Монгол овогт Чимэдбалын Бодгаль “Мөнх тэнгэрийн хүчин дор” нэртэй ном туурвижээ. Түүний уг номноос хэсэгчилэн duuren.mn цувралаар нийтэлж байна.


slide0211-1 (1)Байгальд байгальтай хамт хөгжсөн хүмүүс эрүүл чийрэг, хурц сэргэлэн, сурах хөдөлмөрлөх бүтээх, хэмнэх гамнах, хайрлах хамгаалах их эрдэмтэй товчоор хэлбэл амьдрах чадвараар онцгой ялгарч шалгарсан хүмүүс байдгийг бид өмнөх үеийнхнээсээ олж мэдсэн юм. Нэгэн үед сумын төв гэж гарын таван хуруунд багтахаар хэдэн байшинтай. Лаа дэнлүүн гэрэлтэй, сургууль цуглахаар хөгшид хүүхэд голдуухан айл амьтан нэмэгдэж, хөл хөдөлгөөн хэсэг нэмэгддэг. Дэлгүүрт нь бэлэн гутал хувцас нэг ч байхгүй, бараа ховор, дэвтэр харандаа үзэг бэх олдоц муутай тийм үе байсан юм.

Тэр үед нэгдэлжих хөдөлгөөнд айл хотол хүн бүрийг нэгтгэхийн тулд нам засгаас хүчтэй дарамт шахалт үзүүлж, хувь, хувьсгалын бүх малын тооллогыг намар хийж, мах, сүү, арьс шир, ноос үсний хатуу норм төлөвлөгөөг малын үхэл хорогдол тооцохгүйгээр хийж , “Улсын төлөвлөгөө бол хууль” гэж зөрчвөл “Эсэргүү феодал”, “Шорон гяндан”-аар ойлгож, дарамталсан харгис үе байж. Малаас гарах ашиг шим, түүхий эд бүхнийг хэдхэн цөөхөн төгрөг, хожим тооцох зээлийн “облигаци” бичиг төдийгөөр хаман авч байсан үе. Америк тэргүүтний “импермит” гүрнүүдийг хөгжил дэвшил, цэрэг зэр зэвсэг юу байдаг бүхнээрээ давж гарах онцгой нэгэн нийгэм байгуулахын тулд байгаль нийгмээс авч болох бүхнийг айл хүн бүгдэд норм төлөвлөгөө болгон хувиарлаж, шахан шавдуулж байсан үе юм.

Эмэгтэйчүүд хүүхдүүдээс тарвага, зурам, үхэр оготны арьс, зэс гууль нэхэгдэнэ. Хавар нохойг нь хүртэл хяргуулж авч байсан үе. Айлуудын данх, түмпэн, домбо, гүц, шанага халбага шар өнгөтэй бүхэн тэнд ачигдаад явсан юм. Ангийн хөлдүү мах, арьс үс ч төлөвлөгөө нормтой. Айл бүрийн ердийн хөсөг ч гүйцэтгэх нормтой. Аймаг сум суурингийн холбоо цахилгааны шонгийн мод эмнэлэг, сургуулийн түлээ мод гээд тээвэрт явцгаана. Тэр үеийн хүмүүс хоногт цөөхөн цаг унтаж, амарч байсныг бид мэдэх юм. Хүүхдүүд бид гэхэд л шөнийн 03 цагт хамт босч үнээ эвэлгэж, үүр цүүрээр завод дээр сүүгээ машиндуулахаар дугаарлаж, зогсдог байлаа. Өдөрт үнээний 2, хонь ямааны 3, гүүний 5 бүгд 10 саалийг шахан багтааж хатуу норм төлөвлөгөөг биелүүлэхийн хажуугаар хүүхэд бүрээ сургуульд нь бүрэн бүтэн хувцаслаж явуулах, оёдол хатгаа, хоол хүнс, орон байр зэхэх бас завсраар нь өөрсдийгөө хөгжүүлж, бичиг үсэгт тайлагдаж, уншиж, бичиж бодож хятад сампин ч цохиж сурчээ. Энэ их ажлыг нуглаж чадах эрч хүчийг тэдэнд нүүдлийн соёл иргэншил нь мөн хайрлаж хамгаалж ирсэн үлгэрийн юм шиг байгаль нь өгчээ. Тэдний үед зэлтэй унага, тугал хэвтэхээрээ харагдахгүй, босохоороо нуруу нь гүвэлзэн харагддаг тийм их өндөр өтгөн ургацтай байсан гэдэг. Үдэш ирээд гэрийн хаяанд хаясан уураг өглөө авахад “ шир ” гэж дуугарч, шөнөдөө дээгүүр нь өвс ширж ургадаг байсан гэдэг.

