Ширээний орос хүүхнүүдийн Японд олсон аз жаргал

... ОРОСЫН ҮЗЭСГЭЛЭНТ ХҮҮХНҮҮД ТОКИОГИЙН ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ЭЗЛЭН АВСАН ТҮҮХ...
ЗХУ бутран унаж байсан үед буюу 15 жилийн тэртээ Токио хотод Оросын "Тамбурин” нэртэй анхны цэнгээний газар нээгдтэл түүгээр орж үйлчлүүлэхийг хүсэгчдийн урт дараалал үүссэн билээ. Эзэн нь болох Икэда сан өмнө нь боксчин байсан бөгөөд гэмт хэргийн ертөнцөд багагүй холбоо сүлбээтэй нэгэн байв. Өмнө нь тэрбээр филиппин, дараа нь бразил бүсгүйчүүдийг импортлож байсан бөгөөд нэг шөнийн дотор ийнхүү манджээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд түүн дээр ярилцлага авахаар ирж залхаах болсноос гадна хэвлэлүүдэд "Роппонгид амьд орос гоо бүсгүйчүүд ирлээ” гэсэн үнэгүй сурталчилгаа гарах болов. Төмөр хөшиг үгүй болж, дэлгэгдсэнээр Токио хотын кабаре болон шөнийн цэнгээний газрууд байрладаг Роппонги дүүрэгт Оросын бүжигчин бүсгүйчүүдийг урьж ирүүлэх санаа анх түүнд төржээ. Өмнө нь хэн ч үүнийг хийж байгаагүй учраас орос хүүхнүүдийг авчрах асуудал хүнд, ярвигтай байсныг Икэда дурсав. Ингээд визний асуудал зэргийг шийдсэний дүнд Токио хотын нисэх онгоцны буудалд эрэлхэг охидын эхний хэсэг хаана, юу хийхээ ч ойлгохгүйгээр бууж ирсэн гэдэг. Саяхан л гимнастикийн спортоор хичээллэн хөлсөө дуслуулж байсан, бүжгийн сургуулилт хийн үгээ хэлж байсан залуухан долоон бүсгүй ийнхүү Японы газар нутаг дээр хөл тавьжээ.
Тэдгээрийг үзэх гэж харчуул хэдэн мянгаараа цувдаг байсан аж. Амьд үзвэр үзэх гэсэн хэрэг. Өмнө нь ийм зүйлийг мөрөөдөл төдийд тооцож байсан бол одоо мөнгөө төлөөд л тааваараа харах боломжтойгоос гадна тэдэнтэй хамт бүжиглэх боломж нээгджээ. Ер нь бол япончууд оросуудад талтай байдаггүй. Айдаг гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй болов уу. Тэгвэл орос хүүхнүүдийн хувьд өөр хэрэг байлаа. Тэр үед зугаа цэнгээн, уушийн газруудын бизнесийг хахтал нь дүүргээд байсан хямд үнэтэй халтар филиппин бүсгүйчүүдээс япон эрчүүд уйдаад байсан аж. Тоомсог морь шиг биетэй, шаргал үст бүсгүйчүүдийг харах гэж зарим харчуул нүдээ өгөхөөс наагуур юм болдог байв. Хүүхнүүдийг харахаар Элчингийн ажилтнууд ч олноор ирдэг байлаа. Тэр үед ОХУ-ын Элчин сайдын яам болон Консулын газар тэндээс таван минут явах газарт байрладаг байсан юм.
Гэвч энэ бизнесийн анхдагч болсон Икэда хэсэг хугацааны дараа үүд хаалгаа хаахад хүрчээ. Цагаачдын асуудал хариуцсан газартай хамтран цагдаа нар гэнэт шалгалт хийсэн аж. Тэд охидын тус улсад ирсэн зорилго хийж буй ажилтай нь зөрчилдөж байгааг "илрүүлэв”. Дээр нь тайз нь жижигхэн, хувцас солих өрөө нь умгар гэхчлэн олон шаардлага тавьжээ. Тэгтэл хажууд нь ази бүсгүйчүүд бүхий үүнтэй төстэй олон арван цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж байсан ч шалгалтад өртөөгүй байна. Икэдагийн сэдсэн бизнесийн санаа өндөр хурдтайгаар цааш хөгжжээ. Орос нэртэй цэнгээний газрууд ар араасаа нээгдэх болов. Тэдгээрийн нэр, хаягийг ч сольж амжихгүй тийм байдал үүсэв. Өрсөлдөгчид нь үүний улмаас дампуурахад хүрч байлаа. Икэда сан өөрийн мөнгийг явц муутай төслүүдэд оруулж, эцэс сүүлдээ бүтэлгүй хайр дурлалын золиос болсон билээ. Мань эр үйлчлүүлэгч мафийн хурган даргаас өөрийн ажилтан эмэгтэйг салгаж авахыг оролдсон хэдий ч бүтэлгүйтэв. Бүжигчин хүүхэн нь зочноос үнэтэй шуба бэлгэнд авангуут мань эр зөрүүлээд тийм хувцас авч өгнө. Бриллиант бүхий бөгж өгвөл адилханыг авч өгч байлаа. Ингэж явсаар Икэда сүйрч орхижээ.
