Америкийн жирийн бага сургуулийн унших бичгийн хичээл дээр бид бүхний маш сайн мэддэг Үнсгэлжингийн үлгэрийг тун өвөрмөц өнцгөөс сонирхолтой зааж байгаа нь та бүхэнд нэгийг бодуулж хоёрыг сануулах буй за. Би нэг сэтгүүл дээрээс америкийн дунд сургуулийн сурагчдын эрмэлзэх зүйл нь мэндлэх хүндлэх ёсыг эзэмших, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах хоёр л байдаг тухай уншиж байсан. Манай сурагчдын эрмэлзэх зүйл бодвол их л том юм байж таарна. Би яг таг хэлж мэдэхгүй байна. Аягүй бол эх оронч. . . . . .интернационалч энэ тэр гээд хөвөрч өгч байж ч мэдэх юм шүү. Орчин үеийн сургалт сонирхолтой, зугаатай, хурдан, хялбар, хамгийн гол нь үр дүнтэй байхыг голлодог болсон юм гэсэн. Манай "Гэгээ" дээр энэ бүхнийг хэрэгжүүлэх гээд багш оюутангүй эрвийх дэрвийхээрээ л оролдож байна. Гэтэл дээр дурьдсан хэлбэрийн эсрэг шахам сонирхолгүй, уйтгартай, удаан, хүнд, хамгийн гол нь үр дүнгүй сургалтын арга манай улсын бага сургуулиас авахуулаад их дээд сургуульд хүртэл ноёрхоод байгаа нь нууц биш ээ. Бид Оюутолгой, Тавантолгой, хөрөнгө мөнгө энэ тэр гэсээр байгаад оюуны боловсрол, ахуй соёл зэрэг хамгийн нандин зүйлсээ орхигдуулчихаад байна. Хятадын аугаа их удирдагч Дэн Сяопин "Хөгжил бол хатуу ёс" хэмээн сургасан нь буй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын хэмжээ, эдийн засгийн өсөлт төдийхнөөр улс орны хөгжлийг хэмжиж болохгүй. Илүү нарийн төвөгтэй үйл явц юм шүү гэдгийг хэлсэн санаа буй за. Манай фэйсбүүкийн уран зохиолын хэсгийг сонирхдог хүмүүст хандан хэлэхэд ойрын үед өдөр болгон шинэ өгүүллэгийг орчуулан тавьж байх болно. Мөртлөө сургамжтай.

УНШИХ БИЧГИЙН ХИЧЭЭЛ

Дэлхий даяар тархсан нэгэн үлгэрийг америк багш зааж байхдаа аугаа их зохиолчийн үзгэн дор ч гэсэн алдаа эндэл байж болдгийг хүүхдүүдэд ухааруулжээ

Хичээл орох хонх дуугарахад сурагчид ангидаа гүйлдэн оров. Энэ цагийн хичээл дээр багш тэдэнд «Үнсгэлжингийн үлгэрийг» заах байжээ.
Багш эхлээд нэг сурагчийг индэр дээр гарган мөнөөх үлгэрийг яриулав. Тэр сурагч удаж төдөлгүй гол үйл явдлыг ярьж дуусахад багш түүнд талархал илэрхийлээд дараа нь нийт ангийнханд хандан асуулт тавьж эхлэлээ.
Багш: Та нарт үлгэрийн ямар баатар таалагдав. Бас ямар баатар таалагдсангүй вэ? Яагаад гэдгийг хэлээрэй!
Сурагч: Синдрелла, Ханхүү хоёр таалагддаг. Харин түүний хойд ээж болон хойд ээжийнх нь дагуулан ирсэн хоёр эгчид дургүй. Синдрелла сайхан сэтгэлтэй, хөөрхөн үзэсгэлэнтэй бол. . . . . . харин хойд ээж болон хоёр эгч нь түүнд таагүй ханддаг.
Багш: Хэрвээ шөнө дундын 12 цагаас хойш Синдрелла хулуун морь тэргэндээ үсрэн сууж амжаагүй бол чухам юу болох байсан бэ? Та нар сайн бод доо!
