АНУ-ын Рөүд Айлэнд эмнэлгийн хүүхдийн эмч нарын баг таваас 11 сартай хүүхэдтэй орлого багатай 205 өрхөд нэгэн судалгаа явуулжээ.
Тэдгээр гэр бүлийн тал хувь буюу 106-д нь хүүхдийн ном болон хүүхдэдээ хэрхэн ном уншиж өгөх тухай тайлбар зөвлөгөө бүхий материалууд тарааж өгсөн ба судалгаанд оролцогч эцэг эхчүүд бяцхан үрсдээ орой бүр ном уншиж өгөх болсон байна.
Харин үлдсэн 99 гэр бүлд ямар ч ном болон зааварчилгаа тарааж өгөөгүй ажээ. Энэ хугацаанд 205 гэр бүл гурваас дөрвөн удаа судлаачидтай уулзаж байв. Судалгааны үр дүнд орой бүр хүүхдэд ном уншиж өгдөг гэр бүлийн хүүхдийн хэл яриа ойлгох чадвар 40 хувиар нэмэгдсэн байсан бол ном уншиж өгдөггүй гэр бүлийн хүүхдийн энэ чадвар 24 хувиар бага байжээ.
Хүүхдэд ном уншиж өгөх нь тэдний үгийн баялгийг нэмэгдүүлж, хэл яриа ойлгох, ярих чадварыг сайжруулж байдаг аж.
Үүнээс харахад хүүхдэд ном уншиж өгөх нь тэдний үгийн баялгийг нэмэгдүүлж, хэл яриа ойлгох, ярих чадварыг сайжруулж байдаг аж. Үгийн баялаг нэмэгдэж, хэл ярианы чадвар сайжрах нь хүүхдийн тархины эсүүдийн холбоос нэмэгдэж, хүүхдийн тархи идэвхтэй хөгжиж буйн илрэл ажээ.
Тиймээс хүүхдийн хөгжилд эергээр нөлөөлдөг хүүхдийн номыг өдөр бүр уншиж өгөх нь эцэг эх, асран хамгаалагч бүрийн үүрэг юм. Харин эцэг эхчүүд хамгийн чухал нь хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохирсон ном сонгож өгөх хэрэгтэй юм. Тиймээс энэ талаар зөвлөгөө өгч байна.
ХҮҮХДЭД НОМ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
Ажилч хичээнгүй, аливаад шударга ханддаг зан араншингаараа алдартай япон, германчууд хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарч, тэр утгаараа хүүхдийн номоор дамжуулан энэ талын хүмүүжлийг олгодог гэнэ. Тухайлбал, япончууд юманд чин сэтгэлээсээ хандаж, хийсэн зүйлдээ үнэнч байх, амласандаа хүрдэг байх, худлаа хэлэх, хуурмаг байдлыг жигшдэг, бусдад дараа болохгүй амьдрах зэргийг хүмүүжлээр, номоор дамжуулж олгодог байна.
Харин энэ хандлага хүүхдийн монгол номнуудад хэр байгаа бол? Хүүхдийн номоор дамжуулаад үүнийг хэрхэн төлөвшүүлэх вэ гэсэн зорилгыг давхар агуулж байх ёстой ажээ.
Бага насны хүүхдэд зориулсан номнууд зурагтай, зураг бүр нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх ёстой юм.
Хүүхдийнхээ хажууд худлаа ярихгүй байх, хүүхдийнхээ өмнө үнэнч шударга байхыг чухалчлах хэрэгтэй.
Зурагт номоор дамжуулан ёс зүйн зөв төлөвшлийг олгодог ба хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд чухал үр нөлөөтэй. Жишээ нь номноос шинэ үг мэдэж авах, өгүүлбэрээр ярьж сурах, дүрслэх, төсөөлөн бодох, хийсвэрлэх зэргээр сэтгэхүй хөгжиж байдаг.
Эцэг эхчүүд мөн хүүхэдтэйгээ хамт уншиж танилцсанаар хүүхдийнхээ хажууд худлаа ярихгүй байх, хүүхдийнхээ өмнө үнэнч шударга байхыг чухалчлах хэрэгтэй.
ХҮҮХДИЙН НОМЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Хүүхдэд ном авч өгөх хамгийн энгийн “дүрэм“ бол хүүхдийнхээ нүдээр ертөнцийг харах! Хүүхдийнхээ өмнөөс бодож чаддаг хүн л тэдний байгалиас заяасан чадварыг нь дэмжиж, хөгжүүлж чаддаг байна. Тиймээс ном сонгохдоо өөрт таалагдахыг бус хүүхдэд таалагдахыг сонгож, тэдний юу уншихыг, юу үзэхийг хүсч байгааг нь мэдэрч авч өгөх ёстой гэнэ.
“Адмон” группын Ерөнхий захирал Р.Энхбат “Эцэг эхчүүд том хүний энхрийлсэн хөөрхийлсөн нүдээр хүүхдийг харж байна. Тэд өөрсдийн үнэмшлээр, өөртөө таалагдсан номыг хүүхдэдээ авдаг. Хүсээгүй, чадахгүй бололцоогүй юмаар хүүхдээ дардаг. Хүүхдийн зүгээс хардаггүй” хэмээн ярьсан юм.
Агуулгын хувьд хүүхдэд энэ үлгэрээр /зохиолоор/ дамжуулан хүүхдэд ёс зүйн ямар хүмүүжил олгох гэж байна вэ гэдгийг нэн түрүүнд бодолцох нь зүйтэй.
Хүүхдийн ном зураг сайтай, агуулга ойлгогдох, хүүхдийн хэлээр байх ёстой. Тэр дунд шинэ үгүүд оруулсан байж болно.
Хүүхдийн ном зураг сайтай, агуулга ойлгогдох, хүүхдийн хэлээр байх ёстой. Тэр дунд шинэ үгүүд оруулсан байж болно.
Номнууд 2-3 нас, 3-4 нас гэх зэрэг насны онцлогтой байх бөгөөд насны онцлогоос шалтгаалаад ямар хүүхэд ямар өнгийг хүлээж авдаг вэ гэдгийг харгалзан үзэж номыг сонгох хэрэгтэй. Мөн өгүүлбэрт хэдэн үг байвал хүүхэд хүлээж авах вэ гэдгийг бодолцож номыг сонгох нь зүйтэй.
Р.Энхбат "Эрт дээр үеэс монголчууд хүүхдүүдээ тойруулж суулгаад үлгэр ярьдаг уламжлал байсан. Бага насны хүүхдүүд үлгэрээр дамжуулж гоо зүйн анхны мэдэгдэхүүнийг авч, үнэнч шударга байх, сайн муу, сайхан муухайг ялгаж сурдаг юм.
Эцэг эхчүүд хүүхдэдээ орой бүр 15-хан минут зарцуулж, үлгэр ярьж өгдөг байгаасай" гэлээ.
Сэтгүүлч А.Наранцацрал http://news.gogo.mn/