Эрэгтэй хүн эрүүл, удаан наслаж биологийн хувьд идэвхтэй байхад түрүү булчирхай гэгч 25 орчим грамм жинтэй, 2.2 см орчим урт, 3 см өргөн, давсагны хүзүүнд доошоо харж, шээсний сүвийн гадна талаар тойроод байдаг жижиг эрхтэн маш чухал ач холбогдолтой тул эр хүний 2 дах “зүрх” гэж эртнээс онцгойлон нэрлэж ирсэн,Энэ эрхтэн нь дотроо 40-50 жижиг булчирхайнцартай, тэдгээр нь бүгд шээсний сүвэнд тусгай сувгаар нэгддэг . Түрүү булчирхай нь үрийн шингэний найрлага дах эр бэлгийн эсүүдийн орших таатай орчин болдог сүүн шингэнийг ялгаруулах үүрэгтэй.
Эмч мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаанаас харахад түрүү булчирхайн үрэвсэл нь 20-40 насанд элбэг тохиолддог бол түрүү булчирхайн хавдар нь 50-60 насанд тохиолддог байна.

Түрүү булчирхай өвдөхөд нөлөөлөх хүчин зүйл
1.Халдвар.Янз бүрийн бактери, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдвараас шалтгаалан түрүү булчирхайн үрэвсэл үүсдэг.Бэлгийн замын халдварт өвчний улмаас болон эдгээр өвчнөө дутуу эмчлүүлснээс шалтгаалан үүссэн үрэвсэл мөн үүнд хамаарна.
2.Амьдралын буруу хэвшил.Тогтмол бус бэлгийн амьдралтай ,удаан хугацаагаар бжлгийн хавьталд орохгүй байх,хэт удаан хугацаагаар суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх, архи хэтрүүлэн хэрэглэх үед түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур цусны эргэлт удааширснаас шалтгаалан түрүү булчирхайн үрэвсэл үүсэх нөхцөл бүрддэг.
Түрүү булчирхайн үрэвслийн үед илрэх шинж тэмдэг
Ихэнх тохиолдолд түрүү булчирхайн үрэвслийн үед шинж тэмдэг бүдэг явагдаж ямар нэгэн тод илрэх шинж тэмдэггүйгээр олон жилийн турш архаг хэлбэрээр явагддаг. Эрчүүдэд заримдаа 37 хэм хүртэл халуурах, хэвлийн доод хэсэг цавь дагаж бага зэрэг өвдөх, мөн шээсний сүв , төмсөг даган хааяа хөндүүрлэж өвдөх, шээс ойр ойрхон хүрэх, шөнө босч шээх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ч анзаарахгүй тухайлан түрүү булчирхайтайгаа холбож бодолгүй өнгөрөх тохиолдол элбэг байдаг. Түрүү булчирхайн цочмог үрэвслийн үед халуун 38-39 хэм хүрч, цавь, хошного, хярзангийн орчимд хүчтэй өвдөж шээх болон өтгөнөе гадагшлуулахад өвдөх шинж илэрнэ. Түрүү булчирхай томорсон үед харин шээхдээ зовиурлах болж, шээс хаагдах, ойр ойрхон бага, багаар шээх шинж илэрнэ.
Түрүү булчирхайн үрэвсэл архагшин хүндэрсэн үед
• Ердийн шээдгээсээ илүү олон удаа (шөнө) бие засдаг болох
• Шээж эхлэх үед төвөгтэй болох
• Шээсний гарц багасах
• Шээж дууссаны дараа ч дахин бие засмаар болох
• Шээсээ барихад төвөгтэй болж хааяа тэвчихгүй алдах
• Бие засахад хорсох
• Дур тавих үед өвдөлт мэдрэгдэх
• Үрийн шингэн, шээс цустай гарах
• Нуруу, бүсэлхийний доод хэсгээр өвдөх
• Төмсөг хүйт оргих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай.

Өвчнөө анзааралгүй анзаарсан ч арга хэмжээ авахгүй удаан явснаас түрүү булчирхайн үрэвсэл архагшин улмаар давсагны үрэвсэл, бөөрний үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Ингээд ч зогсохгүй түрүү булчирхайн үрэвсэл нь хүндэрч үрийн цэврүү, төмсөг болон түүний даавруудыг үрэвслүүлэн улмаар үргүйдэлд хүргэх аюултай. Энэ бүхэн нь түрүү булчирхайн хоргүй болон хортой хавдар үүсэх шалтгаан ч болж болзошгүй юм.
