Засгийн газрууд капиталд өндөр татвар тогтоох замаар тэгш байдлыг бүгдэд бий болгож, капитал цөөнхөд төвлөрч байгааг зогсоож, улмаар улс төрийн болоод эдийн засгийн тогтвортой, тэгш шударга байдлыг бий болгоно" гэсэн зөвлөмжөөр Пикетти номоо дуусгажээ-

"XXI зууны капитал"-ийн 10 эшлэл

Нэг. Өнгөрсөнд байсан хангалуун байдал дахин тохиолдохгүй

Өнгөрсөн зууны дунд үеэс капиталист улсуудын эдийн засаг эрчимтэй хөгжиж, нийгмийн тодорхой давхаргын орлого нэмэгдэв. Эдийн засаг ийнхүү эрчимжихэд техник, технологийн дэвшил болон нийгмийн бүтцийн өөрчлөлт нөлөөлсөн. "Орлогын тэгш бус байдал нь үеэс үеэд үргэлжилж байсан бөгөөд энэ Европ болон АНУ-ын эдийн засгийн түүхэн уламжлалтай холбоотой. Дэлхийн дайнууд болон Их хямралын үед л энэ үйл явц саарч байсан юм. Орлогын тэгш бус байдал байгалийн жамаараа хэзээ ч тохиолдож байгаагүй учраас, 1950-1980-аад оны хооронд тохиолдсон нийшмийн сайн сайхан байдал нэг удаагийн тохиодлын хэрэг гэж би дүгнэж байна. Ийм үзэгдэл дахин тохиолдохгүй байх магадлалтай".

Хоёр. Хөрөнгөтэй хүн жил ирэх тусам улам хөрөнгөжсөөр байна

Сүүлийн жилүүдийн нийт эдийн засгийн өсөлттэй уялдан харьцангуй бага орлоготой хүнд амьдрал илүү сайжирсан мэт сэтгэгдэл төрж байж магадгүй, гэсэн ч үнэндээ дэлхийн хүн амын нэг хувийг эзэлж байгаа хөрөнгөлөг хүмүүс үүнээс илүү ашиг олж байгаа. "Дэлхийн санхүүгийн хямралын өмнөх 30 жил буюу 1997-2007 оны хоорондох АНУ-ын эдийн засгийн өсөлтийг аваад үзэх юм бол АНУ-ын бүтээгдсэн үндэсний орлогын 60 хувь нь хүн амынх нь нэг хувийг бүрдүүлж байгаа хөрөнгөлөг хүмүүст очсон байна. Энэ нь хүн амын үлдсэн хэсэг буюу 99 хувийн жилийн орлого 0,5 хувиар өссөн гэсэн үг юм".

Гурав. Тэгш бус байдал гэдэг заавал муу байх албагүй

Тэгш бус байдал гэдэг ерөнхийдөө хүмүүст сөрөг ойлголт. Гэхдээ эдийн засгийн онолын үүднээс аваад үзэх юм бол энэ ашиг авчирдаг. Пикетт энэ ашиг нь "бүүр их ашиг" гэж тодотгож байгаа юм. "Эдийн засгийн тэгш бус байдлыг сөрөг зүйл гэж нэрлэж болохгүй, яагаад гэвэл онолын хувьд энэ тийм биш. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, инновацийн хөгжлийг тэгш бус байдлаас ангид авч үзэх аргагүй. Гол зөрчил нь юунд байна вэ гэхээр энэ тэгш бус байдал нэлэнхүйдээ ноёлж байгаад байгаа юм. Дэлхийн хангалуун хүмүүсийн хөрөнгө үлдсэн хүмүүстэй харьцуулахад гурав дахин хурдтай өсөн нэмэгдэж байна. Энэ байдал нь нийгмийн тэгш бус байдлыг үүсгэж, улмаар ардчиллын ирээдүйд заналхийлж байна".

