Н.Алтанхуягийн тэргүүлж байгаа Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр арилжиж, үнэт цаас борлуулсны орлогыг нь 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк дахь Засгийн газрын дансанд орсон билээ.

500.0 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 5 жилийн хугацаатай бондыг жилийн 4,125 хувийн хүүтэй, 1.0 тэрбум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 10 жилийн хугацаатай бондыг 5,125 хувийн хүүтэй зээлсэн юм.


Хүүг хагас жил тутамд 1 удаа төлөх бөгөөд эцсийн төлөлт 500.0 сая ам.долларын үнэт цаасны хувьд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр, 1.0 тэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус төлөгдөхөөр гэрээлсэн аж. Эхний 5 жилд төлөх жилийн хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар, 2013 оны 6 дугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.долларыг төлөхөөр байна.

Хөрөнгө оруулах томоохон төсөл хөтөлбөр нь боловсруулагдаагүй, тооцоо судалгаа, зураг төсөл нь бэлэн болоогүй, түүнчлэн, барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил явуулах боломжгүй өвлийн улиралд Засгийн газрын бондыг арилжаалсан нь алдаатай шийдвэр болсон гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж шүүмжилж байгаа. Үүний улмаас бондын эх үүсвэрийг огт ашиглаагүй байхад бондын хүүгийн төлбөрт 50.0 орчим тэрбум төгрөгийг төлөхөөр болж байгаа нь өрийн дарамтыг нэмэгдүүлж байна гэж тайлбарлаж буй.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар хүүнд санаа зовох зүйлгүй, Монголбанктай гэрээлж, мөнгийг өсгөх схем ажиллаж эхэлсэн гэж буй. Гэвч ямар арга хэлбэрээр, хэдэн хувийн хүүтэйгээр зээлүүлж хүүгийн төлбөрийг олж байгааг нууцалж байлаа. УИХ дахь МАН-ын бүлэг хаана ямар банкинд хэдэн хувийн хүүтэй байршуулсныг чуулганы хуралдаан дээр лавлахад нууцын зэрэглэлтэй мэдээлэл гээд халгаагүй. Одоо ч ямар банк үнэт цаасыг авсан нь бүрхэг.

Харин албаны эх сурвалжийн бодиттой мэдээллээр бол Монголбанк бондын 850.0 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад 12 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулсан байна. Тэгэхээр ирэх жилийн 1 дүгээр сар гартал дээрх хөрөнгийг бүтээн байгуулалтын төсөлд зарцуулахгүй нь тодорхой болов. Харин үлдсэн мөнгийг бүгдийг нь шалгарсан төслүүдэд санхүүжилт хийх үү гэдэг нь бас анхаарал татаж байна. Одоогийн байдлаар “Шинэ төмөр зам", нийслэлийн дэд бүтцийг сайжруулах "Гудамж" төсөл, Тавантолгой уурхайд цахилгаан станц барьж байгуулах төслүүдийн эхний ээлжийн санхүүжилтэд шаардлагатай 85 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор болсон байгаа. Цаашид ямар ямар төслүүдэд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах нь тодорхойгүй байсаар байна.

Х.Тэргэл

www.times.mn