Сурагч:Хэрвээ тэгвэл Синдрелла урьдын ноорхой байдалдаа эргэн хувираад ёстой баларсан хэрэг болох байсан юм.
Багш: За харж байна уу, хүүхдүүд ээ! Хүн чинь цаг барьдаг байх хэрэгтэй юм байна шүү дээ! Эс бөгөөс өөртөө төвөг уддаг байх нь. Түүнээс гадна та бүхэн ийм цэвэр цэмцгэр хувцасладаг байж хэзээ нэгэн өдөр бусдын өмнө нооройчихоод гарч ирж болдоггүй хэрэг байх нь. Хэрвээ тэгэх юм бол найз нар чинь айгаад зугтаж ч мэднэ. Охидууд аа! Та нар энэ тухай бүр ч илүү анхаарч явах хэрэгтэй. Та нар удахгүй том болоод эрэгтэй найзтай болж түүнтэйгээ болздог болно. Тэр үед эрэгтэй найздаа эвгүй төрхтэй харагдах юм бол цаадхи чинь айгаад ухаан алдаад уначихвал яах билээ? (Багш ухаан алдах гэж байгаа мэт дүр үзүүлэхэд хүүхдүүд нирхийтэл инээлдэв) За дараачийн асуулт! Хэрвээ чи өөрөө Синдреллагийн хойд ээж байсан бол түүнийг Ханхүүгийн үдэшлэгт очиж оролц гээд явуулах байсан уу? Та нар чин үнэнээсээ хариулаарай!
Сурагч: (Хэсэг анзасны эцэст нэгэн сурагч гар өргөөд) Хэрвээ би Синдреллагийн хойд ээж байсан бол бас л түүнийг Ханхүүгийн үдэшлэгт очиж оролцохыг хориглох байсан.
Багш: Яагаад тэр билээ?
Сурагч: Яагаад гэвэл би өөрийн охиндоо хайртай болохоор түүнийг ч гэсэн Ханхүүгийн хатан болоосой гэж хүсэх болно.
Багш: Зүйтэй. Та нар харж байна уу? Бидний боддогоор хойд ээж нар ихэвчлэн тааруухан улс мэт байдаг л даа. Гэвч тэд нар бусдад тааруухан ханддаг мөртлөө харин өөрийнхөө үр хүүхдэд тун хайртай байдаг байх нь. Та нар одоо ойлгосон уу? Тэд нар муу хүмүүс биш харин өөрийнхөө хүүхдийг хайрладаг шиг бусдын хүүхдэд хайртай байж чаддаггүй ажээ. За хүүхдүүд ээ! Дараачийн асуултыг сонсож байгаарай! Синдреллагийн хойд ээж түүнийг Ханхүүгийн үдэшлэгт явуулахгүй хаалга үүдээ хүртэл түгжчихээд байхад тэр яаж явж чадав аа? Тэр ч байтугай үдэшлэг дээрх хамгийн гоё бүсгүйгээр шалгардаг шүү дээ.
Сурагч: Учир нь тэнгэрийн дагина түүнд туслаж үзэсгэлэнтэй хувцас өгснөөс гадна хулууг сүйх тэрэг, хулганыг морь болгон хувиргасан. . . . . .
Багш: Зүйтэй. Тун зөв хариуллаа! Тэгэхээр Синдреллад тэнгэрийн дагина туслаагүй бол тэр Ханхүүгийн үдэшлэгт очиж оролцож чадахгүй байсан уу?
Сурагч: Тийм ээ!
Багш: Хэрвээ хулгана түүнд туслаагүй бол тэр эцсийн цаг мөчид гэртээ амжин харьж чадах байсан уу?
