Нэг өдөр би шинэ зүйлс сурахыг гэнэт ихээр хүсч билээ. Би кодолж сурмаар байна? Бас график дизайнд суралцмаар байна?
Мэдээжийн хэрэг эдгээрийг ганц өдрийн дотор сурна гэж байхгүй. Мөн надад анхан шатны ч чадвар байхгүй тул миний цаашдын карьерт маш их дэмжлэг үзүүлэх болно.
Эдгээр чадваруудад миний адилаар суралцаж, карьертаа тэсрэлт хийхийг хүсдэг олон хүн бий. Гэхдээ бид нар юун дээр төвлөрч, хаанаас эхлэхээ сайн мэддэггүй. Гэтэл бид нар шиг бизнесийн салбарт харьяалагдаагүй оюутан, төгсөгч, мэргэжилтнүүдэд онлайн сертификат өгөх эсвэл зуны сургалтууд байдаг. Та интернетээр багахан хайлт хийхэд танд хэрэг болох хэдэн зуун илэрц олдох болно. Виржиниагийних сургуулийн “McIntire” бизнесийн институтээс хүн бүрт хэрэг болдог бизнесийн таван чадварыг нэрлэж байна. Ингээд боловсролын аянаа эхлүүлцгээе.
1. Харилцааны өндөр ур чадвар
“Блүүмберг”-ээс гаргасан 2015 оны ажлын чадварын тайланд ‘Ажил олгогчид харилцааны өндөр ур чадвартай хүмүүсийг хайдаг’ гэсэн дүгнэлт гаргасан байна. Ажлын цагаар үйлчлүүлэгч, хамтран ажиллагч, компанийн түнш зэрэгтэй харьцах тул тодорхой, товч, итгүүлэхдээ сайн байх нь давуу тал болдог аж.
Хэрэв та өөрийн харилцааны чадвараа сайжруулахыг хүсч байвал хамгийн түрүүнд сул талаа илрүүлэх хэрэгтэй. Та хүндхэн е-мэйлийг уран аргаар найруулан бичдэг атлаа илтгэл тавьж чадахгүй байна уу? Тийм бол “Ted Talk” дээрх илтгэх урлагийн талаар олон зөвлөгөөг үзэж, түүнийгээ бодит амьдрал дээр хуулбарлан, сургуулилт хийх хэрэгтэй. Өөрийгөө хүчилж танихгүй хүмүүстэй яриа өрнүүл. Хэрэв бичгийн чадвар тааруугаас гадна бусдыг үнэмшүүлж чаддаггүй бол аль нэгийг нь атган авч, хөгжүүлэх хэрэгтэй.
2. Удирдагчийн чадвар
Доороо удирдах хүмүүстэй болсон цагт уг чадвар хэрэг болно гэж боддог уу? Та багийн хамгийн залуухан ажилтан байсан ч гэсэн тус чадварт суралцах хэрэгтэй. Хүмүүс цугларах бүртээ ‘юу хийх, хэзээ хийх’ гэдгээ шийддэг. Хэрэв та хүмүүсийг санал зөрөлдөөн, маргаангүйгээр хэрхэн нэгтгэхийг ойлгосон бол шийдлийг хурдхан олох хэрэгтэй. Энэ чигээрээ явбал таны үнэ цэнэ улам л өсөх болно.
3. Маркетингийн талаарх ойлголттой байх
Та ямар салбарт ажилдаг болохоос үл хамааран таны амжилт хэрэглэгчээс шалтгаалах болдог. Иймд хүмүүс яагаад тийм шийдвэр гаргадаг болохыг таньж, танай байгууллага түүнийг хэрхэн давуу талаа болгож болохыг мэдэх нь чухал юм.
Тухайлбал таныг худалдааны зөвлөх гэж үзье. Маркетингийн талаар багахан мэдлэгтэй байснаар ямар төрлийн худалдан авагчид таны худалдаалж буй бараа, бүтээгдэхүүнийг сонирхохыг мэддэг болно. Бүр цаашилбал худалдан авагчдын онцлогт тааруулан өөр өөр стратеги баримталж, мессэжний агуулга, үнийн саналыг өөрчилж болно.
Таны албан тушаал маркетингийн салбартай хамааралгүй байсан ч тушаал дэвшихэд тань хэрэг болно. Албан тушаалаа хадгалан үлдэхийн тулд үндсэн үүргээ сайн гүйцэтгэх хэрэгтэй. Харин тушаал дэвшихийн тулд хийж буй ажлаа яагаад ингэж зохион байгуулсан, компанийн ирээдүйн өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулж чадах талаар мэддэг байх хэрэгтэй билээ.
Маркетингийн мэдлэгтэй болохын тулд маркетингийн хэлтсийн ажилтанд кофе авч өгөнгөө хүссэн зүйлсээ тодруулж болно. Эсвэл маркетингийн талаарх олон номнуудаас сонголтоо хийх юм уу онлайн сургалтуудад хамрагдаж болно. Энэ чадвар таны Resume-д байрлавал их л хэрэгтэй.
4. Санхүүгийн нөү-хау
Та шинээр үүсгэн байгуулагдсан компанид орох гэж байвал тэдний санхүүгийн байдлын талаар тодруулах нь зүйтэй. Орлого, зарлага, өсөлтийн хэмжээ хэвийн төвшинд байгаа талаар лавлах хэрэгтэй.
Өнөөгийн бизнесийн уур амьсгалтай нөхцөлд тогтвортой компанид ажиллах гэж байсан ч санхүүгийн талаарх мэдлэг их хэрэгцээтэй юм. Учир нь та бизнесийн талаар ярихын тулд санхүүгийн үндсэн хэмжигдэхүүнийг мэддэг байх хэрэгтэй юм.
Та байгууллагын эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдрэхээс гадна, мөнгө цаг хугацааны үнэ цэнэ, зөв хөрөнгө оруулалтыг ялган таньж, санхүүгийн хувьд эрсдэл гаргахаас зайлсхийж чаддаг.
5. Багаар ажиллах эв дүй
Багаар ажиллах гэхээр “Би аль хэдийн мэднэ” гэж боддог байх. Гэтэл багаар ажиллах чадвар бол карьерйнхаа туршид хөгжүүлж, сурах ёстой чадвар билээ.
Багийн гол тоглогч байхыг хүсч байвал сонсох чадвараа хамгийн түрүүнд сайжруулах хэрэгтэй. Сонсох бас итгэх урлаг гэж бий. Бусдын тэр тусмаа эсрэг үзэл бодлыг нээлттэй байдлаар хүлээн авч, шүүн тунгааж, бусдын чадварт итгэж сурах нь чухал.
Түүнчлэн багийн гишүүдийн давуу болон сул талуудыг мэддэг болоорой. Хэний давуу талыг хөшүүрэг болгож, сул талыг нь тэнцвэржүүлж болохыг мэддэг байх нь хувийн төдийгүй багийн амжилтад том түлхэц үзүүлдэг.