thumb_size

/явдаггүй замаар гарц хайж тэмтэчсэн тэмдэглэл/

Яагаав, нөгөө “Гарын 5 хуруу” киноны? Лодойдамба гуайн зохиол, Нямгаваа гуай кино зохиол болгосон, 80-аад оны, гэр бүлийн харилцааны тухай бидний мэдэх шедевр. Энэ үед л үзэл суртлын хийрхэл жаал намжиж, нийгэм, хүнийхээ асуудал уруу илүү анхаарлаа хандуулж, нөгөө талаас уран бүтээлчид ч олон талаар бэлтгэгдэж, зах зээлийн шуурга эхэлчихээгүй, чанар шаарддаг асар том тогтолцоотой…, ёстой нөгөө “хувьсгалын тохироо” гээч нь бүрдсэн сайхан үе санагддаг. Киноны тухай ингээд зогсооё.

Энэ киноны талаар дурсахад танд юу бодогддог вэ? Хувийн жаргалаа бодож, таван хүүхдээ хаяад хүүхэн дагаад явдаг Шагдар, түүний хойно итгэл найдвараа алдаж хоцордог бүсгүй, өнчирч үлддэг таван хүүхэд… Ээж минь залуудаа олон хүүхэдтэй, яг л Хорлоо шиг үлдсэндээ ч тэр үү.., энэ киног үзэх бүртээ уйлдаг байж билээ. Тэр бүр Шагдрыг, аавыгаа, хүүхдээ орхиж явдаг аавуудыг үзэн яддаг байж билээ…

Олон эхнэр сольж, хүүхэд өнчрүүлсэн.., шар махтайгаа хатан байж босгосон амьдралаа нураасан Шагдар шиг хүн болно доо… гэж мөрөөддөг хүү байхгүй! Ялангуяа эцэг нь орхиод явсан хөвгүүд бүр ч ӨӨР АМЬДРАЛ мөрөөдөж өснө, ихэнх нь… Гэтэл яагаад Шагдар-уудын тоо буурахгүй байна? Харин ч бүр ихсэх төлөв ажиглагдаад байгаа нь юуных вэ?

Тэднийг төрүүлээд байна!
Хэн? Яаж?
Та ч байж магад…

Кино уруугаа эргээд оръё.

1. Кино эхэлхэд хүүхэд бүр өөр өөрийнхөө юмсыг хийж, битүүхэндээ бүгдээрээ ээж аавыгаа хүлээж… дээвэр дээр нэг нь дурандаж… автууснаас буумагц нь “-Ээжээ, Ааваа!” гээж дуудацгаан угтдаг. (Ямар айлын хүүхдүүд том нь жижигтэйгээ нийлж, тоглон.. бүгд нэг сэтгэлээр аав ээжийгээ харуулдан байдаг вэ? Ямар айлын хүүхдүүд аав ээжийгээ айх айдасгүй баярлан дуудах вэ? Энэ бол хамгийн аз жаргалтай гэр бүлийн дүр зураг)

2. Автобуснаас буумагцаа
Должин: -Чи наад хачин юмаа унаагаа зассан хойноо л авахгүй! Улс амьтан хүртэл хараад явуулахгүй юм…
Шагдар: -Үгүй яах вэ дээ, өөр хүн авчих байх гэж яараад…
Должин: -Хог дээр байсан ч авахгүй… солиотой юм шиг новш цуглуулаад… /Шагдар өөрөө хоёр гартаа юм барьсан яваа хэрнээ, эхнэрийнхээ барьсан юмнаас хамжих гэнэ. Должин өгөхгүй/
Шагдар: -Хүүхдүүд маань урдны улс юу эдлэж хэрэглэж байсныг үзэж, мэдэг л дээ…
Должин: -За за за… бэлээхэн музэй байхад чинь…
Шагдар: -Хүүхдүүдэд маань хожим нь хэрэгтэй шүү дээ, Должин минь…
Должин: -Хн…
Хүүхдүүд уралдан аав дээрээ очно. Аав бага хүүгээ тэврэн авч өргөж эргүүлээд, эхлээд хоёр багаа, дараа нь том охиноо үнсэж, авч ирсэн ”хог новшоо” үзүүлнэ. Хүүхдүүд ихэд баяртай байна. Яагаад ээждээ үнсүүлэхгүй байгаа юм бол?

