Нярай хүүхэд хавдартай төрөх нь ихэслээ. “Ант водка", пийжүү, өвгөнт архи, гөлчгийний махтай бэлэн гоймон/ерээд оны сүүлчээр шуугиад мартсан/, цацрагаар бордсон ногоо, жимс. Энэ бүгд бидний дуртай хоол байсан, байна, байх ч биз. Үүсгэчтэй хорт хавдар хориод жилийн дараа дэлгэрдгийг анагаах ухаан тогтоочихсон юм.

Хавдрын үүсгэгчид вирус, цацраг идэвхи гээд олон зүйл буй ч, хүнс ямагт дээгүүр байр эзэлдэг нь маргашгүй. Биологийн цэвэр хоолтой байсан монголчууд хориод жилийн тэртээгээс эрүүл бус хүнсэнд умбасан нь энэ аюулыг өнөөдөр бидэнд тохчихно гэж хэн санах билээ. Ерээд оноос өмнө хорт хавдар настнуудын өвчин байсан бол одоо нялхсын болтлоо хавтгайрчээ. Дөнгөж төрсөн нярай хоол боловсруулах замын хорт хавдартай байгааг юу гэхэв.

Элэгний В.С вирусаар үүсдэг хорт хавдар 20 жилийн мөчлөгтэй гэх. Өөрөөр хэлбэл, халдвар авснаас хойш хориод жилийн дараа элэгний хорт хавдар үүсгэнэ гэсэн үг. Хоол, хүнс ч тиймэрхүү байдлаар нөлөөлөх нь мэдээж.

Соц үед айраг, архинаас үүдэлтэй элэгний хорт хавдрыг элэгний анхдагч өмөн гэдэг байв. Тэгээд ч тэр нь цөөн тохиодог байж. Харин одоо “цар тахал"-ын хэмжээнд хүрлээ. Үүнийг зөвхөн архи, архидалттай холбох нь учир дутагдалтай. Элэг судлалаар Монголдоо тэргүүлэгч мэргэжилтэн, анагаах ухааны доктор, профессор С.Бадамжав ийн ярив.

“Одоо ихэд түгээд байгаа элэгний хорт хавдрыг архи руу чихэх юм. Архины нөлөө бий. Гэхдээ хүнсний нөлөө түүнээс хавьгүй их" гэв. Би судлаач, эрдэмтэн биш тул элдвийн тоо, баримт дурдахыг урьтал болгосонгүй. Бүхний мэдэх ганцхан баримт дурдъя.

Монголчууд импортын хүнснийхээ 80-аас дээш хувийг зөвхөн өмнөд хөршөөс авдаг гэсэн статистикийн мэдээ бий. Энэ үнэн бол мөн аюултайяа. Хятадаас оруулж ирдэг хүнсийг хянах гээд энэ хорин жилд барсангүй. Цаашид ч хэдэн жил үргэлжлэх биз. Ойрын жишээ татъя л даа. Хятад төмс яахаараа том, чихэр амттай байдаг юм бэ? Тэрбум гаруй иргэнээ тэжээх, тэгээд бидэнд илгээж ашиг олохын тулд түүнийг зохиомлоор, цацрагаар өсгөдөг юм байна.

Тэр байтугай Казахстаны Семиплатинскт тарьсан цацрагийн хордлоготой манжинг нутагтаа ургуулж томруулаад бидэнд илгээж байсан гашуун түүх саяхных. Аюулыг нь мэдэх болсноор ашгүй бид манжингаас салсан удаатай.

“Манжин байхад махаар яахав" гэдэг үг түүнтэй хамт мартагдсан түүхтэй. Шанхайн орчмын газар доорх аварга /Гиннесийн ном"-д ч орж магад/ зооринд арваад жил нөөсөн гөлчгийний махтай бэлэн гоймонг нь бид ерээд оны сүүлчээр идэж барсан билээ.

Хүүхдийн сүүнээс нь миланин илэрдэг, хархны махыг хониных гээд борлуулдаг, өндөг, уураг хийчихдэг, генийн угшилтай амьд бүтээгдэхүүн үйлдвэрлэчихдэг улстай юу ярихав. Манай бизнесийнхэн ч өөрийгөө бодохоос улсаа, иргэдээ бодох биш.

Хамгийн хямд, мууг нь авчирдаг аргатай. Үүнийг өөрчлөх шинж алга. Хятад лоолийг монгол хэмээн зарж байсныг хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн хяналтынхан мэдээлэв. Бидэнд ч буруу бий. Заавал түүнийг авч байх гэж.

Талбай, хүлэмжээс нь очоод авчих газар уг нь цөөнгүй бий. Өттэй будаа, хачигтай жимс, үл танигдах хольцтой элсэн чихэр гээд л ярьж, бичээд байдаг мөртлөө, аваад байдаг хачин улс. Хоолны гаралтай, тэр дундаа аюултай хүнснээс үүсдэг хоол боловсруулах замын хорт хавдрын мөчлөг мөн хориод жил байдгийг мэргэжлийн хүн ярив.

ХСҮТ-ийн мэргэжилтний хэлснээр, ерээд оноос эхэлсэн Хятадын хүнснээс улбаатай хорт хавдрын мөчлөг яг одоо иржээ. Энэ нь 10-20 жил үргэлжилдэг юм байна. Хэрэв яаралтай арга хэмжээ авч, төрийн бодлогоор зохицуулахгүй бол мөнхөд ч үргэлжилж мэдэхийг дээрх мэргэжилтэн анхааруулав. Дашрамд дайхад, эрчүүдийн, ялангуяа залуусын төмсөгний, охид, бүсгүйчүүдийн өндгөвчийн хорт хавдар өсөх хандлагатай байгаа гэсэн шүү.

dorgio.mn