Цагаан сараар унахаар дэлнээсээ хойш говилтож, хондлой нь ацалсан авдар шиг дөрвөлжин шашир дэлт морио барьж эмээллээд, олмыг нь татах гэхэд тарганд нь олом гөлөм нь тэлэгдчихээд гар хүрэхгүй ташуураараа өлгөж авч байсан гэдэг. Тийм дөрвөлжин морьдоороо айлын хооронд уралдацгаахад гуу жалгын хунгар авдар савны чинээтэй онгилогдон үлддэг байсан гэдэг. Тэнд хүмүүс нь бас чадалтай хүчтэй байхаас яах вэ? Байгальтай хөгжсөн хүмүүс ямар ч нийгэмтэй хөгжиж чадах, ямар ч ачаалал дааж чадах юу ч хийж бүтээж чадах их чадал эрдэмтэй байдгийг бид өмнөх үеийнхнээсээ олж мэджээ.

Одоо үед бүтээлч чадварын тийм боловсролыг EQ гэж нэрлэдэг байна. EQ байхад “Дархан хүн бурхан ухаантай”, IQ зайлшгүй дагалдаж байдаг байна. EQ, IQ нэгэнт нэг дор цогцолж байхад DQ буюу ухамсарлах чадварын боловсрол хамт дагалдаж, EQ, IQ, DQ цогцолсон нэгэн дээд боловсролтонгууд бий болсон байжээ. Тэдний дундаас худалч хуурамч, хулгайч шуналтай зальжин үл бүтэх хэн нэгнийг бид олж сонсоогүй дуулаагүй юм байна. Тэдний ихэнх нь сургуульд суралцаагүй ч бүлгэм дугуйланд бие дааж олсон эрдэм мэдлэгээрээ улс нийгмийн хариуцлагатай өндөр алба ажлуудад тохоон томилогдож, тоо бүртгэгч, нярав, нягтлан бодогч, бригад, нэгдэл хоршооны дарга хийж, түүгээр ч зогсохгүй том үйлдвэр худалдаа үйлчилгээний газрын дансны харилцааг цээжээр мэдэж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч, прокурорын итгэмжит ня-бо гэх мэт ажлуудад тэтгэвэрт гартлаа үнэнч шудрагын үлгэр жишээ болон ажиллацгаасан байдаг. Тэдний бүтээлч чадварын ид оргил үед соц.нийгэм гялалзтал эрчимтэй хөгжиж, соц.мат.тех-ийн баазыг байгуулж байгаад тэдний нас ахиж бүтээлч хүч нь сулрах тутам социализмын санаархал нийгэмд эргэлзээтэй болж эхэлсэн юм.

Байгальд байгальтай хамт хөгжсөн өндөр боловсролт тэдгээр хүмүүсийн зарим нь 1990 он хүртэл идэвхитэй зүтгэжээ. Хамгийн харамсалтай нь тэдний бүтээлч их чадавхийг зэрэглээнд хууртаж, дэмий чулуу хөөсөн нийгэмд цацаж, үнэгүйдүүлсэн явдал юм. Харин социализм нь цогц боловсролтон бэлтгэн гаргах нийгэм байж чадаагүй юм. 1990 он гарахад айл бүхэнд эмрэх ээрэх, алагдах томох, эсгэх оёх, цавчих ойлдох, харуулдах эвлүүлэх, эмхлүүлэх наад захын амьдрах чадвартан байсангүй. Харин хил худалдаа чөлөөтэй болж эрэлт хэрэгцээгээ хийж, бүтээж биш доншуур наймаанд уралдан орцгоож, хангахаас өөр аргагүй болцгоосон юм. Ингэж байгаль дэлхийгээ сүйтгэж, хог хаягдлаар бохирдуулах “ажилтай ” болцгоосон юм. Энд зөвхөн байгальлаг нийгэмд л бүрэлддэг гурамсан цогц боловсролыг алгасаад ухамсар, ёс суртахуун, ёс зүй гэж ярих утгагүй болсон юм.

