Та хүүхдэдээ ямар талх өгдөг вэ? Өдөр бүр хар талх, хачиргүй өгсөөр хүн болгох уу, эсвэл талхан дээр нь байж болох амин дэмээр элбэг бүхий л орц найрлагыг байлгахыг хичээдэг үү. Юуны тулд өөрийнхөө хоолноос ч хасан байж үр хүүхдээ амин дэмээр баялаг байлгахыг хичээдэг вэ. Мэдээж эрүүл саруул, сайн сайхан хүн болгохын төлөө.

Гэхдээ энд би идэх талхны бус харин оюуны талхны талаар ярьж байна. Үнэндээ бидэнд хүүхдийнхээ тархийг тэжээх амтат талхны арвин сонголт гэж өнөөдөр алга. Байгаа эсэх нь мэдэгдэхгүй Хүүхэлдэйн театр, байхгүй болсон цирк, сонгодог жүжиг, уран зохиол гээд хүний амьдралд өнгө, ухаанд нь ур нэмэх бүхнээр цангаж байна. Тиймээс найруулагч Ч.Найдандоржийг урьж, энэ талаар ярилцлаа.

-Олон улсын театрын өдрийг энэ жил хэддэх удаагаа тэмдэглэж байгаа билээ?
-Монголд 1991 оноос хойш, олон улсын хэмжээнд бол 1961 оноос тэмдэглэж байна. 1961 онд Олон улсын театрын нийгэмлэг байгуулагдаж түүнээс хойш гуравдугаар сарын 27-ныг Олон улсын театрын өдөр болгохоор тогтсон байдаг.

-1991 оноос гэхээр яг хэцүү үеэс тэмдэглэж иржээ. Театр манатай үед л зохиосон юм байна. Энэ хугацаанд манай театрын урлаг хэр өсч, хөгжсөн гэж та бодож байна.

-Одоо бодоход ардчилал гээд нийгэм нээлттэй болоод тэмдэглэсэн юм болов уу даа. Тэр үед би гадаадад сурч байсан болохоор яг ямар учраас яагаад тэмдэглэх болсон нарийн учрыг мэдэхгүй. Ер нь театрын уламжлал байсан уу гэвэл байсан. Монгол нүүдэлчний соёл иргэншлээс XX зуунд л суурьшмал соёл иргэншил рүү шилжиж орлоо шүү дээ. Нүүдэлчний соёлд суурьшмал соёлын театр тэр дундаа театрын урлаг хөгжүүлэх суурийг Ноён хутагт Данзанравжаа тавьсан гэж хэлж болно. Миний бодлоор Монголчууд эрт дээр үеэс театрын урлагийн төрөл зүйл, салбарыг нүүдэлчнийхээ соёлд зохицсон хэв маягаар хөгжүүлж ирсэн эрт дээр үеийн уламжлалтай. Жишээ нь манай туульчид байна. Морин хуураа үүрээд хот айлд очоод өөрөө жүжиглэнэ, хөгжимдөнө, тэр туульд орж байгаа бүх дүрүүдийг тоглоно.

Энэ уламжлал явсаар XX зууны 1931 онд Монголд орчин цагийн мэргэжлийн театр байгуулах суурийг тавьсан. Тэр үед ЗХУ-ын мэргэжилтэй боловсон хүчин ирж Монголын ард түмнээс бидний “алтан үеийнхэн” гэдэг тэр хүмүүсийг сургаж мэргэжлийн театрын суурь тавигдсан. Энэ хүмүүс ЗХУ-д театрын сургууль төгсөж ирээд театрыг шинэ шатанд авчирсан. Миний бодлоор гурав дахь үе нь 1970 он. Судлаач Ганхуяг нэг ярилцлагандаа “Монголын театр 30, 30 жилийн үечлэлтэй юм уу даа” гэж ярьж байна лээ. 1930 онд байгуулагдсан, 1960 онд алтан үеийнхэн ирсэн, 1970-аад оноос эхлээд Мөнхдорж, Нямгаваа, Доржсамбуу нарын гурван хүчтэй, нэг үеийнхэн Монголын театрт хүч түрэн орж ирсэн. Товчхондоо, XX зуунд суурин иргэншлийн мэргэжлийн драмын урлаг Монголд маш богино хугацаанд, бодлоготойгоор, амжилттайгаар, маш хурдацтайгаар хөгжиж чадсан. Бүр олон улсын хэмжээнд хүртлээ шүү. Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, үзэгчдийг XX зуунд бэлдэж чадсан. Энэ бол маш том үсрэнгүй амжилт гэж хэлж болно. Ингэж хөгжсөн тэр урлагийг XXI зуунд ардчилал бий болсноос хойш яаж авч явж байна вэ гэдэг асуудал бол бас харьцангуй ойлголт юм даа.



-Юу нь харьцангуй ойлголт гэж?
-Соёл урлагийн талаар явуулж байсан төрийн бодлого тасарсан. Боловсон хүчний бодлого бүр байхгүй болсон. Одоо бол сүйрэлд орж байна шүү дээ. Хэн нэг намын хүн аль нэг урлагийн байгууллагын дарга болдог. Сонгуульд их мөнгө өгвөл, тэр нам нь ялвал аль нэг урлагийн байгууллагын дарга болох магадлал нь өндөрсөж байдаг. Тэр хүний мэдлэг, туршлага өнөөдөр чухал биш байна. Юмыг бий болгоно гэдэг хэцүү. Театрын урлагийг XX зуунд 70, 80 жилийн хугацаанд ийм хурдацтай хөгжүүлж бий болгосон. Харамсалтай нь үүнийг сүйрүүлэхэд амархан. Өнөөдөр хүүхдийн театр, кино урлаг хаана байна? Боловсон хүчин бэлдэж байгаа төрийн бодлого хаана байна?

-“Бид сүйрлийн ирмэгт ирчихээд байна” гэж Та хэлж байна уу?
-Сүйрэл гэхэд арай хатуудна. Сүйртлээ бас хаа ч юм. Ер нь хурдацтай хөгжил нь зогссон. Цаашдаа хэрхэн хөгжих талаарх ямар нэгэн бодлого бидэнд алга. Зорилгогүй хүн яаж амьдардагийг бид мэднэ. Урлаг цаашдаа яах нь бүдэгхэн байна гэсэн үг. Урлагаар хоолоо олж идэж байгаа хүмүүс байгалийн шалгарал дунд байна. Монголчууд бид авьяас, мэдлэг, боловсрол, туршлагыг үнэлэхгүй байна. Үүнээс илүү заль мэхтэй, арга саамтай улсууд нь эрх мэдэлд амархан очиж байна.

-Урлагийн байгууллагын дарга болохоор тийм ашигтай юм уу?
-Тийм донтой улсууд байдаг л даа.

-Дарга болох донтой юу?
-Дарга болох донтой улсууд байна шүү дээ. Тийм донтой улсууд бол юмыг сүйдлэнэ. Гэхдээ нэлэнхүйдээ ийм болчихсон гэсэн үг биш. Жишээ нь орон нутгаар явж байхад сайн дарга нар, залуучууд гарч ирж байна. Гэхдээ л нөгөөдүүл саад болох юм. Энэ бол замбараагүй, зоргоороо, нэгдсэн, ирээдүйгээ харсан бодлого байхгүйн илрэл.

ӨНӨӨДӨР ТЭНД УРАН БҮТЭЭЛИЙН ТУРШЛАГА БАГАТАЙ, ОНОЛЫН МЭДЛЭГ МАШ НИМГЭНТЭЙ ХҮМҮҮС БАГШИЛЖ БАЙНА

-Боловсон хүчин бэлтгэх сургуулиудын чанар муудаад байгаа юм болов уу?

-Өнөөдөр сургуулиудыг харахад урлагийн хүн бэлтгэх сургууль их байна. Монголын үр хүүхдүүд ч урлагийн хүн болох мөрөөдөл, хүсэл сонирхол их байна. Гэтэл тэдний түвшингийн хэмжээнд нь сургаж боловсруулж, бэлтгэж чадаж байна уу гэхэд бас л эргэлзээтэй.

Улсын багшийн дээд сургуулийн дэргэд кино драмын ангийг анх нээж, үндэснийхээ мэргэжилтэй боловсон хүчинг дотооддоо бэлдэж эхэлсэн. Эхлээд сайн байгаагүй ч яваандаа цэгцэрсэн. 2000 он хүртэл нэлээн өндөр түвшинд хүрч онол, заах арга зүй оюутанд дадлага, онол туршлагыг эзэмшүүлэх, мэргэшүүлэхийн тал дээр дэлхийн түвшинд очсон. Би өөрөө дотор нь байсан хүний хувьд мэднэ л дээ. Энэ бол 70, 80, 90-ээд онд төрийн бодлогоор ЗХУ-д төгсөж ирсэн багш Лхасүрэн, Сугар, Маамхүү нарын ач гавьяа. Тайзны ярианы хичээл гэхэд л 90-ээд оноос 2005 он хүртэл маш өндөр түвшинд хүрсэн.

-Саяхныг хүртэл юм байна шүү дээ?

-Гэтэл өнөөдөр тэнд уран бүтээлийн туршлага багатай, онолын мэдлэг маш нимгэнтэй хүмүүс багшилж байна. Ийм байгаа нь театрт ирж буй уран бүтээлчидтэй ажиллахад театрын найруулагч бидэнд илт мэдрэгдэж байна. Элсэлтийн шалгалтнаас эхлээд ерөөсөө бүх бодлого алдагдсан. Сургууль олон хүүхэд авч, мөнгийг нь аваад ашигтай ажиллах л сонирхолтой. Авьяастай хүүхэд төрүүлэх гэдэг дараагийн асуудал болж хувирсан. Олон чанаргүй дипломтнууд дунд авьяастай хүүхэд үрэгддэг. Авьяасыг тодорхой дэг жаяг, ёс зүй, сахилга батаар хөгжүүлдэг. Энэ дэг журам алдагдаад ирэхээр авьяастай хүүхдүүд хохирол амсдаг. Үүнийг манай төр засаг зах зээлийн жамаар явж байна гэж хэлж байна. Саяхан би Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй уулзаад “90-ээд оноос хойш энэ урлаг сүйд боллоо” гэсэн чинь “тэгвэл танай драмын театрыг яаж коммунист театр болгох вэ” гэж өөдөөс асууж байна лээ.

-Тэр нь юу гэсэн үг юм бол?
-Салбарын сайд миний өөдөөс тэгж ярьж байна шүү дээ. Тэр хүн боловсролтой, эрх мэдэлтэй, улс төрийн авьяас билэг юу байдаг юм тийм юмтай юм байгаа биз. Гэхдээ асуудлыг хүлээж авч чадахгүй байна. Миний үгэн дотор байгаа “ардчиллын жилүүд” гэдэг үг л тэр хүнийг их эмзэглүүлж л дээ. Өнөөдөр бид улс төрд ингэтлээ өвчилж, донтчихсон, өөртөө хир халдаахгүй болчихсон, жоохон юм ярихаар “энэ коммунист” гэж хардаг болчихсон байна. Үгүй, би ямар ч намын гишүүн биш. Би Монгол Улсын иргэн. Би Монголын соёл урлагийн төлөө явахаас биш аль нэгэн намын төлөө явдаг хүн биш. Би энийгээ хэзээ ч, хэнд ч хэлнэ. Гэхдээ энэ бүх асуудал өнөөдөр ганц соёл урлагийнх биш болоод байна аа. Миний олж харж, мэдэж, сонсож байгаагаар эрүүл мэнд, боловсрол, цэрэг цагдаа, сэтгүүлзүйн салбар ч ийм л зах зээлийн зарчмаар явж байна. Гэхдээ энэ дотор байгаа доголдлоо цэвэрлэж авахгүй бол бид цаашаа явахгүй, хөгжихгүй л дээ. Энд л гол нь байгаа юм. Энийг ярих гэхээр доороосоо дээшээ хүртлээ улс төр ярьдаг, нам ярьдаг өвчтэй болчихсон.

