юм билээ. Гудамжны цэвэрлэгч нартаа Солонгос улс шиг хогны гялгар уутнуудыг нь өгвөл, тэд нар хогоо дүүрэхээр нь тэндээ тавиад л...араас нь машин яваад аччихвал хэн хэндээ амар баймаар юм даа. 7 сарын 28-наас УБ хотын нийтийн тээврээр зорчигчид картаар үйлчлэх болсон нь харин дэвшил шүү! Анхны өдөр хүмүүс будилаад л...хэл ам их хийж байсан. Сарын дараа жигдрээд ном, журмаараа явагдаж байна.