247709_222819417747534_7898543_n

Энэ удаагийн уншигч булангаар японы зохиолч Абэ Кобогийн “Элсний хүүхэн” романы тухай хуульч, судлаач Ч.Бат-Уянгын тэмдэглэлийг хүргэж байна.


♦Абэ Кобо бол 20-р зууны Японы нэрт зохиолч бөгөөд эл “Элсний хүүхэн” гэх зохиол нь ихэд алдартай, Японы заавал унших ёстой 5 зохиолын нэг гэгддэгийг надаар хэлүүлэх юун. Анхлан Г.Аюурзанын “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” номоос тухайг нь уншиж, бүрэн эхээр нь унших хүсэл өдөөгдсөн, хэдэн жилийн өмнө англи хэлээр хагас дутуу эргүүлж, хэзээ хойно буюу энэ зун л орчуулагч Ц.Цэнгэлийн ачаар эх хэлээрээ, тухтай уншсан нь энэ.

Товчхондоо үйл явдал хөөвөл уг зохиол дунд сургуулийн багш залуу өөрийн сонирхолдоо хөтлөгдөн, элсний шавьж хайхаар гараад буцаж ирээгүй тухай эсвэл элсний шавьж хайхаар гарсан хотын залуу өөрөө “элсний залуу” болсон тухай өгүүлнэ.

Агуулга хөөвөл, /эсвэл ургуулан бодвол/ хүний амьдрахуйн зорилго, эрх чөлөөт байдал болон хүлээс, ер нь юу, хэн хүнийг эрх чөлөөгүй байдалд оруулдаг юм? Бидэнд /хүмүүст/ амьдралаа өөрчлөх боломж байдаг уу?, байдаг бол ашиглаж чаддаг уу? гэх мэтийн асуултад хариулсан зохиолчийн хариулт. Эсвэл хүмүүс үнэнгээсээ эрх чөлөөнд тэмүүлдэг эсэх талаарх эргэцүүлэл юм уу шоронгоос оргох явцыг харуулсан ч байж болох. Магадгүй олонх хийгээд цөөнх, олонх нь цөөнхөө онхи мартах, мартагдагсад нь өөрсдийгөө хөөрхийлөх, олонхийг ч, өөрсдийгөө ч үзэн ядах, чухал, чухал бусаар эрэмбэлэгдэн урд хойноо тавигдсан хүмүүний оршихуй гээд өнөөгийн нийгмийн өнгө төрхийг ч харуулах гэсэн мэт. Бүүр эсвэл хэзээ нэгэн цагт болох нь гарцаагүй нөхцөл дэх сексийн тухай ч байж мэднэ.

Нэг номны илэрхийлэх гэсэн бүхэл санааны тухай баттай итгэлтэйгээр бичих гэдэг үнэндээ надад ахдах ажил. Тиймээс унших явцдаа хуудсыг нь нугалж, тэмдэг тавьсан тэр хуудсууд дахь өгүүлбэр, түүнээс үүдсэн бодлын заримаас энд сийрүүлье.

“…Жилээс жилд л сурагчид тэдний хажуугаар яг усны урсгал шиг жирэлзээд өнгөрөхөд энэ голын ёроол дахь чулуу нь мэт багш нар л үлдэж хоцордог. Тэд итгэл найдварын тухай бусдад л ярихаас өөрсдөө бол тэр тухай зүүдэлж ч зүрхэлдэггүй…Тэд эрх чөлөөг үзэн ядахгүй байж чадахгүй болтлоо эрх чөлөөг хүсэмжилнэ…” /ху 71/

Дунд сургуулийн багш ажилтай Ники Зюмпэй шавьж цуглуулах сонирхолтой, шинжлэх ухаанд нээгдээгүй шинэ төрлийн шавьж нээж, өөрийн нэрээ мөнхлөх нууцхан хүсэлтэй, нэг талаар тэр хүслийнхээ араас нөгөө талаар өдөр тутмын нэгэн хэвийн, уйтгарт амьдрал, үүрэг хариуцлагаас зугатан Токиогоос хол орших тосгон руу элсний шавьж хайхаар явна. Энэ аялалаа ер бусын болгохоор шийдэн, хаашаа явахаа хэнд ч хэлсэнгүй. Ингэх болсон цаад шалтгаан нь түүний хүсэмжилсэн эрх чөлөө.

