Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан гэх “Монгол толь” төсөл нэг жилийн хугацаанд үргэлжилж, энэ төслийнх нь хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн “Монгол хэлний цахим тайлбар толь”-ийг бүтээж, 2015 оны 12-р сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Уг нээлтийн үеэр монгол хэлний толиудын өв уламжлал дээр түшиглэн богино хугацаанд хийлээ гэж сайрхан танилцуулж байсан юм.


Угтаа энэ толь нь Намбарын Энхбаяр МУ-ын ерөнхийлөгч байх хугацаандаа буюу 2005.09.26-нд гаргасан 46 тоот зарлигийн дагуу ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь" гэх 5 боть бүтээлийн цахим хувилбар юм. Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, профессорууд дахин Ц.Элбэгдоржид дулдуйдан, физик технологийн хүрээлэнгийн Информатикийн салбарын судлаачдын тусламжтайгаар өмнөх толийнхоо цаасан хувцсыг цахим болгон сольсон л хэрэг.


Бодит үнэнийг хэлэхгүй, чихэнд чимэгтэй гоё сайхан үгээрээ халхавчлан, иргэд олон нийтийн мэдэхгүйг далимдуулан шинээр хийсэн мэт ярьж хэлэх нь үнэхээр гайхмаар. Магадгүй дараа дараачийн удаа хэлбэрийг нь өөрчилж, агуулгыг нь хадгалсаар ажлыг гурилдан, ард олны нүдийг хуурсаар байх нь дамжиггүй.

Монгол үгийн утга, тайлбарыг хялбархан олоод үзчих үнэ төлбөргүй сайхан боломж гарч байхад хэн ч болов баярлаж сайшаан, хүлээн авах нь гарцаагүй. Энэ толийг бүтээгсэд цахим толийн нэг дэвшил, давуу тал нь энэ толийг байнга баяжуулж, хөгжүүлэх боломжтой гэж шагшин дурдацгааж, үүнд хөөрцөглөсөн иргэд зоргоороо үг оруулж, тэр нь олон нийтийн санал болгосон үг гэсэн улаан тодотголтой байх аж. 2016.04.04-ий байдлаар олон нийт 1250 үг оруулжээ. Гэхдээ та бүхэн “Монгол хэлний их тайлбар толь” маань овоо хэдэн үгээр баяжиж хэмээн баярлах хэрэггүй. Энэ зүгээр л тоо. Чанарыг нь нягталбал:

  • Зарим үгс нь хайлтаар гарч ирэхгүй байгаа бөгөөд заавал олон нийтийн санал болгосон үг гэсэн хэсгээр дамжин орж харах боломжтой. Жишээ нь: нанчин (нанчмаг), адуулах III, дультраа гэх мэт.
  • Хэрэв олон нийтийн санал болгосон үг толийн үндсэн үгийн санд байгаа үгстэй давхардсан тохиолдолд хайлтаар гарч ирэхгүй. Заавал олон нийтийн санал болгосон үгс гэсэн хэсгээр дамжин үг бүрийг нэг бүрчлэн харж, тухайн үгээ олох боломжтой юм. Жишээ нь: гяван, хязгаарлалт, элэг татах, авшиг гэх мэт.
  • Толгой үг бүр нь монгол бичгийн хадмалтай гэсэн хэрнээ олон нийтийн санал болгосон ихэнх үгсийн монгол бичиг нь буруу, монгол бичгээр хөрвүүлээгүй, монгол бичгийг кирилээр галиглаж оруулсан байна. Гарын арван хуруунд багтах цөөхөн хэдэн үгсийн монгол бичиг нь зөв байгаа юм.
  • Нэг үг зөв бичгийн хувьд зөрүүтэй хэд хэдэн янзаар орсон байгаа нь иргэдийг төөрөгдөлд оруулна. Жишээ нь: твитер, твиттер, (мөн жиргээ гэж орчуулгаар орсон байна) ависан, авьсан, йог, иого, ёог, чээж, цээж гэх мэт.
  • Хэлзүйгээр хувилгасан үгсийг тольд толгой үг болгон оруулдаггүй. Нэр үгийг нэрлэхийн тийн ялгал; үйл үгийг “үйлт нэрийн -х” нөхцөлөөр хувилган оруулдаг. Үүнийг мэдэхгүй олон нийт хайсан үг нь байхгүй болохоор шинэ үг гэж эндүүрэн, нэмээд байна. Гэхдээ тэдний буруу биш юм. Жишээ нь: байснаа, умайсан, өмнөөс, анхаар, гэсээр, эсвээс, барилгачид, хэн мэдлээ, гардалавчтан, нис гэх мэт алдаа олон. Олон нийтийн санал болгосон үгээс гадна толийн үндсэн үгийн санд эргэлзээ нэлээд буй. Тайлбар толь нь “Зөв бичихзүйн дүрэм болон толь”-доо нийцсэн байх ёстой. Мөн толь бичгийн стандарт, зарчмыг баримтлах учиртай.

Нэг хэсэг нь журамлах гээд /журамласан 700үг/ байдаг, нөгөө хэсэг нь дураар тавих гээд байдаг. Эрдэмтэн мэргэд нь минийх зөв, би ингэж бодож байна хэмээн МУНДАГ МЭДЛЭГТЭН болох өөр хоорондоо зөрчилдөх нь бас л төөрөгдөлд оруулах аж. Гэвч энэ байдал нь монгол хэлний нэгдмэл байдлыг хадгалах бус, хожмоо үр хойч нь эх хэлэндээ эргэлзэх эхлэлийг тавьж байна гэхэд буруудахгүй, тэр цагт журамлахад ч бэрх болно. Тиймээс энэ толийн хариуцагчид ҮГ НЭМЭХ, УТГА ДЭЛГЭРҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ТОДОРХОЙ ЗАРЧМЫГ БОЛОВСРУУЛЖ, ШААРДЛАГЫГ ХАНГАХГҮЙ БАЙГАА НЬ АВТОМАТААР УСТАХ, ЗАСАЖ ОРУУЛАХ ЗЭРГЭЭР бага дээр нь хазаарлаасай гэж хүснэм.

Б.ОДОНЧИМЭГ