Мөн ардчилсан гэх энэ нийгэмд ч адилхан байгальтай хамт хөгжихийн эсрэг бүх бодлого үйл ажиллагаа чиглэжээ. Өмнөх социализмаас ч илүү харгисаар байгалиа сүйтгэж, сууршил төвлөрөл үйлвэржилтийг шүтэж, түүндээ хүнээ бэлдэж, сургаж мэргэшүүлж, их дээд боловсролтон, цолтон, зэрэгтэнээр өргөмжилж, эх байгалиа биш эд хөрөнгө, ахуйг дээдэлсэн суурин иргэншлийн унаган үзэлд хальтран орохын зэрэгцээ дэлхийн дулааралд, экологийн сүйрэлд, ухамсар ёс суртахууны доод илэрлүүдэд дэмий гайхашрагч нэгэн улс болтлоо доройтоход хүрэв. Бид өнө эртний эх байгалийн их соёл ахуйн баялал уламжлалтай. Үүгээрээ дэлхийд гайхуулж, гариг дэлхийн ч соёл иргэншилийг ч аврах хүчтэй гэдгээ мартамгүй.

∗ ∗ ∗

УХАМСАР ЁС СУРТАХУУН

Эртний ном сударт “Ухамсар” гэсэн үг хэллэг байх нь эртний, хожуу үеийн “ертөнц”, “оршихуй” гэсэн хэллэгүүд байдаг. “Хутагт Очироор огтлогч билэгийн чинад хязгаарт хүрэхгүй” хэмээх их хөлгөн “ Доржзодов сударт бага мянган, дунд мянган, их мянган 1000х1000х1000” нийлсэн гурван мянган их ертөнц байдаг тухай гардаг. Энэ орчлон хорвоо дээр ийм олон оршихуй ”ухамсар”-ын хэлбэрүүд багталцан оршиж байдаг бол бид хоорондоо ижилгүй ч ямартай ч зохицон оршихоос өөр аргагүй гэсэн үг юм. Хүн өөрийгөө таньдаггүй гэдэг. Тэгвэл өөрийгөө танихгүй хүн бусдыг яахан таних билээ. Хүн өөрийгөө танъя гэвэл зүүдээ ажиглахаас эхэл гэдэг.

