Da8e92   x800

- Ю. Цэдэнбал агсны цагаатгалын тухай -


2016 он бол сонгуулийн жил. Тийм болохоор сонгуульд зориулсан сурталчилгаа ид эрчимжиж байна. Хүмүүс саяхан гудамжинд тавигдсан том самбарууд, Ц.Оюунгэрэл сайдын уйлж хайлсан бичлэг зэргийг хараад л сонгуулийн сурталчилгаа эхэлчихлээ гэж ярих болсон. Гэвч үнэн хэрэгтээ сонгуулийн сурталчилгаа бүр аль эртнээс эхэлсэн юм.

Анхандаа түүхэн зүтгэлтэн, түүхэн үйл явдлыг нам улс төрийн хүчнүүд сонгуулийн үеэр ашигладаг байв. Жишээлбэл төв талбайг хоёр нам Чингис, Сүхбаатар нарын хөшөөгөөр уралдан тохижуулж байсан. Харин одоо бол түүхэн зүтгэлтнүүдийг хувь хүн өөрийнхөө жалга довны үзэлд ашиглан, нутгийн хүмүүсийн саналыг авах, тэдний бахархал (шүтээн) нь болсон хүний нэрийг худалдаж идэхээр уралдах боллоо.

Энэ уралдааныг УИХ гишүүн Ё.Отгонбаяр тэргүүлж эх орончдын түүхийг цувралаар гаргаж улс төрийн тоглолт хийж эхэлсэн бол удаах нь УИХ–ын гишүүн Ч.Хүрэлбаатар. Тэрээр саяханаас Монголын төрийг 44 жил удирдсан маршал Ю.Цэдэнбалын нэрийг барьж (тэрийгээ цагаатгал гэж их сүртэй нэрлэсэн) өөрийнхөө сонгуулийн сурталчилгааг эхлүүлээ. Ю.Цэдэнбалын алдар гавьяа, алдаа оноог хэн нэгэн шүүгээд байдаг ч зүйл биш. Шүүж ч чадахгүй. Харин сайн хүний нэрийг 3 худалдана гэгчээр түүний алдар хүндийг ашиглан ашиг хонжоо олж, сонгуулийн шоундаа ашиглах гэсэн хүмүүс гарч ирсээр байна.

Зөвхөн энэ хоёр ч биш Чингис хот, Чингис бонд, Чингисийн талбай гэх мэтээр хүмүүсийн үүх түүх, эх орноороо бахархах сэтгэл дээр өнөөдрийн ямар ч үр бүтээлгүй нам эвсэл арга ядсан жүжиг тоглохыг санаархах болжээ.

Буцаад Ч.Хүрэлбаатар гишүүний жүжиг рүүгээ оръё. Тэрбээр Ю.Цэдэнбал судлалын академийн дэд ерөнхийлөгчөөр 2003 оноос хойш ажилласан гэх атлаа уг цагаатгах асуудлыг яагаад өмнө нь тавьсангүй вэ?. Өөрөөр хэлбэл МАХН засгийн эрхийг барьж байх үед уг хүсэлтээ тавилгүй яагаад өдий болтол хүлээх болов гэдэг нь сонирхолтой.

Сонгууль ойртсон энэ үед эрхэм гишүүн өөрийн эрх ашгийн төлөө Ю.Цэдэнбалын нэр төрийг ашиглаж, Увсынхан намайг энэ ажлыг гардан зохион байгуулчихвал дахин их хурлын гишүүнд сонгочих тийм итгэл үнэмшилтэй хүмүүс гэж үзсэн бололтой. Үнэн байж болно. Гэхдээ нутгийн хүмүүсийн ийм чин сэтгэлийн итгэл үнэмшилийг өөрийн арга ядсан улс төрийн зорилгодоо ашиглах хэрэг байна уу? Тэртээ тэргүй энэ асуудал зүй ёсоороо шийдэгдэж таарна. Улс орон ард түмнийхээ тархи толгойг улс төрийн ашиг хонжооныхоо төлөө 25 жилийн турш эргүүлж орхисон болохоор одоо дахиад болно гэж бодож байвал эндүүрэл.



Өмнө нь Ё.Отгонбаяр энэ удаа Ч.Хүрэлбаатар. Дараа нь хэн ил тодоор Монголын түүхээр, түүхэн зүтгэлтнүүдээр сонгуулийн шоугаа хийх вэ?. Та нарын хэн ч хийсэн монголын эх оронч, түүхэн эрхэмүүдийн нэр төрийг барих, тэдний өмнөөс цэвэр ариун үйлс бүтээхэд нэр хүнд чинь дэндүү бохирдсон. Өнгөрсөн 25 жил та нарыг улс орноо босгож ирэх эх оронч хүмүүс гэж сонгосон байх гэвч Монгол орон та нар шиг хүмүүсээс болон улам бүр хямарсаар, жалга довоороо хуваагдсаар, оюун санааны асар их төөрөгдөлд хүрэв.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн магистрант С.Ууганбаяр