Дөрөв. Татварын бага хувь нь хөрөнгөлөг хүмүүсийн нөлөөг ихэсгэж байна

Татварын хувь бага байх нь нийт хүн амын амьдралыг хөнгвчилж байгаа гэж эдийн засагчид үздэг. Гэсэн ч үүнээс хөрөнгөтэй хүмүүс л хождог. Тэд эзэнгүй, чөлөөтэй байгаа нөөц баялгийг олж авч, үүнийгээ улс төрийн бодлогод нөлөөлөх ашигладаг. "Ихэнх улс оронд хүн амын орлогын татварын шатлалыг бууруулахад илүү их ашиг хүртэх боломж бий болж, энэ ашгийг хүртсэн хүмүүс татварын хууль эрх зүйд нөлөөлж эхэлдэг. Тэд өндөр татварыг байж болшгүй зүйл гэж сурталчилдаг. Илүү их ашиг хүртсэнээр хөрөнгөлөг хүмүүсийн "гар, хөлөө чөлөөтэй хөдөлгөх" боломжтой болж, улс төрийн намуудыг санхүүжүүлж, өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдьэр гаргуулахад лоббидож эхэлдэг".

Тав. Өмчийн тэгш бус байдал гэдэг хэр зэрэг зөв болохыг бид мэдэхгүй

Орлогын тэгш бус байдал, өмчийн тэгш бус байдал гэдэг хоёр өөр зүйл гэж Пикетти үзэж байна. Амьжиргааны нөхцөлийн тэгш бус байдлыг одоогоор гүйцэд судалдсан мэргэжилтэн бараг алга. Тиймээс зөв, буруу эсэхийг хэлэхэд амаргүй. "Тэгш бус байдал бол хамгийн муу зүйл гэж би хэлэхдээ үүнд өв уламжилж ирсэн хөрөнгийг тооцохгүй байна. Ардчилал бол нийгмийн бүр иргэний эрхийн тэгш байдал гэж номлодог, гэтэл онол амьжиргааны орчин, амьдралын нөхцөл байдалтай өдөр шөнө шиг ялгаатай байна. Нэгэнт байгаа энэ бодит байдалтай эвлэрэхийн тулд нийгмийн тэгш бус байдал нь зөв байх ёстой зүйл үү, эсвэл манай эдийн засгийн бүтцийн сөрөг үр дагавар уу гэдгийг эхлээд ойлгох ёстой".

Зургаа. Тэгш бус байдлын үр дагавар татварын хувийг багасгах магадлалтай

Ихэнх улс оронд их орлого олж байгаа нь илүү өндөр хувиар татвар төлдөг. Пикеттийн үзэж байгаагаар орлогын татвар нь өмчийн тэгш бус байдалтай тэмцэж байгаа үед л үр дүнтэй гэнэ. "Баячууд болоод ядуучуудын хоорондох тэгш бус байдлыг арилгахад, мөн төрийн өрийг бууруулахад орлогод биш хөрөнгөд татвар ногдуулах нь илүү үр дүнтэй. Энэ нь эдийн засгийн арга хэрэгслийн хувьд инфляциас илүү үр дүнтэй. Өсөн нэмэгдэх татвар нь хөрөнгө оруулалтын орлого эдийн засгийн өсөлтийн давж байгаа нөхцөлд хариу үйлдэл байж болох юм. Тэгш бус байдлын төсгөлгүй эргүүлгийг зогсоож, жижиг бизнесийг хөгжүүлэх хөшүүрэг болоход өсөн нэмэгдэх татвар хэрэгтэй".

Долоо. Европын холбоо ямар ч үр ашиггүй

Европын холбоо бол улс төр, эдийн засгийн том нэгдэл. Гэсэн өнөөгийн нөхцөлд энэ холбоо улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч ямар ч үр ашиггүй гэж Пикетти үзсэн байна. "Европын холбоо илүү ардчилсан нэгдэл болох ёстой. Европын холбоо гаргасан улс төрийн шийдвэрээ бүрэн хариуцдаг эрх бүхий парламенттай байх ёстой. Холбооны гишүүд өөр хоорондоо бүрэн интеграцад орж чадаагүйгээс улс төр, эдийн, санхүүгийн асуудлаар хамтарч ажиллахаас татгалзаж, улмаар эцэст нь бүгд хохирч байна. Европын холбооны улс төрийн институт нь эрх зүйн бүрэн чадамжгүй учраас үр ашиггүй байгаа юм. 80 сая хүн амтай Германы эрх ашгийг Сайд нарын зөвлөлд нь нэг л хүн төлөөлж байна шүү дээ".