Эрх чөлөөг хүсэмжлэн явсан ч шөнөд нь элс малтаж, өдөрт нь элс малтахуйц хүч чадал нөөхийн тулд унтах буюу малтах-амрах-малтах гэсэн амьдралын хэмнэлтэй тосгоныхонд барьцаалагдан, нөхөр, охиноо элсэнд алдсан бэлэвсэн хүүхний хувьд эр нөхөр, тосгоны хувьд ажиллах хүч болж хувирах. Тэндээс оргохоор 5 удаа завдсан хэрнээ оргох бүх боломж нээлттэй болоход, “шоронгийн харгалзагч” нар өөрсдөө түүнд хаалгаа нээж өгсөөр атал үлдэхээр шийдэн нүх рүүгээ буцаан орчих нь жигтэй. Эрх чөлөө гэж хаа ч байдаггүй. Бидний эрх чөлөө гэж бодсон зүйлс үнэндээ зүсээ сайтар хувиргасан “хүлээс” хэрэг үү. Өнөө шоронгийн харгалзагч, өнөө гав гинж, чөдөр тушаа чинь бид өөрсдөө байх.

“…Нэг л юмаа ахин давтах нэгэн хэмийн аймшигт төрх, дүр зураг. Хэдийгээр энэ нь зүрхний цохилт шиг амьдралд гарцаагүй байх давталт авч зүрхний цохилт гэдэг бүх амьдрал биш…”/ху 156/

Зогсоо зайгүй элстэй тулалдах амьдрал. Амьдрахын тулд элс малтах, элс малтахын тулд амьдрах. Бидний амьдралын зорилго чухам юу юм бэ? Ники элсний хүүхнээс энэ тосгон-шоронгоос яагаад зугтддаггүй болохыг асуухад хэзээ ч тоймтой хариулт өгдөггүй. Нөхөр, хүүхэд нь энэ тосгонд нас барсан тул орхиод явж чаддаггүй гэж нэгтээ хариулсан ч нөхөр, хүүхэд гээч нь бодитоор оршин байсан нь ч эргэлзээтэй. Тоймтой хариултгүйн шалтгаан нь ердөө л тосгон, ер нь хүн гээч итгэл төгс хариулчихаж болохуйц, туйлын шалтгаанаар оршдоггүйтэй холбоотой. Элс малтахын тулд л амьдардаг тийм утгагүй, зорилгогүй амьдрал.

Гэхдээ, нөгөө талаас нь харвал хүний хандлага гэдэг юуг юу ч биш, юу ч бишийг юу болгодог бус уу. Элс малтахын тулд амьдрахыг заавал ч утга учиргүй гэх хэрэг юун. Ники тэр амьдралдаа шинэ зорилго олжээ. Элснээс ус гаргасан түүний нээлт нь тэр тосгоныхонд л хүртээлтэй болохоос далайгаар хүрээлэгдэж, усаар хахсан Япон орныхонд хамаагүй. Тэр нээлтийнхээ ачаар тэр тосгондоо нэр хүндтэй хүн болно. Хэзээ олдох нь мэдэгдэхгүй, /ер нь олдох ч үгүй байх/ элсний шавьж хайж түүхэнд нэрээ мөнхөлж, хүндтэй хүн болохын тулд амьдарсанаас энэ нь хялбар ч байж мэдэх. Хотод тэр алга болоод төд удалгүй мартагдсан хэн ч биш байсан, энд харин тэр нэр хүндтэй амьдарч болох нь. Бас түүнгүй бол хонгил элсэнд дарагдчихаж мэднэ. Харин хот түүнгүйгээр ч оршин байгаа. Гэвч хэрхэн хандахаас шалтгаалж үнэн гэгч өөрчлөгддөг гэж үү?