Тэгээд сонгуулийн дараа бүх байгууллагын дарга нар чичирдэг. “Одоо хэн намайг, хэзээ халаад миний оронд хэнийг тавих бол” гэж айдаг, хамт олон нь ч адилхан. “Нам солигдчихлоо одоо дарга солигдоно гэдэг бол ойлгомжтой. Тэгэхээр тэрийг тавьчихаасай, энийг тавьчихаасай” гээд байгууллага дотроо талцдаг.

Энэ бүхэн холоос Монголчуудаар хийж байгаа тоглоом л доо. Би бол тэгж ойлгодог. Өөрөөр хэлбэл бид ийм хүчгүй, нэгдэлгүй, чадалгүй, сарнисан байна гэдэг гадныханд л ашигтай. Монголчууд бидэнд ямар ч ашиггүй. Бид морь унасан толгойгүй Монгол болчихоод байна. Одоо сүүлдээ морь биш машин, жийп унасан толгойгүй Монгол болчихоод байна шүү дээ. Тэгж хэлбэл одоо тэгээд миний ярилцлагыг танай дээр гаргах юм уу яах юм.

ХЭРВЭЭ ОРЛОГООРОО ЗАРЛАГАА НӨХДӨГ БИЗНЕСИЙН ЗАРЧМААР ХАРАХ ЮМ БОЛ ЭНЭ ТЕАТРЫН УРЛАГ БАЙХГҮЙ БОЛНО



-“Драмын театр үнэхээр мундаг юм бол яагаад заавал төрөөс дэмжлэг хүсээд байгаа юм. Хошин урлагийнхан шиг зах зээлийнхээ жамаар өөрсдөө санхүүжээд явж болдоггүй юм уу” гэж ярьдаг. Түрүүн сайдын хэлсэнчлэн коммунист нийгэм шиг заавал төрөөс дэмжлэг хүсээд байгааг нь хүмүүс ингэж шүүмжилж байна. Энэ шүүмжлэлд та ямар хариу хэлэх вэ?
- Ямар ч сайн жүжиг тавиад орлогоо олоод явна гэж байдаггүй юм. Монголын ард түмэнд оруулж байгаа оюуны хөрөнгө оруулалт гэдэг талаасаа төрийн дэмжлэг, бодлого заавал байх ёстой. Хэрвээ орлогоороо зарлагаа нөхдөг бизнесийн зарчмаар харах юм бол энэ театрын урлаг байхгүй болно. Зүгээр л хүн их үзүүлэхийн төлөө жүжиг хийх болно. Юу дуртайгаа хийнэ. Энэ бол их аюултай. Ард түмний уураг тархийг бузарлана гэдэг бол аюул. Ямар ч эцэг эх үр хүүхдийнхээ сэтгэл оюуныг ариун, гэгээлэг, өөдрөг, хүнлэг байлгаж, хүүхэд нь хүн шиг байгаасай гэж хүсдэг. Эрүүл төр ард түмнээ яг ингэж л хүсдэг шиг байгаа юм. Түүнээс “миний ард түмэн муу муухайг үзэн ядаад биднийг байхгүй болгоно, эднийг ариун сайхан болгочихвол бид гишгих газаргүй болно” гэж бодох ёсгүй гэж би мунхагладаг. Тэр утгаараа бодох юм бол сэтгэл, бодлого, ухаан түүнийг дагаад мөнгө хэрэгтэй. Тэр мөнгө нь их жаахаан. Нэг хүний япон руу нисч очоод гольф тоглох хэмжээний мөнгө. Зарим хүн тав дахь өдөр нисч очиж тоглочихоод бүтэн сайны орой хүрээд ирж байгаа. Тэрэнд зарж байгаа мөнгөтэй тэнцэх шахуу хэмжээний мөнгө байхгүй юу. Театр нэг их мөнгө хүсдэггүй шүү дээ. Бид чинь ТҮ8-аар цалинждаг хамгийн өндөр албан тушаалтнууд нь ТҮ9-өөр цалинждаг. Энэ чинь 500-600 мянган төгрөг л гэсэн үг. Ийм л цалин авдаг. Бид төрөөс “чанартай, сайн уран бүтээл хийх уран бүтээлийн төсвийг гаргаж, боломжийг олгооч ээ” гэж хүсдэг. Харин төр бидний өөдөөс “та нар орлого олох ёстой, түүн дээрээ бидний өгсөн мөнгийг нэмээд өөрсдийгөө цалинжуул, тэр чинь хэмжээтэй түүнээсээ хэтэрч болохгүй” гэдэг. Олохоор заасан орлого нь маш өндөр.