Найм. Европ дахь татварын маргаан зөвхөн том корпорацид ашигтай

Европын холбооны улсууд өөр өөрсдийн улс оронд татварын зохицуулалтыг хэрхэн хийх талаар он удаан жил маргалдаж байна. Харин энэ байдал зөвхөн том корпорациудад ашигтай байж, тэгш бус байдлыг улам дэвэргэж байна. "Европын улстөрчдийн татварын маргаанаас зөвхөн том корпорациуд хожиж байна. Тэд үйлдвэрлэлээ нэг улсад явуулж, нөгөө улсад нь татвараа төлж байна. Ийм байдлаар том корпорациуд жил бүр хэдэн тэрбум еврогийн ашиг олж байхад, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд энэ залийг хэрэглэх боломж олдохгүй байна. Ер нь Европын улстөрчид татварын маргаанаа эцэслэн шийдэх сонирхолгүй гэсэн сэтгэгдэл төрж байгаа, тэд маргалдаж байх хооронд тэгш бус байдал газар авсаар".

Ес. Капитализмыг шүүмжлэгчид коммунизмын сүйрлийг ойшоохгүй байна

Пикеттийн ном улам түгэх тусам олон хүн Пикеттийг марксизм, коммунизмыг магтан дуулагч хэмээн тодорхойлж байна. Харин Пикетти коммунизмыг онолыг үндэслэгч Карл Марксын "Капитал" номыг уншиж үзээгүй гэдгээ зарласан ч энэ номын ач холбогдол байсаар байгаа гэж боддогоо хэлсэн юм. "Би капитализмыг шүүмжлэх дургүй, гэхдээ би коммунист дэглэм нуран унаж байх үед хамаарах хүн. Би хэзээ ч коммунизмыг санан гансарч байгаагүй. Капитализмыг уйтгартайгаар шүүмжилж байгаа ч коммунизмын сүйрлийг ойшоож үзэхгүй байгаагаас хамгаалах вакцинийг би хийлгэсэн хүн".

Арав. Эдийн засагчид амьдралаас тасарсан математикаар оролдож байна

Эдийн засгийг ойлгоход хэцүү математикийн томъёонд оруулж байгаад Пикетти шүүмжлэлтэй ханддаг. Эдийн засаг бол тоонууд биш нийгмийн тухай шинжлэх ухаан гэдэгт Пикетти итгэлтэй байдаг. "Эдийн засагчид өөрсдийгөө бүхнээс ухаантай, тэр дундаа түүхчдээс ухаантай гэдэгтээ итгэлтэй хүмүүс. Энэ бол арай хэтэрсэн хэрэг. Эдийн засгийн үйл явцын талаарх ул суурьтай судалгаа сүүлийн жилүүдэд лав гарсангүй. Нийгмийн шинжлэх ухаанаар оролдож байгаа эрдэмтэд илүү даруу, илүү прагматик байх хэрэгтэй. Хэрвээ би АНУ-д эдийн засагчаараа ажиллаад үлдсэн бол өөрийн сонирхдог түүхийн үйл явцыг судалж чадахгүй, эдийн засгийн онол дунд сэлж байх байсан биз. Мэдээж, математик эдийн засагт хэрэгтэй. Гэхдээ тоо, онол хоёр зөв харьцаатай нөхцөлд. Өнөөгийн эдийн засагчид яг эсрэгээр ажиллаж байна. Тэд ойлгоход төвөгтэй математик загварыг бий болгож байна".

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин