Өчигдрийн хэд хэдэн сонин гарчиглаад, бас твиттерт орж жиргээд сэтгэл нэг л гунигтай болчихов. Монголчууд бид төрөө дээдэлдэг, хүндэлдэг, төрийн минь сүлд өршөө гэдэг ёс жудагтай сайхан ард түмэн байсан сан. Төрийнхөө цагдаа руу дайрч мөрдсийг нь хуулж, чулуу шидэж, өшиглөж, бүр сүүлд нь хутгалахыг хараад ой гутаж байсныг яана. Одоо бол төрөө муулж, гүтгэж, доромжлох энүүхэнд болжээ.
Монголчууд бид амны бэлгээр гэдэг. Ингэж муулж доромжилж байхад яаж ч сайн төр байх билээ. Төр нь ч гэж төр. Төр нь хүчгүй сул дорой гэхээс П.Очирбат гуай тэр жил Ерөнхийлөгч байхдаа төр төмөр нүүртэй гэж хэлчихээд жигтэйхэн баалуулж билээ. Уг нь төр бол бурууд, бурангуйд төмөр нүүртэй байх ёстой сон. Төр минь бас авлигад багагүй идэгдсэн, мэргэжпийн бус, чадваргүй болчихсон.
Нам нь ч гэж нам. Бидний л сонгосон зам, бидний л сонгосон нам, бидний л сонгосон төр, бидний л байж байгаа царай. Төрийг доромжилно гэдэг бид өөрсдийгөө л доромжилж байгаа хэрэг. Харин ард түмэн бид буруугүй цагаан хэрээ гэж үү.
БАЙШИН ГЭР ХОЁРЫГ ДАВХАРЛАЖ ӨМССӨН БҮСГҮЙ
Намайг тээр жил Монголимпекс концернд ажиллаж байхад болсон явдал. Английн Глаксо гээд дэлхийн шилдэг эмийн пүүсийн төлөөлөгчтэй эм худалдан авах гэрээ хэлэлцээр хийгээд сууж байтал нэхий дээл булган малгайтай дэгжин бүсгүй зөвшөөрөлгүй орж ирээд намайг загнаж гарлаа. “Орох гэр оронгүй ядарч байна. Хурдан байр орон сууц өг” гээд л
... Зочноосоо санаа зовоод, бас миний эрх мэдлийн асуудал биш болохоор учирлалаа. Би тэр концернийн эмийн гадаад дотоод худалдаа хариуцсан нэгдүгээр орлогч захирал байсан юм. Байр сууцны асуудлыг ерөнхий захирал, санхүү аж ахуй хариуцсан орлогч захирал хоёр шийддэгийг тайлбарлаад нэмэр байсангүй.
Гадаадын эрхэм зочин, түншийг минь ч тоосонгүй. Тэгснээ загнах арга нь ёвуургүй гэдгийг мэдсэн бололтой, аргаа өөрчлөн учир зүггүй уйлаад орон байргүй хэцүү байна гэдгээ нус нулимстайгаа хутгалдаж байгаад ярьж гарлаа. Эрхэм зочноосоо санаа зовоод нөгөө бүсгүйд ерөнхий захирлаа ирэхээр хэлж өгье гээд арай гэж гаргалаа.
Зочин маань гайхаад асууж байна “Хүн нас барсан уу. Хүнд өвчин зовлон тохидлдоо юу?” Тэгээд намайг толгой сэгсрэхээр зөөлхөн дуугаар “Солиотой юм уу?” гэж байна. Би учрыг хэлтэл бүр гайхаж байна. “Танай байгууллага байраар хангана “ гэж гэрээ байгуулсан юм уу?” “Үгүй ээ” “Танай энд хувийн байшин, хашаа, гэр олддоггүй юм уу? Ямар үнэтэй юм?” гэж асууж байна Би Улаанбаатар хотын хашаа, хувийн байшин, гэрийн дундаж үнэ хэллээ.
Гэтэл мань эр нөгөө хүүхний өмссөн булган малгай, нэхий дээл, зүүсэн алт мөнгөн эдлэлийн үнийг асуугаад намайг хариу хэлтэл дуу алдлаа. “Нэг жижиг байшинг хоёр гэртэй давхарлаад өмссөн хүүхэн байна шүү дээ! Тэгээд байр гуйж явдаг. Нэр төрөө боддоггүй, өөрийгөө хүндэлдэггүй юм байхдаа” гээд шогширч байсныг одоо санаж байна.
Тийм ээ, социализм биднийг халамжаар хучсан. Халамж сайхаан. Аав ээжийн халамж, Ардын засгийн халамж, Ардын нам, Ардчилсан намын халамж сайхаан сайхан. Аав ээждээн эрхлэх сайхаан. Гэхдээ эрхлэхэд , бас халамжлахад хэмжээ хэрэгтэй. Эрийн цээнд хүрчихээд эрхлэнэ гэдэг эргүү болохын цондон.