-Хошин шогтой сонгодогийг жишээд байгаа юм уу даа?
-Сонгодог бүтээл хийхэд маш их мөнгө ордог. “Х ТҮЦ” хамтлаг хэд хэдэн жүжиг хийсэн. Тэд нар яагаад жүжиг хийхгүй байгаа юм? Тэгээд болдог юм бол? Гуравхан жүжиг хийлээ шүү дээ. Ашиггүй байдаг байхгүй юу. “Аянгын бороо”, “Хориотой жүжиг”, “Сэрүүн хасын нууц” энэ гурван жүжгийг би найруулсан л даа. Арай гэж тэр жүжгийг хийхэд зарсан мөнгөө олвол их юм. Харин жүжигчдийнхээ цалинг хошин шогийн тоглолтноосоо нөхөж өгдөг. Тэд бол дуртайдаа, хүссэндээ, урлагийн хүний сэтгэл зүрхээрээ энэ жүжгүүдийг хийсэн. Өөрсдийн уран чадварт сэтгэл зовсондоо, өөрсдийгөө сорих гэсэн тэмүүллээрээ хийсэн. Хэрвээ болоод байдаг байсан бол “Х ТҮЦ”-ийнхэн хошин шог хийхгүй. Тэнд маш чадалтай жүжигчид байгаа. Тийм гэдгээ энэ жүжгүүдээрээ нотолсон.

-Сонгодог урлаг яагаад чухал юм бэ?

-XX зуунд драмын урлаг үүсч хөгжсөн гэж би түрүүн ярьсан. Ингэснээрээ Монголын ард түмний оюун сэтгэлгээнд хувьсгалыг авчирч чадсан. Кино урлаг, драмын урлаг аль аль нь Монголын нүүдэлчин ард түмнийг дэлхийн соёл урлагтай танилцуулж, сэтгэл оюунд нь эргэлтийг хийж чадсан. Шашин, шинжлэх ухаан, боловсролтой харьцах харьцаа гээд олон зүйл дээр өөрчлөлт оруулсан. Монголын ард түмэнд хүүхдээ сургуульд өгөх үү хийдэд өгөх үү, эмчийг шүтэх үү ламыг шүтэх үү гэдэг асуулт байлаа.

-Нээрээ л сэтгэлзүйн том хувьсгал юм даа?
-Жишээ нь “Атар газар эзэмшье” гэхэд “энэ онгон дагшин байгалиа эвдэж газрыг ашиглах нь зөв үү, буруу юу” гэдэг бодол Монголын ард түмний сэтгэхүйд байсан. Энэ өөрчлөлтийг кино урлаг, театрын урлагаар авчирсан. Хүн төрөлхтөн юуг сайн, ариун гэгээн гэдэг юм бэ гэдгийг шарын шашин, мухар сүсэгт автсан байсан монголчууд Шекспир, Хар санаа ба хайр сэтгэл, Ромео Жульетта, Отеллог үзэж байж “хүн төрөлхтөний амьдралын утга учир гэдэг чинь энэ юм байна” гэж оюун сэтгэлгээний асар том хувьсгалыг хийсэн. Урлаг гэдэг ийм их хүчтэй. Ард түмний сэтгэл оюуныг араасаа дагуулж чаддаг, тэдэнд гэрэл гэгээ итгэл найдварыг авчирч чаддаг тийм хүчтэй зүйл байхгүй юу. Энд санаатай буюу санамсаргүйгээр анхаарал тавихгүй байна гэдэг тэнэгийнх эсвэл хорлон сүйтгэх ажиллагаа гэж би бодно. Энэ бол миний л бодол.

-Урлаг маань ард түмнээ чирж явах байтал одоо ард нь гарчихсан явж байдаг?
-Чирэх биш л дээ ард түмний сэтгэл оюуныг гэгээрүүлж, ариусуулж байх ёстой. Тэр ариун зүйл рүү уриалан дууддаг мэдрэмжийг өгдөг. Жишээ нь дурлалын жүжиг үзээд “ингэж дурлах юмсан” гэж бодож гардаг. Хүний сайхан сэтгэл гэдэг ямар гайхалтай юм бэ гэж боддог байх хэрэгтэй. “Сэрэлт” киноноос “мухар сүсэг гэж энэ юм байна шүү дээ” гэдэг бодлыг авдаг. Энэ киноны туйлын зорилго ердөө л тэр. Энэ бол эрдэмтэн, профессорыг дуудаж авчраад лекц уншуулах, сонин хэвлэл уншихаас хамаагүй өөр зүйл. Маш өөр зүйл. Хүний сэтгэл зүрхтэй нь холбогдож, тэдэнд зөв энерги өгдөг зүйл нь урлаг. Хамрын хийдэд очоод гараа алдлаад таван цаг зогссоноос илүү энергийг Улсын драмын эрдмийн театрын үзэгчдийн танхим өгдөг юм. Хэрвээ энийг ойлговол төрөөс бодлого, ухаан, сэтгэл заавал зарцуулах ёстой. Бид Ардын дуу бүжгийн чуулгатай тайзаа булаацалдан барин зөвхөн УДЭТ-ын тайзан дээр тоглолт хийх биш 21 аймгаар явж тоглож байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн сэтгэл зүрхийг ариусгах энэ үйлсийг орон нутгуудаар хийж байна. Энийг манай төрийнхэн, яамныхан, санхүүгийн улсууд орлого олох гэж орон нутгаар явж байна гэж ойлгоод байх шиг. Үгүй. Энд Улаанбаатарчуудад өгсөн эрч энерги, амьдралын ухаарал, ертөнцийг харах үзлийг бид орон нутагт тарааж яваа юм. Яам биднээс хөдөө орон нутгаар яваад хэдэн төгрөг олсон бэ гэдгийг бүртгэдэг болохоос “та нар ямар уран бүтээл чанарын хэр түвшинд хийж, хэдэн хүн үзэв” гэдгийг ерөөсөө асуудаггүй. “Энд тоглосон жүжиг яг тэнд тоглож байна уу, хэн тоглож байгаа юм” гэж асуудаггүй л байхгүй юу. Тэгж асуух боловсролтой хүн манай яаманд хэдэн хувь байгааг би мэдэхгүй байна.

-Тэрийг асуудаг цаг байсан байх?
-Байлгүй яах вэ. Бригадын төвөөс Улаанбаатар руу “манай бригадын төв дээр драмын театр тоглохгүй явчихлаа” гэж утасддаг байлаа. Энд хүрч ирээд бид хариуцлага хүлээдэг байсан. Тэгэхээр театрын өөрийнх нь оршин тогтнох зорилго, театрыг төр яагаад дэмжих ёстой вэ гэдэг нь иймэрхүү утга агуулган дор байх ёстой болов уу гэж би бодож байна.

БИДНИЙ ГАРГАСАН “АЛДАА” БАЙГУУЛЛАГА, ӨРХ ГЭРИЙГ УДИРДАНА ДАА, ЯАНА?

-Зөвхөн Монголчууд биш дэлхий даяараа унших, сэтгэх дургүй болж байна. Бэлэн юм авах хүсэлтэй. Бүр бичиж байгаа нь хүртэл 140 тэмдэгтэд багтдаг ч юм уу бүр илүү амар хялбар зүйл рүү, сэтгэлгээ рүү шилжээд байна л даа.
-Үгүй, наадх чинь бол худлаа. Дэлхий даяараа гэвэл бүр худлаа. Би сая драмын жүжигчний анхан шатны дамжаа хичээллүүллээ. 16-25 насны залуустай уулзлаа. Тэрэн дотор юм уншдаг, боддог, сэтгэдэг, өмнөө тавьсан зорилго, ухаантай, өөрийн гэсэн үзэл бодолтой хүүхдүүд байна. Гэхдээ цөөн. Энэ бол устаж алга болчихоогүй. Гэхдээ дийлэнх нь сэтгэл өвдмөөр байгаа юм. Энэ бол онож алдаж яваа сүүлийн хорин хэдэн жилийн үр дүн. Өөрөөр хэлбэл оносноосоо алдсан нь их байгаа юм уу гэсэн сэтгэл зовинол байна. Боловсролын нэг сайд гарч ирээд “бид ийм л системээр явна, дэлхийн олон улс ингэж явж, Монголчууд үүнээс зөндөө олон жил хоцорч гэдгийг би олж харлаа” гэдэг. Хүүхдүүдийг анги алгасуулна, байсгээд дүрмийн өөрчлөлт, байсгээд энийг хасна ингэж явна, монголоор бичнэ, кириллээр бичнэ” гэх мэтээр хойч үеэрээ тоглосон. Үүний үр дүн одоо мэдрэгдэж эхэлж байна. Яваандаа Монголын улс төрд мэдрэгдэнэ дээ, яана. Оюун бодлын чадавхи сул дорой хүмүүс Монголын хувь заяаг авч явах болно шүү дээ, яана. Төрд нь мундагчууд нь очих байх л даа. Гэтэл “нөгөөдүүл” байгууллага, өрх гэрийг толгойлж явна, аав, ээж болно, яана. Энэ утгаараа боловсролын системд хандах, оролдох, шинэчлэл хийх, хөгжүүлэх гэдэг бол зүгээр нэг сайдын асуудал биш. Төрийн хар хайрцагны бодлого тасралтгүй үргэлжлэх холыг харсан ухаан байх хэрэгтэй. Гэхдээ тийм болох байлгүй дээ. Мань мэтийн юм бол хөндлөнгөөс нь хараад нэг их сэтгэл өвддөг амьтан болоод, шүүмжлээд, юм хийх гэж байгаа, юм мэддэг эрх тушаалтай хүмүүсийн уурыг хүргээд ад болоод л байгаа дүр зураг харагдаж байна. Өөрийгөө харахад гавьсан юмгүй, гийгүүлсэн зүйлгүй... Дээр нь зүгээр захын нэг мэргэжилгүй, ямар ч ухаантай, хэний ч талын хүн юм мэдэхгүй хүн орж ирээд доромжлоод, халаад солиод, айлгаад... тийм л байна шүү дээ. Би дахиад хэлье би өнөөдрийн төрөөс ичиж, ирээдүйн Монголд санаа зовж амьдарч байна.

-


Таны хөлийг тушаад, гарыг чинь гавлачихсан байгаа биш та ямар нэг зүйл хий л дээ. Танд гарц юу харагдаж байна?
-Ямар ч гарц байхгүй.

-Та нар нэгдэн нийлээд ч...
-Байхгүй. Ямар ч гарц байхгүй.

-Ёстой л тушчихсан юм шиг болсон уу?
-Найдандорж юу хийж чадах юм, жүжиг л хийж чадна. Өөр юу ч хийж чадахгүй. Би улс төрөөр оролдож чадахгүй, би талбай дээр очиж өлсөхгүй. Сэтгүүлч асуувал энийгээ яриад л хүний дургүй хүргэсэн нөхөр л байна. Одоохондоо надаас илүү найруулагч нар улс төрд байна. Гайхалтай найруулгыг хийж байна. Улс төрийг харахад жүжиг шиг харагдаад байгаа байхгүй юу.

-Тийм л дээ. Гэхдээ та “тэр болохгүй байна, энэ болохгүй байна, бидний цалин бага байна” гээд л тэмцэж болохгүй гэж үү. Жишээлбэл С.Жавхлан “болохгүй байна” гээд тэмцээд л байна шүү дээ.
-Жавхлан л тэмцэнэ биз, би яах юм. Би хэнтэй тэмцэх юм. Би сонгуулиа л өглөө болоо. Надад өөр эрх байхгүй шүү дээ.

-Тэгээд ингээд л хараад байх юм уу?
-Тийм. Үндсэн хууль нь угаасаа тийм. Та сонгуулиа өгөх эрхтэй буцаан татах ямар ч эрх байхгүй. Яах гэж тэр хүний амласанд итгэсэн юм. Хохь чинь гэж байна.