Ямар сөрөг үр дагавар үүсдэг вэ?
1.Эр бэлэг эрхтэн хөвчрөхөө болих.Түрүү булчирхайн үрэвсэл үүссэнээс хойш хэсэг хугацааны дараа эрчүүдийн эрхтэний хөвчрөл алддагддаг. Энэ нь түрүү булчирхайн үрэвслийн улмаас бэлэг эрхтнийг хөвчрөхөд гол үүрэг гүйцэтгэдэг түрүү булчирхайн ойр орчмын мэдрэлийн эсүүд үүргээ гүйцэтгэж чадахаа больдогтой холбоотой юм.
2.Үргүйдэл. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн олон шалтгаан байдгийн нэг нь түрүү булчирхайн үрэвсэл юм. Эр бэлгийн эсийг агуулан хөдөлгөөнийг нь идэвхижүүлж, тэжээж, үр тогтох чадвараа хадгалахад нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг шингэнийг түрүү булчирхай ялгаруулдаг. Гэтэл түрүү булчирхай үрэвссэнээс болж тэрхүү чухал шингэн үр тогтоох чадваргүй болж улмаар үргүйдэлд хүргэдэг байна.
3.Түрүү булчирхайн хавдар. Нас ахисан эрчүүдэд тохиолддог нэг нийтлэг өөрчлөлт бол түрүү булчирхайн хоргүй томролт юм. Үүнийг бэлгийн даавар багассантай холбоотой гэж үздэг. 40 орчим насны эрчүүдийн 10%, 80 хүрч буй эрчүүдийн 90%-д нь түрүү булчирхайн томролт ажиглагддаг.
Оношлогоо
Дээрхи шинжүүд илэрвэл нэн даруй бөөр шээсний замын болон эрэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Эмч үзлэг хийгээд БЗДХ-ын, бага аарцгийн эрхтнүүд болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ, түрүү булчирхайн дотуур үзлэг хийнэ. Түрүү булчирхайн дотуур үзлэгийг шулуун гэдсээр хийдэг. Эмч түрүү булчирхайг гараар тэмтэрч үзлэг хийх явцдаа өвчний явцыг тодорхойлоод зогсохгүй, түрүү булчирхайд хатгалт хийж шүүрлээс дээж авдаг. Уг дээжээр эмчилгээг эхлэхээс өмнө таны бие бактерийн эсрэг эм бэлдмэлд хэр мэдрэмтгий байгааг тодорхойлдог. Ингэж тодорхойлсноор эмчилгээний тактикаа зөв боловсруулах нөхцөл бүрддэг..
Эмчилгээ
Түрүү булчирхайд үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ хийхээс гадна, цусан хангамж, шүүрлийн эргэлтийг сайжруулахын тулд түрүү булчирхайн иллэг хийдэг. Харамсалтай нь түрүү булчирхайн үрэвслийг гүйцэд эмчлэх асуудлыг одоо болтол шийдэж чадаагүй л байна.
Урьдчилан сэргийлэлт
Өвдсөн хойно нь эмчлэх гэж мөнгө, цаг заваа алдаж байснаас урьдчилан сэргийлж байх нь хамгийн сайн эмчилгээ гэж үздэг. Юун түрүүн хэт бариу дотуур өмд өмсөхөөс зайлсхийж чөлөөтэй хөвөн даавуун дотуур өмд өмсөж байх мөн доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөнтэй идэвхитэй байхаас гадна тогтмол бэлгийн харилцаанд байх хэрэгтэй. Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэхийн тулд дороосоо даарч жиндэхгүй байх, бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, шүд, хоолой, бөөрний өвчнийг архагшуулалгүй хурдан эмчлүүлэх, мөн нуруу ууцны шохойжилт суултаас сэргийлэх өвчилсөн бол нэн даруй эмчлүүлэх,ажил амралтаа зөв зохицуулах нь чухал.
Танд сайн сайхныг хүсье.
Уламжлалт анагаахын их эмч, АУ магистр Н.Алтанхундага