“…Салхинд туугдсан элсийг засаг төр байгалийн гамшиг гэж үздэггүй…”

Усаар хүрээлэгдсэн энэ улсын хувьд санаа тавих зүйл нь ус түүнээс үүдэх цунами, үер, хуурай газрын хорогдол. Уснаас л сэргийлэх чухал асуудал, усанд живж үхэх олон амь л хайран. Харин элсэнд живэх цөөн амь хүртээлгүй, тэднийг хэн ч хайхрахгүй. Олонх болох хувьдаа л эрэмшиж, бардамнаж цөөнхийг тохуурхах эс бол үл хайхрах, тэр зуур цөөнх нь өөрсдийгөө хөөрхийлж, эсвэл гоц гойд мэтээр сэтгэж, олонхийг үзэн ядах нь өнөө бидний нийгмийн шинж.

“…Элс амрахыг үл мэднэ. Газар дэлхийг ягуухан боловч цуцалтгүй нөмөрсөөр, бүчин хөнөөсөөр…”
“…Дийлэнх улсын төсөөлдөгчлөн элсний ямар ч үр ашиггүй байдал нь… энэ бүхэн бие биенээс зууран өдөр хоногийг өнгөрөөгч хүмүүсийн уйтгарт амьдралтай яасан адилхан бэ…”

Зохиолд ус биш, салхи биш, элсийг илүүтэй онцолсон нь цөлжилт энэ тэрийг сануулах гэсэн “ногоон” зорилгогүй л байх. Яг үнэндээ ийм тосгон Японд байдаггүй (байх). Элс бол“бие биенээс зууран өдөр хоногийг өнгөрөөгч хүмүүсийн уйтгарт амьдрал”-ын бэлгэдэл.

“…Би энэ тухай хаа нэгтээ уншсан даа. Даржин биш тариачин гэр бүл. Газраа ч тэлж, машин техник ч авч, аж ахуйгаа хэнээс ч доргүй хөтөлж байтал том хүү нь гэрээсээ явчихсан тухай. Тун ч муугүй ажилсаг залуу байж…Тэгээд гэр орныхных нь хэн нэг залууг олж уулзаад яагаад ингэх болсныг нь мэдэх гэж дээ…Залуугийн хэлсэн юм бол ямар ч утгагүй. Тэр өөрөө өөрийнхөө үйлдлийг олигтойхон яаж тайлбарлахаа мэдэхгүй, зүгээр л тэвчиж сууж чадахаа больсон л гэж хэлж…
…-Тэр залуу тэгээд яасан?
-Тэр бүгдийг эртнээс төлөвлөчихсөн, гэрээсээ явахаасаа ч өмнө ажилд орчихсон байсан байх.
-Тэгээд?…
-Тэгээд яахав, ажлаа л хийхгүй юу.10497465_1435561203408935_1909310651607990599_o
-Тэгээд цааш нь?
-Цааш нь уу? Цалингаа буухаар авчихаад л, сайн өдрөөр цэвэрхэн цамц өмсөж аваад кинонд явдаг л байсан биз.
-Дараа нь?
-Өөрөөс нь асуухгүй бол хэлэхэд хэцүү л юм байна. Гэхдээ мөнгөө хурааж байгаад, бодвол хүлээн авагч авсан байлгүй дээ…” /ху 166-167/

Энэ зохиол бүхэлдээ Годог хүлээхүй мэт. Гэхдээ Годо үнэхээр ирсэн бол яана гэж? Ники үлдэх биш явах сонголтыг хийсэн бол юу болно гэж? Бодвол хүлээн авагч л авсан байлгүй дээ.♦

Ж. Тэгшзаяа http://tagtaapublishing.mn/