ОДОО “ХОРИОТОЙ ЖҮЖИГ”-ИЙГ ТОГЛОВОЛ ХҮМҮҮС ЭМЗЭГЛЭЖ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОВ УУ???

-Найруулагч аливаа сонгодог зохиолыг өөрийн олж харсан өнцгөөр найруулж тайзнаа гаргадаг. Яг өнөөдрийн нийгмийг ямар нэг зохиолоор төлөөлүүлэн гаргана гэвэл?
-Би олон жүжиг хийсэн. Жишээ нь “Тамгагүй төр” гээд жүжиг хийхэд ардчиллынхан үүнийг асар эмзэглэж хүлээж авсан. Одоо ч хүртэл эмзэглэдэг. Гэхдээ тайзан дээр тоглосон хэвээр байгаа. Энэ жүжгийн үнэ цэнэ улам нэмэгдэж байна. Б.Лхагвасүрэн агуу байгаа биз. Өнөөдрийг хараад биччихсэн юм шиг санагдаж байна. Дараа нь би “Хориотой жүжиг” хийсэн. Монгол ардын хувьсгалт намынхан үүнд маш их эмзэглэсэн. “Тамгагүй төр” дээр ардчиллынхан намайг коммунист Найдандорж гэж байсан бол “Хориотой жүжиг” дээр хувьсгалт намынхан намайг ардчиллын Найдандорж гэж байсан.

-Тэд асар их эмзэглэхээрээ яах уу?
-Их дургүй. Цаанаа их дургүй. Бүх намд таньдаг, найз, дотно нөхдүүд бий. Цаагуураа “цаадх чинь тэр намынх шүү” гээд ярьдаг гэсэн. Миний инээд хүрдэг байхгүй юу. Би аль ч намынх биш. Миний бүх жүжиг Монголын төлөө л дугарна.

-“Хориотой жүжиг”-ийг үзээд их гутарсан шүү.
-Тэр үед “Хориотой жүжиг”-ийг үзээд хүмүүс гутарсан, эмзэглэсэн бол өнөөдөр ил тод болоод, бүр цагаандаа гарчихлаа. Одоо “Хориотой жүжиг”-ийг тогловол хүмүүс эмзэглэж хүлээж авах болов уу. Эмзэглэхгүй, байдаг л зүйл байна шүү дээ гэж хүлээж авна. Ийм болтлоо бид доройтож байгаа юм. Хамгийн эмзэг юм шударга үнэн хаа байна вэ? Шударга үнэнийг бид хөл доороо гишгэлж яваа юм биш үү.

-Гэхдээ энэ асуулт аль ч үед, аль ч нийгэмд байдаг юм биш үү?
-Үгүй. Тийм байх ёсгүй. Ийм байдаг гэх юм бол шударга үнэнийг яриад яах юм. Жишээ нь чи залуухан эмэгтэй хайр дурлалд шударга үнэн гэж байдаггүй юм гэж бодоод өөрийнхөө амьдралыг төсөөлөөд үз дээ. Тийм амьдрал гоё уу? Хүн тийм амьдралыг хүсэх үү? Тэгвэл ард түмэн шударга үнэн биш заль мэх хууралт бүхнийг хүсэх үү. Үгүй шүү дээ. Тэгэхээр тэр чинь үнэт зүйл байхгүй юу. Хүн төрөлхтөний үнэт зүйл бол шударга үнэн, ариун явдал. Харин бид энэ үнэт зүйлийг хөл доороо гишгэлээд туучиж яваа. Дэгтэй, журамтай, бахархалтай улсын дайтай улс хаа ч нүүр бардам. Тэр улсын иргэн гэдгээрээ бахархдаг. Хэний ч өөдөөс хараад, аль ч улсын гааль дээр очоод би энэ улсын иргэн гээд зогсож чаддаг. Амьдралын төлөө хууль бус наймаа хийдэггүй, шударгаар ажиллаад хангалттай өөрийн амьдралаа аваад явж чаддаг тийм ард түмэнтэй улс орон дэлхийд зөндөө байна. Тийм айл ч Монголд зөндөө байгаа л даа. Үр хүүхдүүд нь шударга үнэн, сайн сайхныг дээдэлдэг, удам судраа боддог, өвөг дээдсийнхээ нэр хүндийг өндөрт өргөж явдаг, өөрийн голомтоо хүний дайтай аваад явдаг тийм айл Монголд зөндөө бий. Тийм айлыг арчаагүй айлтай зүйрлээд харвал амьдралын утга учир, философи хоёр нь өөр харагдана даа.

ШҮҮМЖ СУДЛАЛ ХӨГЖИХ НЬ ЯГ ЭНЭ ЦАГ ҮЕД БОЛ ТУН АЮУЛТАЙ

-Урлагийг түлхүүрдэж байдаг зүйл нь шүүмж судлал юм болов уу. Өнөөдөр таны хэлдэгээр боловсон хүчин бэлтгэх бодлогогүйгээс шүүмжлэгчид байхгүй байх шиг байна. Та бүхний уран бүтээлд мэргэжлийн зүгээс шүүмж өгдөг хүмүүс бий юу?
-Бий. Цөөхөн хоёр, гуравхан бий. Урлагийн бодлого алдагдсан учраас шүүмж судлал үнэ цэнэгүй болчихсон. Урлагийг мэргэжлийн үүднээс зөвлөөд, шүүмжилж өгөөд амьдралаа залгуулдаг хүмүүс хоолгүй болчихгүй юу. Өөр ажил хийхээс өөр арга байхгүй. Уг нь мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж авчирсан шүү дээ. Гэхдээ тасарчихсан. Одоо шүүмж судлал хөгжих гээд л байх шиг байна. Гэвч яг энэ цагт бол их аюултай. Шударга үнэн байхгүй үед шүүмж гэдэг урлагийг хөгжүүлэхээсээ илүү устгах хэрэгсэл болох шинжтэй юм байна.