Далд ухамсар хааяа хааяа зүүдэнд л тод бууж “чи ийм хүн шүү дээ” гэж хэлж өгдөг. Оршихуйнуудын нийгэмд хамгийн тод илэрч үзэгдэх “ ёс суртахуунгүй”, “ёс зүйгүй” гэсэн хэлбэрүүд байдаг бол “ёс суртахуунтай”, “ёс зүйтэй” гэдэг нь ихэнхдээ нилээд өнгөлсөн зохиомол хэлбэртэй байдаг. Хүний хамгийн эрхэм нандин унаган эр болох амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьдрах нутаг орноо сонгох ажиллах хөдөлмөрлөх зэрэг эрхүүд зөрчилдсөөр байхад хүрвэл хүний ухамсар “ оршихуй” савалгаанд орж нэг л цагт өөрийгөө жолоодох чадвараа алдаж, аймшигт гэмт хэрэг үйлдэж болдогийг бид бэлхэнээ харсаар байдаг. Дэлхийн хаана ч хүний эрх нэн чухлаар тэргүүнд тавигдаж байдгийн учир энэ юм. Хүний эрх хаана илүү сайн хангагдсан тэнд ухамсарын тэлэлт, ухамсарлах чадвар илүү байж оршихуйнууд чанаржихаас гадна тэнд амьдрал байдал чанаржиж, чөлөөт хөгжил дэвшил илүү явагдаж байдгийг бид мэднэ. Хүнд ухамсарлах чадвар ухамсарын тэлэлт нэмэгдсээр эцэстээ ухамсар өөрийгөө ухамсарлах төвшинд хүртлээ тэлж оршихуй илүү дээд шатанд дэвшинэ гэдэг маш урт удаан хугацааны үйл явц болох тул үүнийг бидний өвөг дээдэс олж мэдээд Очирт хөлгөний сургаалийг чандмань эрдэнэ мэт үзэж ирсэн байдаг. Одоо бид тэр уламжлалаа сэргээх цаг болжээ. Энэ бол билэг үгүй номын цогц буюу Арга номын цогц юм. Энэ нь зоригдол үгүй нийгүүсэлийг үтэр түргэн олж болох буюу бүхнийг эрхшээгчийн хүчийг олж болох тухай сургаал юм. Бид бурханлаг дээдсийн буянаар дэлхийд хосгүй их баян оюуны сан хөмрөгтэй улс билээ.

∗ ∗ ∗

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ

Энэ нь суурийн хийгээд нүүдэлчин соёл иргэншилд эрс хоёр өөр ойлголт үзэл үйлдэлтэй явж иржээ. Бидний өвөг дээдэс “Хүний эрх” гэж “Эрх чөлөө” гэж уриалж лоозогнож яваагүй хирнээ хүний бүрэн эрхэт чөлөөт амьдралаар амьдарч туйлын амгалан жаргаланг эдлэж явсаны нууц бол “Хүн юун түрүүнд өөрөөс бусад хамаг амьтны эрхийг эхэлж, хамгаалж, хангаж өгч байж хариуд нь хүний эрх хангагдана. Улмаар хамаг амьтны эрх оюут хүнээр хамгаалагдан хангагдаж байж байгаль хамгаалал болно” гэсэн үзэл баримтлал их эрт цагаас үеийн үед уламжлагдан баяжсаар ахуйн соёл болж дэлгэрсэнд байжээ.

Буддагаас ч өмнө МЭӨ 1-р зууны дунд үед боловсорсон “Төв үзэл”-н сургаальд “Орчлонгийн бүх юмс уялдаа холбоонд оршино. Уялдаа холбооноос гадуур өөрийн мөн чанараараа бие даан тусгаар оршигч юм ертөнц дээр хумхийн тоосны төдий ч байхгүй” гэсэн үзэл санаа Монголчууд хэдийнээс бий болсон байх вэ? Эсвэл энэ үндэстэн төрлөхийн тийм үзэл санааны үр хөврөлтэй байсан хэрэг үү. Тийм байж ч магадгүй юм.

А.Эйнштейны харьцангуй онол батлагдахаас мянга мянганы өмнө Ази дорно дахинд бүх юм энерги болон хувирч болохыг нэгэнт нээчихсэн байжээ. Байшин савны хаалгаар биш хана нэвтлэн орж гардаг сарын газрыг хоногоор товчилдог. Хур тунадас оруулдаг, хариулдаг, усны мандал дээгүүр явдаг зэрэг хий бодийн их хүч чадлыг эзэмшсэн хүмүүс олноороо байжээ. Мөн манай 5 их Агвааны үе гэдэг 18 зууны дунд үед 3 эрдмийн олол “тоос, бөх зүрх, харанхуй”. Орчин үеийн хэллэгээр “энерги махбоди онч дохио”-ны аль нь ч анхдагч биш, зонхилогч биш гэсэнд харьцуулахад матер ухамсар өрнө дахины анхдагч хоёрдогч маргаан нь нялхасын мэтгэлцээн шиг байсан бизээ. Тэр үед даанч өрнө дорно ази, европ нь мэдээллийн харилцаагүй шахам хол байжээ. Мөн Ази дахиныг хамарсан түгээмэл нэг үзэл баримтлал нь тэргүүлэшгүй цагийн чандаас ч улбаатай байж болох билээ.

