"Ээжийн энхрий хөвгүүд өслөө, эх орны хүү боллоо. Аавын алдрай хөвгүүд өслөө, ард түмний хүү боллоо" хэмээх үнэн үгтэй сайхан дуу бий. Энэ дууг сонсохоор огшдоггүй, омогшдоггүй эр хүн гэж үгүй биз. Бяцхан жаалууд ч хүртэл энэ дууг сонсоод "Би цэрэг болно" гэж нүдэндээ гал цацруулан итгэл төгс хэлэх нь хэчнээн эгдүүтэй, хайр хүрэм гээч. Нээрээ л эх орноо хамгаалахыг үүргээ гэж ухамсарладаг энхрий хөвгүүд маань өсчээ. Тэд эх орноо хамгаалахаар мордох гэж байна. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага улс орон даяар өнөө маргаашгүй эхлэх нь. Эх орноо хамгаалах эрдэм, ухаанд суралцах эр цэргийн албанд эрчүүд минь явах ёстой гэсэн мэдээлэл хөвөрсөн энэ өдрүүдэд эл сайхан мэдээтэй зэрэгцээд харамсам, халаглам бас нэгэн мэдээ түгэх болов.

Цэргийн зарлан авсан залуус цэрэг татлагаар ороход тал хувь нь, заримдаа дийлэнх нь эрүүл мэнд, бие бялдрын хөгжлөөрөө тэнцэхгүй байна гэнэ. Хамгийн гашуун нь бэлгийн замын өвчнөөр дийлэнх нь хасагддагийг зарлан дуудах аваад ирж буй залууст эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийдэг нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн эмч нар дуу нэгтэйгээр хэлж байх юм. Эх орноо манах, хамгаалах эрхэм үүргээсээ бэлгийн замын өвчнөөс болж чөлөөлөгдөнө гэдэг эмгэнэл.

Өнгөрсөн удаагийн цэрэг татлагаар нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хүлээж авсан цэргийн насны залуусын 90 орчим хувь нь эрүүл мэндийн үзлэгт ирж орсон ч 29 хувь нь эрхтэн тогтолцооны эмгэгтэйн улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн гэж байгаа. Нэг хэсэг цэргийн насны залуусын дунд мэс засал, нүд, чих хамар хоолойн эмгэг их байсан бол сүүлийн нэг, хоёр жилд эсрэгээрээ бэлгийн замын өвчлөл тэргүүлэх болжээ. Тэмбүү, заг хүйтэн гэх зэрэг нэрийг нь сонсоход ч эвгүйцэм өнгөний өвчнөөр цэргийн насны залуус халдварлах болсон нь бэлгийн хэт задгай амьдралтай шууд холбоотой юм. Тэд эх орны цэрэг болохоос гадна ирээдүйд өрх гэрийн эзэн болох хүмүүс.

Эх орноо манаж хамгаалах, өрх гэрийн эзэн болох эрчүүд минь эрүүл байж нийгэмдээ хэрэгтэй хүн болно. Гэтэл өнгөний өвчнөөс болж эх орноо хамгаалах үүргээсээ чөлөөлөгдөөд зогсохгүй, магадгүй ирээдүйд эцэг хүн болох эрхээ алдана. Ийм байдалд хүрсэн нь зөвхөн тэднээс өөрсдөөс нь гадна эцэг эх, багш нар, төрийн бодлогоос хамааралтайг дашрамд дурдья. 20 хүрээгүй бэлгийн амьдралд орж, өвчинтэй болчихсон залуусаар эх орон юу хийлгэх вэ. Эх орноо хамгаалж чадна гэж яаж найдах вэ. Тиймээс л цэрэг татлагын комисс өвчнөө эмчлээд, дараагийн татлагаар ирээрэй гээд явуулдаг гэж байгаа. Гэвч дараа нь дахиад л өнөөх өвчнөө тээсээр хэнэг ч үгүй хүрээд ирдэг гэх.