-Юун дээрээс тэгж ажиглав?
-Шүүмж судлал бичихийн тулд юм уншина, судлана, мэднэ, боловсорно. Түүний цаана уг хүн нь үнэнч шударга хүн байх ёстой. Хэн нэгний захиалгаар мөнгөний төлөө хэнийг ч юу ч гэж бичдэг болсон энэ үед театр судлал, шүүмж их аюултай.

-Бараг зэвсэг болох нь гэж үү?
-Муу хүний зэвсэг болох магадлал өндөртэй учраас театрын судлал шүүмжид итгэхэд бэрх байна. Бараг битгий гарч ирээсэй гэж бодогдохоор. Яахын бэ, авьяас чадвартай нэг үеийн залуусын нэг нь жаахан өөдөө яваад ирвэл яаж ч алж болох нь байна. Яг үнэнг, түвшинг тогтооно гэдэг мөнгөтэй улсуудын дайсан болно гэсэн үг. Тэр улсууд түүнийг яаж ч чадна. Мэргэжлийн шүүмжлэгч, судлаачийг хамгаалах хамгаалалт, хараат бусаар орших нөхцөл ерөөсөө байхгүй. Ямар ч хүний зэвсэг болоод хэний төлөө хаана, хэзээ, юу бичиж байгааг бид мэдэхгүй. Яваад очдог би судлаач, шүүмжлэгч хүн би мэргэжлийнхээ юмыг хийж байна гэдэг яах юм тэрийг. Яах ч үгүй. Масс ойлгохгүй. Аягүй бол тэр нь ийш тийшээ яваад эрдмийн зэрэг цол авчихсан хүн байгаа. 76-гаасаа эхлээд зэрэг цол, гавьяа шагналыг нь авчихаж болж байгаа энэ үед “юу ярьж байгаа юм энэ чинь эрдэмтэн, доктор хүн” гээд титр урсчихна тэгэхээр ард түмэн “аан энэ мундаг хүн байна” гэж бодно. Тэгээд тэр хүний үг үнэн болоод явчихна. Тэр хүн юу гэж хэлнэ тэрийг дагадаг болно. Урлаг мэдэхгүй сайд бол тэр хүний үгийг л сонсоно шүү дээ. Тэгэхээр л аюултай байгаа юм. Мэргэжлийн жүжигчин талаасаа бидэнд шударга шүүмж судлал хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

-Театрын тайзны жүжгийн зохиол бичдэг зохиолчид ховор уу?
-Их болон байгаа.

-Сонгодог зохиолуудыг тайзны болгож бичиж байж найруулагчийн гарт очдог уу?
-Янз бүр. Хамгийн гол нь өнөөдөр бид жүжгийн зохиолчдоо үнэлж чадахгүй байгаа юм. Юм бичиж чадахгүй байгаа, чадах гээд хичээж байгаа хүнээсээ түрүүлээд чадчихсан хүнээ үнэлэх хэрэгтэй л дээ. Амьд сэрүүн, жүжгээ бичээд монголын ард түмэн, мэргэжлийн улсууд хүлээн зөвшөөрчихсөн хүмүүс байна шүү дээ. Ядаж эднийгээ өөд нь тат л даа. Хэрэв эднийг өөд нь татаж чадвал араас нь залуучууд хошуурна. Тэд чөмгөө тасартал бодно, сэтгэнэ, шинэ залуу оюун ухаан гарч ирнэ. Тэр дундаас нь шилдгийг нь өөд нь татах хэрэгтэй. Тийм боломж өнөөдөр Монголын театрт байхгүй.

-Зарим хүн өөрийн бүтээлийг дэлгэц, тайзан дээр амилах үед ерөөсөө хардаггүй гэдэг. Та яадаг вэ?
-Би бол нээлтээ үзээд байдаггүй. Их хэцүү.

-Яагаад?
-Найруулагч гэдэг амьд хүнээр бүтээл хийдэг.Амьд хүн бол нэг юмыг тэр чигээр нь давтдаггүй. Театр ерөөсөө давтагддаггүй. Дуучин ч гэсэн нэг дуугаа яг тэр чигээр нь хэзээ ч дуулдаггүй л байхгүй юу. Тийм учраас амьд дуу, хөгжим үнэтэй байдаг. Тэрэнтэй адилхан тайзан дээр тоглож байгаа жүжигчин хэзээ ч дахин давтагдашгүй байдаг. Энэ утгаараа жүжигчин амьдралын нарийн ньюансыг алдах, онох янз бүрийн зүйлүүд тайзан дээр болдог. Тэрийг найруулагч сургуулилтын үед хараад засах бол ажил нь. Яг тоглолтон дээр тэгэхийг харна гэдэг... аягүй бол цус харваж үхнэ, зүрх зогсоно. Миний хэдэн мянган эс үхнэ. Энэ бол тамын тогоо. Тийм учраас жүжгийг үзэх бол хүнд асуудал. Ганцаараа суугаад бүтэн поргон үзнэ гэдэг бол өөр асуудал. Би үзээд, хараад ойлголцоод дараа нь жүжигчиндээ хэлнэ. Бүр болохгүй бол зогсоож байгаад засна. Яг үзэгчдийн өмнө жүжигчин заримдаа дутуу, заримдаа илүү бүр хэтрүүлээд, заримдаа бүр огт бодоогүй зүйл рүү хальтирч орно, заримдаа бүр гайхалтай болж хувирна. Энэ бол их нарийн ажил.

