Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа яг дундаа явж байгаа энэ үед улстөрийн хүрээнийхэн дунд Ц.Элбэгдорж дахин сонгогдож, Н.Энхбаяр хэцүү нэртэй газраас суллагдах нь гэсэн бор шувуу нисч эхэллээ. Цаг үеийн үйл явдлууд ч энэ хардлагыг баталгаажуулж байна. Тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгаа албан ёсоор нээхээс өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хэрэв Н.Энхбаяр өршөөл хүсвэл би уучлал үзүүлж болно" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ үед МАН-тай Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцож магадгүй гэгдэж байсан МАХН-ынхан гэнэтхэн зангаа хувиргаж, дангаар сонгуульд оролцох шийдвэр гаргасныг олон нийт мэдэж байгаа.


Ийнхүү дангаар оролцохдоо Н.Энхбаярын төлөө "амь хайргүй" шахам тэмцдэг нэгэн болох Н.Удвалыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж орхилоо. Хачирхалтай нь Н.Удвалын сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгүүд АН руу, тэр дундаа Ц.Элбэгдоржийг муулсан өнгө аяс огт цухалзахгүй, харин угшил нэгтэй нам болох Ардын намаас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн эсрэг хөдөлж байгаа тодхон харагдах боллоо. Сонгуулийн сурталчилгааны явцыг ерөнхийд нь ажвал Ц.Элбэгдорж, Н.Удвал хоёр хоёул Б.Бат-Эрдэнийн эсрэг дуугарах аж. Бүр Б.Бат-Эрдэнэ аваргыг тогоо хөмрүүлэх том чулуутай ч зүйрлэж, гар нийлээд ганц цай чаначихгүй хүн гэж Цогоо гуай, Хүрлээ хоёрын тоглосон рекламаар дамжуулан ёжлох реклам үзэгчдийн нүдийг хужирласаар байна.

Үүнээс үзэхэд Ц.Элбэгдорж, Н.Удвал нар хүч хавсарч аваргыг өвдөг шороодуулах далд төлөвлөгөө явагдаад байх шиг. Энэхүү төлөвлөгөө хэрэв амжилттай хэрэгжвэл Ц.Элбэгдорж ялалт байгуулж, хүч хавсарч, өрсөлдөгчийнх нь хүчийг тарамдуулж өгснөөрөө МАХН-ыхан намын даргаа суллуулах бололтой. Сонгуулийн өмнөх өдөр буюу энэ сарын 25-ны өдөр Н.Энхбаярыг суллана гэсэн мэдээлэл ч дуулдах боллоо. Нөгөөтэйгүүр Н.Удвал Б.Бат-Эрдэнийн саналыг хуваалцах нь дамжиггүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй гэдгээ бараг мэдэж байгаа хэрнээ энэ том тоглоомд орсон Н.Удвал сайдын үйлдэл өөрийг нь сайд болтлоо дэвшихэд нь нөлөөлсөн намын даргыгаа суллуулахын төлөөх тэмцэл бололтой юм.

www.mnews.mn