Тэр цагаас хойш их ч хугацаа өнгөрчээ. Саяхан Роппонги дүүрэгт Икэда сантай Оросын нэгэн кабаред тааралддаг юм байна. Түүний тамирчин хүний бие галбир аль хэдийнэ үгүй болжээ. Тэр архинд орсон бололтой. Гэвч урьдын ажлаа хийсээр байгаа аж. Гэхдээ эзэн бус зөвлөх хийж байгаа гэнэ. Ажил ихтэй бололтой. Учир нь, тэрбээр орос хүүхнүүдийн талаар жинхэнэ мэргэжилтэн гэж хэлж болно. Цаадуул нь ч мөн онцгой хандлага, харьцааг шаардах нь ойлгомжтой. Харин Токиогийн Нарита нисэх онгоцны буудал дээр саяхан би Москвагийн уугуул Лина бүсгүйтэй тааралдсан билээ. Тэрээр "Тамбурин”-ы шоуд шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан бүжигчин хүүхэн юм. Түүний япон мөрөөдөл биелжээ. Тэрээр өөртөө болон ээждээ дажгүй орон сууц худалдаж аваад их сургуульд элсэн орсон байна. Токио хотод хэдэн жил практик хийсний дүнд япон хэлийг чамгүй сурчээ. Өдгөө тэрээр хэлмэрчээр ажилладаг аж.

ТӨЛӨВЛӨГӨӨ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ ЗҮТГЭСЭН ХҮҮХНҮҮД
Эхэндээ мэдээж үйлчлүүлэгч болон хүүхнүүд бүгд л биеэ барьцгаадаг. Энд бас хэлний бэрхшээл гол үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ хэлний асуудал амархан шийдэгдэнэ. Учир нь, томчууд юун тухай яриа болж байгааг ойлгохыг хичээн хараалын үгсийг маш амархан сурдаг аж. Шоу дундуур ширээний ард сууцгаан караокед дуулж, архи ууна. Баян үйлчлүүлэгчдийг хөөргөж, хөгжөөх үүднээс тэднийг согтоох хэрэгтэй болно. Үйлчилж буй хүүхнүүд өөрсдөө ч уух үе гардаг байлаа. "Их мөнгө олохыг хүсч байгаа бол тэдэнтэй ор хөнжилд орохгүйгээр үүнийг гүйцэлдүүлнэ гэдэг амаргүй. Олон үйлчлүүлэгчтэй зэрэг сээтэгнэн, аль болох хэмжээ хязгаараа мэдэж байх нь чухал” хэмээн Алёна Ш гэдэг бүсгүй ярьжээ. Энэ бүжигчин бүсгүй өөрийн үйлчлүүлэгч япон эртэй гэр бүл болсон бөгөөд өдгөө Токио хотноо дагавар хүүхдийн хамт амьдарч байгаа юм. "Хэрэв чи гайгүй бие галбиртай бол чамайг ширээндээ урьсан урилга тасрахгүй. Олон дахин урилга авсан тохиолдолд сарын эцэст төдий чинээ их урамшуулал хүртэнэ. Ширээнд уригдсан бол уух хэрэг гарна. Үйлчлүүлэгчид виски аягалж өгнө. Өөртөө жүүс хийнэ. Ширээнд үйлчилснээр цалин нэмэгдэнэ. Нэг удаа суувал 500 иен буюу 4.5 доллар авна. Нэг цаг нь 2000 иен. Үүгээр шагнал, урамшуулал дуусахгүй. Цэнгээний газруудад оноо цуглуулах өөр нэг тогтолцоо байдаг нь "дохан” билээ. Чиний үйлчилсэн хүн дахин ирсэн бол оноо нэмж авна. "Дохан” гэдэг нь нэг ёсны төлөвлөгөө юм. Хэрэв түүнийг биелүүлэхгүй бол торгууль хүлээнэ. Харин төлөвлөгөөгөө давуулан биелүүлбэл шагнал хүртэх жишээтэй.
Тийм учраас үйлчлүүлэгчээ дахин дахин ирэхийг хүсч, гуйх хэрэг гарна. Цаадахь чинь үүнийг өөрт нь талтай байна гэж ойлгох аюултай. Далайгаар аялах, ууланд хамт авирах урилгууд ар араасаа хөвөрч бугуйн цаг, хөгжим, үнэт эдлэл, автомашин зэрэг гарын бэлгийг өгөх юм. Нэгэн зэрэг хэд хэдэн хүнтэй сээтэгнэн ажиллах боломжтой ч эрт, орой хэзээ нэгэн цагт зөрчиж болохгүй хил хязгаар ирдэг аж. Гэхдээ амрыг нь бодоод сарын 600-800 долларын цалингаа аваад дээр нь хагас нүцгэн бүжиг хийж 200 доллар авч болдог гэнэ. Дээр нь өдрийн арван долларыг хоол хүнсэндээ зориулж авна. Филиппин бүсгүйчүүд цалингаасаа гадна үнэ төлбөргүй цагаан будаа авч хооллодог байсан бол орос хүүхнүүд будаанаас татгалзан мөнгө авахыг илүүд үзжээ. Дээр нь байр үнэгүй. Мөн эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээ үнэгүй авна. Мэдээж ажилдаа ирж, очихдоо унаагаар хүргүүлнэ. Энэ бүгдийг нийлүүлээд нэг орос бүсгүй сарын 200 мянган иен буюу 1800 долларын зардал гаргадаг байжээ. Хэрэв эзэн чинь гайгүй хүн таарвал баяр ёслолын үеэр хэсэг бүлгээрээ хөдөө хээр гарч амрах боломжоор хангагдана. Зарим бүсгүйчүүд биеэ үнэлэхээс наагуур юм болж байж хагас жилийн дотор 20-30 мянган доллартай нутаг буцах боломжтой болж байлаа.
Ажлын өдөр оройн долоон цагт эхэлнэ. Таван минутын өмнө нүүр амаа будаж бэлэн ирнэ. Эхлээд таван минутын хуралтай. Ажил үүрийн гурван цагт дуусна. Энэ үед авсан оноонуудыг тооцон, сануулга өгөх юм. Ажлын өдөр яг найман цаг үргэлжлэх ёстой. Илүү цагаар ажиллабал нэмж хөлс олгох нь баталгаатай. Үйлчлүүлэгчдийн өгсөн цайны мөнгө, бэлэг сэлтийг хурааж авахгүй. Мэдээж хөдөлмөрийн ёс зүйн дүрмүүд мөрдөгдөнө. Гартаа жижиг гар цүнх барих бөгөөд түүн дотроо ажилладаг газрынхаа нэр, хаяг бүхий нэрийн хуудас, нусны алчуур, үзэг болон тамхины асаагуурыг авч явах учиртай. Банзал нь аль болох оготор, гутлын өсгий аль болох өндөр байх ёстой. Ямар ч битүү энгэртэй цамц, жийнсэн өмд өмсөх учиргүй. Ширээний ард суун ажлаа хийж байхдаа бусад охидуудтай ярихгүй байна. Бохь зажлах хориотой. Шинэ үйлчлүүлэгчид хаалгаар орж ирэнгүүт нэгэн дуугаар "Иррассяимасэ!” буюу "Тавтай морилогтун!” хэмээн мэндчилнэ. Зочдыг үдэн гаргахдаа бөхийн "Домо аригато годзаимасу!” хэмээн дуржигнуулна. Хүүхнүүдийн дийлэнх нь мэдээж Япон руу мөнгө хийхээр очдог. Гэвч хаяахан өвөрмөц бодолтой хүүхнүүд таардаг аж. Нэг бүсгүй ажлын эхний өдрөө л тайзан дээр ухаан алдан унажээ. Түүнд шинжилгээ хийтэл тэр бүсгүй долоон сартай жирэмсэн байв. Түүнээс яах гэж ийшээгээ ирснийг нь асуутал бүсгүй чин үнэнээсээ "Би бүтэн хагас жил виза гарахыг хүлээсэн. Дараа нь миний итгэл алдарсан. Нэг л өдөр виза маань бүтсэн. Тиймээс би Диснейлэндэд очиж үзэхийг хүссэн юм” гэж өчжээ.