1990 онд, Белоруст 3-р дамжааны оюутан байхад Чеховын жүжгийг манай ангийн таван этгээд Оросын театрт үзлээ л дээ. Тэгтэл манай ангийн Белорус нөхөр жүжиг явж байхад “СТОП” гэж зогсоогоод “ингэж явдаггүй юм, манай багш ингэж заагаагүй дахиад наадхаа тэр хэсгээс нь” гээд орилдог байхгүй юу. Мэдээж шкаф шиг хоёр өндөр нөхөр нөгөөдхийг чинь чирээд гарна биз дээ. Тэр өдөр арванхоёрдугаар сарын 30-н байсан юм. Тэгээд нэгдүгээр сарын 3-нд сургууль дээр иртэл нөгөө нөхрийг сургуулиас хөөх бичиг ханын самбарт хадчихсан байв. Ангидаа гунигтай царайтай сууж байсан багш орж ирээд “Артур чи бол дэлхийн театрын түүхэнд байгаагүй зүйлийг хийжээ. Гэхдээ би чамайг буруутгаж чадахгүй. Яагаад гэвэл үнэхээр муу жүжиг үзсэн хүн чам шиг тэсэхгүй байх магадлалтай” гэж хэлчихээд “захиралтай уулзаад ирье” гээд гарсан. 15 минутын дараа орж ирээд “сургуулиас хөөсөн захирлын тушаалыг жилийн чөлөө болголоо. Энэ нэг жилийн хугацаанд манай театрт очиж жүжиг найруулах эрхийг би чамд өглөө” гэсэн.

-Шагначихсан юм биш үү?

-Манай багш бол Белорусын үндэсний театрын ерөнхий найруулагч. Төгсөж гарсан оюутан энэ театрт ажилд ороход арван жилийн ажил гэдэг байхгүй юу. Гэтэл найруулагчийн ангийн гуравдугаар дамжааны оюутан тийм үйлдэл гаргасныхаа төлөө шагнуулж байгаа юм. Артур бол үнэхээр авьяастай, шатаж яваа нөхөр байсан. Багш тэрийг олж хараад жилийн хугацаанд манай театрт чадлынхаа хэрээр, хэдэн жүжиг тавьж чадах юм тэрийгээ хий гэдэг эрх өгч байлаа.

-Тэр хүн их мундаг найруулагч болсон уу?
-Мундаг сайн найруулагч. Одоо голцуу кино хийж байгаа. Над руу уран бүтээлийнхээ жагсаалтыг явуулсан толгой эргэм юм билээ.

-Ярилцлагынхаа төгсгөлд энэ салбараас Таны олж харах гэгээлэг зүйл гэвэл юу байх бол?
-Гэгээлэг зүйл байлгүй яах вэ. Олон сайхан уран бүтээлүүд гарч байна. Бид юм эрж, хайж байна. Төр засгийнхаа арга эвийг олох гэж янз янзаар үзэж байна. Өөд өөдөөсөө муухай хараад байх шаардлагагүй шүү дээ. Болж өгвөл ойлголцоод, эв зүйгээ олж байх хэрэгтэй. Бид ард түмэн, түүхийн өмнө үүрэг хүлээж байгаа. Өнөөдөр ялсан намын өмнө биш. Тиймээс Монголынхоо ард түмний сэтгэл оюуныг хөтлөх тэр зүйлийг бид эрж, хайж байна. Сүүлийн үед олон сонгодог жүжиг тавигдлаа. Сайн ч, сулхан ч бүтээл гарлаа. Бид амьдрах гэж, үүргээ биелүүлэх гэж янз янзаар л үзэж байна. Зарим хүнтэй муудалцаж, заримтай нь сайдаж байна. Би нэг түүх ярья л даа. Театрын 80 жилийн ой саяхан болсон. Монголын театрыг үүсгэн байгуулагч Д.Намдаг гэж драмын жүжгийн зохиолч, Төрийн хошой шагналт, театрын анхны жүжигчин, найруулагчдын нэг, анхны үндэсний зохиолчдын нэг энэ агуу хүний ойг хийх гээд л мөнгө олдохгүй яваад байлаа. Тэр үед “Оролмаа эх” жүжгийг тавих гээд мөнгө байхгүй хүн хүнээс гуйгаад л.

Тэгсэн театрын дарга Цэрэнсамбуутай таарлаа. Тэр үед би төрийн түшээ нэг том хүнтэй энэ асуудлаас болоод хэлэх хэлэхгүй үгэн дээрээ тултал муудалцчихсан явж байсан. Тэгэхэд Цэрэнсамбуу гуай “энэ ажил бүтэж байвал чөтгөртэй нэг оронд орсон ч яах вэ” гэж хэлж байсан юм. Тэрэн шиг Монголын театр ажил үйлсээ хийж байвал чөтгөртэй нэг оронд орсон ч бэлэн байна. Тарчигхан ч гэсэн байгаа бололцоондоо бид ажлаа хийх ёстой. Чанартай уран бүтээл хийх ёстой. Сайн уран бүтээл хийж ард түмнийхээ сэтгэл оюуныг хөтлөх ёстой. Ард түмэн маань өөдрөг, сайхан хүн төрөлхтний бурхнаас заяасан үнэт зүйлс цэвэр ариун, сайхан юм гэдэг итгэл үнэмшил, тэр зөв сэтгэл зүрх, амьдралын зөв хөгийг Монголын ард түмэн тээх эрхтэй. Амьдралын итгэл үнэмшлийг театраас, энергийг уран бүтээлээс авах эрхтэй. Бид тэрийг нь өгөх үүрэгтэй. Бид хийж байна, ажиллаж байна. Бид ажил хаялт, өлсгөлөн зарлаагүй, бид тэмцэл хийгээгүй, бид хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэл хийгээгүй. Бид бусадтайгаа адилхан ажлаа хийж байгаа. Төр засагтаа итгээд найдаад, ая талыг нь хараад амьдарч л явна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.


эх сурвалж: gogo.mn