Монгол хүний сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх дуудлага: 

Техникийн ухааны доктор, Философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ “Хөгжлийн гарц: Чингисийн этик хэрэгтэй” УБ., Монсудар, 2012, -272 т онолын сэтгэлгээний ээлжит номоо хэвлүүлжээ. Энэхүү номонд монгол хүн өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж хувирсан, одоо ямар төлөв байдал, түвшинд байгаа, цаашид хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдэх учиртайг баримт нотолгоонд тулгуурлан гаргалгаа дүгнэлт хийж онолын үүднээс авч үзжээ.

Хамгийн хураангуйгаар энэ ном Монгол Улсаа хөгжүүлэхэд хүнээ хөгжүүлэх ухаан, хандлагыг өөрчлөх нийгмийн шаардлагын дохио санамж, уриа дуудлага болжээ. Номын шинэлэг, давуу тал нь Монголын нийгэмд хуримтлагдсан шийдвэрлэвэл зохих тулгамдсан зарим асуудлыг хөндөн тавьсанд, хүмүүсийн анхааралд өртүүлсэнд оршино. Тулгамдсан асуудлыг дэвшүүлэн тавих нь түүнийг шийдвэрлэхээсээ дутуугүй ач холбогдолтой.

Бодит байдалд, онолын сэтгэлгээнд сүрхий шүүмжлэлтэй хандсан, бидний монголчууд онолд ач холбогдол өгөх, өөрсдөө сэтгэх, бодох, бичих, туурвих цаг болсныг анхааруулаад зарим үед бухимдлаа ч барьж чадаагүй нь түүний бичлэг, илэрхийллээс мэдрэгдэж байна. Танин мэдэхүйн төөрөгдөл бодлогын алдаа дагуулж, улс орон, ард түмэн хохирч үлддэгт харамсаад зохиомол, баригдмал орчинд журамлагдсан сэтгэлгээ, хэвшсэн хэв маяг, хязгаарлагдмал үйл ажиллагаа ноёрхож ирснийг баримт түшин тэмдэглэсэн нь оновчтой болжээ.

Бидний хоцрогдлын, хөгжил дорой байгаагийн учир шалтгаан нь монголчууд бидэнд идеологи үгүй болсон, улс төрийн үзэл баримтлал, төрийн бодлого, зорилт тодорхой биш, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тогтсон үнэлэмж байхгүй, ирээдүйд тэмүүлэх зорилго чиглэл бүдэг байгаатай холбоотой гэжээ. Энэ санаагаа хэд хэдэн баримт, гаргалгаагаар батлахыг оролджээ.

Зохиогчийн бодлоор төрийн онол анх үүсэхдээ хотын хүмүүст, төвлөрсөн газар суурьшсан иргэншсэн хүмүүст зориулагдсан гэнэ. Тэгвэл Монголчууд хот гэдэг зүйлтэй 20-р зууны дунд үеэс л танилцсан болохыг дурдаад хот үүсэж, хүн иргэншсэн үеэс л бидний өвөг дээдэс онолын ач холбогдлыг ойлгож, хөгжүүлж эхэлсэн ажээ. Улмаар өнөөдөр “монголын төр өөрийн гэсэн онолгүй тул иргэд хувийн амьдралдаа хаягдаж, нийгмийн амьдрал зогссон” \Номын 111 дэх тал, цаашид зөвхөн хуудасны тоог бичих болно\ гэсэн гаргалгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн Монголчууд “өөрсдөө социализмыг санаачилж эхлүүлээгүй тул түүнийг бие дааж аваад явах чадвар дутсан” \125\, “монгол хүн биеэ даагаад өөрсдийгөө аваад явах нөөц бололцоо өгөгдөөгүй \125\ гээд “улс төрийг онолгүй хийнэ гэдэг мэдлэггүй хийнэ гэсэн хэрэг” \125\ хэмээн анхааруулжээ.

