1970 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө Сальвадор, Гондурас улсуудын багуудын хийсэн тоглолт эмгэнэлтэйгээр өндөрлөсөн аж. Энэ хоёр багийн тоглолт тус хоёр улсын хооронд дайн дэгдэх шалтаг болсон байна.

Энэ хоёр орон урд нь ч тийм сүрхий нөхөрсөг харьцаатай байгаагүй бөгөөд хөлбөмбөгийн энэхүү тэмцээн зөвхөн шалтаг болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л тэр дайн түүхэнд “хөлбөмбөгийн” гэж нэрлэгдэх болсон аж.

Төв Америкийн хамгийн их хүн амтай Сальвадор улс газар нутгийн хомсдолд орсон учраас 1960-аад оны сүүлчээр 300 мянга гаруй сальвадорчууд хөрш Гондурас улсад шилжин суурьшжээ. Мэдээж, гадныхан ийм олноороо орж ирсэн нь Гондурасын оршин суугчдад төдийлөн таалагдсангүй.

Хувь заяаны тохиолоор ч гэх юм уу, энэ хоёр орны хөлбөмбөгийн багууд 1970 онд Мексикт болсон ДАШТ-д оролцох эрхийн төлөө халз тоглохоор таарсан байна. Эхний тэмцээн 1969 оны зургаадугаар сарын 8-нд Гондураст зохиогдон, талбайн эзэд 1:0 харьцаагаар хожжээ. Хариу тоглолт долоо хоногийн дараа буюу, зургаадугаар сарын 15-нд Сальвадорт болсон байна. Энэ удаад сальвадорчууд илүү хүчтэй байж, өрсөлдөгчөө 3:0-оор хожсон байна.

Эдгээр тоглолтууд дээр хаалганд оруулсан бөмбөгний тооны харьцааг харгалзан үзээгүй бөгөөд гурав дахь тоглолтыг Мехико дахь дундын талбай дээр хийхээр болжээ. Тэрхүү тэмцээн дээр Сальвадор нэмэлт цаг дээр 3:2 харьцаагаар хожсон байна.

Харин уг тэмцээний дараа мексикийн нийслэлд хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн хооронд олныг хамарсан зодоон дэгджээ. Өрсөлдөгчид нь Гондурасын далбааг доромжилсон тухай мэдээлэл тус улсын радиогоор хийсэн нь энэ нөхцөл байдалд “гал дээр тос хийсэн” мэт болсон байна.

Гондураст амьдарч байсан сальвадорчуудыг энд тэндгүй барьж аван нүдэж, үүний хариуд Сальвадорын засгийн газар хөрш улстайгаа дипломат харилцаагаа тасалснаа зарлан, цэргийн дайчилгаа эхлүүлжээ.

Ингээд, долоодугаар сарын 14-нд хоёр орны хооронд дайн дэгдэн, долоо хоног үргэлжилсэн аж. Зөрчил мөргөлдөөн асар хурдтайгаар өрнөсний улмаас хэвлэл мэдээллүүдэд уг дайныг “100 цагийн дайн” хэмээн нэрлэж байв.

Хоёр талын цэргийн хохирлын хувьд, Сальвадор 700 орчим, Гондурас 1200 орчим хүнээ алдсан аж. Гондураст амьдарч байсан олон мянган сальвадорчууд нутаг буцахаас аргагүй болж, хоёр орны хоорондын худалдааны харилцаа зогсон, хилээ нам хаацгаасан байна.

Ийм асар өндөр үнээр Сальвадорын шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ олж авсан түүхтэй юм. Харин ДАШТ-д тэд амжилт гаргаж чадсангүй. ЗХУ, Мексик, Бельгийн багуудтай нэг хэсэгт таарсан тэд бүгдэд нь хожигджээ. Өөрийн хаалгандаа 9 гоол алдан, өрсөлдөгчдийнхөө хаалганд ганц ч бөмбөг оруулж чадалгүй ДАШТ-ээс буцсан байна.

Сонирхолтой нь, энэхүү “хөлбөмбөгийн дайн”-аас хойш 10 жилийн дараа л тус хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр байгуулагдсан аж.

Д.Мигаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.