ОХУ-ын Алс Дорнодын их сургуулийн профессор Иван Зуенко

Сибирийг хятадууд эзлэхээс айх хэрэгтэй гэж үү?

Урд хөрш хятадууд ОХУ-ын хил залгаа нутгуудыг эзлэн түрэмгийлэхийг мөрөөдөж байдаг гэдэг домог яриа их эртнээс үүдэлтэй. Ингэх ямар ч үндэслэл байгаагүй, одоо ч байхгүй ч улстөрчид “Шар аюул” хэмээн болгоомжилсоор байна. Энэ домог хэзээнээс үүдэлтэй, яагаад хүмүүс үүнд итгэдэг талаар ярилцацгаая. Орос орон гайхалтай улс. Манай цорын ганц “Том холбоотон” болох Хятадтай бид В.Путиний хэлсэнчлэн түүхэндээ хамгийн ойр дотно болоод байгаа билээ. Тэгсэн мөртлөө ард түмний ихэнх нь “Шар аюул”-аас айн эмээж байдаг. Нэг талаас нь авч үзвэл энэ домог орчин үеийн Оросын нийгмийн гол хандлага болсон айн эмээх үзэгдэлтэй их сайхан авцалдаж байгаа юм. Нөгөө талаас Хятадаас айх үзэл нь үндсэрхэг үзэлтнүүд, либерал-барууны үзэлтнүүдийг нэгтгэж өгдөг гол хүчин зүйл. ОХУ, Хятадын хооронд ямар нэг том гэрээ хэлэлцээр хийсэн мэдээ гарахад дор нь байгаа сэтгэгдлүүдийг уншихад л ойлгомжтой. “Путин Сибирийг Хятадад худалдлаа” гээд л эхэлнэ. Уг нь бол Засгийн газраас улс орныхоо хамгийн сул дорой бүс нутгийг дэлхийн хоёрдугаар том эдийн засагтай холбоо тогтоож хөгжүүлэхийг л оролдож байгаа юм шүү дээ. Эдгээр бүс нутаг нь нийслэлээс алс хол байрлалтай, Оросын бүс нутгуудын хоорондхи мэдээлэл муу байдгаас Хятадаас айх үзэл дэлгэрч байгаа юм. Үнэндээ Москвагаас юм уу, ОХУ-ын Европын хэсэгт амьдардаг хүмүүс Алс Дорнод, Сибирьт ирээд сонин хэвлэлээр бичдэг өнөө “хэдэн сая хятадууд” байтугай “чайна таун” ч байхгүй байгааг хараад их гайхдаг. Угаасаа тэд байгаагүй юм. Орон нутгийн дарга, түшмэлүүд ч ярилцлага өгч байхдаа гэнэт хаа нэг газрын мухарт хятад тосгон байгаа гээд яриад байхад алс хол нийслэлийн дарга нарын талаар юу хэлэх вэ дээ. Улстөрчид гэдэг гадаад гэсэн хаягтай бүх зүйлийг муулж байх албан үүрэгтэй улсууд. Ер нь бол Хятадын аюул” гэдэг ойлголтыг эрүүл ухаанаар бодоод үзэхэд хэдэн арван жилийн өмнөх хуучин, хоцрогдсон үзэл гэдэг нь тодорхой болно.

