Хүн төрөлхтний бий болгосон даруухан гайхамшгуудын нэг бол өрөөлийг бялхааж өөрөө дундаршгүй шидтэй ном билээ. Хувь хүний мэдлэг боловсрол, харилцааны соёл, ертөнцийг үзэх үзэл зэрэг төлөвшин тогтоход унших үйл явц чухал нөлөөтэйг шинжлэх ухаан ч батлан хэлдэг юм. Ийм ч учраас ном хүнийг өөрчилж, хүн дэлхийг өөрчилдөг гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ.

Бид энэ удаад хүн төрөлхтний түүхэнд чухал нөлөө үзүүлсэн 10 номыг танилцуулж байна. Дашрамд дурьдахад эдгээр жагсаалтад эрдэмтэн, зохиолчдын бичсэн олон арван бүтээлийг багтааж болох хэдий ч төлөөлөл болгож цөөн тооны номыг оруулсан болно. Иймд дэлхийн түүхийг эргүүлсэн гайхамшигт бүтээлүүд дээрх тоогоор хязгаарлагдахгүй юм.

Номын зохиогчдын хувьд амьдарч байсан цаг үедээ хамгийн радикал үзэл баримтлалтай сэтгэгчид байсан төдийгүй нийгмийн зүгээс тэднийг шүүмжлэх, шийтгэх, зохиол бүтээлийг нь олон нийтэд түгээхийг хориглох шийдвэр цөөнгүй гарч байжээ. Тэдний бүтээл уншигч бүрт харилцан адилгүй сэтгэгдэл, мэдрэмж, илэрхийллийг бий болгодгоороо онцлог юм. Танд ч гэсэн эдгээр номыг уншиж үзэхийг зөвлөе.

10. Дайтахуйн урлаг /The Art of War/

Эртний Хятадын цэргийн алдартай жанжин Сүнз одоогоос 2000 гаруй жилийн өмнө цэрэг дайны стратегийн тухай өгүүлсэн "Дайтахуйн урлаг" номыг бичиж байжээ. Харин эдүгээ цагт үүнийг "өрсөлдөөн"-ий тухай өгүүлсэн хамгийн эртний бүтээл гэж үздэг. Сонирхуулахад АНУ-ын цэргийн бааз байрлаж байсан Сувдан эргийг эзэлж авах төлөвлөгөөг боловруулж байсан японы офицер Ямамото, Хятадын удирдагч Моа Зэдун зэрэг хүмүүс Сүнзийн сургаалиас суралцан, төлөвшсөн гэж бичжээ. Анх 1772 онд Франц хэл дэээр, 1910 онд Англи хэл дээр орчуулагдан гарч байсан аж.

9. Төр улс /The Republic/

Эртний Грекийн Философийн ноён оргилын нэг хэмээгддэг Сократын шавь Платоны "Төр улс" хэмээх зохиолыг цөөн үгээр тайлбарлах тун бэрхтэй. Товчхондоо бол Шшударга ёс, улс төр, нийгэм гэж юу болох талаар хамгийн анх хариулт өгөхийг оролдсон сэтгэгч юм. Тэрбээр нийгмийг бүрдүүлэгч анги давхрага бүр өөр өөрийн үүргийг биелүүлж байх ёстой гэж үздэг байжээ. Түүний үзлээс улбаалан шавь Аристотель "Улс төр" хэмээх зохиолоо туурвисан бөгөөд Платон бол өнөөгийн нийгмийн бүтэц, төр улсын талаарх ойлголтыг үндэслэгчийн нэгд зүй ёсоор багтдаг билээ.

8. Библи /The Bible/

Библийг Христийн шашны гол номлол, бурхны дамжуулсан үг хэмээн үздэг бөгөөд хамгийн анхны ном МЭӨ 1400 оны үед бичигдэж эхэлсэн ба сүүлийн номыг МЭ 100 онд бичиж дуусгажээ. Гэхдээ библи дан ганц ном бус олон номнуудын цуглуулга бөгөөд 1500 жилийн хугацаанд 40 гаруй хүний гараар бичигдсэн байна. Библи нь хуучин гэрээ, шинэ гэрээ гэсэн хоёр хэсгээс бүрдэх аж. Дэлхий дээр хоёр тэрбум орчим хүн христийн шашин шүтдэг ба хамгийн өргөн тархсан шашинд тооцогддог билээ. Харин Библи нь дэлхийн хамгийн олон хэл дээр буюу 600 орчим хэл дээр бичигдсэн байдаг гэнэ.

7. Ханхүү /The Prince/

Улс төрч, дипломатч Николь Макиавеллигийн улс төрийн талаар бичсэн хамгийн алдартай бүтээл бол "Ханхүү" ном юм. Гэвч эл бүтээлийг түүнийг нас барсны дараа хэвлэн гаргажээ. Уг бүтээлд эрх мэдлийг хэрхэн олж авах, хадгалан үлдээх аргыг маш нарийн, дэлгэрэнгүйгээр тайлбарлажээ. Ханхүү номонд гардаг аргууд нь туйлын башир, бохир учраас ийм улс төрд ийм төрлийн арга хэрэглэхийг "махивилик" хэмээн нэрийддэг байна. Гэвч тухайн цаг үед бичигдэж байсан улс төрийн сэдэвт зохиолуудаас тэс өөр үзэл баримтлал, философийг гаргаж ирсэн учраас уншихгүй өнгөрч болохгүй зохиолын тоонд зүй ёсоор багтдаг.

