Нэг тэрбум 370 сая хүн амтай Хятад улс нөхөн үржихүйн бодлогоо өөрчилсөн талаар "Синьхуа", "Reuters" агентлаг мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, шороон түмэн хятадууд сүүлийн олон арван жилийн турш баримталж ирсэн "1 өрх - 1 хүүхэд" бодлогоо албан ёсоор, бүрмөсөн халлаа. Тэгэхээр хятад айл болгон 2 хүүхэд төрүүлэх эрхтэй болсон гэсэн үг.

Хятадын эрх баригчид 1970-аад оны сүүлээс эхлэн "Нэг өрх - нэг хүүхэд" бодлого хэрэгжүүлэн, хүн амын өсөлтөө хязгаарлаж ирсэн билээ. Энэ бодлого одоо зорилгоо биелүүлсэн гэж хятадууд үзсэн байна.

Хятадууд 2000 онд 1,2 тэрбум хүнтэй болно гэж урьдаас төлөвлөж тооцоолсон байв. Гэтэл 2000 онд хүн амын тооллого явуулахад 1,24 тэрбум хүнтэй болсон байв. Бараг алдаагүй гэсэн үг, хятадууд яг төлөвлөгөөний дагуу үржиж олширсон байгаа биз? Ер нь 45-50 жилийн турш нэг бодлогыг тууштай баримталж, жанжин шугамаасаа огт хазайлгүй явсан гээд бодоход.... ёстой аймаар.

Гэхдээ "1 гэр бүл - 1 хүүхэд" бодлогын сөрөг тал ч зөндөө. Сүүлийн үед Хятадад эрчүүд нь хэт олширч, эмэгтэйчүүд ховордсон. Яагаад гэвэл хятадууд удам залгах хүүг илүүд үзэж үр хөндөлт хийх зэргээр хүйсийн бодлогоо алдагдуулжээ. Одоо нөхөн үржихүйн насны хятад эрчүүд эмэгтэйчүүдээсээ 40 саяар олон гэнэ. Түүнчлэн хөдөлмөрийн насныхны тоо багасчээ.

Анх гарч байхдаа "1 өрх - 1 хүүхэд" хууль бүгдэд хамаатай байсан бол дараа нь жаахан сулруулсан билээ. Үндэсний цөөнхөд 2 хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Мөн хэрэв эцэг эхийн нэг нь айлын ганц хүүхэд бол тэр айл 2 дахь хүүхдээ төрүүлэх эрхтэй. Түүнээс гадна хөдөө орон нутгийн иргэдийн ууган хүүхэд нь охин төрсөн бол дахин нэг хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөх болжээ. Харин одоо шинэ хууль гарснаар хятад хүн бүр хүссэнээрээ үржиж олшрох нь.

Одоо Хятадын хүн амын тоо 1,37 тэрбум билээ. Хэдэн арван жилийн дараа юу болохыг ёстой МӨНХ ХӨХ ТЭНГЭР л мэдэх байх даа...


www.mnews.mn