С.Молор-Эрдэнийн тэмдэглэснээр “социализмын онол худлаа биш зөв” \133\ байсан харин “социализмын болон ардчиллын онол буруу ойлгогдож ардчиллын хямралд орсон” \133\ гээд мухардлын илрэл нь “1990 оны ардчилсан нэртэй хувьсгал” \133\ ажээ. Онолоос холуур залилж мэхлэх гэсэн хөнгөн оролдлогууд улс орон хөгжихөд нэмэр болохгүй \170\, ардчилал нь социализмтай адил хатуу сахилга бат, чанд дэг журам, мэдлэг боловсролыг шаардах болно гээд “онолгүйгээр явж өөрийнхөө санаагаар хийх гэдэг бүтэхгүй санаа \170\ гэсэн дүгнэлт хийсэн нь сонирхолтой, сургамжтай болжээ.

Онол яагаад хэрэгтэй вэ? гэдэг асуултыг тавиад “боддог, сэтгэдэг, сэддэг хүмүүс л онол бүтээдэг \171\ гээд онол хамаагүй биш, онол таамаглал биш, онол ойролцоо биш, онол хувийн санаа биш, онол тухайн хүний нэг хувилбар биш, онол нь санаагаа дураараа илэрхийлэх ч биш гэдгийг онцлоод улмаар “монголын сэтгэгчид хэн бэ? “ хэмээх зарчмын асуултыг тавьж, хариулалгүй нээлттэй үлдээсэн байна.

Түүнчлэн “Онолч хүмүүс дутагдана гэдэг юутай харамсалтай”, “зах зээлийн хуулинд ялагдлаа гэж уйлагнах ямар их доройтол вэ?”, “монголын ардчилал иргэншлийг биш, зах зээлийг хэт их шүтсэн тул нийгэмд эерэг уур амьсгал үүсгэж чадаагүй” \208\ гэж тэмдэглэсэнтэй санал нэг төдийгүй талархан дэмжиж байна.

Тархи угааж зах зээлийн хуулиас гарах зам алга гэж шоронд орсон мэт дүр үзүүлэхийг хараад гайхмаар” \207\, “гадаадад сургууль төгссөн нэртэй англи хэлээр сайн ойлгодоггүй, хальт ярьдаг гэж гайхуулсан суурь боловсролгүй, онолын бэлтгэлгүй залуус улс орныхоо онцлог, нөхцөл байдлыг олж харахгүй мөртлөө хоосон хөгжил гэж улиглах нь хачирхалтай” гээд “Монгол орон хөгжих гэвэл дахиад социализмын хэмжээний иргэншлийг босгохоос өөр замгүй” \208\ болохыг дурджээ.

Өнөөдөр измууд дутагдаж, юуны төлөө, ямар онолыг баримталдаг болон мэдлэгийн ямар салбарыг төлөөлдөг зэрэг тодорхой байр сууриуд үгүйлэгдэх боллоо \233\, измуудыг сэргээх, сурталчлах, ойлгуулах, хөгжүүлэхийг уриалсан нь үнэхээр зөв юм. Онолч хүмүүс хаана байгааг үгүйлээд онолдохын чухлыг онцолж, онолдох цаг болсныг \233\ анхааруулжээ.

Зохиогчийн нэг чухал гаргалгаа нь “ардчиллыг онолгүйгээр сэргэлэнтэх биш, онолтойгоор даацтай хийх” \203\ тухай дэвшилтэт санаа гэж үзэж байна.

Сүүлийн 20 жилд “социализмыг устгах гэсэн оролдлого Монгол хүнийг ухааны төөрөгдөлд оруулсан”, “ардчилал ухамсрыг устгаж сэтгэлийн хөдөлгөөний нийгэм болж хувирсан” \253\ энэ бүгд “онолгүйн баталгаа” \253\ ажээ. Тэгвэл социализм бол хүн төрөлтний хөгжлийн чиг хандлага байсныг буруу ойлгосон, шүүмжилж үгүйсгэсэн, умартаж мартсан, харин сүүлийн үед Барак Обама хүртэл социал демократ үзэл баримтлалыг, хөдөлгөөнийг, хөгжлийн замыг сонирхож эхлэв бололтой.

Ардчилал монголчууд бидэнд юу өгөв, ардчиллын үзэл санаа, үнэт зүйл амьдралд хэвшиж, үр шимээ өгч чадав уу зэрэг асуудлыг хөндөн тавьж, шүүмжлэлтэй хандан, ардчиллыг ардчилагчид хэмээн өөрсдийгөө нэрлэгсэд гутаасан, эмх замбараагүй, чөлөөт задгай байдалд хүргэсэн, ардчиллын ололт, хүрсэн түвшингээс ухарсан зэрэг эрс дүгнэлтүүд хийжээ. 1990-ээд онд Зүүн Европын орнуудад өөрчлөлт реформ хийгдсэн. Энэ “нийгмийн харилцаа шинэчлэгдэх хандлага” манайд нөлөөлсөн ч “иргэншил босгогдоогүй Монгол орон яг л аврах баггүй ус руу үсэрсэнтэй адил болсон” \192\ гэж бичсэнтэй санал нийлэхгүй байхын аргагүй юм.

Олон үйл явдал урсгалаараа, ухамсаргүй өрнөсөн дөө. Зохиогч “Монгол орон ардчилалд бэлтгэгдээгүй, нөхцөл ч бүрдээгүй байсан” \192 дахь тал\ гэдгийг тэмдэглээд “ардчилал мэдэхгүй хүмүүс ардчилал нэр зүүж ардчиллын онолыг гутаасан” 202\, \270\ гэсэн ноцтой дүгнэлтийг хийжээ. Социализмыг нурааж ардчилал гэж туйлширсан.

Социализмыг хэн нэгэн хүн биш, олон хүн муухай, бүтэлгүй гэж шүүмжилсэн, ардчилал гайхамшигтай гэж хэн нэгэн буруу ойлгож, түүнийгээ нийтэд тараасан”\169\, ”ардчилал эхлэхэд монгол хүн ухаан алдсан, тийм хүн бодож, сэтгэж чадахгүй” /мөн тэнд/, улмаар алдаа завхрал газар авч, улс орон хохирсон, “ардчиллыг ургуулах хөрс, нутагшуулах орчин өгөгдөөгүй, үгүйлэгдсэн” \45\ гэсэн гаргалгаа нь нийгмийн орон зай, цаг хугацааг дутуу үнэлж, буруу хандсантай холбоотойг онцолсон байна. Улмаар “социализмыг муулж, социализмаас саллаа гэсэн чинь Монгол хүн үнэт зүйлсээсээ салсан” \193\, соёолж төлөвшиж байсан иргэншлээсээ хагацсан, “нийгмийн хамгийн чухал давхарга хөдөлмөрчин ангийг устгасан” \230\, “ардчиллаар Монгол орон дундаж ангигүй болсон, тэд ажилгүйдэж хар масс бий болсон” \151\ зэрэг сөрөг үр дагаварт хүрснийг сэрхийтэл тоочсон байна.

Ардчилал “хөгжил дэвшил авчирах ёстой атал зан заншил, ухамсраа сэргээнэ хэмээн зуу зуун жилээр буцаад ухарсан”151\, “хэт уламжлал ярьж хуучинсаг хувцаслаж буй нь улс төрийн алсын хараа дутагдсаны илрэл” \155\ гэсэн нь ардчиллын мөн чанарыг ойлгоогүй, үзэгдлийн түвшинд төөрөлдөж хөөрцөглөсөн, хэлбэрдэх өнгөц хандлага газар авсны дохио анхааруулга гэж үзвэл зохино. Монголын ардчилал “хүн чанар, хүндэтгэл хоёрт ялагдлыг авчирч хамгийн бүтэлгүй, ичиж зовохыг мэдэхгүй зэрлэг хүмүүсийн гарт өгч ид бадыг хөтлүүлсэн” \162\ хэмээсэн нь хатуу боловч үнэний хувь байна.

Монголын сэхээтнүүд нийгмийн үүргээ гүйцэд ухамсарлаж, сайн гүйцэтгэж чадаагүйг онцлоод “монгол Улсад ардчилал ялсан биш, социализм ялагдсан” \148\ хэмээжээ. Мэдлэг боловсролоор тэргүүлэх учиртай сэхээтнүүд итгэл үнэмшилгүй болсноор нийгэм тэднээс нүүрээ буруулж, харанхуй бүдүүлэг хандлага газар авч хар массын хүрээ тэлсэн” \149\ гэдгийг тэмдэглээд Монголчууд бид эх орныхоо хөгжилд санаа тавьж өөрсдөө бодох, сэтгэх цаг болсныг, хувь хүний санаачилга, идэвхийг өрнүүлэх шаардлагатайг уриалсан нь сайшаалтай.

С.Молор-Эрдэнэ 1990 оны ардчилсан хувьсгалыг талархан дэмжигч, хүсэн хүлээн зөвшөөрөгчийн нэг байсан ч хувьсгалын өрнөл, үр дүнд сэтгэл дундуур үлдсэн хүний нэг ажээ. Тэрбээр, “1990 оны хувьсгал сонгодог хувьсгалын хэмжээнд хүрэх нөхцөл өгөгдөөгүй” \131\, “онолоор бол хувьсгал гэж ярихад хэцүү” \137\, ”онолын хувьд төөрөгдөл” \197\, 1990 оны хувьсгал бол “монгол хүн дургүй зүйлийнхээ эсрэг дуу нийлүүлэн хашгирсан явдал” \133\, “хөгжил дэвшлээс ухарсан хуучин руугаа зүтгэсэн өөрчлөлт” \132\ гэж эрс зоригтой, нэн шүүмжлэлтэй хандсан байна. Зохиогчийн тэмдэглэснээр “шинэчлэл нь айдас авчирдаг, бас төөрөгдөл төрүүлдөг” \133\ ажээ.

Түүнчлэн “ном уншихаас залхуурдаг, шалгалт өгөхөөс айдаг, лам дээр очдог, хувь заяагаа хүнээс асуудаг, өөрийн гэсэн ухаангүй хүмүүс олширч бусдын золиосны, бусдын боол болсон хүмүүс ихэсжээ” \136\ улмаар “мэдлэг боловсролгүй, танхай балмад хүмүүсийн эрин үе эхэлсэн” гэсэн нь арай хатуу ч бас анхаарахгүй байж боломгүй санагдана.

Зохиогч төр хүчгүй, сул дорой болсон улмаар нэр хүндгүй, нөлөөгүй, замбараагүй болсонд харамсал илэрхийлсэн байна. Тэрбээр ардчилал төрийг сулруулдаг тухай эрдэмтэн мэргэд сургасан, сануулсан байдаг болохыг эш татаад “ардчиллын үед эрх чөлөө ярьсаар төргүй болчихсон” \148\, чухамхүү төр эрх чөлөөг баталгаажуулдаг, “засаглал, шүүх болон парламент гэсэн ардчилсан төрийн гурван өндөрлөг холилдож хутгалдан Монгол Улсад ардчилал бий гэхэд хэцүү болжээ” \201\ гэж дүгнэсэн нь өнөөдрийн засаг төрийн үнэн нүүр царай, дүр төрхийг илэрхийлжээ.

Номын 3 бүлэг гурвуул “ухаанд явагдсан өөрчлөлт” нэмэлт тодотголтой нь, ухааны хувьсгалд түлхүү ач холбогдол өгч буй нь анхаарал, сонирхол татаж байна. Энэ нь “оюуны хөгжил өрнөхгүй бол түүх зогсдог” хэмээн Германы сэтгэгч Гегелийн мэргэн үгэнд дулдуйдсан бололтой. Энэ нь өнөө үед Монголд түүх зогссон мэт” \145\ гэж бичсэнээс ойлгогдож байна. Оюун ухааны салбарт жинхэнэ хувьсгал хийхийн чухлыг, үнэхээр ач холбогдолтойг номын бүх хэсэгт улаан шугам мэт онцолсон нь машид сайшаалтай санагдана. “Хүний ухааныг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуудал хувьсгалаас том асуудал” \60\, “гадаад үзэмжинд өөрчлөлт гаргахад амархан, харин ухаанд өөрчлөлт хийх хөнгөн асуудал биш” \мөн тэнд\ нь амьдралын жишээнээс тодорхой ажээ.

Монголчуудад Оросуудын үзүүлсэн нөлөө, тусламж дэмжлэгийг зүй ёсоор үнэлсэн нь сайшаалтай. “Европоос сурсан мэдлэг боловсролоо Монголчуудад хүртээх гэж хичээсэн”\63\, монгол хүний ухаанд тэсрэлт явагдсан” \Мөн тэнд, “хүн төрөлхтний үнэн мэдлэг Орос хэлээр дамжин хойноос орж ирсэн” \72, 74\ нь үнэн шүү дээ. Энэ тухайд зохиогчийг дэмжихээс өөр арга алга. Ухааны хувьсгалын нэг шинж нь “социализмын үед айл бүр л жижигхэн номын сантай болсон. Ном ухаан задалж, танин мэдэхүйг хөгжүүлж, ертөнцийг үзэх үзлийг бат бэх болгож хүнлэг зан, зөв хүмүүжилд хүргэсэн” \мөн тэнд\ нь бидний маргаангүй ололт амжилт юм. Ухааны хувьсгалын эерэг нөлөө, ач холбогдол, ээлтэй үр дагаврыг үнэлж “багшийн сургууль төгссөн хүмүүс монгол орныг, өнөөгийн нийгмийг босгосон” \51\ гэж бичсэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй, харин бахархдаг, хүлээн зөвшөөрдөг билээ.

Улс орны хөгжлийн боломж, гарцын асуудлыг хөндөхөд туулсан замд зөв, бодит үнэлгээ өгөх асуудал чухал юм. Зохиогч “монголчуудын феодализм жинхэнэ феодализм биш. Яагаад гэвэл манафактур үгүй. Үүгээрээ нийгмийн харилцаа үгүй. Нийгмийн харилцаа үгүй тул иргэншил үгүй” \62\ гэж бичсэн нь бас л урьд өмнө дуулдаж байгаагүй сонин санаа, цаашид гүнзгийрүүлэн судалбал зохих шинэлэг сэдэв гэж бодож байна.

Улмаар, дутуу феодализм хэмээн тодорхойлсон нь өвөрмөц болжээ. “Дутуу феодализмыг гүйцээсний дараа капитализм эсвэл социализм руу явах боломжтой. Гэтэл ертөнц даяар феодализмаас ангижрах хөдөлгөөн өрнөж, ардчиллын замыг сонгох хандлага давамгайлах болсон. Хүн төрөлхтний нийтлэг зүй тогтол ардчиллын замаар замнах шаардлага тулгарсан. Гэтэл ардчилалд иргэншсэн хүмүүс хэрэгтэй...бас олон зүйл дутагдсан, үгүйлэгдсэн”\61-63\ нь бидний алдаа дутагдал, арчаагүй байдлын нэг хүчин зүйл байж болох юм. Түүнчлэн “Монгол оронд социализм байгуулах ямар ч боломж өгөгдсөнгүй. Феодализмын суурь бүтэц өгөгдөөгүй \68\ гэсэн дүгнэлтэд шинэ судалгаа, баримт нотолгоо хэрэгтэй санагдана. Бид юунд тулгуурлаж, ямар нийгэм байгуулсан талаар нэгдсэн ойлголт дутуу л байгаа шүү дээ. Хүний хөгжил нь улс орны хөгжлийн нэн чухал урьдач нөхцөл, хүчин зүйл, шалгуур даруй мөн.