Халамжид хучуулсан Америкийн уугуул иргэд индианууд ямархуу байна? Австралийн аборигенүүд яаж байна? Бэлэн дулаан байртай, сар тутмын тэтгэмж, хоолны талон, зарим үед бүр архины нормтой байсан гэж байгаа. Тэр омголон, хурц сэргэлэн индианууд одоо бараг байхгүйтэй адил. Тэр их халамж тэтгэмж бүхэл бүтэн үндэстэнийг устгаж байна шүү дээ.
Яг ийм бодлого Монголд одоо байх шиг. Улс төрчид, бас намууд засгийн эрхэнд байнга байхын тулд биднийг амлалтаар булж халамжаар угжиж байна. Бүр социализмын үеийнхээс илүү шүү. Хэзээ байтлаа бид сургууль дээрээ үнэгүй цай ундтай байлаа? Хэзээ бид хүүхдийнхээ цэцэрлэгийн хоолны мөнгийг улсаар даалгаж байлаа? Хэзээ байтлаа бид хүнтэй танилцлаа, гэрлэлээ гэж засгаас мөнгө авч байлаа?
Улс нь мөнгөтэй байгаад энэ бүхнийг өгч байгаа бол бас ч яахав, сайхан л байна. Улсаа дампууруулж, ирээдүйгээ хойч үеэ өрөнд унагаж байж энэ бүхнийг өгч байгаад л учир байгаа юм. Бид ингэтэл юу хийж бүтээсэн юм бэ? Бид юу хийж бүтээж байгаа юм бэ?
БИД СОЦИАПИЗМ БАЙГУУЛЖ БАЙГАА
Олоон жилийн өмнө гадаадын зочноо Буянт-Ухаад тосч аваад хот руу явж байгаа орчуулагч Улаанбаатараа танилцуулж байна гэнээ. “Энэ замыг хятадууд барьсан юм. Тэр гутлын үйлдвэрийг чехүүд барьсан юм. Энэ хивсний үйлдвэрийг германууд барьсан юм. Тэр хорооллыг оросууд барьсан юм...” гээд л. Гадаадын зочин яриаг нь тасалж “Ингэтэл Монголчууд та нар юу барьсан юм бэ?” гэж сонирхон асуухад орчуулагч жаахан бантаж гацсанаа “Бид социализмын материал техникийн баазыг барьж байгуулж байгаа” гэж овсгоо самбаа гаргаж олсон хариултдаа их л сэтгэл ханаж баяр хөөртэй байсан гэдэг
Тийм ээ, социализмын үед дээрх асуултад ийм бэлэн хариулт байсан юм.
Харин одоо бид юу хийж бүтээж барьж байгуулж байна вэ? Хэлэхэд хэцүү л байна. Хавтгайрсан халамж биднийг эрх болгосон. Хавтгайрсан халамж биднийг арчаагүй, залхуу хойрго болгосон. Ажил хийж байгаа нь цөөн болсон. Хөдөлмөрийн яармаг үзэсгэлэн дээр очлоо. Сайхан том танхимд ажил олгогчийн төлөөлөгч нь ажил хайгчаасаа олон байх юм. Сонины хуудас сөхлөө. Хуудас дүүрэн “Ажилд авна” гэсэн зар дотор “Ажил эрж байна” гэсэн ганц хоёрхон зар байх юм.
Манай жижиг компани гэхэд л ажилд авах зард жилд хорь гучин сая төгрөг зардаг. Шаардлага хангасан хүн ховорхон байдаг юм. Одоо л гэхэд тавь гаруй хүн хэрэгтэй байна.
Уг нь монголчууд бид бие даах чадвараараа дэлхийд бараг эхэнд нь байсан юм. Хаяагүй цэлийх талд ганцаараа байх айл хэнээсээ тусламж халамж авах билээ. Өвлийн тэсгим хүйтэн, хаврын хавсарга, зуны аагим халууныг хэдэн малтайгаа даваад л гардаг, хэний ч гар хардаггүй дайчин хүмүүс байсан юмсан.
Бидний бие даах чадварыг, тэсвэр хатуужил, хөдөлмөрч чадварыг хамгийн их устгаж байгаа зүйл бол халамж. Азийн индианууд л болохгүй юмсан, олон түмээн.
Ардчилал, зах зээл гэдэг ажиллах, амьдрах тэгш нөхцөл болохоос тэгш хуваарилах, тэгш халамжлах биш юмсан. Хэн илүү хөдөлмөрлөнө, хэн илүү авьяастай, хэн илүү санаачилгатай нь илүү амьдрах нийгэм юмсан.
Түүнээс хүндрэл бэрхшээлийн бурууг хамгийн түрүүнд өөрсдөөсөө эрэхгүйгээр хэн нэгэн рүү, тэр тусмаа өөрсдийнхөө сонгосон төр засаг руу чихэж төр засгаа муучлах доромжлох нь лавтайяа монгол жудаг бишээ.
Төрийн шагналт Доктор профессор Л.Хүрэлбаатар