6. Үндэстнүүдийн баялаг /The Wealth of Nations/

Шотландын эдийн засагч, философич Адам Смитийн 1776 онд гаргаж байсан "Үндэстнүүдийн баялаг" хэмээх ном нь чухамдаа эдийн сонгодог онолын суурь болсон төдийгүй өнөөдрийн чөлөөт эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрбээр уг номондоо меркантализмыг эрс үгүйсгэж чөлөөт худалдаа, чөлөөт эдийн засгаар дамжуулан нийгмийн баялгийг бүтээж болно гэсэн санааг гарган тавьжээ. Тодруулбал, хүн бүрийн ашиг хонжоо хайсан эдийн засгийн үйл ажиллагаа нь эцсийн дүндээ нийгмийн баялгийг бүтээдэг гэсэн санаа юм. Энэ бол өнөөдрийн бидний нийгмийн, зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим билээ.

5. Хүний эрх /The Rights of Man/

Томас Пейний 1791 онд бичсэн "Хүний эрх" ном нь чухамда Францын хувьсалын гол хөшүүрэг байсан гэж үздэг. Мөн Томас Пейний бичсэн "Эрүүл ухаан", "Америкийн хямрал" зэрэг номнууд Засгийн газрын үүсэл ба загвар, Английн үндсэн хуулинд хийсэн хамгийн том дүн шинжилгээ бүхий ном билээ. Түүний гарган тавьсан гол санаа бол аливаа засаглал хүний эрх, эрх чөлөө, улс орны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй бол цэргийн засаглал аль эсвэл нэг хүний дангаар ноёрхох хаант засаглал болж хувирна гэжээ.

4. Эмэгтэйчүүдийн эрхийг зөвтгөх нь /The Vindication of the Rights of women/

Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний тухай ам ч нээх эрхгүй үе буюу 1792 онд Английн зохиолч, философич Мэри Уолстонкрафт "Эмэгтэйчүүдийн эрхийг зөвтгөх нь" нэртэй ном гаргасан нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байжээ. Тэрбээр эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж, эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх, сонгуульд саналаа өгөх эрх гэдэг байр суурийг тууштай баримталж байсан аж. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн талаарх түүний үзэл тухайн үедээ мөрөөдөл төдий байсан ч эцсийн дүндээ энэ нь феминизмийн тулгын чулуу болж өгсөн юм.

3. Коммунист намын тунхаг /The Communist Manifesto/

Карл Маркс болон Фридрих Энгельс нарын хамтран бичиж 1848 онд хэвлүүлэн гаргаж байсан уг бүтээл бол Коммизмын үндэс суурь, Коммунист намын тунхаглал билээ. Коммунист намын тунхаг бүх цаг үед гарч байсан хамгийн нөлөө бүхий улс төрийн холбогдолтой бүтээл юм. Карл Маркс түүхийг феодализмас капитализм руу, капитализмаас социализм руу шилжих хувьсгал байсан гэж тайлбарладаг. Ерөнхийдөө ажилчин анги нийгмийг удирдах социалист улсын гол "гарын авлага" гэж хэлж болох бүтээл билээ.

2. Том авгын овоохой /Uncle Tom's Cabin/

Америкийн алдарт зохиолч эмэгтэй Гарреиет Бичер Стоу "Том авгын овоохой" зохиолоо 1852 онд гарсан бөгөөд хэвлэгдсэн эхний долоо хоногтоо 10 мянган ширхэг, эхний жилдээ 300 мянган ширхэг хувь борлогдон дуусч байсан түүхтэй. Тухайн үед хар арьстнууд боолчлогдож байсан учир тэдний эрх чөлөөний асуудлыг хөндсөн нь тун зоримог алхам байжээ. Хэдийгээр зохиолд боолчлолыг эсэргүүцсэн хүчтэй шүүмжлэл гардаггүй ч нэгэн хар арьст боолын сэтгэл өвтгөм амьдралыг нүдэнд харагдтал дүрсэлжээ. Ийнхүү АНУ-д боолчлолын эсрэг үзэл санаа бэхжихэд тус зохиол чамгүй хувь нэмэр оруулсан гэж үздэг юм.

1. Хувьслын онол /On the Origin of Species by means of natural selection/

Органик хувьслын эцэг хэмээн нэрлэгддэг Английн натуралист, биологич Чарльз Дарвин амьд бие буюу амьдралын хөгжлийн тухай шинжлэх ухааны анхны баримт нотолгоотой хариулт өгсөн эрдэмтэн юм. Түүний1859 онд хэвлэгдсэн дээрх бүтээлд хувьслын шалтгаан болох байгалийн сонгон шалгарлын тухай учрыг тайлбарлаж өөрийн таамаглалаа баталж чадсанаараа хүн төрөлхтний өмнө онцгой гавьяа байгуулсан билээ.Байгалийн шалгаралд дасан зохицож чадсан нь амьд үлдэж чадаагүй нь мөхөж алга болох жамтай гэж тэрбээр үзжээ. Дарвины нээлт нь дэлхий ертөнцөд хүний эзлэх байр суурийн тухай хүн төрөлхтний үзэл бодлыг бүхэлдээ өөрчилсөн гайхамшигт бүтээл юм.

Б.Саруул

http://world.eagle.mn