Мэдээж оросууд шууд л шөнийн цэнгээний газруудыг эзлэн түрэмгийлсэн гэвэл худал болно. Оросуудыг залгаад халуун цустай боловч хямд үнэтэй румын хүүхнүүдийн цуваа тасарсангүй. Тэд хямд үнэтэй цэнгээний газруудыг дүүргэж орхив. Дараа нь хүйтэн хөндий харьцаатай польш бүсгүйчүүд айлчлав. Польш бүсгүйчүүд зүс царай сайтай боловч дэндүү хүйтэн хөндий, биеэ баримтгай байлаа. Швед хүүхнүүдийн дайрлага ч удаан үргэлжилсэнгүй. Энэ баян улсын охид, хүүхнүүд ямар учраас ийшээгээ ирсэн нь сонирхол татна. Тэд Шведэд ажилгүйдлийн тэтгэлэг гэж сарын 2000 доллар хүртдэг байв. Гэвч ажилгүй сууна. Тэгэхээр нэмж цалинжихаар шийджээ. Скандинав бүсгүйчүүд харамсалтай нь сэтгэл зүрхээрээ ажлаа хийж чадаагүйн улмаас удалгүй ихэнх нь нутаг буцсан билээ.

ЭЭЖДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ
Энд бүжигчнээр ирсэн олон хүүхэн гоонь юм уу гэр бүлээсээ салсан хөгшин баян япон эрстэй бодлогын чанартай гэр бүл болцгоодог. Ингэснээр тэд тус улсад оршин суух урт хугацааны зөвшөөрөлтэй болж аваад гэр бүлээ цуцлуулан тааралдсан ажлаа хийн амь зогооно. Зарим нэг нь зориуд бөглүү газруудыг зорин япон фермерүүдтэй гэр бүл болж хүүхэд төрүүлнэ. Энд олон тооны хүүхэд төрүүлж уйтгартай царай гаргасан аялгатай япон хэлээр ярих орос бүсгүйчүүдийг олж болно. Харин Токио хотод амьдардаг хүүхнүүд хүүхдүүдээ авч сардаа хоёр удаа орос клубуудад очин нутаг нэгтэнтэйгээ яриа хөөрөө дэлгэдэг байна. Ийм клуб Токио хотод хоёр ч байдаг гэнэ. Харин ийм боломж үгүй хүүхнүүд алс холын нутгаас сэтгэл гонсоймоор захидлуудыг эх орон руугаа илгээдэг аж. Ийм нэгэн захидлыг та бүхэнд толилуулъя.
"Сайн уу, ээж ээ! Өнөөдөр энд 2005 оны есдүгээр сарын 5-ны өдөр болж байна. Энд гэдэг нь Япон улсад. Эдний ертөнцөд манайтай адилхан зүйл нэгээхэн ч үгүй. Таны хүргэн хүү томилолтоор яваад алга болсон. Зээ хүү тань өсч өндийж байна. Эндэхийн залуучууд гэж хэрэг алга. Хүүхдүүд нь 14 наснаасаа л ижил хүйстэн болцгоох юм. Архи ууна, тамхи татна, шөнө дүлээр мотоцикл унаж давхина. Дэндүү задгайрч байна. Цагдаа нар тэднийг хорьж дийлэхгүй юм. Эндхийн эхчүүд унхиагүй хүмүүс байх. Тэд зөвхөн хүүхэд төрүүлэх үүрэгтэй. Дэндүү их хүүхэд гаргаснаас болж ажилгүйдлийн түвшин хэрээс хэтрэв. 40 настай эмэгтэй хүн энд хэн ч биш. Энэ бөглүү нутагт өөр ертөнц ноёлно. Телевизээр гардагтай адилгүй. Энд бүх юм нэг л өөр. Агаар нь хүнийх, хэл нь хүнийх, ингээд л болоо. Япон хүүхнүүд энэ нутагт гурван хүүхэд төрүүлэх юм. Тэр гурав нь 20 жилийн дараа цааш гурав, гурвыг төрүүлнэ. Ээж минь дээ, надад аягүй хэцүү байна” гэсэн үгтэй захидлыг Нагоя хотоос Надя гэдэг бүсгүй бичжээ.

ВАСЯГААС БОЛГООМЖИЛ!
Орон нутгийн засаг захиргаа ийм бодолтой хүүхнүүдийг нөхөрт гарахаас нь өмнө барьж авахыг хичээдэг. Визний журам зөрчсөн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, тус улсад байх хугацаагаа хэтрүүлсэн гэх зэрэг шалтгаануудыг тоочин ингэнэ. Хэрэв хос хоёр гэрлэх хүсэлтээ гаргавал эхлээд тус улсыг орхин гарч гэр бүлийн виз авсныхаа дараа дахин нэвтрэх боломжоор хангагддаг аж. Янз бүрийн арга хэмжээнүүдийг авч байгаа ч Евразиас ирэх хүмүүсийн урсгал буурахгүй байгаа юм. Заримдаа улирлын чанартай бууралт болдог. Япон улс руу "ажиллах хүч” илгээдэг арвин туршлагатай компанийн нэгэн удирдагч ийн өгүүлэв.