Өвчин зовлонтой гэлтгүй эрүүл саруул залуус ч сүүлийн жилүүдэд цэргийн албанаас зугтаах болсон. Үүнийг хэн хүнгүй мэднэ.Төр нь хүртэл мөнгө төлөөд, чөлөөлөгдөж болно гээд бодлого тодорхойлчихсон. Ер нь ингэхэд Монголд цэргийн алба хаах дуртай, хүсэл сонирхолтой залуус байдаг юм уу гэж гайхмаар. Өвчин зовлон, элдэв шалтаг шалтгаан ярьсан залуучууд тааралдах нь бий. Бидний олон ангит савангийн дуурийг нь шимтэн үзэж, залуусынх нь хувцас хунар, үсний засалт, үйл хөдлөл, үг хэллэгийг даган дуурайх болсон БНСУ-д баян ядуу хэн ч байсан хамаагүй, бүр дэлхийд нэртэй одод нь хүртэл цэрэгт явдаг. Хайртай жүжигчнээ цэргийн алба хаагаад ирэхэд охид эмэгтэйчүүд, ээжүүд гээд энгийн иргэд нь цэцэг бариад, нулимс дуслуулаад угтдаг юм билээ. Манайд ч бас ийм байх хэрэгтэй. Гагцхүү үүнд төрийн бодлого л дутагдаж байна. Цэргийн алба хаана гэдэг нэр төрийн хэргээс гадна цэргийн амьдрал залуусыг их зүйлд сургадаг гэдэг. Албаа хаагаад ирсэн эрчүүд "Цэрэг амьдрал хатуу ч гэсэн сайхан дурсамж үлдээдэг, олон сайхан аавын хөвгүүдтэй үнэнч нөхөрлөдөг. Цэрэгт явж байгаа нь эх орныхоо төлөө гэхээс илүүтэй өөрийнхөө төлөө хийж буй үйлдэл шүү дээ. Хүсвэл тэнд олон зүйл сурдаг. Бие бялдраа хөгжүүлэхээс эхлээд хэн нэгнээр удирдаж, удирдуулж сурна. Хүнээр удирдуулж, хүн удирдаж сурна гэдэг одоо цагт их чухал чадвар. Тиймээс цэргийн албанд тэнцээд явж чадвал үүнийгээ нэр төрийн хэрэг гэж ойлгох хэрэгтэй" хэмээн захидаг. Үнэхээр үнэн үгс.

Гадаад орнуудад цэрэгт явсан хүмүүс ажилд орох магадлал өндрөөс эхлээд олон чухал асуудал дээр алба хаасан эсэх нь гол шалгуур болдог гэдэг. Манайд ч гэсэн цэргийн алба хаасан залуусын рейтинг өсөөд эхэлсэн. Төрийн албанд цэрэгт явсан залуусыг авна гэдэг нь ч зөв юм. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр цэргийн алба дарамтны газар болдог тухай мэр сэр яриа байх. Ажаад байхнээ дарамтны газар гэхээс илүүтэй цэрэгт татагдаж очсон залууст маань бэрхшээлийн өмнө тулж зогсох чадвар, тэвчээр л дутдаг бололтой юм билээ. Уг нь ганцхан жилийн алба шүү дээ. Магадгүй энэ албанд бүсгүйчүүдийг авдаг байсан бол тэд баргийн хатууг туулаад, гүрэлзээд гараад ирнэ дээ гэсэн бодол хааяа төрдөг юм. Саяхан офицер нь дарамталлаа гэж нэг цэрэг дөрөв, таван зүү залгисан хэрэг гарсан. Гэвч шалгалтаар офицер буруугүй, харин цэрэг зарчим ч дэг журамтай байдлыг тэсвэрлэхгүйгээсээ болж зүү зооглосон болох нь тогтоогдсон. Гэтэл хэдхэн хоногийн өмнө түүний тухай дахиад л "Ангид нь буцаах болоход дахиад зүү залгижээ" гэдэг гунигт мэдээ сонсогдлоо. Цэргийн амьдралыг хатууг даадаггүй, тэгсэн хэрнээ зүү залгисан зовиураа тэвчдэг мунхаг эрийг эр гэхэд хэцүүхэн. Дашрамд дурдахад "Манай ардын дунд" цэрэгт яваагүй эрийг эр гэх үү" гэх хэлц үг бий. Нээрээ л цэрэгт яваагүй бол цэргийн сүр хүч, алдар гавьяа гэдэг ямар чухал вэ гэдгийг мэдэхгүй, мэдрэх ч үгүй. Эх орныхоо үнэ цэнийг ч гэсэн тийм сайн ухамсарлаж чадахгүй болов уу.

Эцэст нь тэмдэглэхэд, удахгүй эхлэх цэрэг татлагад зарлан дуудах хуудсаа бариад залуус минь заавал очоорой. Тэсвэр тэвчээр, хатуужилтай болох жилийн албандаа мордоорой. Хаяган дээрээ байхгүй, сургуульд явсан энэ тэр шалтгаанаар хуурна, хоцорно гэдэг эх орныхоо аюулгүй байдал, төр улсынхаа тусгаар тогтнолыг хуурсантай ялгаагүй юм шүү. Эр цэрэг нь эх орноороо, эгэл олон ард нь эр цэргээрээ бахархаж, хайрлах сэтгэлийн учиг дээр тусгаар тогтнол оршдог буюу.



Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Өдрийн шуудан сонин