Яагаад Сибирь, Алс Дорнод хэзээ ч Хятадын мэдэлд байгаагүй вэ

Эрхүүгийн судлаач Виктор Дятлов, Яна Гуза нарын бүтээлээс үзэхэд “Шар аюул” гэдэг нэр томъёо XIX-XX зуунд үүсжээ. Гэхдээ тэр үед Хаант Орос л дорно зүгт газар нутгаа тэлэх бодлого явуулж байснаас биш хятадууд өрнө зүгт халдаж байсангүй. Приамур, Приморье зэрэг газрууд 1858-1860 онд л Оросын бүрэлдэхүүнд багтсан тул Оросын уугуул нутаг гэж нэрлэж болохгүй. Гэхдээ эдгээр нутгийн өмнөх эзэн нь Хятад биш Манжийн Чин улс байсан. Манж улстай л оросууд газар нутгийн талаар хэлэлцээр хийдэг байв. Харин хятадууд амьдардаг Хятад улс бол Түвд, Монголын нэгэн адил Манжид эзлэгдсэн байсан. Түүхэн сурвалжаас харахад Хятадын газар нутаг Цагаан хэрэмнээс хойш бараг хальж байгаагүй тул Сибирь, Алс Дорнодод очих үндэс ч байгаагүй. XX зууны эхээр Чин улс мөхөхөд “хятад үндэстэн” гэсэн ойлголт гарч ирсэн бөгөөд хувьсгалчид үүнд Манж гүрний эрхшээлд байсан бүх үндэстэн ястныг оруулжээ. Ийнхүү эрт дээр үеэс Зүүн хойд Азид оршин сууж байсан тунгус, манжууд төрт улсгүй болсон юм. 1930-аад онд Японы дайнчид хэсэг зуур Манж улсыг сэргээн босгосон ч дэлхийн хоёрдугаар дайнд Япон ялагдсанаар төгсгөл болсон түүхтэй. Ингээд манжууд устсан тул алдсан газар нутгийн маргааныг өвлөн үлдсэн улс нь БНХАУ болж үлдсэн. Гэхдээ БНХАУ алдсан газар нутгаа эргүүлэн авах талаар албан ёсоор ЗХУ-д ч, ОХУ-д ч хандаж байгаагүй юм. Хоёр орны харилцаа хүйтэрсэн үед Мао Зэ Дун “1.5 сая шоо км газар нутгаа алдсан” гэж ярьж байсан ч яг буцааж өг хэмээн шаардаж байгаагүй. 2008 онд хоёр улсын хилийг дахин нягталж, тогтоосны дараа энэ талаарх яриаг эцэс болгосон билээ. Тэгэхээр “алдсан газар нутаг” гэдэг яриа бол албан ёсоор гардаггүй, интернетийн сэтгэгдэл дээр л байдаг зүйл гэж хэлж болно. Энэ бүхнийг тоож үзэх огт хэрэггүй. Гэхдээ хэн нэгэн бидний газар нутгийг өөрийн гэж үзэж, бодож явдгийг мартаж болохгүй. Орост энэ талаар ярьж сурталчлан, хичээл заадаггүйгээс оросууд өөрсдөө хятадууд манай нутагт санаархаж байна гэж төөрөлдөөд эхэлдэг. Энэ төөрөгдөл нь айдас болон хувирч, хятадууд Сибирийг эзэллээ, хэдэн сая хятад иргэн Сибирьт байна гэж цуураад эхлэх үндэс болж байгаа юм.

