Мэдээний зураг,

Чөлөөлөх дайны сүүдэр алслан одсоор өнөөдөр далан жил ард хоцорчээ. Дэлхийн хоёр дахь их дайнд цэг тавьсан энэ дайнд Квантуны армийг бут цохисон түүхэн ач холбогдол онцгой чухал байр суурь эзэлдэг.

Японы эсрэг дэлхий дахин анхаарал хандуулсан тэр цаг үед дайны явц, түүхэн үйл явдал хэрхэн өрнөж байсан тухай судалгаа шинжилэгээний ажил олон байдаг ч өнөөдөр тэр бүр олны анхааралд хүрээгүй зарим чухал баримт мэдээллийг хүргэе. Юуны өмнө Хятадын газар нутаг, Зүүн хойд Азийн бүс нутгийг хамран өргөжсөн энэ дайныг төгсгөх шаардлага, шалтгаан юу байв?

1. Чухам яагаад 1945 оны наймдугаар сарын 9-ийг товлосон байв?

1945 оны хоёрдугаар сард Ялтад зохион. байгуулсан бага хурал дээр Сталин ЗХУ дайнд ялалт байгуулсаныхаа дараа гурван сарын дотор багтаж Японы эсрэг дайн зарлана гэж мэдэгдсэн түүхтэй. Энэ ч ёсоор ЗХУ дэлхийн хоёрдугаар дайны түүхэн ялалтаас хойш удалгүй наймдугаар сарын 8-нд дайн зарласны маргааш өдөр 9-нд хил нэвтрэн орсон байдаг.

2. ЗХУ-тай мөр зэрэгцэн ямар хүчнүүд тулалдаж байв?

Чөлөөлөх дайнд Монгол улсын 80 мянган цэргийн албан хаагч оролцсон бол Хятадын ардын чөлөөлөх арми болон Гоминьданы арми мөн тулалдаж байлаа. Хятадын цэргүүд өөр өөрсдийн нутаг дэвсгэрт тулаан явуулж байсан бол Монгол улсын хүчин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байв.

3. Харин Японд хэн дэмжлэг үзүүлж байв?

Квантуны армийн бүрэлдэхүүнд тухайн үед тоглоомын улс болсон Манж Го-ийн 170 мянган хүнтэй арми болон Мэнзяны 44 мянган хүнтэй арми багтаж байв. Өвөрмонголын нутаг дэвсгэрт үүсэн байгуулагдсан Мэньзян хэмээх тоглоомын улсын армийг сонирхолтой нь, Японы тусламжтайгаар Хятадаас тусгаар тогтнох зорилго өвөрлөсөн Чингисийн удмын ноён Дэмчигдонров толгойлж байсан билээ.

4. Дайны хоёр тэнхлэгт хүчний харьцаа ямар байв?

Зөвлөлт-Монголын холбоо (1.5 сая хүн) Япон болон аялдан дагалдагчдын (1.2 сая хүн) хүчнээс тоогоор болон бусад олон зүйлээр давуу байжээ. ЗСБНХУ, БНМАУ-ын нэгдсэн хүчин 26 мянган зэвсэг нэгж зэвсэг (дайсны талд – 6700), 1852 өөрөө явагч их буу, 3704 танк, (1000), 5368 нисэх онгоцтой (1800) байв. Гэтэл Квантуны армид автомат буу болон танк эсэргүүцэх буу, тийрэлтэт их бууны тоот огт байхгүй байжээ.

5. Япончууд юунд найдаж байв?

Дайны түүхэн үйл явц, өрнөлөөс дүгнэхэд Япончууд дан ганц цэргүүдийнхээ мухар зоригт найдаж байсан мэт. Тухайлбал, Японы танкууд Оросын 1941 оныхоос ч дор хуучирч муудсан байжээ. Танк эсэргүүцэх буу нь дээд тал нь 47 мм-ийн калибраас хэтрэхгүй байв. Сахалиныг чөлөөлөх тулаанд Улаан арми 1938 онд Хасан нуурны тулгаралтад ашиглаж байсан Т-26 маркийн танк оруулсан бол Манж Го болон Мэньзяны армийн манж, цахар, баргууд тулалдах чадвар үндсэндээ байхгүй байсан гэдэг.

6. Зөвлөлтийн Ажилчин тариачны улаан арми, БНМАУ-ын армийн үндсэн зорилго юу байв?

Тун хялбар зорилго байсан бөгөөд бүтэн хагас сая хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрт дайсныг хумиж бүслэн устгах аугаа өргөн хэмжээтэй дайн байв.

7. ЗСБНХУ энэ дайнд ямар зорилго тавьж байв?

ЗХУ энэ дайнд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал тулаад байсны дээр өнгөрсөн зууны эхээр алдсан стратегийн чухал нутаг Өмнөд Сахалин, Курилийн арлуудыг олж авах, БНМАУ-ыг дэмжиж, Хятадад нөлөөгөө эргүүлэн тогтоох тодорхой зорилгууд агуулж байлаа. Хамгийн гол нь социалист хөгжлийн системийн лагерь бүрдүүлэх зорилгоор барууны орнуудад хүч чадлаа харуулах боломж хэмээн харж байв.

8. ЗХУ дайн зарлахад харин Япон хэрхэн хүлээн авав?

1945 оны хоёрдугаар сард Сталин дайн зарлахаа мэдэгдсэний дараа Японы тодорхой хүрээнд ЗСБНХУ-тай яриа хэлэлцээ явуулахыг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй бөгөөд тухайн үед үзэл бодлоороо хоёр хэсэгт хуваагдаад байсан эрх мэдэлтнүүдийн нэг хэсэг нь нэр төртэйгөөр энхийн гэрээ байгуулахыг эрмэлзэж байсан бол нөгөө хэсэг нь эцсээ хүртэл үзээд дуусах андгай тангарага тавьсан байлаа. Эцэст нь Японы ерөнхий сайд Сузуки наймдугаар сарын 9-нд мэдэгдэхдээ: - Өнөө өглөө ЗХУ манайд дайн зарласан нь биднийг дайн үргэлжүүлэх нөхцөлгүй, ямар ч гарцгүй байдалд орууллаа гэж байжээ.

9. ЗХУ дайн зарлахад харин АНУ хэрхэн хүлээн авч байв ?

Сталиныг эхлээд дайнд оролцохыг тууштай ятгаж байсан Америкчууд дараа нь дотроо хоёр хуваагдсан байлаа. Ерөнхийлөгч Франклин Рузвельтийг “айлгаж” байсан генералууд хэрвээ ЗХУ дайнд оролцохгүй бол дайн зөвхөн АНУ, Японы хооронд өрнөж, 1947 он хүртэл сунжрах бөгөөд сая сая цэргийн амнд хүрнэ гэж ярьдаг байжээ.

Гэтэл 1945 онд Зөвлөлтийг үзэн ядах Гарри Трумэн ерөнхийлөгчийн тушаалд томилогдсоноор дайны тавилан өөрчлөгдөхийн хамт америкчууд цөмийн бөмбөгний ид хавыг үзэх гэж тэсэн ядах болсон байна.

Барууны цэргийн эвсэл, холбоотнуудын ерөнхий командлагч асан Дуайт Эйзенхауэрийн сүүлд дурсан тэмдэглэснээр, Трумэнтэй ярилцаж байхдаа, би энэ тухай сануулан хэлж байсан. Баримт мэдээллээр бол Япон удахгүй бут цохигдох учраас би Улаан армийг энэ дайнд орохыг эрс эсэргүүцэж байна гэж анхааруулж байсан юм гэжээ.

10. Дайн төгсгөл тодорхой байсан юм бол АНУ Японд яагаад цөмийн бөмбөг бүр хоёрыг хаях болов?

Цэрэг гутлаар жоом няцлахтай адил, хамгийн хүчирхэг, чадвартай арми Япончуудыг бут цохих ёстой гэдгийг Америкчууд ойлгож байлаа. Энэ үндсэн дээр Зөвлөлтийн ердийн нэг зэвсэгт хүчний дэргэд сая цэргийн хүчээр ч дийлэхгүй ирээдүйн дайны технологийн сүр хүчийг АНУ харуулахыг хүсэж байсан нь тодорхой бол энэ нь ч Япончуудыг дайнд бууж өгөхөд ташуур өгсөн үйл явдал болсон билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат