Хуулийн цоорхой л гэж энэ байх. Саяхан Улсын дээд шүүхийн хуралдаанаар эхнэрээ тарчлан зовоож, амиа хорлоход хүргэсэн цагдаагийн хошууч А.Отгонбаярын хэргийг эцэслэн шийдэв. Ингэхдээ А.Отгонбаярыг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 2 цагийн орчимд эхнэр Т-тэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан муудалцаж, улмаар үснээс нь зулгааж, алгадан харгис хэрцгий харьцсаны улмаас Т зүүн тохойн тус газраа хутгаар өөрийгөө зүсэж, улмаар цонхноосоо унаж амиа алдсан. А.Отгонбаяр нь 2006 оноос 2014 он хүртэл хохирогч Т-г удаа дараа байнга зодож тарчлаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэн, 4 жилийн хорих ял оноосон юм.

Мөн төрсөн охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогтод прокурорын байгууллагаас 5 жилийн хорих ял төлөвлөн шүүхэд шилжүүлээд байна. Түүнийг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж 5 жилийн хорих ял төлөвлөөд байна.

Мэдээж прокурорын төлөвлөсөн хорих ял, эхнэрээ тарчлан зовоож үхэлд хүргэсэн гэх цагдаагийн хошуучид оноосон ялд иргэд ихэд бухимдалтай бас шүүмжлэлтэй хандаж байна. Гэвч ард түмэнд шүүмжилж, бухимдахаас өөр арга алга.

Гэтэл АНУ-д амьтантай зүй бус харьцсан, нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлсэн гэж нэгэн залууд 5 жилийн хорих ял оноожээ. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө хошуугаа боолгосон өрөвдөлтэй нохой дэлхий дахины анхаарлын төвд орсон. Түүнийг хэцүү байдалтай байхад нь гудамжнаас олсны дараах зураг цахим ертөнцөөр маш хурдтай тархаж твиттер, фэйсбүүкийг дүүргэсэн юм. Түүний хошууг гурван өдийн турш маш чанга боож тамласан байсан гэдэг. 15 сартай нохой хошуугаа боолгосноос болж хэлээ хазаж, толгой нь битүү хавдсан байсан бөгөөд юм ч идэж чадахаа байжээ. Тиймээс нохойг тамлан зовоосон эзнийг нь хайж олоод 9 000 доллараар торгосон бөгөөд 5 жил хорих ялаар шийтгэсэн гэнэ.

Гурван өдөр нохойгоо тарчлан тамлан зовоосны төлөө 5 жилийн хорих ял оноож байхад манай улсад эхнэрээ 8 жилийн турш тарчлан зовоож эцэстээ эхнэр нь тэсэхээ байж өөрөө амиа хорлосон байхад 4 жилийн хорих ял, хүүхдийг нь зодсоор байгаад хөнөөсөн хойд эхийн үйлдлийг зогсоож чадаагүй аавд 5 жилийн хорих ял төлөвлөж байна.

Бусад улс орнууд амьтны эрхийг ийнхүү дээдэлж байхад манай улс хүний эрхийг дээдлэх нь битгий хэл доромжилж байна.

Гол нь гурван өдөр тамлуулсан нохой амьд, найман жилийн турш тамлуулсан эмэгтэй, хойд эхийнхээ харгислал дор амьдарсан дөрөвхөн настай бяцхан охин нар “бурхан” болсон нь хуулийн цоорхой манай улсад хэрээс хэтэрсэний тод жишээ боллоо.

Б.Анир