Эдийн засагч А.Баярцэцэгтэй нийгэм, улстөр, бизнесийн орчны талаар ярилцлаа. ХБНГУ-ын Дортмундын их сургуулийг төгссөн тэрбээр “Би хэн бэ Хэдэн би вэ”, “Хайрлах урлаг” номуудыг орчуулан гаргасан, философи судалдаг нэгэн юм.

Манай нийгэм ёс суртахууны хувьд доройтолд нэгэнт орчихлоо. Ийм замыг бусад улс орнууд туулж гарсан байдаг юм уу?

-Ёс суртахуун гэж юу вэ гэдэг асуултаас эхэлнэ. Ёс суртахуун хаанаас гарч ирдэг вэ гэхээр бидний амьдрал ахуйн хэв маяг, тухайлбал цаг агаартай хүртэл маш их хамааралтай байдаг. Ёс суртахууны төлөвшилд хоёр дахь чухал хүчин зүйл бол шашин. Өөр олон хүчин зүйлүүд байдаг ч энэ хоёр дээрээ тогтож ярилцая. Бид нар нүүдэлчдийн амьдралтай, тархай бутархай хот айлын зохион байгуулалттай хүмүүс. Ийм хөдөөний амьдралтай хүмүүс гэнэт хот руу орж ирсэн. Хөдөө тархай бутархай хот айлын зохион байгуулалттай амьдарч байсан хүмүүс гэнэт хотод орж ирээд яаж амьдрах уу гэдэг асуулт гарч ирсэн. Жишээ нь саяхан зам дээр хоёр жолооч машин дотроосоо “Сайн уу. Юу байна хөгшөөн” гээд буу халаад зогсчихож байгаа байхгүй юу. Тэр хүний сэтгэлгээнд хээр талд тааралдаад мориноосоо буугаад хууч хөөрдөг нь яг хэвээрээ байгаа юм.

Хотын хувцас өмсчихсөн, морио зараад машин авчихсан болохоос биш тархины ажилладаг програм нь яг хэвээрээ явж байх жишээтэй. Бусад орнуудын ёс зүйн төлөвшил яаж явсан гэхээр хоёр дахь том хүчин зүйл нь шашин байдаг. Шашны хөгжил өөрөө хүний оюуны хөгжилтэйгээ нягт холбоотой. Шашин анх үүсэхдээ бөө мөргөлийн газар усаа аргадаж тахисан, байгаль эхээс айсан хүүхдийн маягтай байсан бол явсаар байгаад өнөөдөр хүн төрөлхтөний сайн сайхны хамгийн зөв нь болох хайр хүндлэл болсон байх жишээтэй. Хайр хүндлэлийн илэрхийлэл нь бурхан. Өөрөөр хэлбэл сайн сайхны идеалаа бурхан гээд нэрлэсэн гэсэн үг. Ёс зүйтэй байна, бурханлаг байна гэдэг чинь шашин маань өөрөө ёс суртахууны хэм хэмжээ болохыг хэлж байгаа юм .

Монгол хүн төрөлхийн ийм ёс суртахуунгүй юм уу гэж бодогдохоор үе ч олон гарах юм аа

-Манайд ёс суртахууны хэм хэмжээ болох ёстой шашин маань ямар байна гэхээр шарын шашнаар жишээ авъя л даа. Шарын шашин ёс суртахууныг ямар хэмжээнд барьж байна вэ гэвэл Гандан хийдээр жишээлье. Супермаркет шиг сүсэгтэн олноосоо мөнгө авдаг. Дээр нь бурхны сургаалиуд, шашны судрууд нь бүгд түвд хэл дээр. Тэгээд лам нарынх нь хэдэн хувь нь түвдээр ойлгодог вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Сайн сайхан руу хүмүүсийг чиглүүлж, үлгэр дуурайл болох ёстой лам нар нь өөрсдөө нийгэмд үнэхээр үлгэр дуурайл болж байна уу. Үнэхээр сайн сайхны жишээ болж чадаж байгаа юм уу. Ийм нөхцөлд ард түмнийг буруутгах арга алга.