"Япон улсад ажиллах хүч гаргахад их өвөрмөц шаардлагатай. Тэнд бүх юм шударга хийгдэх ёстой. Ажилд явахыг горилогч хүүхнүүд тэнд очоод ямаршуухан нөхцөл байдал хүлээж байгааг мэдэх үүрэгтэй. Бид ч тэдэнд энэ амаргүй ажлын сайн, муу талуудыг нэгбүрчлэн танилцуулдаг. Япон үйлчлүүлэгчдийн онцлогуудыг хэлнэ. Тэдэнд юу таалагддаг, юу таалагддаггүйг хэлдэг юм. Москвад байхад нь л клубуудад ямар дэг журам мөрдөгддөгийг танилцуулна. Хөдөлмөрийн сахилга бат алдсан тохиолдолд ямар торгууль хүлээдэг болохыг хэлнэ. Янз бүрийн асуудалд орооцолдохгүйн тулд юу хийх ёстойг ярина. Бид ажиллах хүчээ тийшээгээ явуулах, буцааж авах тийзийг авсан байх ёстой. Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангана. Ер нь бол бид мөнгөний ажил хийхээр явж байгаа хүмүүсийг тийшээ илгээдэг. Харин тэнд гэр бүл болж, хүүхэд төрүүл гэж явуулдаггүй” хэмээн энэ нөхөр ярив.
Өдгөө энэ салбарт Оросын олон компани ажиллаж байгаа юм. Тэднээс арав гаруй нь цаг хугацааны шалгуурыг давсан найдвартай компаниуд аж. Харин орос хүүхнүүдээр ажилчдаа зузаатгах гэсэн шөнийн цэнгээний газруудын тоо буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Оросын хүүхнүүд хэзээд эрэлттэй байх бололтой. Японд үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын дөрвөн Консулын газар байдаг ч охид, хүүхнүүд тэдэнд амар заяа үзүүлдэггүй аж. Орос хүүхнүүдийн дайрлага Японд ид байсан үед тэнд ажиллаж байсан Ерөнхий Консулын газрын экс ажилтан ийн дурсчээ.
"Энэ бизнес цоо шинээр бий болсон тул ямар зөвшөөрөл хэрэгтэй, энэ бүхэн хууль ёсных уу гэдгийг хэн ч ойлгож мэддэггүй байв. Эхлээд заавал ч үгүй зөвшөөрөл авахыг шаарддаг байсан бол дараа нь байгуулсан гэрээнүүдийн үнэн бодит эсэхийг шалгах хэрэгтэй болсон. Зөрчил гаргасан цэнгээний газруудыг тогтоон тэндхийн цагдаа нарын хамтаар хааж байлаа. Зарим нэг цэнгээний газруудын санаа муут эзэд манай хүүхнүүдийн бичиг баримтыг хурааж аваад өгөхгүй байснаас гадна цалин хөлсөө хугацаанд нь олгохгүй байсан юм. Арга буюу хүүхнүүдээ тэдний гараас сугалан авч гэр рүү нь буцааж байлаа. Владивосток хотын хэсэг хүүхний асуудал санаанд орж байна. Тэдгээрийг хүчээр биеийг нь үнэлүүлэх гэж байсан. Тэднийг "Вася” гэгч нөхөр тийш нь илгээсэн гэдгийг өгүүлэхээс өөр юу ч мэдэхгүй байв. Тэр сайн эр өндөр цалинтай ажил хийхийг хүсэгч хүүхнүүдээс хоёр хоёр мянган доллар мулзалж орхиод харанхуй руу илгээсэн байдаг. Одоо бол үүнийг судалдаг болсон цаг” хэмээн экс ажилтан эр ярив.

Цэнгээний газрын япон эздийн хувьд янз бүр байдаг аж. Нэг ийм газрын эзэн ноён Като нэгэн орос бүсгүйн төлөө эхнэр, хүүхдээ хаяжээ. Тэд хүүхэдтэй болсон байна. Гэхдээ мань эр одоо өөр орос хүүхэнтэй хамтын амьдрал зохиожээ. Япон эрчүүд орос хүүхнүүдийн төлөө юугаа ч хаяхад бэлэн байдгийн нотолгоо энэ болов.