Тэр хэдэн сая хятад хаана нуугдаж байгаа хэрэг вэ

1990-өөд оны үед хятадууд Орост олноор ирж, ажиллах болсон тэр үеэс ард түмэн тэднийг хэдэн саяараа орж ирлээ гэж ярьж эхэлсэн. Тэр үеэс хятадуудыг бохир заваан, хашгарч чарласан хар ажилчид хэмээн тодорхойлж эхэлсэн юм. Үнэндээ бол бид хөдөөний хятадуудыг хараад л нийт хятадуудыг тийм гэж бодсон хэрэг. Тэр хөдөөнийхнийг Бээжин, Шанхай зэрэг том хотын хятадууд хараад бидэн шиг л дургуйцэн жигших болно. Улс орны хяналт шалгалт муу байх үед огт өөр соёл иргэншилтэй улсууд бөөнөөр орж ирэх нь үл ойлголцол, айдас төрүүлсэн нь мэдээж. Оросууд одоо ч хятадуудыг ойлгодоггүй хэвээр, тийм болохоор тэднээс айж байна. Орост үүсч байгаа “Хятадын бүлэг улс”-ын талаар Москвагийн эрдэмтэн Виля Гельбрас бүрэн судалгаа хийж, 2001 онд “Орос дахь хятадуудын бодит түүх” ном хэвлүүлсэн. Номонд Сибирь, Алс Дорнодод байгаа хятадуудын тоо 20 мянгаас хэтрэхгүй байгааг нотлон харуулж, харин хамгийн олон хятад иргэнтэй хот Москва байгааг баталсан. 2008 онд гарсан Александр Лариний “Орос дахь Хятадын цагаачид” номонд ОХУ-д байнга оршин суудаг хятад иргэн 35 мянга, богино хугацаагаар оршин суугаа нь 25 мянга гэж албан ёсны тоо баримтад тулгуурлан гаргасан байдаг. Ард олон засгийн газар, судалгааны байгууллагад итгэхээ больсон тул дээрх тоог хэн ч үнэн зөв гэж тоогоогүй. Статистик тоо ч бас баталгаатай биш тул яг үнэндээ одоо хэдэн хятад иргэн Орост байгааг хэн ч мэдэхгүй. 2000 онд Виля Гельбрас хамгийн ихдээ хагас сая хятад Орост байж магадгүй гэж хэлж байв. Тэр үеэс хойш арван жил өнгөрлөө. Хятадуудын тоо нэмэгдсэнгүй. Нэгдүгээрт, гадаад иргэдийг хянах бодлого хатуу болж, гадаад ажилчдын тоонд хязгаар тавин, ганзагын наймааг хориглож, хэд хэдэн том захыг хаасан явдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, Хятад орон өөрөө өөрчлөгдөж, цагаачдынх нь хүсэл мөрөөдөл ч өөрчлөгдсөн хэрэг.

Хятадын мөрөөдөл Орос биш

Сүүлийн арван жилд Хятад улс эрчимтэй хөгжиж, амьдралын түвшин өссөн. Хятад орон маш ядуу байсан 1990 оны үед ч ОХУ хятадуудын байнга амьдрахыг хүсдэг орны тоонд багтдаггүй байв. Дундаж хятад хүн дундаж орос хүнээс илүү цалин авч, сайн хооллож, илүү үнэтэй гар утас барин, сайхан хувцаслаж байгаа өнөө үед бүр хэн ч Оросыг хүсэхгүй нь мэдээж. Хөдөө захын муж, тосгоны хятадуудын хувьд ч Орост зорчих нь нэр хүндийн хэрэг биш болон хувирчээ. Ажилгүй, ядуу хятад хүн амьдралаа сайжруулах гэж Орост очсоноос өмнө, дорно зүгийн баян мужууд руу дотооддоо цагаачилсан нь хавьгүй дээр. Ийм дотоодын цагаачдын тоо 250 саяд хүрээд байгаа гэнэ. Хагас саятай харьцуулахын аргагүй тоо байгаа биз. Орос орон хятадуудын хувьд зодуулж, дээрэмдүүлэх магадлал өндөртэй, аюул осолтой орон гэсэн дүр төрхтэй. Цагдаа, хуулийнханд нь хандаад ч бүгд мөнгө нэхдэг гэсэн сөрөг ойлголттой. Тийм болохоор тэдний Орост ирэх санхүү, эдийн засгийн сонирхол сүүлийн хоёр жилд эрс буураад байгаа юм. 2014 онд Орост ажиллаж байсан Хятадын хөдөө аж ахуйн салбарынхан сард 5000 юань авдаг байсан нь жижигхэн түшмэлийн цалинтай дүйцэж байсан бол энэ жил 2500 болж, гуанзны үйлчлүүлэгчийн цалинтай адил болон буурчээ. Владивосток хотын “Жеки Чан” хятад хоолны газрын эзэн, миний танил залуу нэг жил алдагдалтай ажиллаж байна хэмээн надад гоморхсон юм. Рублийн юаньтай харьцах ханш хоёр дахин унасны дараа огт орлого олохоо больсон гэнэ. Түүнтэй адил Орост бизнес эрхэлж байгаа хятадууд шинэ жил хүртэл хүлээгээд байдал өөрчлөгдөхгүй бол бизнесээ хааж, нутагтаа харихаар шийдсэн аж.

БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засаг болон хувирсан. Одоо тэд хэдэн сая ажлын хүч гадагш гаргаж биш олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, бусад улс орныг эдийн засгийн хараат байдалд оруулдаг болсон. Хятад улс Оросын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг хүсч байгаа нь бидэнд сайн хөршийн журмаар туслах гэсэндээ биш ашиг орлого олохын тулд л хийж байгаа хэрэг. Үүнээс гадна Хятад ажлын хүчний хэт илүүдэлтэй гэдэг ойлголт ч хуучирсан зүйл. Одоо Хятадад хамгийн том ажлын хүч нь 40 настнууд буюу 1970-аад оныхон. Төрөлтийг багасгаж, хориг тавихаас өмнөх үеийнхэн гэсэн үг. 20 жилийн дараа тэднийг тэтгэвэрт гарахаар 2025 он гэхэд Хятадад ажлын хүч дутагдалд орно гэж судлаачид үзэж байна.

Яагаад Хятадтай нөхөрлөх хэрэгтэй вэ

Тийм болохоор Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тэд Сибирь, Алс Дорнодыг эзлэн авч, нутгийн иргэдийг шахан гаргана гэж төсөөлөхөд хэцүү байгаа юм. Харин ч тэдэнтэй нөхөрлөснөөр санхүү, хөрөнгө мөнгө, технологи орж ирэх ашигтай. Одоогийн Орост аль аль нь байхгүй зүйл. Байгалиас урагш орших бүх муж, газар нутаг хоцрогдсон, хөгжилгүй байгаа нь нууц биш. Хот, тосгодод байгаа хэдэн барилга нь захиргаа, цагдаа, шуудан гэсэн төсвийн хэдэн газар л байна. Ард олон ийм газарт амьдрах хүсэлгүй болсон. Газар өгөөд ч бусад газрын оросууд энд ирэхгүй. Хятадын хөрөнгө оруулалтгүйгээр Сибирийн бүс нутгийг хөгжүүлнэ гэж худлаа. Хятадын хөрөнгө оруулалтыг татах гэж оролдож буй мөртлөө хятадууд Сибирийг эзлэх гэж байна гэж яриад байхаар яаж хөрөнгө орж ирэх вэ дээ. “Шар аюул” гэдэг хуучирсан ойлголт бидний хөгжилд саад болж байна. Гэвч орон нутгийн дарга нар сонин хэвлэлээс айн, ард олны саналыг алдахаас эмээж, гадаадын аюул гэж ярьсаар байгаа юм. Хоёр улсын тэргүүний түвшинд түүхэнд байгаагүй ойр дотно болсон ч орон нутгийн хэмжээнд ямар ч ахиц алга. Хил дамнасан том төсөл огт хэрэгжсэнгүй. Хятад бол хамтран ажиллах ёстой хүчирхэг улс. Хятад хэзээ ч буяны ажил хийж, бусдыг тэжээхгүй, өөрийн эрх ашгаа л боддог нь мэдээж. Тэгвэл бид ч гэсэн тэгэж л харьцая л даа. Хятадын эдийн засгийн хүчин чадлыг аль болох сайн ашигламаар байна. Энэ үүднээс Хятадтай харилцаагаа зохицуулах хэрэгтэй. Дундад зууны үе шиг хөршөөсөө ул үндэсгүй айн, хамаг хаалгаа хаалаа гээд бид л алдах болно.

Орчуулсан С.Эрин

http://time.mn/