Ричард Руссо
2010 оны 6 дугаар сард Синхуа Ньюс Агентлаг Хятад улс Оросын Биробиджан хэмээн алдаршсан Еврейн автономит дүүрэг болон Хабаровскийн бүс нутагт нийт 426,600 га газрыг хятад тариачдад зориулан түрээслэн авсан хэмээн мэдээлжээ. Энэ нь Оросын үндсэрхэг үзэлтнүүдийн анхааралд өртөв. Тэд хятад тариачдын давлагааг “Хятадуудын Сибирийг эзлэлт”-ийн эхлэл гэж нэрлэжээ.
Олон арван мянган хятад худалдаачид, улирлын ажилчдын хүн урсгал дэлхийн хамгийн урт хилүүдийн нэг болох энэ хилээр нааш, цааш зогсолтгүй хөлхөх ажээ. Цагаачид хилийн бүс нутгууд төдийгүй Оросын нутгийн гүнд суурших нь нэмэгдсэн ба илт дайсагнасан зарим хандлага үүсч болзошгүй. Эдгээр үйл явц эрчимжих тусам Оросын хувьд цагаачлалын үр дагавар, Сибир дэх Хятадын урт хугацааны төлөвлөгөө, тус бүс нутаг дахь Хятадын болзошгүй давамгайлалын талаар хэд хэдэн асуулт гарч ирж байна. Гэвч үүний зэрэгцээ Хятад, Оросын дипломат харилцаа урьд өмнө хэзээ ч ийм сайн байгаагүй гэдгийг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Хятад, Орос нь батлан хамгаалах, технологи, эрчим хүч, хоёр талын худалдааны салбарын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байна. Гэвч, яагаад Хятад харилцан ашигтай харилцаагаа сүйтгэх ямар нэг алхам хийхийг хүсэх ёстой вэ?
Хятадын бодлогод Оросын талаарх байр суурь тодорхой юм. Орос бол голчлон түүхий эдийн эх сурвалж бөгөөд хятадуудын хувьд өөрсдийг нь илүүтэй ялгаварлан үздэг зах зээлд тохирохооргүй бараагаа борлуулах талбар ажээ. Ялангуяа Сибирь нь зэс, цайр болон бусад түүхий эд бүхий байгалийн баялагтай учраас чухал юм. Мөн тус бүс нутаг нь бусад тохиолдолд дээрэмчид үүрлэсэн усан замаар дамжихаас өөр аргагүй Африк, Ойрхи Дорнодын янз бүрийн баялаг дамжин өнгөрөх хуурай газрын тээврийг хөнгөвчлөх сайн байрлалтай. Орос нь наандаж Путин, Медведев ерөнхийлөгч нарын удирдлага дор тогтвортой, найдвартай худалдааны түнш гэдгээ баталжээ. Газарзүйгээс гадна Оросын эдийн засагт хөрөнгө оруулах хүсэлтэй олон тооны хятадууд Хятад-Оросын харилцааг жам ёсны болгож байна. Орост Хятадад хэрэгтэй түүхий эд ба зах зээл, харин Хятадад Оросын эдийн засагт ихээр хэрэгтэй хөрөнгө оруулалтын санхүүгийн капитал бий. 2011 оны 1 дүгээр сард Москвагийн Алс Дорнодын Хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин Европ нь “Оросын эдийн засагт хөрөнгө оруулах тал дээр Хятадтай ердөө л өрсөлдөж чадахгүй” гэж хэлэв.
Хоёр тал бизнес маягийн харилцааг хадгалж байгаа бөгөөд Өрнөдийн орнууд үе үе анхаарал хандуулдаг хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө гэх мэт асуудлууд тэдний харилцан хамтын ажиллагаанд саад болдоггүй. Мөн Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжиж буйд Хятад, Оросыг буруутгах АНУ-ын цөхрөлтгүй оролдлогууд нь тэдний харилцааг бэхжүүлэхэд хүргэжээ.
Хятад, Орос улсууд батлан хамгаалах, технологи, эрчим хүч, хоёр талын худалдааны салбарын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байна. Тэгээд яагаад Хятад нь ийм харилцан ашигтай харилцаагаа сүйтгэх алхам хүсэх ёстой вэ?
Олон улсын шинжээчид улам бүр цутган орж ирж буй хятадуудын улмаас Оросын Алс Дорнодын талаар удаан хугацааны турш таамаглал дэвшүүлж иржээ. Зарим шинжээчид Хятад эдгээр бүс нутгийг эдийн засгийн хувьд хянах нь “хэрэв” бус, харин “хэзээ вэ” гэдэг асуудал болсон гэж таамаглаж буй. Тэгвэл бусад шинжээчдийн үзэж буйгаар, Сибирьт улам нэмэгдэж буй Хятадын үйл ажиллагаа нь Хятад-Оросын хамтын ажиллагааны жам ёсны үр дагавар бөгөөд Хятадын өргөжин тэлэлтийн (экспансионизм) санаа нь ямар нэг байдлаар хэтрүүлэг юм. Тэгвэл гуравдахь бүлэг судлаачид Хятад нь тус бүс нутагт давамгайллаа тогтоох алсын зорилготой боловч тодорхой төлөвлөгөө, цаг хугацааны нарийн тов байхгүй гэсэн байр суурь баримталж байгаа ажээ.
Төөрөлдүүлсэн хүн амзүй
Хүн амзүйн асуудал нь Орост одоо нүүрлэж буй хамгийн том сорилт юм. Төрөлтийн тоо цөөрсөн нь наслалт буурч буйтай хосолсоноор тус улсын ирээдүйд ноцтой хохирол учруулах бололцоо буй болжээ. 2009 онд Орост удаан хугацааны туршид анх удаагаа хүн амзүйн өсөлтийн эерэг үзүүлэлт тэмдэглэгдэв. Гэвч энэхүү эргэлт тогтвортой хадгалагдана гэдгийг харах л үлдсэн, эсвэл энэ нь ердөө л хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын орос угсаатан хүмүүсийн нэмэгдэж буй цагаачлалын үр дагавар.
Ойролцоогоор зургаан сая хүн Оросын Алс Дорнод даяар (Дорнод Сибирь) амьдардаг бол Хятадын хойд мужуудад 90 саяас олон тооны хятад амьдардаг. Тэднээс зөвхөн 40,000-750,000 орчим нь Оросын Алс Дорнодод амьдарч байна (гэвч найдвартай тоон мэдээ гаргахад хэцүү учраас энэ тоо бодит байдал дээр илүү байж магадгүй). Сибирь нь Хятадын хувьд хүн амын ачаалал, хэт өсөлтийнхөө заримыг хөнгөлөхөд яг тохирсон газар мэт. Үүний дээр, ихэнх шинжээчид 50-70 сая хятад тариачинд хөдөө аж ахуйн газар дутагдаж байна гэсэн тооцоо гаргажээ. Тэдэнд хэрэгтэй тэр хэв шинжийн газрыг Орост оросууд нь өөрсдөө ажиллахыг төдийлөн хүсдэггүй өмнөх үеийн хамтралын аж ахуйнуудаас олж болох юм.
Арван жилийн өмнө олон тооны хятад ажилчид ар гэр рүүгээ тодорхой хэмжээний мөнгө илүүчлэн илгээх зорилготойгоор Владивосток, Хабаровскт ирсэн юм. Харин өнөөдөр энэ байдал өөрчлөгджээ. 2006 онд “Хятадууд ирж явна” хэмээх гарчиг бүхий Asia Times-ын мэдээнд “одоо хоёр хятад тутмын нэг нь” Хятад руугаа буцах санаагүй ирдэг бөгөөд тэдний ихэнх нь “чөлөөт цагаач” гэдэг ангилалд байх хэрэггүй болсон гэж бичжээ. Тэднээс олон нь хуурамч бичиг баримт, тэрбүү хэл Оросын иргэний хуурамч баримт авч явдаг. Хятад улс Оросын Алс Дорнодод өөрийн иргэдийн шилжин суурьших явдлыг бодлоготойгоор дэмжиж байгаа нь 2025 он гэхэд “Хятадын Сибирь”-ийн тухай ярих боломжтой болно гэх зовинолыг улам бүр төрүүлж байгаа юм.
Москвагийн их сургуулийн профессор, хятадуудын шилжин суурьшилтын тухай судалгаа хийж буй Виля Гелбрас 2002 оныг мэдээ баримт харьцуулах он болгон авч үзжээ. 1998-2001 онд Алс Дорнод дахь Оросын хилийн харуулуудын цуглуулсан мэдээнд үндэслэн үзвэл 450,000-490,000 хятад Оросын хил нэвтэрч орж ирээд нутаг буцжээ. 2002 онд энэ тоо 55 хувиар өссөн ажээ. Мөн хугацаанд 35,000 хятад Орост байнга оршин суух зөвшөөрөл авсан байна. Тэгвэл зөвхөн 2002 онд 27,000 хятад Сибирийн Алс Дорнодод суурьшсан байх юм. 1998 онд хятад цагаачдын 7.8 хувь нь л Орост суурьшихыг хүсч буйгаа илэрхийлсэн бол 2002 онд энэ хувь 35-аас илүү болж огцом нэмэгдэв. Орост хэвлэгдсэн Global Affairs (2005 оны 3-4 дүгээр сар)-ын нэгэн өгүүлэлд Гелбрас “цуглуулсан бүх мэдээллээ харгалзан одоо бид хятадуудын Орос дахь шилжин суурьшилт нь “хүмүүсийн жам ёсны шилжилт” буюу “итгэл найдварын газрын төлөөх эрэл хайгуул”-ын аль нь ч бус, харин “бараа бүтээгдэхүүний урсгалын үүрэг бүхий ажиллах хүчний хөдөлгөөний тусгай хэлбэр гэдгийг баттай хэлж чадна” хэмээн сануулжээ. Хятадын эрх баригчид хил дамнасан энэ урсгалыг өөрсдөө өдөөн дэмжиж байна.
Хэрэв цагаачид орон нутгийнхантай ижилсэн ууссан бол ажиллах хүчний хөдөлгөөн нь асуудал биш байв. Гэвч энэ нь өөр тохиолдол бөгөөд нөхцөл байдал Баруун Европ дахь лал шашинт цагаачидтай адилтгахуйц гэдгийг үгүйсгэх аргагүй байна. Мөн хятад цагаачдад хамаатай бусад асуудлууд, түүний дотор Хятад руу түүхий эд хулгайгаар гаргах явдал бий. Ойн бүтээгдэхүүн ба хууль бусаар огтолсон сая сая шоо метр мод, гуалингуудыг Чита хотын зүүн өмнө орших, олон зуун мод боловсруулах үйлдвэр бүхий Хятадын хот Манжуур руу экспортолдог. Хятадууд татвар төлөхөөс үр дүнтэй зайлсхийдэг ба үнэн хэрэгтээ хүнс нийлүүлэлтэд монополь тогтоосон хэд хэдэн компанийг хянаж чаджээ. Орос, Хятадыг зааглаж буй 1755 миль (2820 км орчим) урт усан зам Амар мөрний эрэг дээрх Оросын хот Благовещенскт хөх тарианаас гарган авдаг Оросын алдартай ундаа Квасын үйлдвэрийг одоо хятад бизнес эмэгтэй Ли Лихуа эзэмшиж байна. Хятад бизнес эрхлэгч Хэ Венан худалдааны төвүүд байгуулах талаар мэргэшихийн зэрэгцээ хот дахь хамгийн үнэтэй зочид буудлуудыг ажиллуулдаг. Читад Хятадын хөрөнгө оруулагчид өмнө нь танк үйлдвэрлэдэг байсан үйлдвэрийг худалдан авч, түүнийгээ ачааны тэрэгний үйлдвэр болгон хувиргажээ.
Бүх үзүүлэлтээр Оросын Алс Дорнод нь эдийн засгийн хувьд хурдацтайгаар (хэрэв аль хэдийн болчихоогүй бол) Хятадаас хараат болж буй гэдэг нь харагдаж байна. Энэ нутгийн ирээдүй Оросын орон нутгийн эрх баригчид бус, харин орон нутгийн хятадуудын гарт оржээ. Хятадууд оросууд өөрсдөө ажиллахыг хүсдэггүй газар тариаланг нь эрхэлж байна. Орон нутгийн эрх баригчид, бизнес эрхлэгчид нутгийн уугуул ажиллах хүчнийг өдөрт 12 буюу түүнээс ч илүү ажиллах хүсэлтэй хятадуудаар хялбархан гэгч нь сольж чадах тул Амар мөрний цаана цөөрч буй орос ажиллах хүчний талаар гомдоллоод байдаггүй. 1990-ээд оны сүүлээр оросуудын хувьд хятадуудтай гэр бүл болно гэдэг төсөөлшгүй зүйл байлаа. Гэвч өнөөдөр орос эмэгтэйчүүд оросуудаас илүү хөдөлмөрч, архи бага уудаг хятад нөхөртэй болохдоо нэг их эргэлзээд байдаггүй болжээ.
Сибирийн сценариуд
Хэрэв Сибирь үнэхээр Хятад Ирээдүйг хүлээж байгаа юм бол дараагийн арван жилд хэд хэдэн сценари өрнөж магадгүй юм. Оросын хувьд хамгийн муу сценари нь хятад угсаатны зогсолтгүй шилжин суурьшилт төдийгүй энэ нь умард Хятадад болж буй өөрчлөлтүүдээс шууд шалтгаалан үлэмж их нэмэгдэнэ. Ингээд Оросын Алс Дорнодод хятад угсаатны суурьшил давамгайлснаар, үр дүнд нь Европын Оросоос аль хэдийн алслан холдсон бүс нутагт шийдвэрлэх өөрчлөлтүүд явагдана.
Одоохондоо магадлал маш багатай мэт буй цэргийн түрэмгийлэлийг урт хугацаагаар авч үзвэл байж болох хувилбаруудаас бүхэлд нь хасаж тооцож болохгүй юм. Хэдийгээр Оросын арми хамгийн орчин үеийн зэвсэг дутмаг гэдэг нь тодорхой боловч түүхийн хувьд түүний хүч чадал сүүлийн үеийн технологи бус, харин цэргийн тоонд үргэлж түшиж иржээ. 1709 онд Полтавад, 1914 онд Галицид, 1942 онд Сталинградад оросууд эдгээр газар нутгийг илүү боловсронгуй зэр зэвсгийн технологиуд хэрэглэж, илүү ухаалаг тактикууд боловсруулснаар бус, харин дайснаасаа тооны давуутай байсан учраас чөлөөлөх буюу эргүүлэн авсан юм. Харин тооны энэ давуу тал арав дахин том Хятадын зэвсэгт хүчнийг сөрөхөд бүхэлдээ алга болно. Оросын ердийн зэвсэгт хүчний энэ сул тал тус улсын хүн амын бууралтаас шалтгаалсан бэлтгэл хүчний хүний нөөцийн хомсдолоор улам хүндэрнэ. Гэвч цөмийн зэвсгийн хувьд Оросын нийт 10,000 орчим цөмийн цэнэгт хошуу Хятадын нийт 240 орчим цөмийн хошуунаас давж гарна. Оросын эдийн засаг Хятадаас хол хоцорчээ. Гэвч Оросын арми өнөө хүртэл аюумшигт хүчин хэвээр бөгөөд дутуу үнэлэгдэх ёсгүй.
Тухайлбал, 2010 оны 6, 7 дугаар сард Оросын зэвсэгт хүчин Восток 2010 нэртэй, урьд өмнө үзэгдэж байгаагүй 10 өдрийн цуврал хээрийн сургуулилт явуулав. Тэдгээр нь Ойрхи Дорнод, Сибирь, Волга-Уралын цэргийн тойрог болон Номхон далайн флотоын 20,000 цэрэг, 70 нисэх онгоц, 30 хөлөг онгоцыг оролцуулсан цогц стратегийн сургуулилтуудаас бүрджээ. Мөн, гол төлөв цэргийн хүчээ шалгах зориулалттай тэдгээр байлдааны сургуулилтууд тэдгээрийг ажигласан Хятадын цэргийн албан тушаалтнуудад өгсөн анхааруулга байсан юм. Тус сургуулилтад артилерийн буудлага, нисэх хүчний дайралт, уснаас хуурай газарт буух довтолгоо багтжээ.
Гуравдахь сценари Дорнод Сибирьт нэвтрэх Хятадын хүчин чармайлтын эсрэг үйлдэл хийх Оросын янз бүрийн үйл ажиллагаануудаас бүрдэж байна. Хүн амзүйн үйл явц нь Хятад эрт, оройгүй тус бүс нутагт зарим талаар социологийн нөлөөлөл үзүүлж, улс төрийн хүчирхэг цохилт өгнө гэдгийг сануулж байгаа юм. Хэрэв өнөөгийн чиг хандлага хэвээр үргэлжилвэл Орос нь удалгүй Хятадад түүхий эд ханган нийлүүлэгч орон болон хувирч магадгүй.
2000 оны 7 дугаар сард Оросын Алс Дорнодоор аялж явахдаа Оросын Ерөнхийлөгч Владимр Путин нэгдмэл арга хэмжээ авахгүй бол “хэдхэн арван жилийн дотор хилийн бүс дэх оросууд хятад, япон, солонгосоор ярих хэрэгтэй болно” хэмээн олны өмнө мэдэгдэв. 2006 оны 12 дугаар сард Оросын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр тэрээр өмнөх засгийн газрын арга хэмжээнүүд нь асуудлууд, түүний дотор тус бүс нутаг дахь орос хүн амын хурдацтай цөөрөлт, дотоодын үйлдвэрлэл ба олон улсын эрэлт, ялангуяа хөрш Хятад дахь эрэлт хоорондын тэнцвэртэй харьцааг шийдвэрлэж чадаагүй гэж мэдэгджээ. Тэрээр мөн тээвэрлэлт ба мэдээллийн сүлжээний хангалтгүй байдал нь тус бүс нутгийг Оросын холбооны бусад бүсүүдтэй интеграцчлахад саад болсноор эдийн засгийг нь тусгаарлахад хүргэсэн гэдгийг онцлов.
Путины нэн тэргүүний зорилт нь эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгож, хөрөнгө оруулагчдыг татаж, тус бүс нутагт шилжин ажиллахад ажилчдыг урамшуулахын тулд эрчим хүчний салбар, дэд бүтэц, тээвэр, логистик, төрийн үйлчилгээг хөгжүүлж, улмаар үр дүнд нь хүн амын бууралтыг зогсоох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажээ. 2006 онд Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн Москва дахь албан ёсны айлчлалын үеэр Орос, Хятадын засгийн газрууд худалдаа, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, нийтийн үйлчилгээ (эрчим хүч, ус түгээлт г.м), хувийн сектор, байгалийн баялагийн салбарт хамтран ажиллахаар тохирчээ. Эдгээр салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны маргааныг багасгахын тулд хоёр улс хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар санал нэгдсэн ба үр дүн нь Хятад улс зүүн хойд Хятадад үйлдвэрүүд байгуулж, Алс Дорнод, Дорнод Сибирийн түүхий эдийг ашиглахаар онцолж заасан “Орос, Хятадын 2009-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө” байв. Төлөвлөгөөг 2009 оын 9 дүгээр сард Дмитрий Медведев, Ху Жинтао ерөнхийлөгч нар баталжээ. Үүнээс гадна 2007 оны 1 дүгээр сард Путин Владивостокт айлчахдаа засгийн газар 2012 оны 12 дугаар сард Владивостокт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC)-ны чуулга уулзалтыг зохион байгуулахад шаардлагатай байгууламж, дэд бүтцийг барьж байгуулахад ойролцоогоор 3.8 тэрбум америк доллар гаргах ёстой хэмээн хэлсэн юм.
2008 онд Оросын Алс Дорнод дахь Камчаткын хязгаарын бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн нэгэн бага хурал дээр Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев газар нутаг эзэнгүйдэх аюул ноцтой болсон тул аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, ажиллах хүчний урсгалын түвшинг нэмэгдүүлэх хэрэгцээ бий хэмээн хэлэв. Энэ дагуу Москва дахь төв засгийн газар ба Амарын бүс нутгийн захирагч Олег Кожемяко хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудаас иргэдээ татаж, Хятадын хилийн дагуу эзгүйрсэн бүс нутгуудад суурьшуулах хөтөлбөр хэрэгжүүлжээ. ОХУ-ын нутаг дэвсгэрийн гадна амьдарч буй орос угсаат хүмүүсийн тоо 20-30 саяын хооронд хэлбэлздэг бөгөөд тэдний гуравны хоёр нь хөрш, хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудад амьдардаг юм.
Алс Дорнодод хятадуудын түрэлтийг хориглох Оросын өөр нэг оролдлого нь Путины ихэд таалж буй Евразийн холбооны төсөл ажээ. Беларусь, Казахстан, Оросын Гаалийн холбооны суурин дээр байгуулагдсан, Орос тэргүүтэй энэ блок Алс Дорнодын Сибирь болон хуучин Орос/Зөвлөлтийн эзэнт гүрний нутаг дэвсгэр дэх хятадуудын өргөжин тэлэлтийн эсрэг эдийн засгийн хамгаалалт босгох ёстой.
Боломжит эцсийн, гэхдээ дээрхүүдээс эсрэг нэг сценари нь Хятад-Оросын гүнзгий харилцаа юм. Энэ харилцаа өнөөдөр хэрэгжиж байгаа бололтой. Хоёр улс аль аль нь Сибир дэх ашигт малтмал олборлолтоос ашиг хүртэхийг хүсч байгаа бөгөөд үүний тулд хоёр улс өнгөн дээрээ ч болов харилцаагаа ойртон нягтруулснаар үр дүнд хүрч чадна. Дипломат болон эдийн засгийн харилцаа өнөө үед тогтвортой байгаа бөгөөд хэрэв хоёр тал үүнийгээ хүссээр байх юм бол онолын хувьд тэдний цаашдын хамтын ажиллагаанд учрах саад тун цөөн ажээ. Барилга байгууламжууд барих, янз бүрийн хуучин, шинэ суурин газруудыг хүн амжуулах ажлыг эхлэхийн тулд Хятад нь Оросын зөвшөөрөлтэйгөөр мэргэжилтнүүд, ажилчдаа оруулж болох юм. Ялангуяа хамтын ажиллагаа хоёр орны урт хугацааны эдийн засгийн өсөлтөд нэн хэрэгцээтэй түүхий эдийн олборлолтыг тэтгэх ёстой.
Хэврэг тулгуур
Хятад-Оросын өнөөгийн харилцаа урьд өмнө тохиож байгаагүй сайн харилцаа юм. Хоёр улс бараа бүтээгдэхүүн, зэвсгийн худалдаанд стратегийн хамтрагч бөгөөд эрчимтэй хамтын ажиллагаа нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, БРИКС болон Их 20-иор дамжин олон улсын түвшинд ч явагдаж байна.
Гэвч Оросын газар нутаг дахь Хятадын түрэлт нь эцэстээ энэ хэврэг тэнцвэрийг алдагдуулж магадгүй. Хэрэв Бээжин нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол эцэстээ энэ нь Оросыг Барууныхны гарт түлхэж болох юм. Оросын хувьд Хятадтай тактикийн холбоотон байх нь үнэн хэрэгтээ эргэлзээтэй. Сибирийн орд газруудад олборлолт явуулах тогтвортой хамтрагч нь Япон байж болох юм. Гэвч энэ сонголтонд тулгарч буй бэрхшээл нь Курилын ардуудыг Японд эргүүлэн өгөхтэй холбоотой мухардал ажээ.
Хятад нь ямар нэг улстай хэтэрхий найртай харилцаа тогтоох талаар илт хойрго гэдгээ үргэлж харуулсан. Тэгвэл Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан Оростой холбоотон болохын ач холбогдол нь юу вэ? Сенкаку арал болон Дундад иргэн улсыг тойрон хүрээлж буй бусад маргаантай тэнгисийн газар нутгууд дахь Хятадын үйлдэл нь Москвагийн санааг зовинуулж болох юм. Оросуудын хувьд Хятадын түрэлт удаан хугацааны туршид үргэлжлэхийн сацуу стратегийн түншлэл нь Орос-Хятадын харилцааны гол тулгуур хэвээр байна гэсэн баталгаа үгүй юм.
Зохиогчын тухай: Ричард Руссо нь Азербайжаны Хазар их сургуулийн Улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор, эрхлэгч бөгөөд “Global Brief”, “World Affairs in the21th century”, “Jamestown” сангийн ажилтан юм.
Эх сурвалж: Харвард их сургуулийн “Harvard International Review” сэтгүүл, 2012 оны 7 дугаар сарын 9