Гэхдээ яг ийм нөхцөл байдал хүн төрөлхтөний түүхэнд байсан. Энэ үеийг дундад зууны харанхуй, бүдүүлэг үе гэдэг. Энэ харанхуй, бүдүүлэг үед Европт христийн шашны библи нь латин хэл дээр байсан. Бурхантай харьцах цорын ганц зуучлагч нь лам нар байсан учраас лам нар дээр хамаг эрх мэдэл, бүхий л мөнгө төгрөг төвлөрч байв. Библийг латин хэлнээс өөр өөрийнхөө хэл рүү орчуулснаар, лам нарын “тусгай эрх”, ид шид, мухар сүсгийг халж чадсан. Үүний дараагаар соён гэгээрэл буюу шинжлэх ухаанд итгэж найдах үе эхэлсэн. Соён гэгээрлийн үе эхэлснээр хүмүүс мухар сүсгээ халж, шашин өөрөө илүү оюунлаг, ёс суртахуунлаг болж ирсэн. Ингэхээр одоо ойлгомжтой болж байгаа биз дээ. Монголчууд угаасаа ийм ёс суртахуунгүй хүмүүс гэж хэлж болохгүй байгаа биз.

Улс төрчид бол тайзан дээр гардаг жүжигчид...

Энэ сонгуульд баахан бөхчүүд, дуучид дэвшиж байна. Энэ байх ёстой үзэгдэл үү. Ер нь парламент гэдэг мэргэжлийн хуульчид байх ёстой газар юм уу. Эсвэл салбар бүрийн төлөөлөл байх ёстой юм уу?

-Монголчууд бид энэ тал дээр цоо шинэ нээлт хийгээд байх шаардлага байхгүй л дээ. Монголд хамгийн тохирох шийдэл бол дээд доод гэсэн хоёр танхимтай парламент шүү дээ. Нэгэнт ард түмний сонголт хийх боломж нь ийм хэмжээнд байгаа бол ард түмэн таалагдаж байгаа хүмүүсээ сонгог л дээ. Бөхчүүд, дуучид ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж байна. Харин тэр бөхчүүд, дуучид парламентын доод танхимдаа суух хэрэгтэй. Хуульчид гэхээсээ илүү өндөр түвшинд бэлтгэгдсэн, оюунлаг, шилдэг хүмүүс нь дээд танхимдаа суудаг байх хэрэгтэй. Дээд танхимаа хэрхэн бүрдүүлдэг сайн туршлагууд олон улсад зөндөө байгаа. Үнэхээр хэрэгжүүлье гэвэл хийх аргаа олох л тухай асуудал шүү дээ. Энэ цаг үеийг нэг их тийм бужигнасан үе гэж харж байна. Сайн бужигнаасай. Тэр бөхчүүд, дуучид, алиалагчид бүгд сонгогдлоо гэхэд сайн тал бас бий шүү дээ.

Ямар сайн тал байхав?

-Яагаад гэвэл бөхчүүд, дуучдыг сонговол улс орон ямар замаар явдгийг бид нар өөрсдөө биеэрээ үзэж, суралцах хэрэгтэй шүү дээ. Ард түмэн өөрийн толгойгоор сонголт хийхийг одоо л суралцаж байна шүү дээ. Бусад улс орнуудын хэдэн зуун жилийн туршлагыг нэгэнт товчилж болохгүйгээс хойш аль болох шуурхай туулаад, алдаж оноод суралцвал зүгээр юм сан. Алдах бол бас л хэрэгтэй. Тэр тусмаа монгол хүн заавал өөрийн биеэр үзэж туулж байж итгэж үнэмшдэг. Тиймээс бид чадваргүй хүмүүст төрийнхөө жолоог атгуулвал яадаг юм гэдгийг мэдэж авах нь нэг талдаа бас хэрэгтэй ч байж магад.