∗ ∗ ∗

НОТОЛГОО МАГАДЛАЛ АЛЬ НЬ ВЭ?

Нар үүсээд 9 тэрбум жил дэлхий сарны хамт үүсээд 4,6 тэрбум жил болж буй тухай шинжлэх ухаан нотолдог. Энэ олон тэрбум жилийн хугацаанд манай дэлхий дээр оюун ухаант төрөлтөн хэд хэдэнтэй үүсч мөхсөн тухай эзотерекчид хэлдэг. Биднийг 5 дахь үеийн оюун ухаант төрөлтөн буюу 5 дахь арьстаны үе гэх ба бидний өмнөх 4 дэхь арьтаны үе буюу Атлантууд гэх хөгжлийн өндөр төвшинд хүрсэн бясалгалаар оршигч самади идээгээр хооллогч нэгэн оюунт төрөлтөн амьдарч байгаад мөхсөн тухай өгүүлэгдэх болжээ.

“Оюунлаг хүн” сэтгүүлийн нэгэн дугаарт: /2012 оны 2-т/ “Атлантууд ямар нэг байгалийн гамшгийн хар гайгаар усанд автаагүй. Энэ нь өнөө цагт болж байгаатай яг адил зүйл байсан юм. Байгалийг давах гэсэн хүний өөрийнх нь хүч байсан юм. Атлантида атомын эрчим хүчнээс болж живсэн. Тэр нь тухайн үеийн хүн төрлөхтөний амиа хорлолт байсан. “Атлантуудын бүх судар шастир бүх нууцууд Александрын номын санд хадгалагдаж байсан. Хожимоо Александрын домогт номын санг шашны хэт даврагсад шатааж орхижээ. Уг номын сан урьд хожид дэлхий дээр байсан бүх номын сангуудаас хамгийн аугаа нь байсан тул номын сан шаталт түймэр 6 сар үргэлжилсэн тухай өгүүлжээ. Номын санд өнгөрсөн үеэс уламжлагдан ирсэн бүх нууцууд хадгалагдаж байжээ. Номын санг сүйтгэгдээгүй бүтэн байхад түүнд нэвтэрч судлаж байсан хүн Грекийн их суут эрдэмтэн Пифагор /МЭӨ 570-490/ ажээ. Тэрбээр өөрөөсөө өмнөх 25-хан зууны үеийн Атлантуудын нууцад нэвтэрсэн азтан байжээ.

Эзотерекчид /далдыг судлагчид/-ын үзэхээр хөх толботуудыг Атлантчуудаас үлдэж хоцорсон отгон үндэстэн гэх нь бий. Хэрэв тийм бол “Мөнх тэнгэр”, “Оюун санаа”, “Бясалгал диян”, “Самади”, “Хөх толбо”, “Атлантчууд” гэх зэрэг илд далд ертөнцийн үзэгдэлүүд харилцан ямар хамааралтай вэ? Шинжлэх ухаан түүнд хариулт өгч чадах уу? Ямартай ч бидний өвөг дээдэс түүнд хариулт өгөх мэт ертөнц дээр амьдарч байсан ч амьдарч байгаагүй юм шиг ахуйг дээдэлсний ул мөр хог новш болох юу ч үлдээсэнгүй. Тэдний аж төрөх хэлбэр диян ч маягийн чөлөөт амар амгалан, ая тааваараа нүүдэлчин соёл ахуйг сонголтоо болгожээ. Энэ ахуйг цогцлооход хүргэсэн гол хүчин нь Монголчуудын үндэсний онцлогтой хооллолтын өвөрмөц соёл байсан бөгөөд энэ нь иогийн үндэст хоолны соёлтой ихэд ойроос гадна орон сууц, эд агуурс, хувцаслалт, хөдөлмөр эрхлэлт, явдал суудал ч мөн түүний нэгэн хувилбар мэт байдаг билээ. Мөн хүний гэж салгаж онцгойлоогүй. Хамаг амьтны эрхийн тэгш дээдлэл, байгаль хамгаалал ч түүний дагалдал болон гарч иржээ. Харамсалтай нь нийт сав шим ертөнцөөс гагцхүү хүнийг салган онцгойлж, хүн, хүний эрх, хүн төвтэй бүхнийг хүний төлөө гэх зэрэг уриа лоозонтой ахуйг дээдлэх, үл гүйцэлдэх үзэл үйл хүмүүний дотоодыг ээдрүүлж нийгэм бүрийд ярган халдварласаар эцэстээ сууршил хэт төвлөрөл, хүлэмжийн хийн хаягдал, цөлжилт, шар шороон түйрэн, экологийн сүйрэл, унд усны хомсдол зэрэг нь өдгөө дэлхий нийтийн хямрал түгшүүр болон хувирав. Гэтэл хот суурин бүр “Ногоон байгууламж”, “Цэцэрлэгт хүрээлэн” гэх төдийгөөр сэтгэлээ хуурсан мэт явцуурхал нь “ Хар нүднээс хөмсөг гадуур” гэдэг шиг нийт байгаль, амьтны эрхийг гаргуунд нь хаясан амьдралын хуучин хэв дадалдаа баригдсан хэвээр байдаг нь мөнөөх “Хүн төрөлхтөний амиа хорлолт” гэдэг шиг болж байна.