Энэ тухайд “Монгол хүн өөрөө хөгжиж л Монгол хөгжих болохоос хүн хөгжөөгүй цагт улс орон хөгжихгүй” \93\ гэж бичсэнийг төр засаг анхаарч, хүнээ хөгжүүлэх талаар чиглэсэн зорилготой бодлого хэрэгжүүлж чадвал улс орон өөдлөн дэвжиж, урагшлан хөгжих болно. Нөгөө талаар бидний хөгжил дэвшилд, урагшлах хөдөлгөөнд саад тотгор учруулж байсан хүчин зүйлсийг онцолсон байна. Үүнд бялдууч араншинг хөхиүлэн дэмждэг манж зан, гараа хамхин суух идэвхигүй байдал, ажил хөдөлмөрөөс зайлсхийж биеийн амрыг харах залхуу байдал... гээд үнэхээр даван туулбал зохих бидний мах цусанд шингэсэн дутагдлыг амьдралын баримт түшиж дурдсан нь үнэ цэнтэй, ач холбогдолтой болжээ.

Монгол хүн “ноёны зөв, миний буруу гэж номхрон шашинд бүхнээ даатгаж\39\ номхон хүлцэнгүй болсон, “байгалийн хуулинд захирагдаж хувь заяаныхаа төөрөгт бууж өгсөн” \40\, өөрийнхөө хүчинд итгэдэггүй бусдыг дагасан, идэвхигүй үлбэгэр байдал, тогтолцооны эрэг шураг төдий болсон байсанд харамсаж, монгол хүнийг өөрийн бодолтой, идэвхитэй байр суурьтай, хэнээс ч хамаарахгүй өөрөө өөрийгөө аваад явах чадвартай, сэтгэлгээний хувьд чөлөөтэй болгохыг чухалчилжээ.

Бас “бүгдийг тойрох, аргалах, зальдах, бүгдээс бултаж товчлох, бусдаар хийлгэх гэсэн бүхий л хуурамч аргууд бүтэлгүйтэж” \173\, явуургүй болсныг ч дурджээ.

Монгол улс даярчлалын үед нээлттэй болж иргэд хаа хүссэн газраа явах, суурьших, ажиллах суралцах боломж бүрдсэн юм. Гэхдээ “гадаад паспорт нь хил давах, орж гарах эрхийн бичиг болохоос тухайн оронд ажиллаж, амьдрах баталгаа биш” гэдгийг анхааруулсан байна. Улмаар “гадаад оронд очсон монгол хүн тухайн нийгмийн доод түвшнээс амьдралаа эхлэх нь том алдаа. Очсон орныхоо дундаж амьдралтай хүний хэмжээнд байх нь чухал” \166 дахь тал\, монгол хүн орчиндоо хурдан дасч, юуг ч хийж, бүтээж чаддагийг онцолжээ. Гэтэл гадаадынхан манайд галзуурч буйг, бид харийнхан гэхлээр л хөл алдан хөөрцөглөж ханддагийг бас шүүмжилсэн нь сайшаалтай. “Ардчиллын жилүүдэд гаднаас тухайн орныхоо хамгийн бүтэлгүй, доод түвшний, мэдлэг боловсролоор гологдсон хүмүүс ирдэг болжээ. \189\ гээд “шинэ гадаадуудыг чадваргүй, сэргэлэнтэх гэснийг мэдэхгүй ардчилал нэрийн дор, хөрөнгө оруулагч нэрийн дор, улс төрийн зөвлөх нэрийн дор, банк санхүүгийн зөвлөх нэрийн дор хамгийн аюултай дайснуудыг урьж авчран өөрсдийгөө сайн дураараа боол болгосон” \189\ хэмээсэн нь үнэхээр сургамжтай санагдана. Дээр нь ашиг хонжоо хайгчид, харийн шашин номлогчид, секс жуулчид гээд аль болохгүй бүхэн үзэгддэг болсон нь харамсалтай.