Гэхдээ нэг үеэ бодвол дэвшил гарчээ. Хоёр намд хуваагдаж талцаад бөөн хэрүүл болдог байсан бол одоо ядаж энэ нам гээд байгаа нөхдүүдэд найдаад дэмий гэдгийг мэдэрчихлээ. Одоо сэтгэлийн хөдөлгөөнөөрөө дуртай хүнээ сонгож болдоггүй юм байна гэдгийг мэдэж авах сонгууль ч болж магад. Дуртай дуучнаа, бөхөө сонгож болдоггүй юм байна. Дуртай дуучныхаа тоглолтыг л үзэх ёстой юм байна. Дуртай бөхийнхөө барилдааныг л харах ёстой юм байна гэдгийг ард түмэн мэдэж аваг л дээ. Ард түмэн өөрсдөө суралцах үйл явц явж байна. Би ард түмнийг хүүхэд гэж байгаа юм биш шүү. Гэхдээ л хүүхэд гараа түлэхээс нааш “Чи битгий” гэж мянга хэлээд суралцдаггүйтэй адил болов уу гэж айж байна.

Парламентын хоёр танхимтай ихэнх улс орнууд Ерөнхийлөгчийн засаглалтай байдаг байх аа? Та хоёр танхимтай парламенттай болох тухай ярилаа

-Улс орнууд өөрөө өөртөө тохирсон засаглалын хэлбэрийг сонгох нь зүйтэй. Монголын тухайд бид нар чинь малчин сэтгэлгээтэй хүмүүс. Малчин монгол, морьтой монгол гэж ярьдаг. Бид нар шиг ардчиллын хэдхэн жилийн туршлагатай, ард түмнийх нь амьдрал дорой, ийм хөршүүдтэй ард түмэнд хамгийн тохирох хувилбар юу вэ гэдгийг л олох хэрэгтэй. Түүнээс биш заавал энэ нь зөв, буруу гэх буюу эсвэл хэн нэгнийг дуурайж болохгүй

Тэгвэл улстөрийн намуудын өнөөдрийн хөгжлийн тухайд дүгнэж хэлвэл?

- Хүмүүс аль нэг нам гарч ирээд бидний асудлыг шийдчихнэ гэж найддаг байсан бол энэ найдвар талаар боллоо. Энийг би маш том дэвшил гэж бодож байна. Хүмүүс хий хоосон зүйлд найдаж суугаад тэр нь талаар болонгуут өөртөө найдах хэрэгтэйг ойлгодог шүү дээ. Манайхан угаасаа өөрөө хийе гэхээсээ илүү хэн нэгэн хүнд найдаад, тэрэндээ хамаг зүрх сэтгэлээ зориулаад балиашиглаад суудаг балиашиг маягийн хүмүүс дийлэнх нь. Харин одоо энэ балиашигладаг хүмүүс маань бодит байдалтайгаа танилцаж байгаад би баяртай байна. Олон нийтийн зүгээс шүүмжлэл их ирж байгаа учраас намууд ч гэсэн дараачийн жилүүдэд шинэчлэгдэж, өөрчлөгдөх байх гэж бодож байна

Тэгвэл сонгогчид өөрсдөө яаж төлөвших ёстой юм бэ?

- Сонгогчид бодит сонголт хийхэд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Ядаж л гэдэс өлсгөлөн биш байх хэрэгтэй. Хоёрдугаарт тэр хүмүүс бодит мэдээлэлтэй. Гуравдугаарт олж авсан мэдээллээ боловсруулах чадвартай байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр Монголд гэдэс цатгалан хүн хэд байгаа вэ гэхлээр хэцүү болчихож байна. За тэгвэл тэр дундаа үнэн зөв бодит мэдээлэлтэй хүн хэд байгаа вэ гэхлээр бүр багасаад явчихаж байна. Тэгээд гэдэс өлсөөд хонхолзоод байхгүй, авсан мэдээллээ өөрийн толгойгоороо бодож боловсруулчих чадвартай хүн хэд байна вэ гэхээр бас л хэцүү болчихож байгаа юм. Ихэнхидээ л олонхийн байдлыг ажиглаад сүргийн инстинктээр л явцгааж байна шүү дээ. Ийм нөхцөлд бид нар сонгууль явуулж тоглож байна гэж хэлж болно. Энэ бол зүгээр л нэг жүжиг шүү дээ. Энэ жүжиг хорин хэдэн жил яваад улам боловсронгуй болчихсон. Тоглоомын дүрэм нь их энгийн. Дандаа л мөнгөөр худалдаж авах, бүгдийг мөнгөөр шийдэх. Хэн нэр дэвших, хэн нэрээ татах, хэн ялах, дараа нь гаргасан мөнгөө яаж олж авах гээд энэ бүхэн чинь маш нарийн тоглоом болчихсон. Энийг бүгд мэдэж байгаа мөртлөө нэг нь сонгосон болж, нөгөө нь сонгогдсон бол тоглож байна шүү дээ.

Монголын компаниуд өрсөлдөх чадвараа сайжруулахгүй бол гадныханд залгиулна

Эдийн засагч хүний хувьд одоогийн хямрал хаанаас эхлэлтэй гэж дүгнэж байна вэ?

- Миний хувьд эдийн засгийн хямрал гэж харахаасаа илүү хөрсөн дээрээ бууж байна гэж харж байгаа. Яагаад гэхээр бид нар анх зах зээлийн эдийн засагт шилжихээсээ эхлээд ардчиллын үнэт зүйл болох тэгш эрх, эрх чөлөө, ахан дүүсэг байдлыг алдагдуулсан. Гал унтрааж, өнөө маргаашийн хоолоо залгуулж, энд тэндээс цуглуулж, гуйж явж байтал уул уурхайн ордууд нээгдсэн. Тэр үе нь Хятадын эдийн засаг огцом хөгжих үетэй таарсан. Гэнэтийн хий хөөрөл үүссэн. Хятадын эдийн засаг хурдаа аваад өндөрт гарчихлаа. Одоо хэт хурдлахгүйгээр урагшлая гэж байна. Хэт хурдалвал юм мөргөх аюултай шүү дээ. Хятад тоормосоо татаад хурдаа сааруулангуут хэт хөөрч байсан хий хоосон мөрөөдөл маань хагараад бид нар буцаад хөрсөн дээрээ бууж байгаа ийм л үе таарч байна. Тэгэхээр бид нар энэ үеийг зөв ашиглаад, эндээсээ сургамж аваад бүх илүү ачаа, хий хоосон мөрөөдлөө хаяад бодит хөрсөн дээрээ буугаад суралцаж чадах юм бол энэ бол алтан боломжийн үе гэж онцолмоор байна. Бид нар хүн дагаж, хий хоосон хөөрч давхиад байх юм бол хэзээ нэгэн цагт хөөс хагарахад жинхэнэ хол хаягдчихсан, хойно хоцорчихсон байх байлаа. Харин газрын ойр дээр Хятадыг дагасан огцом өсөлт, огцом эрэлтүүд буурч ирлээ. Мэдээж ард түмний амьдралд хүнд тусч байгаа ч гэсэн нийт улс орны эрх ашгийг бодох юм бол одоо л бидний суралцах, алдаагаа засах ёстой үе гэж харж байгаа. Өрсөлдөөн, глобалчлал, том нь жижгээ, хүчтэй нь хүчгүйгээ залгих нь зөвхөн бизнесийн салбарт байдаг үзэгдэл биш шүү дээ. Монгол гэдэг соёлыг тээгч үндэстэн цаашид оршин тогтнох уу гэдэг том асуудал байгаа шүү дээ.

2050 онд Монгол улс олимпийн тоглолтыг зохион байгуулна гэж улстөрчид сайхан л ярьж байна. Амлалтуудыг нь сонгогчид мартчихдаг шүү дээ?

- Одоо ард түмэн нэг үеэ бодвол хий хоосон амлалтад хууртахаа больсон гэж найдаж байна. Юу ч гэж гоё ярьж болно. Гол нь та үүндээ яаж хүрэх юм бэ. Ажлынхаа төлөвлөгөөг танилцуулаач. Нөөцөө яаж тооцож байна. Та өөрөө өдөрт хэдэн цаг ажиллах юм бэ гэдгийг бид өөдөөс нь асуух хэрэгтэй шүү дээ. Яг бүр тодорхой, бодитой лавшруулж асуух хэрэгтэй гэж бодож байна. Тэрнээс биш юм хийе гэсэн хүн болгоныг унтраах юм уу мушгидаг байж болохгүй. Сонгогчид өөрсдөө илүү ажил хэрэгч байж, бодитой зүйлийг асууж, шаардах хэрэгтэй. Тэр хүнд бодсон, боловсруулсан, үндэслэлтэй, тооцоотой төлөвлөгөө байж болно шүү дээ. Тэр төлөвлөгөөгөө танилцуулаач гэж нэхэж, шаардах хэрэгтэй.

Та судлаач хүний хувьд эх орныхоо үндэсний компаниудын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

- Монголын компаниуд өрсөлдөх чадвараа сайжруулахгүй юм бол тун удахгүй гадны компаниудад залгиулах нь тодорхой. Орж ирээд шаардлагатай гэвэл Монгол компаниудыг худалдаад авна. Шаардлагагүй, тэднээс авах юм байхгүй гэвэл зах зээлээс шахаад гаргачихна. Тэгээд тэр компани дампуурна гэсэн үг. Орчин үед дайн хийж, газар нутгаа булаацалдах нь хумигдчихлаа. Ийм нөхцөлд манай орны хувьд үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал гэдэг утгаараа үндэсний компаниудад өрсөлдөх чадвар л маш чухал. Эцсийн эцэст хүмүүст юу хэрэгтэй байна гэвэл талхны мөнгө, ажлын байр л хэрэгтэй байна шүү дээ. Энэ боломжийг үндэсний компаниуд бүрдүүлэх ёстой. Гэтэл манай компаниудын хөгжлийн түвшинг харахаар үнэхээр чамлалттай. Европт олон зуун жилийн өмнө капитализм дөнгөж хөгжиж байсан үетэй бараг харьцуулж болно доо. Өнөөгийн энэ өндөр технологи, глобальчлалын эрин үед эдийн засгаа янз бүрийн хаалт, тарифуудаар хамгаалдаг байсан тэр цаг үетэй харьцуулахад хэн ч энэ жижигхэн зах зээл дээр чөлөөтэй орж ирэх боломжтой болчихож байгаа юм.

Өөрөөр хэлвэл манай эдийн засаг бүхлээрээ ямар ч хамгаалалтгүй, задгай болчихоод байна. Хөнгөн хүнс, уул уурхай, үйлчилгээний салбарт энэ бүхэн маш тодоор харагдаж байгаа шүү дээ. Хүнд үйлдвэр гээд угаасаа сүйдтэй юм байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид нар эдийн засгийн бие даасан байдлаа алдана л гэсэн үг. Улстөрийн хувьд бид нар тусгаар тогтносон улс гэж хэлэгдэж байгаа боловч бие даасан бодлого явуулах, хөгжих боломж бидэнд хязгаарлагдмал болчихоод байна уу гэдгийг бодох л асуудал.Өнгөрсөн 25 жилд Монгол орон хөгжсөн үү гэвэл хөгжсөн. Мэдээж урагшилсан. Гэхдээ бусад улс орнууд биднийг хүлээгээд, та нар гүйцээд ир ээ гээд зогсоогүй гэдгийг мартаж болохгүй. Тэд энэ хугацаанд улам хүчирхэгжиж, өрсөлдөх чадвартай болсон. Машинаар бол нэг бус удаа мотороо солиод, өчнөөн олон шинэчлэл хийчихсэн байгаа. Өнөөдөр бид зөвхөн эдийн засаг, технологийн хөгжил төдийгүй оюуны салбарт ч мөн хол хаягдчихсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс урагшилж байна, болж байна, бүтэж байна гэж сэтгэл ханаж ёстой болохгүй.

Улс төрчид болохоор үндэсний компаниуддаа маш их найдвар тавьж, энэ хэдэн компани л ирээдүйд улс орныг авч явна гэж үзээд байх шиг?

- Компани гэж юу вэ, бизнесийн үйл ажиллагаа гэж юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Өнөөдөр бизнесийн талаарх хамгийн сүүлийн үеийн ойлголт бол ерөөсөө л тархи. Тархины бодох, шийдэл гаргах, зохион байгуулах чадвар. Тэгээд дээр нь сахилга бат, эрдэм орно. Орчин үеийн бизнес бол цэрэг, эсвэл спортын баг шиг зохион байгуулалттай болчихсон. Бид нарын хэвшсэн ойлголтооос тэс өөр, асар нарийн зохион байгуулалт, өндөр хурдтай. Зүйрлэх юм бол тамирчин хүн ямар бэлтгэлтэй байдаг уу, яаж өрсөлдөөнд бэлддэг үү, дайнд цэргүүдийг яаж сургаж, бэлддэг үү. Яг тэрэн шиг л нарийн зохион байгуулалттай болчихсон. Ёс суртахуунаас гадна сахилга бат, дэг журам, тэсвэр хатуужил, захирах, захирагдах ёс зэрэг цэргийн эрдмүүд маш чухал. Гэтэл бид нар ийм байгалийн нөөц байгаа юм чинь энийгээ ухаад мөнгө олчихно гэдэг хэдэн зуун жилийн өмнөх энгийн аж ахуйн сэтгэлгээгээрээ үзээд байдаг. Энэ бол үнэхээр арай дэндүү хоцрогдсон ойлголт.

Улс орны гадаад өрийн асуудал анхаарал татаж байна. Сэхэх гарц харагдана уу?

Хэрвээ мөнгийг аваад, тэр авсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд, хүүг нь төлөөд, авсан өрөө төлөөд цаана нь юм үлдээж чадаж байвал энэ чинь хөрөнгө оруулалт мөн биз. Тэгэхийн тулд юу хэрэгтэй гэвэл би ярианыхаа эхэнд хэлсэн. Бизнес гэдэг чинь толгой тархиа ажиллуулах, бодох, сахилга баттай байх тухай ярих хэрэгтэй болно. Хагас цэргийн, эсвэл багийн тамирчны нарийн зохион байгуулалттай байх ёстой. Тэрнээс биш зүгээр ширээний ард сууж байгаад хоорондоо найзлаад л хийгээд байдаг ажил биш. Наймаачны ажил биш. Илүү мэргэжлийн түвшинд хийдэг, маш их шинжлэх ухааны ололт амжилтыг ашигласан, ихээхэн мэдлэг шингэсэн үйл ажиллагааг бизнес гэдэг болсон байна. Өртэй байна гэдэг сайн ч үзүүлэлт биш, муу ч үзүүлэлт биш. Гол нь зээлж авсан мөнгөөрөө юу хийх вэ гэдэг л хамгийн шийдвэрлах асуулт. Үүний тулд бидэнд 2 зүйл хэрэгтэй. Нэг нь тэр хийх гэж байгаагаа хэрэгжүүлэх мэдлэг чадвар, нөгөө нь сахилга бат, дэг журам, зохион байгуулалт. Эндээс улс орон хөгжих эсэх нь эцсийн эцэст бид нар ер нь зохион байгуулалтанд орж чадах уу, толгойгоо ажиллуулж чадах уу гэдгээс шалтгаална.

Нэгэнт аливаа нөөц хязгаартай учраас маш үр ашигтай зарцуулах шаардлагатай шүү дээ. Тиймээс ялангуяа энэ их эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй ороо бусгаа цаг үед улс орон өөрт байгаа оюуны нөөцийг бүрэн дайчилж зөв хүмүүсээ зөв газар нь тавиад зөв ажиллуулж чадах уу гэдгээс бидний хувь заяа шалтгаалах болчихоод байна даа. Улс төрчид бол тайзан дээр гардаг жүжигчид болохоос алсыг дурандаж, ирж буй аюулаас сэрэмжлүүлж, замыг заадаг, бодлого боловсруулдаг оюуны өндөр түвшний хүмүүс биш шүү дээ.

http://tusgal.mn/