Сурагч: Чадахгүй байсан. Аягүй бол Ханхүүг айлгаж амжих байсан байлгүй. (Ангиараа нирхийтэл инээлдэв)
Багш: Синдреллад хэдийгээр тэнгэрийн дагина тусласан боловч ганц тэр нь бас хангалтгүй байжээ. Тийм болохоор хүүхдүүд ээ! Бид хаана ч явлаа гэсэн найз нөхдийн туслалцаа маш чухал болохыг харж байна уу? Бидний найз нөхөд заавал тэнгэрийн дагина байх албагүй л дээ. Гэхдээ л найз гэдэг маш чухал болохоор би та нарыг зөндөө олон анд нөхөдтэй болоорой гэж зөвлөх байна. Одоо та нар сайн бодоод үз дээ! Хэрвээ Синдрелла хойд ээж нь хориглосны зоргоор үдэшлэг рүү явах боломжийг орхичихсон бол тэр Ханхүүгийн сүйт бүсгүй болон хувирч чадах байсан уу?
Сурагч: Чадахгүй ээ! Хэрвээ тэгсэн бол тэр үдэшлэг дээр очиж, Ханхүүгийн нүдэнд өртөн танилцаад улмаар хайр сэтгэлтэйгээ учирч чадахгүй байсан.
Багш: Тун зөв хариуллаа! Хэрвээ Синдрелла өөрөө л үдэшлэг рүү очих хүсэлгүй байсан бол хойд ээж нь хориглоогүйгээр үл барам яв гэсэн ч ямар нэмэр байх билээ. Тэгэхээр эцсийн эцэст түүний үдэшлэг рүү явах асуудлыг хэн шийдсэн хэрэг вэ?
Сурагч: Тэр өөрөө. . . . . .
Багш: Тийм болохоор хүүхдүүд ээ! Синдреллад хайрлах ээж байхгүй, хойд ээж нь түүнийг хайрладаггүй байлаа ч гэсэн энэ бүхэн өөрийгөө хайрлахад нь саад болоогүй болж таарлаа! Тэр чухам өөртөө хайртай учраас л өөрийн мөрөөдөж явсан зүйлээ эрж хайхаар явах боломжтой болсон байна. Хэрвээ та нарын дунд хэн нэгэн хүн өөрийг чинь хайрлахгүй байгаа юм шиг санагддаг ч юм уу, эсвэл бүр Синдреллатай адилхан хатуу хариг хойд ээжтэй байсан бол та нар яах вэ?
Сурагч: Өөрийгөө хайрлана.
Багш: Зүйтэй! Өөрийгөө хайрлахыг чинь хэнбугай ч байсан хориглож чаддаггүй байх нь. Хэрвээ бусад хүн чамайг хайрлахгүй юм шиг санагдаад байвал чи өөрийгөө хувь илүү хайрлах ёстой. Бас хэн нэгэн хүн чамд боломж олгохгүй байвал чи өөртөө түүнээс ч илүү их боломжийг олгох хэрэгтэй. Чи үнэхээр өөртөө хайртай байж чадах юм бол өөрийн хэрэгцээтэй зүйлсээ заавал олж авч чадна. Синдреллаг үдэшлэгт очиж оролцоод Ханхүүгийн хатан болохыг хориглох хүн байгаагүй. Тийм хүн байлаа гэхэд ганцхан өөрөө л байдаг байх нь. Тийм биз?
Сурагч: Тийм ээ!
Багш: Хамгийн сүүлчийн асуултыг тавья! Энэ үлгэрт ямар нэгэн авцалдаагүй хэсэг байна уу?
Сурагч: (Нэлээд удсаны эцэст) Шөнө дундын 12 цагаас хойш бүхий л зүйлс хуучин хэвэндээ орчихоод байхад гагцхүү Синдреллагийн өмсөж байсан усан болор шаахай л хувираагүй үлдчихсэн байна.
Багш: Тэнгэр минь! Та нар чинь ямар мундаг хүүхдүүд вэ? Та нар харж байна уу? Хичнээн аугаа их зохиолч ч гэлээ алдаа эндэл гаргадаг үе байдаг юм байна! Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн чинь алсдаа зохиол бичвэл энэ зохиолчоос илүү мундаг байна гэдгийг би баттай хэлж чадна. Та нар итгэж байна уу?
Хүүхдүүд анги даяараа баярлан хашгиралдав.
Энэ бол америкийн жирийн нэгэн бага сургуулийн унших бичгийн хичээл билээ. Тэр үед би ч гэсэн тэдний дунд сууж байсан сан.

Д.Болдбаатар