Нэгэн удаа бүтэн сайн өдөр найзтайгаа хамт Женев (Geneve) хотод шатрын тэмцээнд оролцохоор хурдны зам дээр 100 км цаг хурдтай явж байлаа. Урд талд нэгэн салганасан Тоёота жиип зүүн гар талаа бариад ердөө гүйцэж түрүүлэх боломж өгөхгүй 10 гаран минут болов. Би тэсвэр алдаад найздаа, сайхан хурдаа аваад л баруун талаар нь гүйцээд гар гэвээ. "Хориотой үйлдэл" болохгүй ээ л гэнэ. Тэгэхээр нь энэ зам дээр ийм маягаар гэлдэрвэл тэмцээнд 30 орчим минут хоцорч очно шүү, дараа нь 36 нүүдэл 1 цагийн дотор бодож амжих уу? Хожигдчихоод олон юм яриваа гэж бааллаа.

Тэгсэн чинь манай хүн нээрээ тийм шүү, за дүүрсэн хэрэг гээд хаазаа нэмэн шурхийгээд л урд талд нь гарав. Би ч баясчихсан маадгар амьтан, ийм амархан юманд юунд нь айдаг байнаа "magnifique" гэж магтаад л ард хоцорсон тэрэгний жолоочийг харчих санаатай эргэж хартал цэнхэр дохиоллоо дөнгөж асаасан цагдаагийн машин нүдэнд тусваа хөө. Тэгээд л арын цонхон дээрээ ЗОГС гэсэн бичгээ анивчуулсан цагаан алаг Ауди урд гарч, биднийг зогсоолоо. Журмаа мөрдсөн 2 цагдаагийн нэг нь тэрэгнээс гарч болохгүйг надад анхааруулаад машины ард гарч гар буундаа гараа хүргэн зогсов, нөгөөх нь манай найзыг бичиг баримтаа шалгуулахыг хүслээ. Энэ үед хажуугаар өнөө зэвүүн Тоёотаг нэгэн өвгөжөөр насны хүн жолоодон өнгөрч байхыг анзаарлаа.


Бичиг баримт шалгаж дуусаад найзыг маань бууж өөрийнхөө машинд орж сууна уу гэж байна. Бид нар тэмцээнээс хоцрох гээд ийм буруу юм хийчихлээ. Урд талын тэрэг зам тавьж өгөхгүй 2-р эгнээнд байнга явсныг анзаараа биздээ та нар, тэрийг сая та нар яагаад зогсоохгүй байгаам гээд л тэсэхгүй хэлээл хаячив. Тэгсэн чинь урдаас: Та санаа зоволтгүй бид тэр машиныг хэзээ ч олно гэж хариулав. Найз маань намайг дуугай байхыг хүсээд цагдаагийн машинд орж хэсэг сууж байгаад ирлээ. Найзад маань хурд хэтрүүлсэн бичлэгийг үзүүлж: 176км/цаг. Дээр нь баруун гар талаар гүйцэж түрүүлсэн ял!!! Жолоо барих эрхээ 2 жил хүртэл хасуулах юм байна. Манай найз түргэний эмч хийдэг ажилтай, амралтын өдрөөр ганц тэмцээнд оролцох гэж яараад ийм юм болчлоо, уучлаач, өршөөгөөч, туслаач л болсон юм байх. За таны эмч хийдэг ажлыг чинь бодоод гүйцэд түрүүлсэн үйлдлийг чинь протоколдохгүй өнгөрөөе, харин хурдны асуудлыг бид шүүх рүү заавал явуулна ойлгоорой, тэмцээнд тань амжилт хүсье гээд бид салцгаасан билээ. Үүнээс хоёр долоо хоногийн дараа түүний гэрийн хаягаар 5 сарын хугацаатай дээд хурд 45 км/цаг хязгаартай тэрэг барих (зураг дээр байгаа дээд хурдыг 45 км-ээр хязгаарласан тусгай машиныг түрээс төлж унана), мөн 900 франкны торгууль төлөх ёстой шүүхийн шийдвэр ирсэн юм. Ингэж нэг найзыгаа баллаж байсан юм.


Энэ явдлаас хойш хагас жилийн дараа өнөө Тоёотатай өвгөнийг хурдны замын дүрэм зөрчсөн /замын хөдөлгөөнд саад учруулсан / заалтаар 400 орчим франкаар торгож шийтгэсэн тухай шүүхийн шийдвэрийн хувь нь манай найзад ирсэн гэж байгаа. Швейцар улсад цагдаа өөрийнхөө үйлдлийг хөндлөнгийн хүний дүгнэлт, мэргэжлийн байгууллагын ажилтны гаргасан анализ,эмчийн дүгнэлт гэх мэтийн олон янзын баталгаажуулсан баримтыг шүүхэд илгээдэг юм байна. Жишээлбэл согтуугаар жолоо барьсан иргэнийг цагдаагийн үлээлгэсэн аппаратны заалтны хэмжээг, эмчийн авсан цусан дахь согтуурлын дүгнэлттэй хамт хавсаргаж байж шийтгэл оноох хүчин төгөлдөр баримт гэж үздэг юм байна.


За тэгээд энэ зураг дээрхи шиг хурдны тэмдэглэгээг заасан суудлын тэрэгтэй нөхөр тааралдвал гишгэдэг гаруудын нэг нь байна гэж ойлгож болноо. Энэ хаазаа тултал нь гишгээд гишгээд 45 аас хэтэрдэггүй энэ машиныг хөлсөлж унадаг гэж байгаа шүү.
Өгөөмөр