Аль ч улсын ерөнхийлөгч олон нийт хувь хүмүүсээс гарч буй бүтээлч ажил, санал санаачилгыг дэмжих замаар л улс орноо хөгжүүлэх сайн сайхан зүйл хийдэг. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгч хэзээ ч буруудахааргүй, олон нийтийн байгууллага, компани иргэдийн эхлүүлсэн аль өнгөтэй өөдтэй ажил үйлчилгээг өөрийн нэр дээр болгох ажлыг ихээхэн хөрөнгө мөнгө зарах хэлбэрээр явуулж, өөрийгөө гайхуулах, өөрийн нэр төрийн хэрэг болгож буй нь хирээс хэтэрлээ.
ШУА-ийн Түүх, Хэл зохиолын хүрээлэнгийнхэн ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран сүүлийн таван жилийн хугацаанд олон арван ном зохиол хэвлэж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж сүүлдээ бүр хадны сүг зурагийн судалгаа руу оров. Ерөнхийлөгчийн албан ажлын хүрээнд төрөл бүрийн шинжлэх ухааны салбаруудын үйл ажиллагаа явуулах түүхч, хэл судлаачдыг байн байн дуудаж ирүүлэн, элдэв ном тохимол гаргахад нь хэдэн зуун сая төгрөгний хөрөнгө мөнгө хаяж Элбэгдоржийн санаачлага болгох нь гол хэрэг болов. Шинэ жилээр насанд хүрэгсдэд сүү уулгаж сургах, монголчуудын амралтын хоногийг сунгаж, баярлаж цэнгэх өдрүүдийн тоог эрс нэмэгдүүлэх, Монгол улсын ерөнхиийлөгч наадмаар бөхчүүдээс дутахааргүй дэвж шавдаг болох зэрэг хэн ч үгүйсгэхийн аргагүй хирнээ бас сэтгэл зовмоор санаачлагууд гараад байгаад, энэ байдал цааш дэлгэрч дараа дараачийн ерөнхийлөгчдөд халдварлах вий гэсэн болгоомжлол төрүүлэх боллоо.
Одоогоор түүний ийм ажлын ихээхэн хэсэг нь ШУА-ийн үйл ажиллагаа боловч санаачлагч, зохион байгуулагчаар Элбэгдоржийн нэр л нийгэмд түгсээр байна. Эдгээр ажлын нэг нь олон нийтэд “цахим” гэгдэх үнэгүй ашиглах монгол хэлний тайлбар толийг ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан гаргасан явдал. Энэ тайлбар толийг дуртай хүн ашиглахын зэрэгцээ бас хэн дуртай нь өөрсдийн санаачилгаар баяжуулж болно гэнэ. Үнэгүй юманд дургүй хүн гэж үгүй, гэхдээ энэ толь ерөнхийлөгчийн тамгын газраас сурталчилж байгаа шиг баяжиж хөгжсөн зүйл тун хомс. Тэгээд ч энэ 6 сард болох ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ирээдүйгүй болж байгааг нь сонсох хэн бүхэнд харамсал төрүүлнэ. Улсын мөнгөөр интернэтэд тавьсан бэлэн зэлэн толь бичгийг өөрийн нэр дээр сонгууль болтол байлгах нь л чухал болохоос хэрэглэгчдээ бодсон зүйл манай ерөнхийлөгчид байхгүй, хүмүүс энэ талаар бодож үзэхгүй байгаа болохоос мөдхөн бүхний нүдэнд ил болох зүйл юм. Ийм ажлыг мэдсээр байж харин өөхшүүлж, олдож байгаа хэдэн төгрөгнөөс нь болоод амаа хамхих нь зөв гэсэн хүмүүс зөндөө. Авч байгаа нь зөв юм бол өгч байгаа нь ч зөв болж таарна. Харин энэ ажлыг ирээдүйтэй болгох хариуцлага хожим ШУА-ынханд биш угаасаа урьдын ерөнхийлөгчтэй холбоотой байсан юм гэж тэд хэлэх, түүнийг ямар ч хариуцлага үүрүүлэхгүй ч хамаг буруутан болгох үг энэ ажлыг хамт эхлүүлэх мөчид л тэдний чээжинд аль хэдийнээ бэлэн байсан биз ээ.
Сүр дуулиантай энэ ажил сонгууль хүрэх богино настайг ч тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Элбэгдорж ШУА-ийнхныг ийм хэлбэрээр амь аргацаах байдалд оруулах, тэднийг өөрсдөөсөө хамааралтай болгохын зэрэгцээ өөрийн нэр төр, улс төрийн зорилгодоо дуртай хэлбэрээр ашиглаж байна. Яагаад өнөөдөр ШУА өөрсдийн хийсэн ажлаа өөрсдийн нэрээр цоллуулж, түүнийгээ захиран зарцуулах болон хөгжүүлэх бүхий л хариуцлагаа өөрсдөө эдлэж, үүрч болохгүй байгаа юм бэ? Энэ гажгийг арилгах сонирхол тэдэнд яагаад төрдөггүй юм бэ? Ийм ажил хэрэгч бусөдөр хоногийг өнгөрүүлэх төдий хэдий болтол амьдрах вэ? Энэ ганцхан хэлнийхний ч асуудал биш, түүх, соёл гээд монгол хүний мөн чанарыг тойрсон юу ч хийсэн буруутайхгүй асуудлыг барьж аваад ийм явуургүй, нүд хуурсан ажил үйлчилгээ явагдсаар байгааг дэмжих ёстой гэж үү? Намайг ийм асуудлыг санаанаасаа зохиож байна гэж бодож байгаа бол энэ асуудлаар би хэнтэй ч хэзээ ч нүүр тулж энд яригдаж байгаагаас илүү ялзрал дээд шатандаа явагдаж байгааг илчлэн харуулах боломж гэж үзэх учраас баярлахаас өөр зүйлгүй. ШУА-д ер нь чиг зорилго гэж байна уу, тэр нь юу вэ? Бие даасан үйл ажиллгаа явуулах боломжгүй бол манай ШУА ерөнхийлөгчийн тамгын газарт нүүж очмоор юм. Монголд шинжлэх ухааны салбарууд хэн нэг этгээдийн эрхшээл дороос гарах цаг болоогүй юу? гэсэн өч төчнөөн асуултууд эндээс цааш хөвөрнө.
Р.Энхбат