Цагийн аясаар, даярчлалын нөхцөлд, сүүлийн жилүүдэд “Монгол хүн танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Монгол хүн дэлхийн түүхтэй мөр зэрэгцэн алхаж чадсан. Хүн төрөлхтний орчин үе Монгол хүнийг угтаж авсан, нийт нийгэм орчин үеийн хэв маягийг буулгаж чадсан” \95\, Монгол хүн иргэншсэн, нийгэмшсэн. Иргэншил хувь хүнээс их зүйлийг шаарддаг, бас хувь хүний олон үйлдлийг хорьдог\78\ зүй тогтолтойг сөрөх бус, дагах, дасах учиртайг зөвлөсөн байна.

Үс нь сэгсэлзэж, нүд нь гялалзсан, шалмаг хөдөлгөөнтэй энэ эрийн сэтгэлгээ нь бас өвөрмөц, содон ажээ. Өөрийнх нь үгээр ямарч Далай ламыг шүтдэггүй, номыг эрхэмлэдэг, ухааныг чухалчилдаг энэ хүн улс орныхоо хөгжлийн уг сурвалж, учир шалтгаан, боломж бололцоо, загвар хувилбар, арга зам гарцын асуудлаар бодлоо чилээн байж монголчууд бидний нэрийн хуудас болсон Чингисээр бахархах, амьсгалах, амьдрахыг уриалсан нь оюун санааны нэгдэл нэн чухал болохыг мэдэрсэний илрэл юм.

Номын нэр эндээс урган гарсан байна. Миний бие энэ эрхмийн номуудыг уншихаас гадна лекц, ярианд нь бас сууж, сонсож байсан. Тэрбээр олон ном уншсан, номоор хүмүүжсэн, нүд нь нээгдсэн, ухаан нь задарсан, сэтгэлгээ нь чөлөөтэй болсон, өөрийн бодолтой, тэр хэрээр өөрийн байр суурь, өвөрмөц хандлагатай, оюунлаг хүн шиг санагдсан, бас өөртөө сүрхий итгэлтэй ярьдаг, санаагаа хүнд хүргэж чаддаг юм билээ.

Нэг бичсэнээ дахин нягтлан уншдаггүй, эргэж үздэггүй болов уу гэсэн сэтгэгдэл төрлөө. Нотолгоо нь нэг л санааг хэдэн хуудсын дараа давтан бичсэн баримт болой. Бас бичлэгийнхээ үг үсэг, найрлагад төдийлөн анхаардаггүй мэт ээ. Ер нь задгай сэтгэлгээтэй хүний шинж л дээ, зарим үед жигтэйхэн ухаантай мэт, зарим тохиолдолд арчаагүй мунхаг мэт.

Энэ дүр төрх түүний бичсэн номоос мэдрэгдэж байна. Бүтээл шинэ, содон санаагаар баялаг боловч баримталсан хатуу чиг шугам, зарчим, тогтсон арга зүй, логик уялдаа холбоо нь сайн мэдэгдэхгүй байна. Энэ мэт аар саар дутагдал нь номын чанарыг, ач холбогдлыг бууруулахгүй гэж бодно.

Монгол хүний ухааныг тэлэх, онолын салбар дахь төөрөгдлийг даван туулах, монгол улсын хөгжлийн гарцыг олоход С.Молор-Эрдэнийн энэхүү бүтээл нөлөө үзүүлж, тус дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна. Онолын сэтгэлгээ хөгжих болтугай.

Профессор., С.Одхүү