3. Сцен солигдоно. Шагдар гэрийнхээ хувцсыг өмсөн, нүүр гараа угаасан болтой алчуур мөрөндөө тохсон гэрээс гарч ирнэ. Хүүхдүүд тоглон байна. Аав халаасандаа гараа хийн: -Хүүхдүүд ээ, миний гарт юу байцгааг таацгаа!?
Хүү: -чихэр!
Аав: -Таасангүй! Маргааш үзэх жүжгийн билет. Бүгдээрээ явна шүү! /Хүүхдүүд баярлалдана/ Бүгдээрээ үзье гээд 7 билет авснаа чамд хэлэхээ мартчихаж… Должин: -Алив, гараа угаа! Хүүхдийн юмаар яах вэ дээ… эд нар үзнэ биз.. би чадахгүй ээ… /сцен солигдоно. Маргааш нь хүүхэлдэйн театрт. Пушкины Алтан загасны үлгэр хүүхэлдэйн жүжиг тоглогдож байна. Энд анх Шагдар Хорлоог олж хардаг…/
Энэ бол киноны эхний 5 минут. Үүнээс цааш үйл явдал яаж өрнөдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ биз.
Шагдар. 40орчим насны, өндөр цалинтай инженер. Хувийн машинтай, тухайн үедээ л нэрийн хуудастай, хүүхдүүдтэйгээ тоглодог, хөгжил, боловсрол, хүмүүжилд нь анхаардаг, кино, жүжиг үзээстэй, гэрийн ажилтай, нөгөө талаар эртний юмны үнэ мэддэг, орон гэрээ төвхнүүлдэг, албан газраа нэр хүндтэй, хүнтэй ам хэлээ олчихдог нөхөр. Энэ бол түүний талаар хөдлөшгүй баримтууд. Шагдрын өөрийгөө үнэлж байгаа үнэлгээ дотор хүнтэйгээ толинд ярьдаг хэсгүүдээр илэрдэг.

Харин Шагдарын авааль эхнэр, Должин түүнийг яаж үнэлэв?

– Шагдарын хүнээс өрсөн байж авсан эртний эдлэл Должингийнхоор бол “хачин юм”.

– Өөрөө ч барьж яваагүй хэрнээ хүмүүсийн сонжиж харсан харцнаас тэр тээршааж, ичсэн

– Хог дээр байсан ч авахгүй /хог түүдэг хүнээс ухаан мулгуу/ новш цуглуулдаг солиот…

– Музей мэддэггүй, мөнгө дэмий үрсэн… буруу шийдвэр гаргадаг.

– Шийдвэрийг чинь дагахгүй, /-7 билет авсан.., бүгдээрээ явна шүү! –Хүүхдийн юмаар яахав дээ… та нар явна биз…/

Магадгүй Должин хүнд ажил хийдэг, ажлын орчин, мэдлэг боловсрол нь ч өөр байсан болохоор ядардаг байсан биз… 20жил ханилж, 5 хүүхдийг нь төрүүлсэн болохоор итгэлтэй ч байсан биз… ажил амьдралдаа түүртээд өөрийгөө ч гээсэн биз… юутай ч энэ бол Должингийн нөхрөө үнэлж байсан үнэлгээ.
Цаашаа бичвэл өчнөөн юм бичмээр ч.., ингэсгээд тойруулж тэмтэрсэн болхи эрлээ дүгнэвэл:

– Байгаагаас нь илүү биш гэхэд байгаагаар нь ар гэртээ үнэлэгдэхгүй байгаа байдал

– Нөхрийн ертөнцийг өрөөл бусдын үнэлгээгээр үнэлэх үнэлгээ

– Цэцэрхэл, басамжлал, үгэнд орохгүй тэрсэлсэн байдал, доромжлол, үл ойшоолт зэрэг нь бусдаас илүү биш гэхэд бусдын л адил энгийн нэгэн өрхийн тэргүүнийг та бидний мэдэх, хөгийн Шагдар болгон төрүүлдэг ч байж мэдэх юм.

Та арай..?

Манай хуудас гэр бүлийн асуудалтай байгаа хосуудын аль нэгний талд орж, асуудлыг дэвэргэх хүсэлгүй бөгөөд, тухайн нийтлэлүүд зөвхөн хосуудын хэн нэгэнд хандсан сануулга байдаг. Жишээ нь энэ ажиглалт бол эзэгтэй нарт нөхөртэйгөө харилцах харилцаандаа анхаарал тавиасай гэж бичсэн.

Шагдруудад хандаж бид цөөнгүй нийтлэл бичиж байсан. Яг энэ кинотой холбоотойгоор хоёр ч нийтлэл тавьж байсан бөгөөд тэдгээр нь эрчүүдийг хариуцлагаа ухамсарлахад уриалсан байсныг хэлмээр байна.