Одоо эндээс аврагдаж болох ганц л арга зам бол устгагдаад тун удаагүй 56–хан жил болж байгаа Монголын нүүдэлчин соёл иргэншилийг цогцлоож байсан суурь үзэл санааны цөм болох байгаль амьтныг хооллолтын онцгой соёлоор аргадан хамгаалах баримтлал бөгөөд үүнийг суурин соёлд өнөө тусган нэвтрүүлэхэд оршиж байна.

∗ ∗ ∗

ГАРИГ ДЭЛХИЙН АВРАЛ БИДНИЙ ӨВ СОЁЛД БИЙ

Эдүүгээ дорны, өрний, исламын, барууны гэх соёлууд бүгд байгаль дэлхийд оршиж буй сууриараа ижилхэн суурин соёлын хувилбарууд юм. Улс орнууд эдгээрээс алийг нь алинтай хослуулсан ч дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, экологийн сүйрлийг зогсоох сааруулах /ид шидийн/ хүчийг олохгүй. Эдгээр нь дорны /сэтгэлийн орноос дотогш/ буюу өрний, исламын, барууны гэх /сэтгэлийн орноос гадгаш/ чиглэлтэй шашин суртахууны өнгөц ялгаатайгаас биш байгаль дэлхийгээс баялгийг нь аргадаж биш булааж, булаалдаж, ашиглах гэдгээрээ адилхан суурин соёл иргэншлийн хувилбарууд юм. Ингэснээр аль нь ч юу ч хожсонгүй. Зөвхөн дэлхийгээ золиослоход л хүрчээ. Өдгөө энэ дэлхийн хүн ам нь өсөөд тэжээж чадахгүйдээ хүрч байгаа биш байгалиас булааж булаалдаж идэх гэсний хариуд байгаль эхийн нүүрээ бууруулсан хатуурхал болж байна.

13-р зуунд Монголын их хаад дэлхийн 3 том шашны төлөөллийг нэгэн дор суулган ном хаялцуулж, хөндлөнгийн нүдээр харж суусан нь эдгээрийн алинд нь байгаль нийгмийн харьцааны өндөр соёлын агуулга байж Мөнх тэнгэрийн хууль зарлигын дагуу нийгэмд нөлөөлөх гэдгийг шинжиж байснаас биш өөр тэднээс юуг харж хүлээж суусан байх вэ.

Гэтэл тэндээс энд хүртлэх хугацаанд шашнуудын байгаль дэлхийн эрүүл энхд оруулсан хувь нэмрийн түүх л дүгнэж гэрчилэх билээ. Үргэлжлэл бий…

© duuren.mn